Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 3103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д ХХК /РД:5767261/-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Нарангэрэл /РД:чн73070668/,

 

Хариуцагч: Б.А нарт холбогдох,

  

Зээлийн гэрээний үүрэгт 2,930,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Н, Б.А нар ”Д ББСБ” ХХК-иас 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гоо сайхны тоног төхөөрөмжийн аппарат худалдан авах зориулалтаар 1,500,000 төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгчид нь гэрээний хугацаанд зээлийн хүүг сар бүр төлж байсан бөгөөд үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй тус банк бус санхүүгийн байгууллагыг хохироосоор байна. Б.Н, Б.А нарт 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр үндсэн зээлээ даруй төлөхийг сануулж мэдэгдэх хуудас өгсөн бөгөөд мэдэгдэл авсанаас хойш үндсэн зээлээс төлөөгүй болно. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3, 4.2.12-т заасан үүргүүдээ биелүүлээгүй, 6 дугаар зүйлийн 6.1.1-т заасны дагуу “зээлийн буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” бол гэрээг цуцлах тухай заасан байдаг. Иймээс Б.Н, Б.А нараас үндсэн зээл. зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 2,630,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гаргасан нэхэмжлэлд Б.Н, Б.А нараас зээлийн гэрээний үүрэгт 2,630,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хурал товлогдох өдөр хүртэл 76 хоногийн хугацаанд зээлийн хүү 250,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,000 төгрөг, нийт 300,000 төгрөгөрө нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 2,930,500 төгрөгийг Б.Н, Б.А нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н, Б.А нар нь 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр гоо сайхны тоног төхөөрөмжийн аппарат худалдаж авах зориулалтаар Д ХХК-иас 1,500,000 төгрөг зээл хүссэн. Сарын 5 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар барьцаагүйгээр зээл авсан.  Зээлдэгч нь гэрээний хугацаанд хүүг төлж байсан, үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй. 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр зээлээ эргэн төлөхийг сануулж мэдэгдэх хуудас явуулсан байдаг. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл үндсэн зээл төлөөгүй. Гэрээний хугацаа дуусаад 1 жилийн хугацаа өнгөрч байна. Үндсэн зээл 1,500,000 төгрөг, зээлийн хүү 1,084,000 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлагын хүү нь 346,500 төгрөг, нийт 2,930,500 төгрөгийг Б.Н, Б.А нараас гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Н нь 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Д ХХК-иас 1,500,000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Энэ хугацаанд 578,000 төгрөгийн зээлийн хүү ба алданги төлсөн. Миний бие Б.Н нь 2015 онд өөрийн байраа зээлэнд алдсан. Одоо Д ХХК-ийн нэхэмжилсэн 2,630,500 төгрөгийг сард 300,000 төгрөгөөр 9 сарын хугацаанд төлж барагдуулахаар байна гэжээ.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д ХХК-иас 1,500,000 төгрөг зээлсэн нь үнэн. Гэрээ байгуулж гарын үсэг зурсан, мөнгө хүлээн авсан эсэх тал дээр маргаан байхгүй. Хүүнд нь 500,000 гаруй мянган төгрөг төлсөн, тооцоолол дээр маргаан байхгүй. Гэхдээ би нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн үнийн дүнгээ багасгавал шууд эвлэрэх саналтай байна гэжээ.                                                               

 

Хэрэгт цугларсан баримтууд, зохигчийн тайлбарыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Д ХХК нь хариуцагч Б.Н, Б.А нарт холбогдуулж гэрээний үүрэгт нийт 2,630,500 төгрөгийг шаардаж шүүхэд хандсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн шаардлагын үнийн дүнг 300,000 төгрөгөөр ихэсгэжээ. 

 

Тодруулбал, үндсэн зээл 1,500,000 төгрөг, зээлийн хүү 1,084,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 346,500 төгрөг, нийт 2,930,500 төгрөгийг хариуцагч нараас шаардсан байна. 

 

Нэг талаас Д ХХК, нөгөө талаас Б.Н, Б.А нар 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1307162 тоот “ барьцаат зээлийн гэрээ” байгуулсан ба уг гэрээгээр хариуцагч нар нэхэмжлэгч байгууллагаас 1,500,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж авсан ба зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн зээлийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохирчээ. 

 

Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т “...зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ. 

 

Хариуцагч нарын зүгээс зээлийн гэрээ байгуулсан, гэрээний дагуу нийт 1,500,000 төгрөгийг хүлээн авсан болон тогтоосон хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололын талаар маргаагүй. Харин зээлийг буцаан төлөхөд тодорхой хугацаа хэрэгтэй, үнийн дүнг багасгуулах хүсэлтэй гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргасан.

 

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг хүлээх ба нэхэмжлэгч Д ХХК нь Б.Н, Б.А нараас гэрээний үүргийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар шаардах эрхтэй байна гэж шүүхээс үзлээ.

 

Харин Банк, эрх бүхий хууийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө”, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно...” гэж тус тус заасныг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаас буюу нэмэгдүүлсэн хүү 346,500 төгрөгөөс 129,700 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.Н, Б.А нараас 2,800,800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 129,700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 66,690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н, Б.А нараас 58,369 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-д олгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                              Н.ХАНГАЛ