Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2019/ДШМ/284

 

 

 

 

 

 

                       

 

С.С, Э.З  нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

            Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Намуун,

хохирогч, шүүгдэгч Э.З,

хохирогч, шүүгдэгч С.С-ын өмгөөлөгч Ц.Нямцоож,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч, шүүгдэгч Э.З-ийн гаргасан давж заалдах гомдлоор С.С, Э.З  нарт холбогдох 1806072672026 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Боржигин овгийн С-ийн С, 1992 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Түүх нийгмийн багш мэргэжилтэй, “Өнө мөнхийн түшиг” ХХК-д хүний нөөцийн менежер ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Ньютаун хотхоны 43а байрны 810 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            2. Батуул овгийн Э-ы З, 1996 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 32 дугаар байрны 331 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            С.С, Э.З нар нь 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбийн голын ойролцоо согтуугаар харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.С, Э.З нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.С, Э.З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Э.З-г 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар тооцож хийлгэхээр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн, хохирогч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч, шүүгдэгч Э.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял шийтгүүлсэн. Би 7 сартай жирэмсэн учир ажил хийх боломжгүй. Иймд ажил хийлгэх ялыг сольж өгнө үү. Мөрдөн шалгах ажиллагааны явцад жирэмсэн талаарх баримтаа гарган өгч байсан. Уг баримтыг анхан шатны шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй. Шийтгэх тогтоол гарсны дараа шүүхэд гаргаж өгсөн...” гэв.

Хохирогч, шүүгдэгч С.С-ын өмгөөлөгч Ц.Нямцоож тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Э.З нь жирэмсэн талаарх баримтаа анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй учраас шүүхийн шийдвэр ялгамжтай байдлаар гарсан. Миний үйлчлүүлэгч С.С-ын хувьд мөн адил жирэмсэн байсан бөгөөд жирэмсэн талаарх баримтаа гаргаж өгсөн учраас түүнд торгох ял оногдуулсан. Иймд шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. ...Анхан шатны шүүхээс Э.З-д оногдуулсан ялыг солиход татгалзах зүйлгүй.” гэв.

Прокурор Э.Намуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Э.З-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хохирогч С.С, Э.З нарын мэдүүлэг /хх 7-9/, /хх 19-21/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10917, 10876 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх 27-28/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.

Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд Э.З-д “жирэмсэн талаарх нотлох баримтуудаа гаргаж өгөөч” гэж удаа дараа хэлсэн боловч Э.З “өмгөөлөгчтэй оролцоно” гэсэн. Гэтэл түүний өмгөөлөгч нэг ч удаа ирээгүй бөгөөд анхан шатны шүүх хуралдааныг 2 удаа хойшлуулсан байдаг. Ингээд 3 дахь удаагийн шүүх хуралдаанд Э.З өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ өгч шүүх хуралдаанд оролцсон.

Анхан шатны шүүхээс түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа нөхцөл байдал, мөн Э.З нь “торгуулах боломжгүй” гэсний дагуу түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан.

Өнөөдрийн шүүх хуралдаанд Э.З “...жирэмсэн, ...торгуулийн ял оногдуулж өгөөч. ...” гэсэн гомдол гаргасан учраас анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг торгох ялаар солих боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд С.С, Э.З нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.С, Э.З нарыг 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Сэлбийн голын ойролцоо согтуугаар харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “Хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэж заажээ.

С.С, Э.З нарт холбогдох хэргийн  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч С.С-ыг өмгөөлөгчтэй оролцох эрхээр хангасан атлаа шүүгдэгч Э.З-аар “өмгөөлөгчгүй оролцох боломжтой” гэсэн тайлбар бичүүлэн, шүүх хуралдаанд түүний өмгөөлөгчтэй оролцох эрхээр нь хангалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.” гэж заажээ.

Шүүгдэгч Э.З “Би 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял шийтгүүлсэн. Миний бие нь 7 сартай жирэмсэн учир ажил хийх боломжгүй. Иймд ажил хийлгэх ялыг сольж өгнө үү.” гэсэн давж заалдах гомдол, тайлбартаа өөрийнхөө жирэмсэн болохыг нотолсон эрүүл мэндийн дэвтэр зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн, эмэгтэй, ...хүнд оногдуулахгүй.” гэж заасан бөгөөд прокуророос шүүгдэгч Э.З-ийн үйлдэлд торгох ялын санал тавьсан байтал анхан шатны шүүх түүнийг гэм буруугаа хүлээгээгүй гэсэн үндэслэлээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Иймд анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг бүрэн тодруулаагүй, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.С, Э.З нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

                                    ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ