| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 168/2019/0295/э |
| Дугаар | 2019/ШЦТ/300 |
| Огноо | 2019-11-15 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2019/ШЦТ/300
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Шинжээч эмч Т.Номинцэцэг /онлайнаар/
Насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Чинзориг
Хохирогчийн өмгөөлөгч З.Нямсүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч Т.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд овогт Тасрандоржийн Энхтуяад холбогдох 1921005920292 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1956 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, эрэгтэй, 63 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Өвөр эрээний 3-02 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлгүй, бие эрүүл гэх, Шарайд овогт Тасрандоржийн Энхтуяа /РД:ЖО56031678/,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Т.Энхтуяа нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Хан-Уул, Зангиат хорооллын голын зам дээр 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 77-14 УНИ улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-д “...жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно. Мөн дүрмийн “...12.2-д харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...” гэсэн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргаж, явган зорчигч Х.Энхцэцэгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, Г.Энхчимэгийг мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Энхтуяа нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921005920292 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би машинаа унаад гэрээсээ гараад явж байхад хажуугаар том машин өнгөрсөн. Цааш явах гэтэл гэрэл гялбаад машины урдуур 2 хүн гарч ирээд мөргүүлсэн. Би тухайн хүнийг эмнэлэгт хүргэж өгөөд гэр рүүгээ явж гар утсаа авах гэтэл Замын цагдаа намайг зогсоогоод бичиг баримтыг маань шалгасан. Цагдаа намайг шалгаж дуусаад ямар нэгэн зөрчилгүй байна гэж хэлээд намайг явуулсан. Би хохирогчийг өөрийн зардлаар Улаанбаатар хот руу эмчилгээнд явуулсан. Хотод очоод Энхцэцэгийг Гэмтэл Согог Үндэсний төвд 5 хоног, хувийн эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Эмнэлгээс гаргаад аймаг руу онгоцоор ирэх гэсэн боловч нислэггүй өдөр нь таарч би өөрийн унаагаар Энхцэцэгийг авчирсан. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулна. ...хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Хохирогч Х.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр орой 20 цагийн орчимд “... Зангиатаас гараад Хан-Уулын дэлгүүр лүү явах гээд ...замын гарцаар зам хөндлөн гарсан юм. Охин Энхчимэгийн хамт зам хөндлөн гарахад хойноос урд зүгт явж байсан автомашин гарч ирээд мөргөсөн ба охин бид хоёр уг машины урд хэсгийг даваад газар унасан юм. Тэгэхэд уг машинаас жолооч, дахин нэг залуутай бууж ирээд “ Чи согтуу байгаа юм уу, босооч гээд намайг гараас татсан. Тэгэхэд нь би босож чадахгүй байна гэж хэлсэн. Миний өвчүү гэмтэлтэй, 2 хавирга хугарсан, сүүж хугархай зэрэг гэмтэлтэй. Хэвтрийн дэглэмд байгаа юм. Би хөл дээрээ тогтмоор байна. ...эм тарианы мөнгө нэхэмжилнэ. ...охины сургуулийн тэтгэмж болох 100.000 төгрөгийг багш нь оруулж өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16, 61 дүгээр хуудас/,
-Насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгч Г.Энхчимэгийн хууль ёсны төлөөлөгч Г.Чинзоригийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Одоогоор Г.Энхчммэгийн биеийн байдал зүгээр байгаа. Энхчимэгт нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Сургуулиас олгодог тэтгэлгээ авсан гэж ярьж байсан. Өөр хэлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шинжээч эмч Т.Номинцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хохирогч Энхцэцэгийг Гэмтэл Согогын Үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байхад очиж уулзаад өөрт нь байсан эмчийн онош, үзлэгийн бүх материалуудыг нь үзэж харсан. Ингээд гэмтлийн эмчээр хариунуудыг нь уншуулаад дүгнэлтээ гаргасан. Хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа. ...Хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь хөнгөн, хүндэвтэр зэргийн гэмтлүүд байгаа бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.9 хэсэгт зааснаар гэмтлийн зэргийг аль хүндээр нь үнэлж гаргах талаар заасан тул үүнийг баримталж дүгнэлтээ гаргасан. Хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт, цус хуралт гэмтэл нь бүрдлээрээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа. ...Хохирогч Энхцэцэгийн биед Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д заасан ...гэмтэл тогтоогдоогүй, эмчийн үзлэгт ...бүсэлхийн 4/5 дугаар нугалмын жийргэвч цүлхийлт нь ослын улмаас үүссэн гэдэг нь нотлогдоогүй. Ихэнх хүмүүсийн бүсэлхийн 4/5 дугаар нугалмын жийргэвч цүлхийсэн, суулттай байдаг. Аарцаг ясны баруун талын хугарал буюу баруун умдаг ясны дээд салаанд бяцарсан хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...Аарцаг яс нь олон яснаас бүрддэг. Хохирогчид учирсан аарцаг ясны гэмтэл нь “аарцаг ясны хэлхээ тасарсан хугарал” байгаагүй учир хүнд гэмтэлд тооцогдохгүй юм. ...ямар тохиолдолд хүнд зэрэгт хамаарах талаар Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д заасан “…хоёр талын умдаг болон суудал ясны хугарал эсвэл олон яс уулзах үеэр салахтай хавсарсан хугарал” хамаарч байгаа юм. ...дүгнэлт гаргах үед эмчийн үзлэгээр хохирогчид өвчүү ясны хугарал гэмтэл тогтоогдоогүй байсан... гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн ШЭШГазрын шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 10881 дугаартай:
1. Х.Энхцэцэг-н биед баруун умдаг ясны дээд салаанд бяцарсан хугарал, ууцны баруун латерал массын дээд хэсгийн сэлтэрсэн хугарал, сээрний 7-р нугалмын их бие шахагдсан хугарал, баруун ташаа, баруун гуя, умдаг, цавь баруун шилбэ, зүүн тавхай, баруун тохойд цус хуралт, нуруунд цус хуралт, зулгаралт, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөхгүй.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна гэх дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийнгийн ШЭШГазрын шинжээч эмч Б.Ганзоригийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 10944 дугаартай:
1. Г.Энхчимэгийн биед баруун гуя, өвдөг, шилбэний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/,
Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Батбаатарын 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 46 тоот техникийн шинжээчийн дүгнэлт:
Хариулт 1: Хэрэг бүртгэлтийн 192100592 тоот хэргийн материалтай танилцаад Т.Энхтуяа /ЖО56031678/ мэдүүлэг авсан тэмдэглэл, ослын схем зураглал зэргээс үзэхэд Т.Энхтуяа нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 18.3. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно, мөн дүрмийн 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна заалтыг зөрчсөн гэх үндэслэл нэмэлтээр тогтоогдлоо.
Хариулт 2: Приус-20 маркийн 77-14 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тооромсны мөр хэрэг, ослын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, схем зураглалд тэмдэглээгүй байх тул хурдыг тогтоох боломжгүй.
Хариулт 3: ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн жолоочийн цахим сангаас нь лавлагаа авахад /ЖО56031678/ регистрийн дугаартай Тасрандорж овогтой Энхтуяа нь тээврийн хэрэгсэл жолоодох “ВС” ангилалын 49930 дугаартай жолоодох эрхийн үнэмлэх хүчинтэй байна.
Хариулт 4,5: Хэрэг, ослын газарт очсон ЗЦТ-ын зохицуулагч, цагдаагийн ахмад Ц.Мягмарсүрэнгийн хэргийн газрын үзлэгийн дүгнэлтэд жолооч Т.Энхтуяа жолоодон явсан Приус-20 маркийн 77-14 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн нь техникийн хувьд бүрэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэж үзсэн тул тухайн тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэж үзлээ.
Хариулт 6: Жолооч Т.Энхтуяа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3, 12.2 дахь заалтыг тус тус зөрчсөн нь уг осол болоход нөлөөлсөн гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
- Зам тээврийн осол, хэрэгт холбогдсон Тоёота приус-20 маркийн 77-14 УНИ дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/,
- Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
- Яаралтай тусламжийн үзлэгийн тэмдэглэл, ГССҮТөв-Дүрс оношилгооны төв үзлэгийн тэмдэглэл /26, 28-29 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Т.Энхтуяагийн хохирогчид нөхөн төлсөн хохирлын баримтууд /хх-ийн 464, 64-82 дугаар хуудас/,
- Хохирогч Х.Энхцэцэгийн хохирол нэхэмжилсэн баримтын жагсаалт /хх-ийн 83-85 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн зохион байгуулагчийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл, оршин суугаа хаягийн тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гэрч Ж.Оюунцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 23, 48-49, 51, 54 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй Г.Энхцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №10944 дугаартай Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/ болон хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар 2002 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрсөн 17 настай Гантөмөрийн Энхчимэгийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэл бүхий болсон байна.
Иргэний нэхэмжлэгч Г.Энхчимэгээс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлэг авахдаа хууль ёсны төлөөлөгч томилж оролцуулахгүйгээр мэдүүлэг авсан /хх-ийн 18 дугаар хуудас/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 хэсэгт зааснаар түүний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар тооцож үнэлээгүй бөгөөд түүний хууль ёсны төлөөлөгч Г.Чинзоригийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгийг үнэлж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн 1921005920292 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Энхтуяа нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Хан-Уул, Зангиат хорооллын голын зам дээр 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 77-14 УНИ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-д “...жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно. Мөн дүрмийн “...12.2-д харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...” гэх заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргаж Х.Энхцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Т.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгч Г.Энхчимэгийн хууль ёсны төлөөлөгчийн Г.Чинзоргийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Х.Энхцэцэг /хх-ийн 13-16, 61 дүгээр хуудас/-ийн, гэрч А.Удрсад нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 10881 дугаартай дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/, шинжээч эмч Б.Ганзоригийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 10944 дугаартай дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Батбаатарын 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 46 тоот техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Х.Энхцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр, Г.Энхчимэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус бүр учирсан болохыг эргэлзээгүй тогтоосон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд гэмт хэргийн улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэв.
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэдэгт автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Т.Энхтуяагийн үйлдэл нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Шүүгдэгч Т.Энхтуяа нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч хүсээгүй буюу мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүгдэгч Т.Энхтуяаг “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Энхтуяагийн үйлдлийн улмаас Г.Энхцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байгаа нь гэмт хэргийн шинжид хамаарахгүй учир энэ үйлдлийг гэм буруутайд тооцохгүй бөгөөд гэм хорын хэмжээнд үнэлж, шийдвэрлэх нь зүйтэй.
Хохирогчийн өмгөөлөгч нь З.Нямсүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №10881 дугаартай шинжээч Т.Номинцэцэгийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болох асарч сувилахад гарах зардлыг гаргуулах талаар хүсэлт гаргасан хэдий ч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хохирогчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн эмчийн үзлэгийн тэмдэглэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үнэлэх боломжгүй байна.
Мөн шинжээч эмч Т.Номинцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...эмчийн онош, үзлэгийн бүх материалуудыг нь үзэж гэмтлийн эмчээр хариунуудыг уншуулаад дүгнэлтээ гаргасан. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.9 хэсэгт зааснаар гэмтлийн зэргийг аль хүндээр нь үнэлж гаргах талаар заасан Энхцэцэгийн биед Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д заасан ...гэмтэл тогтоогдоогүй, ихэнх хүмүүсийн бүсэлхийн 4/5 дугаар нугалмын жийргэвч цүлхийсэн, суулттай байдаг. ...Хохирогчид учирсан аарцаг ясны гэмтэл нь “аарцаг ясны хэлхээ тасарсан хугарал” байгаагүй учир хүнд гэмтэлд тооцогдохгүй юм... гэх тайлбар болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг бүрэн биш, тодохойгүй гэж үзэх үндэслэлгүй тул хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч Х.Энхцэцэг нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 849435 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтаар тооцож үзэхэд 664935 төгрөг хохирол тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Т.Энхтуяа нь хохирогч Х.Энхцэцэгт 4312100 төгрөгийг хохиролд өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч нь сургуулиас тэтгэмж болох 100000 төгрөгийг нөхөж олгосон тул шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Хохирогч Х.Энхцэцэг нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Энхтуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Тасрандоржийн Энхтуяа нь тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Шүүгдэгчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Энхтуяад 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Энхтуяад тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Энхтуяагийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Т.Энхтуяагийн ЖО56031678 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарайд овогт Тасрандоржийн Энхтуяаг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шарайд овогт Тасрандоржийн Энхтуяаг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Энхтуяагийн цалин, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн Тасрандоржийн Энхтуяа /РД:ЖО56031678/ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Энхтуяад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН