Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2886

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Х даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “М” ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.А /РД:чз86010673/,

 

Хариуцагч: Б.А-д холбогдох,

 

11,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О , хариуцагч нарын өмгөөлөгч Б.Б , шүүх хуралдааны нарын бичгийн даргаар Т.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 10 дугаар сард А.А, Б.А нартай танилцсан. Тухайн үед тэд “Монгол мах чанар” компанийн захирал, махны экспортийн Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны зөвшөөрөлтэй цорын ганц компани, Хятадаас 25 сая юанийн хөрөнгө оруулалт хийгдэх гэж байгаа, А.Ань өөрийгөө УИХ-д сонгуульд Булган аймагт нэр дэвшиж байгаа гэх мэтээр уран цэцэн, 100% худал хуурмаг зүйл ярьж итгүүлсэн. Тэд хэлэхдээ “...Урнаа захирал аа, та бидэнд итгэ, эхний үед үйл ажиллагаагаа эхлэх хүртэл түр хугацааны оффис, бичиг хэрэг, тоног төхөөрөмжөөр хангах, гадна дотны хүмүүстэй уулзах зардлын санхүүжилтийг зээлдүүлэн бидэнд туслаач” хэмээн гуйж, хэд хэдэн удаа ирж уулзсан. Үүний дагуу бид 2016 оны 02 дугаар сараас хариуцагч нарт оффисийн тусгай өрөө, бичиг хэрэг, компьютер, интернетээр үнэ төлбөргүй ханган өгч, ажиллах боломжийг олгосон.

2016 оны 6 дугаар сард “Хятад улсын махны импортийн компанитай хөрөнгө оруулалтын уулзалт ярилцлага Шиньжаан хотод болно, гадаад руу явах зардал” гэж 3,000,000 төгрөгийг зээлэн авч “Хятадаас 25 сая юанийн хөрөнгө оруулалт орж ирэхээр төлнө” гэж авсан. 2016 оны 6 дугаар сарын сүүлээр “Миний найз Зам тээвэр, хөгжлийн сайдын нарийн бичиг хийдэг. УИХ-ын сонгуулиас өмнө танай компанийн 5 км замын зөвшөөрлийг 50 км болгоод өгье, бид хоёрт үйл ажиллагааны зардал 7,000,000 төгрөг өгвөл зөвшөөрөл гаргаж өгнө” хэмээн хуурч мэхлэн залилан авсан. 2016 оны 7 дугаар сард компанийн ня-бо Х.Ос “түр хугацаанд буцааж төлнө” хэмээн Б.А 500,000 төгрөг, А.А 500,000 төгрөг тус тус зээлж авсан. Үүнээс хойш А.А, Б.А нарын утас нь холбогдохгүй сураггүй алга болсон. Манай компани арга буюу Цагдаагийн байгууллагад хандаж шалгуулсан. Цагдаагийн газарт өгсөн тайлбар, мэдүүлгээр А.А, Б.А нар нь нийт 11,000,000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн болох нь Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 3948 тоот “Прокурорын тогтоол”-оор тогтоогдсон. Уг тогтоолоор мөнгө авсан нь тогтоогдсон боловч асуудлыг иргэний хэргийн журмаар шийдвэрлүүлэх тухай дурьдсан бөгөөд 11,000,000 төгрөгийг А.А, Б.А нараас нэхэмжлэх үндэслэлтэй байна. Иймд А.А, Б.А нараас 11,000,000 төгрөгийг гаргуулж М ХХК олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал Н.Уранчимэг нь хариуцагч А.А, Б.А нартай 2015 онд анх танилцаад, залуу хүмүүст туслая, санаа нийлвэл хамтарч ажиллах гэж тусалж, дэмжээд нийтдээ 11,000,000 төгрөгийг хариуцагч нарт өгсөн байдаг.

1/ 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч А.А, Б.А нарт 7,000,000 төгрөгийг олгосон. Хариуцагч А.А, Б.А нар “Манай найз Зам тээвэр, хөгжлийн сайдын нарийн бичиг хийдэг. УИХ-ын сонгуулиас өмнө танай компанийн 5 км замын зөвшөөрлийг 50 км болгоод өгье. Бид хоёрт үйл ажиллагааны зардал 7,000,000 төгрөг өгвөл зөвшөөрөл гаргаж өгнө” гэж хэлсэн учраас нэхэмжлэгч компани тэдэнд 7,000,000 төгрөгийг гаргаж өгсөн байдаг. Гэвч удалгүй энэ нь худал болж, улмаар бид цагдаагийн байгууллагад хандсан. Энэ мөнгийг бид буцаан шаардаж байна.

2/ 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч А.А, Б.А нар “Хятад улсын махны импортийн компанитай хөрөнгө оруулалтын уулзалт ярилцлага Шинжаан хотод болно, гадаад руу явах зардал хэрэгтэй” гэж хэлсэн ба тэд 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс “...Хятадаас 25 сая юанийн хөрөнгө оруулалт орж ирэхээр төлнө” гэж авсан. Энэ мөнгийг бид буцаан шаардаж байна. Уг мөнгийг өгөхдөө цаашдаа хамтран ажиллах зорилго, хүсэл байсныг бол үгүйсгэхгүй.

3/ 2016 оны 7 дугаар сард нэхэмжлэгч компанийн ня-бо Х.Отгонтуяагаас “түр хугацаанд буцааж төлнө” хэмээн Б.А 500,000 төгрөг, А.А 500,000 төгрөгийг тус тус зээлж авсан. Уг мөнгийг бид буцаан шаардаж байна.

Манай компани нь хариуцагч А.А, Б.А нартай болж бүтвэл хамтран ажиллах санаа бол байсан, гэхдээ бид 11,000,000 төгрөгийг бол зээлсэн учраас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар буцаан шаардах эрхтэй гэж үзэж байна. Хариуцагч нарын зүгээс биднийг хамтран ажиллах үүднээс хөрөнгө оруулсан гэсэн агуулгаар тайлбар хийж байна. Гэвч хариуцагч нарын зүгээс үнэхээр хамтран ажилласан бол үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, Хятадаас 25 сая юанийн хөрөнгө оруулалт орж ирээгүй, манай замын зөвшөөрлийг 50 км болгож сунгаж өгөөгүй байгааг шүүх анхаарна уу. Хариуцагч А.А, Б.А нар 11,000,000 төгрөгийг авч зарцуулсан учраас уг мөнгийг хамтдаа, тэнцүү хариуцах ёстой гэж үзэж байгаа гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК зүгээс хариуцагч нарт нийт 11,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээл болгож өгсөн. Талуудын хооронд ямар нэг хамтран ажиллах болон хөрөнгө оруулалтын гэрээ хийгдээгүй, зөвхөн зээлийн гэрээ хийгдсэн гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагч А.А, Б.А нараас шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэлд дурдсан 11,000,000 төгрөгтэй холбогдуулж гаргасан гомдлыг Цагдаагийн байгууллагаас шалгаад залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болохыг тогтоож, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ нь хариуцагч нарыг мөнгийг залилж аваагүйг нотолж байна гэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс 11,000,000 төгрөгийг хариуцагч нар хүлээн авсан эсэх тал дээр маргахгүй боловч бид нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Хариуцагч А.А, Б.А нар М ХХК захирал Н.Уранчимэгтэй анх 2015 оны 11 дүгээр сард танилцсан байдаг. А.А нь “Монгол мах чанар” ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд махны чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй. Ийм ч учраас хариуцагч нар “Монтрак групп” ХХК-тай махны чиглэлээр хамтран ажиллахаар анхнаасаа тохирсон. Энэ ч үүднээсээ “Монтрак групп” ХХК нь хариуцагч нарт оффис гарган өгч, ажиллах нөхцөл бололцоогоор хангасан байдаг. Талууд махны үйлдвэр барихаар харилцан тохирсон. Тодруулбал, А.А, Б.А нар махны үйлдвэрийн төсөл боловсруулах, бичиг цаасны ажлыг хийхээр харин “Монтрак групп” ХХК буюу Н.Уранчимэг захирал нь махны үйлдвэрийг барих ажлыг санхүүжүүлэх, хөрөнгө оруулахаар харилцан тохирсон байдаг. Үйлдвэрийн ерөнхий төслийг А.А, Б.А нар М ХХК 2016 оны 7 дугаар сард хүлээлгэж өгөхөөр тохирсон байсан. Ийнхүү төслийг боловсруулах, гадаад дотоод руу томилолтоор явахад зардал гарах нь тодорхой, гарч ч байсан учир хариуцагч нарыг нэхэмжлэгч компанийн зүгээс өөрсдийн оффистоо байрлуулж, нийт 11,000,000 төгрөгийг үйл ажиллагааны зардалд өгсөн юм. Өөрөөр хэлбэл талуудын хооронд хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээний харилцаа үүссэн байсан. Ингээд хариуцагч нарын зүгээс харилцан тохирсон ёсоороо махны үйлдвэрийн чиглэлээр ажиллах төслөө нэхэмжлэгчид өгсөн. Харамсалтай нь яг энэ цаг үетэй нь зэрэгцээд Н.Уранчимэг захирлыг Авлигатай тэмцэх газраас шалгаж, цагдан хорьсон байдаг. Ингээд Н.Уранчимэг захирал хамаг оффисийн хаалга, үүдээ түгжээд өөрөө алга болсон, талуудын хоорондын төсөл, гэрээ хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэн. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж хэлээд байдаг. Гэтэл бодит байдал дээр талууд хамтран ажилласан, хамтран ажиллаад хүссэн үр дүндээ хүрээгүй л үйл явдал болсон. Өөрөөр хэлбэл, 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн зүгээс “...замын зөвшөөрөл авч өгнө” гэж хэлээд авсан гэж байгаа ч тухайн баримт дээр А.А нь гарын үсгээ л зурсан болохоос дээр нь байгаа утгыг нь бичээгүй, энэ талаар ч зохигчид маргаагүй учраас бичгийн хэв дээр нь шинжээч томилоогүй. Уг 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь “...гэрээний төслийн мөнгө” гэж л өгсөн. Хариуцагч нарт нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг өгсөн бөгөөд уг мөнгийг хамтран ажиллах гэрээний хүрээнд гадаад улс руу үзэсгэлэн худалдаанд явуулахаар өгсөн болох нь гэрч болон талуудын тайлбараар тогтоогдож байгаа. 1,000,000 төгрөгийг бол цэвэр хариуцагч нарын ажилд амжилт хүсч “Амжилт хүсье” гэж англиар бичээд шилжүүлсэн болох нь дансны хуулгаас ч харагдаж байгаа. Үнэндээ бол хариуцагч нар нэг хүнд нь 500,000 төгрөг шилжүүлснийг ажлын хөлс ч гэж ойлгож болно. Учир нь тухайн үед Н.Уранчимэг захирал өөрийн нөхөртэйгөө салаад, эд хөрөнгө дээрээ муудалцсан байсан. Тэрээр өөрийн обьект, эд хөрөнгийг бусдын халдлагаас хамгаалах гэж хариуцагч болон бусад хүмүүсийг өөрийн ажлын байран дээр харуул, манаачаар шахуу ажиллуулсан, үүнийхээ төлөө төлсөн хөлс байдаг. Нэгэнт талуудын хооронд үүссэн хамтран ажиллах гэрээ үүссэн, уг гэрээний дагуу нийт 11,000,000 төгрөг зарцуулагдсан, нэхэмжлэгчийн буруугаас төсөл хэрэгжих боломжгүй болсон учраас хариуцагч тал нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХКхариуцагч А.А, Б.А нараас 2016 оны 6 дугаар сард хариуцагч нарт шилжүүлсэн гэх 3,000,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн 7,000,000 төгрөг, хариуцагч нарын дансанд 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн 1,000,000 төгрөг буюу нийтдээ 11,000,000 төгрөгийг хариуцагч нараас буцаан шаардаж шүүхэд ханджээ.

 

Хариуцагч А.А, Б.А нар нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн ба өөрсдийн татгалзлын үндэслэлээ “...бид хамтран ажиллаж байсан бөгөөд нэхэмжлэгчийн буруугаас шалтгаалж гэрээ дуусгавар болсон тул үйл ажиллагааны зардал болох 11,000,000 төгрөгийг буцаан төлөхгүй” гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

 

1/ 7,000,000 төгрөгийн шаардлага:

 

Хэргийн 5 дугаар хуудсанд 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр М ХХК “бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл” болон “бэлэн мөнгөний зарлагын баримт”-ууд авагдсан байна.

 

Хариуцагч А.А, Б.А нар уг 7,000,000 төгрөгийг “...танай 5 км замын зөвшөөрлийг 50 км болгон сунгаж, зөвшөөрөл авч өгье” хэмээн авсан боловч бодит байдал дээр энэ нь хэрэгжээгүй тул бид 7,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй гэж нэхэмжлэгч шаардлагаа тодорхойлсон.

 

Хариуцагч А.А, Б.А нар дээрх 7,000,000 төгрөгийг хүлээн авсан эсэх тал дээр маргаагүй хэдий ч тэд “...уг мөнгийг нэхэмжлэгч хамтран ажиллах гэрээний дагуу хийсэн төслийн мөнгө гэж бидэнд шилжүүлсэн, энэ мөнгө хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийн хүрээнд зарцуулагдсан. Тэгээд ч уг баримтын утгыг нэхэмжлэгч компанийн ня-бо нь бичсэн” гэжээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн, үгүйсгэсэн тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй ба хариуцагч нарын “...7,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь гэрээний төслийн мөнгө гэж өгсөн, уг мөнгө төсөл хэрэгжих явцад зарцуулагдсан” гэх тайлбарыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Монтрак групп” ХХК нь дээр дурдсан 7,000,000 төгрөгийг хариуцагч нараас буцаан шаардах эрхтэй гэж шүүхээс үзлээ.

 

2/ 1,000,000 төгрөгийн шаардлага:

 

Нэхэмжлэгч М ХХК2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч А.Ариун-Эрдэнийн дансанд 500,000 төгрөг, Б.Агийн дансанд 500,000 төгрөг, нийт 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан хариуцагч нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байхаас гадна зохигчид энэ талаар маргаагүй.  

 

Хариуцагч нарын хийсэн ажилд зориулж буюу ажлын хөлс гэж 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч шилжүүлсэн гэж өөрсдийн татгалзлыг А.А, Б.А нар тайлбарласан.

 

Дээр дурдсанчлан хариуцагч өөрийн татгалзлыг нотлох үүрэгтэй ба “...хүн бүрт 500,000 төгрөг шилжүүл гэж н.Уранчимэг хэлсэн” гэх гэрч Б.Саруулын мэдүүлгийг давхар нотлох баримт хэрэгт авагдаагүй тул “...1,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нараас буцаан шаардах эрхтэй” гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хариуцагч нарын “Хаан” банкин дахь депозит дансны хуулга зэрэг баримтуудыг үндэслэж А.А, Б.А нараас 1,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

3/ 3,000,000 төгрөгийн шаардлага:

 

2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр М ХХКхариуцагч нарт 3,000,000 төгрөг шилжүүлсэн эсэх талаар зохигчид маргаагүй.

 

“...2016 оны 6 дугаар сард Хятад улсын махны импортийн компанитай хөрөнгө оруулалтын уулзалт ярилцлага Шинжаан хотод болно, гадаад руу явах зардал гэж 3,000,000 төгрөгийг зээлэн авсан ба Хятадаас 25,000,000 юанийн хөрөнгө оруулалт орж ирэхээр буцаан төлнө гэж авсан” гэж нэхэмжлэлд дурдагдсан байдал мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд “...үнэхээр хөрөнгө оруулалт оруулаад ирвэл цаашид хамтран ажиллах байсан” гэх тайлбар, гэрч Б.Саруулын “...Хятад улсад болох үзэсгэлэн худалдааны зардлыг манайх даана гэж цохолт хийж өгсөн” гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээх ба хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болохыг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2 дахь хэсгүүдэд заажээ.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д “Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна”, 477.2-т “Хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно” гэснээс үзэхэд “Монтрак групп” ХХК нь гэрээний дагуу хариуцагч нарыг Хятад улс руу хөрөнгө оруулалт татах зорилгоор үзэсгэлэн худалдаанд явахад замын зардлыг даах, хариуцагч нар хөрөнгө оруулалт татах үүргийг харилцан хүлээсэн гэж үзэхээр байна. 

 

Хамтран ажиллах гэрээний оролцогч талууд хамтын зорилгоо хэрэгжүүлэх явцад тодорхой үүрэг хүлээсэн бол энэ үүргийн гүйцэтгэлийг болон ашиг, алдагдлаа хамтын хөрөнгөөр хариуцах учиртайг Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8, 478.11 дүгээр зүйлүүдэд заасан бөгөөд хариуцагч нар хөрөнгө оруулалт оруулж ирж чадаагүй байдал нь  нэхэмжлэгчийг дангаараа анх оруулсан хөрөнгө буюу мөнгөө буцаан авах шаардлага гаргах эрхийг олгохгүй гэж шүүх дүгнэлээ. 

 

Хариуцагч А.А, Б.А нар нийт 11,000,000 төгрөгийг хамтдаа хүлээн авч зарцуулсан эсэх талаараа маргаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээг буюу 8,000,000 төгрөгийг хуваан хариуцуулах нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.6, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсгүүдтэй харшлахгүй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 476 дугаар зүйлийн 476.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч А.А, Б.А нараас 8,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 190,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.А, Б.А нараас улсын тэмдэгтийн хураамжид 142,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                       Н.Х