Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1637

 

 

 

2018          12           04                                      2018/ШЦТ/1637

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Бу.Эрдэнэбаатар, Нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Эийн Мд холбогдох эрүүгийн 1806 08463 1979 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч М нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Харуул Алтай хотхоны 106-24 тоотод хамтран амьдрагч О.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                       /яллах дүгнэлтэнд

бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806 08463 1979 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу

 

цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Э.М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч О.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би машины түлхүүрийг нь шидээд өгөхөд миний хувцаснаас барьж зуураад манай гэрээс гар зайл гээд намайг чирээд гэрээсээ гаргасан. Дүгнэлтэнд дурдагдсан гэмтлийг манай нөхөр Э.М намайг гэрээс гаргах гэж чирч байхдаа учруулсан гэх мэдүүлэг /хх-ийн 09 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12168 дугаартай:

О.Бгийн баруун өвдөгний зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Э.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хэрүүл хийгээд байхаар нь би босоод чи гэрт аавын хажууд хэрүүл хийгээд байхдаа яадаг юм, ямар бузартай юм, гэрээс гар гэж хэлээд хувцаснаас нь зуураад гаргасан гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/

 

-гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/

-аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 3 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Э.Мийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 22 дугаар хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 21 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч нь хохирогч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.М нь гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээ зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Э.Мийн гэр бүлийн хүчирхийлэл  үйлдэж, хамтран амьдрагч болох О.Бгийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч О.Б нь хохирол төлбөрийн талаар баримт гаргаж өгөөгүй байх ба мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлтдээ “ямар нэгэн гомдол санал байхгүй” гэжээ. Иймд шүүхээс шүүгдэгч Э.Мийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Э.М нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт Эийн Мийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт
 

зааснаар шүүгдэгч Э.Мийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу

500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокуорор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн х эргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.БААСАНБАТ