Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 3197

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Х даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч: Б.С нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х.О  холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.С болон Х.О нар 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гэрээ байгуулж, 3,000,000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар хүүгүй зээлсэн. Гэвч хариуцагч 2016 оны 10 дугаар сард 900,000 төгрөг төлснөөс өөрөөр ямар нэг төлөлтийг хийгээгүй. Зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардсан боловч утсаа авдаггүй, гэрт нь очихоор хаалгаа нээдэггүй. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 2,100,000 төгрөг, алданги 1,050,000 төгрөг, нийт 3,150,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Анх Б.С 3,000,000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Х.Од ямар нэг бичгийн гэрээ байгуулахгүйгээр зээлдүүлсэн байдаг. Гэвч тохирсон хугацаанд Х.О зээлийн төлбөрөө буцаан төлөөгүй учир 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хамтдаа бичгийн хэлбэрээр гэрээ байгуулж, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлбөрийг төлөхөөр харилцан тохирсон. Гэвч хариуцагч 2016 оны 10 дугаар сард 900,000 төгрөг төлснөөс өөрөөр ямар нэг төлөлтийг хийгээгүй. Иймд Х.Оээс үндсэн зээлийн үлдэгдэл 2,100,000 төгрөг, алданги 1,050,000 төгрөг, нийт 3,150,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн хүсэлтээр хойшлуулсан бөгөөд тус шүүх хуралдаанд хариуцагч “би одоо зээлийн гэрээний дагуу 700,000 төгрөг л төлөх ёстой”, “би өөрөө Б.Стой очиж учраа олж уулзна” гэж тайлбарлаж байснаас үзэхэд тэрээр гэрээ байгуулсан болон мөнгө хүлээж авсан тал дээр маргаагүй гэж бидний зүгээс үзэж байгаа гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Х.Од холбогдуулж 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн зээл 2,100,000 төгрөг, алданги 1,050,000 төгрөг, нийт 3,150,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. 

 

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдов .

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан байна. Уг гэрээгээр Б.С хариуцагч Х.Од 3,000,000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хүүгүй, зээлдэгч зээлийг төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохирсноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ. 

 

Хариуцагч Х.О 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд “...зээлийн гэрээний дагуу одоо би 700,000 төгрөг л төлөх ёстой” гэж тайлбарлаж байснаас үзэхэд зохигчид 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, мөнгийг шилжүүлсэн болон хүлээн авсан эсэх талаар маргаагүй. Харин уг гэрээний дагуу буцаан төлөх төлбөрийн хэмжээн дээр маргаж байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрх үүссэн байна.

 

Хариуцагчийн зүгээс “...гэрээний дагуу авсан мөнгөнөөс 700,000 төгрөгийн төлөх үлдэгдэлтэй байгаа” гэж шүүх хуралдаанд тайлбарласан хэдий ч өөрийн татгалзлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүйгээс гадна нэхэмжлэгчийн “...хариуцагч 900,000 төгрөгийг л буцаан төлсөн” гэх тайлбарыг үгүйсгээгүй тул Х.Оээс үндсэн зээлийн үлдэгдэл 2,100,000 төгрөг, гэрээний хариуцлага буюу алданги 1,050,000 төгрөг, нийт 3,150,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, талуудын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 2.6 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Хариуцагч Х.Од нэхэмжлэлийн шаардлагыг гардан авсан боловч тэрээр гарын үсэг зурахаас татгалзсан. Мөн шүүхийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн эдлэх эрх, хүлээх үүргийг дэлгэрэнгүй танилцуулсан хэдий ч шүүх хуралдааны товын баримтаас бусад баримтуудад гарын үсэг зурахаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Х.Оээс 3,150,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Сод олгосугай.

  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Оээс 65,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Сод олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                  Н.ХАНГАЛ