Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/50

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.Ц

          Улсын яллагч М.Ү

          Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Э.М-т холбогдох эрүүгийн 2222000000045 дугаартай  хэргийг 2022 оны  03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн .. оны ..сарын 15-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, .. аймгийн ... халхын дуулалт жүжгийн театрт хөгжимчин ажилтай, ам бүл 2, ээжийн хамт ... аймгийн .. сумын 6-р баг .. тоотод оршин суух, урд ял шийтгэлгүй, Ж овогт Э-ийн М РД:/ /.

 

 Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Э.М нь 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ... аймгийн  ..сум 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах .. аймаг дахь Цагдаагийн газрын уулзалт мэдүүлгийн 207 тоот өрөөнд гэрчээр мэдүүлэг өгөх явцад буюу мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “...2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 212200131 дугаартай хэрэгт, гэрчийн мэдүүлэг өгөхдөө “тухайн үед би жолоодож явсан. Өөр хүнд жолоо шилжүүлээгүй. Би Ё-ын 65-57 /үсгийг нь мэдэхгүй байна/ цагаан өнгийн “Соната-6” маркийн машиныг жолоодож явсан.” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

            Шүүгдэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна.” гэв.

 

           Шүүгдэгч Э.М-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:  “2021 оны 07 сарын 11-ний өдрийн 00 цаг өнгөрч байх үед Ё залгаад миний машиныг бариад гэрт хүргээд өгөөч гэж хэлсэн. Би зөвшөөрөөд Айрагийн 07-11 тоот хашаанд очиход Ё, Б хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Намайг очсоноос хойш цаг гарангийн дараа М, Ж хоёр халамцуу байдалтай ирсэн. Н.Ё, Б, М, Ж нар архи хэрэглэж байгаад М, Ё хоёр хоорондоо маргалдаж зодолдсон. Б, М бид гурав салгаж байтал Б, Ё хоёр хэрэлдэж, Ё, Б-ыг зодож эхэлсэн. М бид хоёр Ё, Б хоёрыг салгах гээд ноцолдож байх үед Ж хашаанаас гараад явсан. Ё, Б хоёр маргалдаж байгаад гайгүй болох үед Б машинаа унаад хашаанаас гараад явсан. Ё өөрийн машиныг унаад хөдөлж Айрагийн 7 дугаар гудамж руу ороод Быг машинаараа мөргөчих шиг болсон ба М бид хоёр араас нь гүйгээд очиход Б, Ё хоёр машиныхаа урд талд юм яриад зогсож байсан. 2021 оны 7 сарын 11-ний өглөө  Ё над руу залгаад “намайг цагдаагаас дуудлаа, чамаас мэдүүлэг авах байх, маныгаа Быг машинаар мөргөсөн гэж битгий хэлээрэй” гэж гуйсан юм. Тэгээд би эхэндээ өгсөн мэдүүлэг дээрээ Ёыг машинаараа Быг мөргөснийг хэлээгүй, бусдыг нь үнэнээр нь хэлсэн. Тухайн асуудал болсны дараа надаас битгий хэлээрэй гэж гуйгаад байсан мөн мэдүүлэг өгсний дараа хэлээгүй биз дээ гэж асууж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72/

            Хохирогч О.Б-ын: “...Би Ё-ад Сайнцагаан сумын 8 дугаар баг Айрагийн 7-11 тоотод байх хашаан дотор зодуулж байгаад машин эвдэх гээд байхаар нь машинаа унаад зугтаж машинаа Залуус хорооллын хамгийн зүүн талын байрны зогсоол дээр тавьчхаад явганаар буцаад Айрагийн 7-11 тоот хашаанд очих гээд 7 дугаар гудамж руу орж байх үед Ё намайг машинаараа мөргөсөн. Миний биед баруун шилбэ ясны хугарал, тархи доргилт, өвдөгт учирсан гэмтлүүд машинд мөргүүлсний улмаас үүссэн. Хашаанд байхад өвдөг гэмтээгүй, алхаж гишгэхэд зүгээр байсан ба би машинаа жолоодоод өөр газар тавьчихаад буцаад алхаад явж байх үед мөргөсөн. Тухайн машин урд купер хэсгээрээ миний зүүн өвдөг орчимд мөргөсөн. Би машинд мөргүүлээд биеийн баруун хэсгээр газарт унасан. Унахдаа толгойгоороо газар мөргөсөн гэж бодож байна. Машинд  мөргүүлсний дараа Ё нь намайг татаж сэгсрээд байх үед Ё ганцаараа байсан. Дараа нь харахад М ирсэн байсан, Мийг  хараагүй. Машинд мөргүүлсний дараа би босч чадахгүй газар хэвтэж байхад Ё намайг татаад босгох үед өөрийн мэдэлгүй өмдөндөө өтгөнөөр алдсан байсан. Тухайн үед миний гэдэс эвгүйрхэх асуудал байгаагүй. Дараа нь эмчээс  асуухад машинд мөргүүлж доргилт авсны улмаас бөгсөн бие мэдээ алдаж өтгөн, шингэн алдах тохиолдол байдаг гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-33/

 

             Гэрч Б.М-ийн: “...Ё, Б хоёр хэрэлдэж маргалдаад зодолдож байсан. Тэгээд Б нь өөрийнхөө машиныг унаад гараад явсан. Гэгтэл Ё намайг машинд суу гэж хэлээд МЁ-ын машиныг жолоодоод бид гурав хашаанаас гарсан. Тухайн үед Ё, Б хоёр гар утсаар хэрэлдэж байгаад тухайн хашаанаас зүүн тийш байх доголтой хашааны зүүн талд зогсож байтал Б залуус хорооллын орчмоос гараад ирсэн. Тухайн үед М бид хоёр хашааны хажууд тамхи татаад зогсож байсан. Тэгтэл Б баруун талын гудамж руу гүйтэл Ё машинаа унаад араас нь хөөгөөд явсан. Тэгэхээр нь бид хоёр араас нь гүйгээд очиход Б газар хөлөө жийгээд суусан байсан ба миний хөл өвдөөд байна гэж хэлсэн. Тэгээд Б-ыг машинд суулгах гэтэл “үгүй” гээд Айрагийн 7-11 тоот хашаа руу алхаад явсан. Ё, М бид гурав машинтай дагаад явсан. Хашаанд зодолдож байгаад гараад явах үед нь ил харагдах юм мэдэгдээгүй. Машинд мөргүүлснийхээ дараа хөл өвдөөд байна гэж байсан ба баруун хөл нь доголж алхаж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51/

 

          Гэрч Н.Ё-ын: Тухайн үед би өөрийн эзэмшлийн гэхдээ нэр дээрээ шилжүүлж аваагүй байгаа Соната-6 маркийн 6557 УАЕ улсын дугаартай, цагаан өнгийн машинтай өөрийн найз Мөнхбаяраар машинаа бариулаад явж байсан. Тэгэхдээ Б-ыг мөргөсөн асуудал байхгүй. Би өөрийн эзэмшлийн 6557 УАЕ улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад О.Б-ыг мөргөсөн юм. Б-той хэрэлдэж маргалдаж байтал зугтаагаад цааш гүйхээр нь араас нь хөөж очсон. Б гүйж байгаад эргээд харахаар нь огцом тормос гишгэсэн. Тэгтэл би Б-ыг очоод мөргөсөн.” гэх мэдүүлэг  /хх-ийн 38-40, 42/

 

          Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 165 дугаартай: "О.Б-ын биед баруун шилбэ ясны хугарал, тархи доргилт, өвдөгний зөөлөн эдийн няцрал, шуу, гуя, хонго, өвдөг, шилбэнд цус хуралт, дух, бугуй, тохой, нуруу, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд хязгаарлагдмал хатуу гадаргуутай зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 57-61/

 

          Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9/

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн  10-14/

           Хохирогч О.Бын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /18-21/

           Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 75/

           Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76/

           Шүүгдэгч Э.М-ын .... регистрийн дугаараар Цагдаагийн Ерөнхий газрын хайлтын сангаас авсан лавлагаа /хх-ийн 77-78/

           Хас банкны 2022 оны 02 сарын 24-ний өдрийн 91 дугаартай албан бичиг /хх-ийн 80/

           Төрийн банкны 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 90 дугаартай албан бичиг /хх-ийн 81/

           Хаан банкны 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 54 дугаартай албан бичиг /хх-ийн 82/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

 Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүгдэгч Э.М нь 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ... аймгийн  ..сум 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ...аймаг дахь Цагдаагийн газрын уулзалт мэдүүлгийн 207 тоот өрөөнд гэрчээр мэдүүлэг өгөх явцад буюу мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “...2021 оны 7 сарын 24-ний өдрийн 212200131 дугаартай хэрэгт, гэрчийн мэдүүлэг өгөхдөө “Би тухайн үед  Ё-ын65-57 /үсгийг нь мэдэхгүй байна/ цагаан өнгийн “Соната-6” маркийн машиныг жолоодож явсан.” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

        шүүгдэгч Э.М-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “2021 оны 7 сарын 11-ний өглөө Ё над руу залгаад “намайг цагдаагаас дуудлаа, чамаас мэдүүлэг авах байх, маныгаа Б-ыг машинаар мөргөсөн гэж битгий хэлээрэй” гэж гуйсан юм. Тэгээд би эхэндээ өгсөн мэдүүлэг дээрээ Ё-ыг машинаараа Б-ыг мөргөснийг хэлээгүй, бусдыг нь үнэнээр нь хэлсэн юм. Тухайн асуудал болсны дараа надаас битгий хэлээрэй гэж гуйгаад байсан мөн мэдүүлэг өгсний дараа хэлээгүй биз дээ гэж асууж байсан.” гэх

        хохирогч О.Б-ын: “...Би Ё-ад С.. сумын 8 дугаар баг Айрагийн 7-11 тоотод байх хашаан дотор зодуулж байгаад машин эвдэх гээд байхаар нь машинаа унаад зугтаж машинаа Залуус хорооллын хамгийн зүүн талын байрны зогсоол дээр тавьчихаад явганаар буцаад Айрагийн 7-11 тоот хашаанд очих гээд 7 дугаар гудамж руу орж байх үед Ё намайг машинаараа мөргөсөн. Миний биед баруун шилбэ ясны хугарал, тархи доргилт, өвдөгт учирсан гэмтлүүд машинд мөргүүлсний улмаас үүссэн. ...Тухайн машин урд купер хэсгээрээ миний зүүн өвдөг орчимд мөргөсөн. Би машинд мөргүүлээд биеийн баруун хэсгээр газарт унасан. Унахдаа толгойгоороо газар мөргөсөн гэж бодож байна. Машинд  мөргүүлсний дараа Ё нь намайг татаж сэгсрээд байх үед Ё ганцаараа байсан. Дараа нь харахад Мирсэн байсан, Мийг  хараагүй.” гэх

         гэрч Б.Мийн: “...Ё, Б хоёр хэрэлдэж маргалдаад зодолдож байсан. Тэгэхэд Б нь өөрийнхөө машиныг унаад гараад явсан. Тэгтэл Ё намайг машинд суу гэж хэлээд МЁ-ын машиныг жолоодоод бид гурав хашаанаас гарсан. Тухайн үед Ё, Б хоёр гар утсаар хэрэлдэж байгаад тухайн хашаанаас зүүн тийш байх доголтой хашааны зүүн талд зогсож байтал Б залуус хорооллын орчмоос гараад ирсэн. Тэгтэл Б баруун талын гудамж руу гүйтэл Ё машинаа унаад араас нь хөөгөөд явсан. Тэгэхээр нь бид хоёр араас нь гүйгээд очиход Б газар хөлөө жийгээд суусан байсан ба миний хөл өвдөөд байна гэж хэлсэн. ...Машинд мөргүүлснийхээ дараа хөл өвдөөд байна гэж байсан ба баруун хөл нь доголж алхаж байсан.” гэх

          гэрч Н.Ё-ын: “...Би өөрийн эзэмшлийн -- улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад О.Быг мөргөсөн юм. Б гүйж байгаад эргээд харахаар нь огцом тормос гишгэсэн. Тэгтэл би Б-ыг очоод мөргөсөн” гэх мэдүүлгүүд болон Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 7 сарын 21-ний өдрийн 165 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр  нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Э.М-ыг Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.М нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 09 дугаар тогтоолоор хангаж, түүнд 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

      Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцэж байх тул улсын яллагчийн санал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.М-т  Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

      

           Эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Шүүх шүүгдэгч Э.М-ыг“худал мэдүүлэг өгөхгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

        Шүүгдэгч Э.М-т Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгч Э.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

         

            Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

Шүүгдэгч Э.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

   1. Шүүгдэгч Ж овогт Э-ийн М-ыг худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

     2. Шүүгдэгч Ж овогт Э-ийн М-т Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэсүгэй.

 

    3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь энэхүү тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Э.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.У