Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 3116

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Х даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Б нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Г.Б

 

Хариуцагч: Н.Б нарт холбогдох,

 

Гэрээний үүрэгт 45,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Б, Г.Б бид нар 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “Автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж Япон улсад 2006 онд үйлдвэрлэгдсэн “Ниссан Навара” маркийн хар өнгийн машиныг 38,000,000 төгрөгөөр үнэ тохирч зарсан бөгөөд урьдчилгаа 3,000,000 төгрөгийг бэлнээр авсан болно. Г.Б нь гэрээ байгуулаад машинаа авснаас хойш 2 сарын дотор 35,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байх үүрэгтэй байсан хэдий ч мөнгөө цувуулж увуулж 7,000,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл мөнгөө төлөхгүй алга болсон. Зээлийн авто машиныг Нямхүү овогтой Буяннэмэх авсан гэх бөгөөд өөрийн ажилтан Г.Бийн нэр дээр “Автомашин зээлээр худалдах худалдан авах” гэрээ байгуулсан болно. Иймд нэхэмжлэгч хариуцагчаа сонгох эрхийн хүрээнд Г.Б, Н.Б нарыг хамтран хариуцагчаар татаж байна. Зээлийн гэрээний 4 дүгээр заалтанд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхийг зөвшөөрсөн бөгөөд алданги нь зээлийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй учир үндсэн зээлийн 50 хувь болох 17,500,000 төгрөг болон үндсэн зээл 35,000,000 төгрөг нийлээд 52,500,000 төгрөг болох бөгөөд цувуулж төлсөн 7,000,000 төгрөгийг хассанаар үлдэгдэл 45,500,000 төгрөгийг нэхэмжлэх эрх үүссэн гэж үзэж байна.  Иймд “Автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний үлдэгдэл 45,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “Ниссан Навара” маркийн хар өнгийн машиныг Н.Бэд зарсан. Тэрээр “...би ажилтай байгаа тул Г.Бтай гэрээ байгуулчих” гэж хэлсэн. Машины үнийг бид 38,000,000 төгрөгөөр харилцан тохирсон, уг автомашинд улсын дугаар аваагүй, гаалийн бичигтэйгээ байсан. Ингээд тухайн өдрөө гэрээ байгуулаад автомашиныг шууд Н.Бийн эзэмшилд шилжүүлсэн. Манай нөхөр Ц.Б надад “...7,000,000 төгрөг авсан” гэж хэлсэн учраас бид анх шүүхэд хандахдаа 7,000,000 төгрөгийг хасч тооцсон. Гэтэл бид дахин тооцоо гаргаж үзэхэд хариуцагч Н.Б нь 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 1,500,000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 500,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 500,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 150,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 300,000 төгрөг, нийт 3,950,000 төгрөгийг төлсөн байна. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа “...11,950,000 төгрөгийг төлсөн” гэж бичсэн байна. Гэтэл бодит байдал дээр 3,950,000 төгрөгийг л төлсөн, бид харин өөрсдөө андуураад 7,000,000 төгрөгийг төлсөн гэж бичсэн байна. Гэвч нэгэнт шүүхэд ингээд нэхэмжлэлээ гаргасан тул энэ шаардлагаа л дэмжиж оролцоно. Г.Б, Н.Б нар хамтдаа ажилладаг бөгөөд автомашиныг хамтдаа худалдаж авсан тул үндсэн үнэ 38,000,000 төгрөгөөс автомашин авахдаа хариуцагч нараас төлсөн 3,000,000 төгрөгийг хасч 35,000,000 төгрөг, алданги 17,500,000 төгрөг нийт 52,500,000 төгрөгөөс хариуцагчийн буцаан төлсөн 7,000,000 төгрөгийг хасаад 45,500,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагч Г.Б, Н.Б нар шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Баас Г.Б, Н.Б бидэнд холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг уншиж танилцлаа. Нэхэмжлэлд дурдагдсан биднээс нэхэмжилж буй мөнгөн дүнг зөвшөөрөхгүй байна. Учир нь Ц.Б болон түүний эхнэр Ч.Өнөрбаяр нар бидэнд “...Ниссан навара загварын машиныг бид унаж хэрэглэх боломжгүй учир та бүхэн авч, унаж хэрэглэ” гэж өөрсдөө хэлж, энэ машиныг аваач гэж гуйсан. Мөн Ц.Б нь биднийг машиныг авсны дараа барьцаалан зээлдүүлэх газар тавьж болно гэж өөрийн биеэр очиж 2014 оны 9 сарын 03-нд “Доог алт” ХХК-д аваачиж тавьсан. Ийм маягаар бидэнд итгэл төрүүлж тухайн үед 26,000,000 төгрөгийн машиныг 38,000,000 төгрөгт тооцон бодож өгсөн байсан. Н.Б миний бие нийт 11,950,000 төгрөгийг Ц.Б болон түүний охин Б.Энэрэл нарын дансанд шилжүүлж өгсөн, холбогдох баримтууд нь байгаа. Гэтэл Ц.Б миний өгсөн 11,950,000 төгрөгийг хасаад 7,000,000 төгрөг өгсөн гэж худал бичсэн байна. Ийм учраас Н.Б, Г.Б бид иргэн Ц.Бын нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин бидний өгсөн 11,950,000 төгрөгийг тооцож нэхэмжлэлээ гаргавал бид нэхэмжилж буй мөнгийг төлөхөд татгалзахгүй гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б нь Г.Б, Н.Б нараас 45,500,000 төгрөгийг шаардаж шүүхэд ханджээ.

 

Ц.Б болон хариуцагч Г.Б нар 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “автомашин машин зээлээр худалдах-худалдан авах гэрээ” байгуулжээ. Уг гэрээгээр Ц.Б нь “Ниссан навара” /Nissan navara/ маркын, 2006 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн VSKCVND40U0173270 аралын дугаартай автомашиныг Г.Бийн эзэмшилд шилжүүлэх, үүний хариуд хариуцагчийн зүгээс 38,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргийг харилцан хүлээснээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ. 

 

Зохигчид дээрх гэрээг байгуулсан болон гэрээний дагуу “Ниссан навара” /Nissan navara/ маркын, 2006 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн VSKCVND40U0173270 аралын дугаартай автомашиныг хариуцагч тал эзэмшилдээ шилжүүлэн авсан, хариуцагч нарын зүгээс автомашиныг хүлээж авахдаа 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримтын маргаагүй.

 

Түүнчлэн, худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй ба хариуцагчийн зүгээс нийлүүлсэн бараа буюу автомашин нь ямар нэг доголдолтой байсан эсэх талаар зохигчид маргаагүй байна.    

 

Харин хариуцагч талаас “...бид гэрээний дагуу 11,950,000 төгрөгийг төлсөн учраас уг мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцох ёстой” гэсэн агуулгаар өөрийн татгалзлын үндэслэлээ тайлбарласнаас үзэхэд зохигчид гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийн хэмжээн дээрээ маргаантай байна гэж шүүхээс дүгнэлээ.  

 

Шүүх дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв. 

 

Нэгэнт хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчээс худалдан авсан “Ниссан навара” /Nissan navara/ маркын, 2006 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн VSKCVND40U0173270 аралын дугаартай автомашины үнийг бүрэн төлөөгүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Түүнчлэн, талуудын хооронд байгуулагдсан “автомашин машин зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний 4 дэх хэсэгт “гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алдангийг худалдан авагч нь худалдагчид төлөх үүрэгтэй” гэж заасан байх тул гэрээний хариуцлага болох тодорхой хэмжээний алдангийг хариуцагч талаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцнэ.

 

Иргэний хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар нь нотлох баримт болох бөгөөд нэхэмжлэгч Ц.Бын “...Г.Б нь гэрээ байгуулаад машинаа авснаас хойш 2 сарын дотор 35,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байх үүрэгтэй байсан хэдий ч мөнгөө цувуулж 7,000,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл мөнгөө төлөхгүй алга болсон” гэсэн тайлбарыг үндэслэж шүүхээс алдангийн хэмжээг багасгаж тооцох нь зүйтэй гэж үзлээ /хх1 хуудас/. 

 

Иймд автомашины үнэ 35,000,000 төгрөгийг хариуцагчийн зүгээс төлсөн 7,000,000 төгрөгийг хасч үндсэн төлбөр 28,000,000 төгрөг, гэрээгээр тохирсон алданги 14,000,000 төгрөг, нийт 42,000,000 төгрөгийг хариуцагч Г.Б, Н.Б нараас гаргуулж нэхэмжлэгч Ц.Бт олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч өөрийн шаардлага болон татгалзлыг баримтаар нотлох үүрэгтэй ба  хариуцагч талын “...бид гэрээний дагуу 11,950,000 төгрөгийг төлсөн учраас уг мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцох ёстой” гэх тайлбарыг нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

 

Хэдийгээр 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн “автомашин машин зээлээр худалдах-худалдан авах гэрээ” нь Ц.Б болон Г.Б нарын хооронд байгуулагдсан боловч нэхэмжлэгчийн “...гэрээг Г.Б байгуулсан боловч автомашиныг Н.Б авсан” гэх тайлбарыг хариуцагч Г.Б, Н.Б нар үгүйсгээгүй, автомашины зохих төлбөрийг хамтран төлөх агуулга бүхий тайлбарыг шүүхэд гаргасан байдлыг харгалзан Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарт гэрээний үүргийг хамтран хариуцуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Г.Б, Н.Б нараас 42,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 550 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.Б, Н.Б нараас 367,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бт олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                          Н.Х