| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/03714/И |
| Дугаар | 2999 |
| Огноо | 2017-11-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 2999
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Х даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг дэх Цагдаа хэлтэс,
Гуравдагч этгээд: Н.М
Н.Мийг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, гуравдагч этгээд Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянгол дүүрэг дэх Цагдаагийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Цагдаагийн дэслэгч Э.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 16 дугаар туулын 17-354 тоотод түр оршин суух Наранцэцэг овогтой Мнь гудамж талбай, олон нийтийн газар нийгмийн хэв журмыг зөрчиж, 1 удаа албадан саатуулагдаж, 1 удаа архаг архичин судалгаанд бүртгэгдэж байсан бөгөөд согтуурах мансуурах донтой нь эмнэлгийн байгууллагаар тогтоогдож байх тул архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2 нялх хүүхэдтэй, надаас өөр хүүхдүүдийг тэжээн тэтгэх хүн байхгүй тул архины албадан эмчилгээнд явмааргүй байна. Миний бие 7 хоногт 2-3 удаа архи уудаг нь үнэн ч хэтрүүлэн хэрэглэдэггүй. Би Гандан хийд дээр будаа зарж амьдралаа залгуулдаг, ганц нэг удаа Гандан хийдийн захиргаатай муудалцаж байсан нь үнэн ч танхайрч байгаагүй гэжээ.
Хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн болон гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс нь Н.Мийг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаас үзэхэд Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байна.
Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт албадан эмчлүүлэхэд тухайн этгээд согтуурах, мансуурах дон өвчтэй болох нь мэргэжлийн эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон байх, мөн тухайн этгээд нийгмийн хэв журмыг зөрчсөн байх, түүнчлэн тухайн этгээд сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн эсхүл эмчлүүлсний дараа согтууруулах, мансууруулах бодис дахин хэрэглэсэн байх үндэслэлүүд нэг дор бүрдсэн нөхцөлд тухайн этгээдийг албадан эмчилгээнд хамруулахаар дээр дурдсан хуулийн заалтад зохицуулжээ.
Н.М нь согтуурах, мансуурах дон өвчтэй болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх тул түүнийг архины албадан эмчилгээнд явуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Боржигон овогт Н. М-г албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасны дагуу хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш, тухайн өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол тус тус гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.Х