Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 22

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

          Нэхэмжлэгч: Иргэн Д.Тын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Говь-Алтай аймаг дахь *******т холбогдох Говь-Алтай аймаг дахь *******  даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/29 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 09 сарын 28-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний бие Цагдаагийн байгууллагад тасралтгүй 22 жил ажилласан. 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс Говь-Алтай аймаг дахь ******* Хэрэг бүртгэх тасгийн даргаар ажиллаж эхэлсэн. Гэтэл тус ******* даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/29 тушаалаар Хэрэг бүртгэх тасгийн дарга нарын дунд зохион байгуулсан сургалтад хоцорсон гэх шалтгаанаар надад сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Уг тушаалыг хуульд заасны дагуу Д.Т надад гардуулж, танилцуулаагүй. Миний бие 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/29 тушаалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Утга агуулгын хувьд илэрхий алдаатай. Говь-Алтай аймаг дахь ******* дарга нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан. Миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байгаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Говь-Алтай аймаг дахь ******* дарга маргаан бүхий 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/29 тушаалыг гаргахдаа албаны шалгалт явуулаагүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасны дагуу тогтоогоогүй, 25 дугаар зүйлийн 25.1-т Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна” гэж зааснаар ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулаагүй, 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж зааснаар сонсох ажиллагаа явуулаагүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна”, 43.4-т “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна. Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно” гэж тус тус заасан байна. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад Говь-Алтай аймаг дахь ******* дарга маргаан бүхий актыг эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа надад гардуулж, баталгаажуулах ёстой байсан. Гэтэл хуульд заасан үүргээ хэрэгжүүлж надад мэдэгдэж, тайлбар аваагүй, нотлох баримтыг цуглуулаагүй гэж үзэж байна. Тухайн маргааны хувьд сонсох ажиллагаа хийхгүй байх үндэслэлд хамаарахгүй болно. Сонсох ажиллагаа явуулаагүйгээс Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5, 48 дугаар зүйлийн 48.8 дахь хэсэгт заасан эрхээ тухайн үед хэрэгжүүлж чадаагүй. Миний бие сургалтад суухаар хэд хоногийн өмнө гарах боломжгүй байсан. ******* даргаас 2 хэрэг мөрдөх байсан тул сургалтаа тулгаж яв гээд 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр томилолтоо бичүүлээд 14-ний өдрөө Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явж 15-ны өглөө 07 цаг 30 минутад хот орсон. Сургалт болох газар луу шууд явахад 1 цаг 20 минут хоцорсон. Миний бие Говь-Алтай аймагт ирээд нөхцөл байдлыг ******* даргад илтгэх хуудсаар танилцуулсан. Энэ тухай нотлох баримтыг сая шүүхэд гаргаж өгсөн. Гэвч хариуцагч албан шалгалт явуулж, надаас нөхцөл байдлын талаар тайлбар аваагүй. Иймд 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/29 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно” гэж зааснаар хүчин төгөлдөр болоогүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасан зарчмыг хангаагүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т заасан миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй гэж үзэж байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасан байна. Уг тушаалыг хүчингүй болгосноор Д.Т миний эрх зүйн байдал дээрдэх боломжтой байна. Маргаан бүхий 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/29 дугаартай тушаалыг үндэслэн намайг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар ажлаас халсан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т “утга агуулгын илэрхий алдаатай” 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” 47.1.6-т “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж тус тус заасны дагуу Говь-Алтай аймаг дахь ******* даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/29 дүгээр тушаал нь эдгээр илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гээд 48.1.1-т “сануулах”  48.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” гэж тус тус заасан байдаг. Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т “Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараах сахилгын шийтгэл оногдуулна” гээд 81.4.1-т “сануулах” гэж мөн тус тус заасан байдаг. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад сануулах сахилгын шийтгэлийг Цагдаагийн ерөнхий газрын дарга ногдуулахаар байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд цагдаагийн албан хаагчийн бүрэн эрхийг заасан бөгөөд 21.3-т “Цагдаагийн төв байгууллагын дарга алба хаагч, ажилтныг томилж, чөлөөлөх, цагдаагийн бага цол олгох, сэргээх, бууруулах, хураан авах, ёс зүй, сахилгын хариуцлага хүлээлгэх, цагдаагийн байгууллагыг төлөөлөх, төсөв, хөрөнгийг захиран зарцуулах шийдвэр гаргах бүрэн эрхээ харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга, энэ хуулийн 20.3-т заасан албан тушаалтанд шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар Цагдаагийн ерөнхий газрын даргаас Говь-Алтай аймаг дахь ******* даргад эрх, үүргээ шилжүүлсэн тухай ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа юм. Иймд Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/29 дугаартай тушаалын Д.Тт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэв. Миний бие 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гарсан тушаалыг 2019 оны 06 дугаар сарын 19-нд тасгийн даргаас анх мэдсэн.                                                                                                                                                                 

        Эрх бүхий албан тушаалтанд гомдол гаргах гэсэн боловч нэгдүгээрт гомдол гаргах хугацаа өнгөрсөн байна, хоёрдугаарт сануулах сахилгын шийтгэл дээр чи асуудал үүсгээд хэрэггүй гэсэн. Дараа нь 2019 оны 10 дугаар сард ажлаас халагдах болсон. Гэтэл 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаал миний ажил амьдрал бүх зүйлийг шийдэхээр болсон байсан. Хариуцагчийн зүгээс маргаан бүхий тушаалыг мэдэгдсэн гэж байгаа боловч миний бие хүлээн авч гарын үсэг зурж, баталгаажуулсан зүйл байхгүй. 

         Миний хувьд Цагдаагийн байгууллагад 17 настайгаас эхлэн 22 жил ажилласан. Нэмэгдэлтэй нийлээд тэтгэвэрт гарах болзол хангасан байсан. Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар ажлаас халагдах гол үндэслэл нь Говь-Алтай аймаг дахь ******* даргын сануулах сахилгын шийтгэл байсан. Хоёр болон түүнээс дээш гэж үзэн халах үндэслэл болж байсан. Үүнийг анхаарч үзээч гэж хүсэж байна гэв. 

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:   Говь-Алтай аймаг дахь ******* даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/29 дугаар тушаалын Д.Тт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6 тус тус зөрчсөн гэж үзэж байгаа. Тухайн орон нутгийн ******* дарга сахилгын шийтгэл ногдуулах эрхгүй гэж үзэж байгаа. Цагдаагийн ерөнхий газрын даргаас сахилгын шийтгэл ногдуулах эрх шилжүүлсний үндсэн дээр маргаан бүхий захиргааны актыг гаргах ёстой. Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т заасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс буруу тайлбарлаж байна. Хуулийн нэр томьёоны ойлголтоор шилжүүлж өгнө гэж заасан байдаг. Гэвч шилжүүлсэн баримт байхгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж мэтгэлцэж байгаа. Хариуцагч талаас тухайн маргаан бүхий захиргааны актыг мэдэгдсэн гэж үздэг боловч хуульд заасан үндэслэлээр мэдэгдээгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болж байна. Тухайн маргаан бүхий захиргааны актыг гаргах субъект биш байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасан байна. Хуульд заасан журмын дагуу гаргаагүй гэдэг нь тухайн захиргааны актыг гаргахдаа албаны шалгалт явуулж, нотлох ёстой тухай Төрийн албаны тухай хууль болон холбогдох дүрэм, журамд заасан. Энэ ажиллагааг хийгээгүй байгаа. Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т “Цагдаагийн төв байгууллагын дарга алба хаагч, ажилтныг томилж, чөлөөлөх, цагдаагийн бага цол олгох, сэргээх, бууруулах, хураан авах, ёс зүй, сахилгын хариуцлага хүлээлгэх, цагдаагийн байгууллагыг төлөөлөх, төсөв, хөрөнгийг захиран зарцуулах шийдвэр гаргах бүрэн эрхээ харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга, энэ хуулийн 20.3-т заасан албан тушаалтанд шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан байна. Тухайн таслал нь тухай бүр дээр эрх, үүргийг олгох хуулийн зохицуулалттай байна. Хэрвээ эрх шилжүүлсэн бол ямар нэгэн баримтаар нотлогдоно гэж байгаа. Гэвч Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т заасан эрхийг шилжүүлсэн баримт хавтаст хэрэгт байхгүй. Монгол Улсад үйлчилж байгаа хуулийг чанд сахиж мөрдөх үүрэгтэй. Нэхэмжлэгч Д.Тын хувьд Төрийн албан хаагч мөн. Тийм учраас Төрийн албаны тухай хууль болон Цагдаагийн албаны тухай хуульд нийцүүлэн тухайн дүрэм, журам нь батлагдах ёстой. Төрийн албаны тухай хууль болон Цагдаагийн албаны тухай хууль нэхэмжлэгчид нэгэн адил үйлчилнэ. Гэвч хариуцагч талын тайлбарлаж байгаа дүрэм нь хуульд нийцсэн эсэх нь тодорхой бус байна. Салбар хуулиар дүрэм, журам батлах эрх нь тухайн байгууллагад олгогдсон хэдий ч хуульд нийцэх ёстой. Хариуцагч талын тайлбарлаж байгаа журамд сахилгын шийтгэл ногдуулж болох тухай заасан боловч Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” гэж зааснаас харахад Цагдаагийн ерөнхий газрын дарга сахилгын шийтгэл ногдуулах ёстой. Д.Тыг томилсон албан тушаалтан нь Цагдаагийн ерөнхий газрын дарга гэж хариуцагч тал мөн тайлбарладаг. Төрийн албаны тухай хуулиар томилсон эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл ногдуулах тухай заасан байгаа. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг үндэслээд Д.Тыг ажлаас чөлөөлсөн байна. Д.Т нь Цагдаагийн байгууллагад 22 жил ажиллан удахгүй тэтгэвэрт гарах байсан. Үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан. Сахилгын шийтгэл ногдуулсан гэдгийг мэдэгдээгүй тул нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна. Маргаан бүхий 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/29 дугаартай тушаалыг хүчингүй болгосноор Д.Тын хууль ёсны эрх ашиг сэргээгдэхээр байгаа тул нэхэмжлэлийн шаардлага гаргасан

         Нэхэмжлэгч Төрийн жинхэнэ албан хаагч. Төрийн албан хаагч дотроо цагдаагийн албан хаагч. Төрийн албан хаагчийг ямар зөрчил гаргасан бэ? гэдгийг эхлээд хариуцагч тал буюу ажил олгогч тал нотлох үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлсэн зүйл байхгүй. Хариуцагч талын тайлбарлаж байгаа нь албан бичиг ирсэн түүний дагуу хариуцлага тооцсон гэж тайлбарладаг. Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгчийг зөрчил гаргасан эсэхийг тогтоогоогүй байхад сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн тушаал дээр үндэслэн ажлаас чөлөөлөх тушаал гарч Д.Тын хөдөлмөрлөх эрх, ашгийг зөрчсөн байна. Нэхэмжлэгч 22 жил цагдаагийн байгууллагад ажиллан, улсынхаа төлөө зүтгэсэн. Тэтгэвэрт гарах болсон байсан. Гэтэл сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг үндэслэн ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсан байна. Д.Тыг Цагдаагийн ерөнхий газрын дарга томилсон. ******* дарга томилоогүй. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан. Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т зааснаас харахад ямар нэгэн эрх шилжүүлсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Тиймээс уг тушаалыг гаргах эрхгүй этгээд гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашигт халдах хуульд заасан үндэслэл байхгүй гэж үзэж байгаа. Учир нь: Тухайн захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар нөхцөл байдал тогтоогоогүй, 25 дугаар зүйлд зааснаар нотлох баримт цуглуулаагүй, 26 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа явуулаагүй, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.3, 43.4 дэх хэсэгт тус тус зааснаар маргаан бүхий захиргааны актыг хуульд заасан үндэслэлээр мэдэгдээгүй гэж үзэж байна. Мэдэгдэх тухай асуудлыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гэрч рапорт дээр мэдэгдсэн гэж тайлбарлаж байна. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн  43.1-т “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна”  43.4-т “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна. Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно” гэж тус тус заасныг зөрчсөн байна. Б/29 дугаартай тушаалыг мэдэгдсэн эсэх тухай баталгаажиж гарын үсэг зурсан зүйл байхгүй тул мэдэгдээгүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно” гэж заасан байдаг. 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/29 дугаартай тушаалыг хуульд заасан журмаар мэдэгдээгүй тул тухайн тушаал нь хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээ бүхий байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн зарчмыг хангаж ажиллах зарчмыг зөрчсөн байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”  гэж үзэж байна. Тухайн маргаан бүхий захиргааны актыг гаргах эрх бүхий этгээд биш байсан. Эрх хэмжээ олгогдоогүй этгээд тухайн захиргааны актыг гаргасан байна. Мөн тухайн тушаалыг гаргахдаа нотлох баримт цуглуулаагүй, бодит нөхцөл байдал тогтоогоогүй байж сахилгын шийтгэл ногдуулна гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/29 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэв.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ******* Хэрэг бүртгэх албаны Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Э-оос 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 12Б/572 дугаартай албан бичигт дурдсан тус албаны 2019 оны Цагдаа дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу Хэрэг бүртгэх тасгийн дарга нарын дунд 2019 оны 04 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулсан “Удирдлагын манлайлал” сэдэвт сургалтад тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Т нь 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө 01 цаг 25 минут хоцорсон тул хариуцлага тооцож мэдэгдэнэ үү гэсний дагуу Говь-Алтай аймаг дахь ******* даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/29 дугаартай тушаалаар Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.1-т зааснаар “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан. Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага дараах үүргийг гүйцэтгэнэ” гээд 15.1.4-т “цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой стандарт, дүрэм, журам, заавар, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т “Цагдаагийн төв байгууллагын дарга алба хаагч, ажилтныг томилж, чөлөөлөх, цагдаагийн бага цол олгох, сэргээх, бууруулах, хураан авах, ёс зүй, сахилгын хариуцлага хүлээлгэх, цагдаагийн байгууллагыг төлөөлөх, төсөв, хөрөнгийг захиран зарцуулах шийдвэр гаргах бүрэн эрхээ харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга, энэ хуулийн 20.3-т заасан албан тушаалтанд шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заасан. Тус хуулийн эрх шилжүүлэх заалттай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга эрх хэмжээний хүрээнд 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрэм” -ийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Цагдаагийн төв байгууллагын харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нь цагдаагийн дунд, ахлах, дээд цолтой буюу офицер бүрэлдэхүүнээс гаргасан сахилгын зөрчилд  Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.1, 81.4.2 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэл ногдуулна” гэж зааснаар Цагдаагийн албаны даргад сахилгын шийтгэл ногдуулах тухай эрх, үүргээ шилжүүлсэн байна. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/248 дугаар тушаалаар баталсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын сахилгын шийтгэл ногдуулах хэсгийн 914.3.5 дахь хэсэгт “сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр гаргахдаа тушаалын тэмдэглэх хэсэгт сахилгын шийтгэл ногдуулсан хуулийн нэр, үндэслэл болгосон заалт, хэрэв дээд байгууллагын эрх зүйн актыг үндэслэл болгосон бол нэр, огноо, гарчиг, дугаарыг заавал бичих, үг үсэг нэмж, утга агуулгыг өөрчлөхгүй байх зэргээр хууль тогтоомжийг зөрчихгүй байхыг анхаарна” гэж заасныг тус тус үндэслэж сахилгын шийтгэл ногдуулсан байна. Тухай бүр эрх шилжүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ******* даргын А/29 дугаартай тушаалыг рапорт дээр уншиж танилцуулан, тэмдэглэгээ хийгдсэн байна. Тус рапорт дээр Д.Т дарга байсан нь ирцийн бүртгэлээр нотлогдож байна. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/930 ажлаас халагдсан. Д.Т дарга нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 30/1989 Хэрэг бүртгэх албаны дарга дэд хурандаа Батсуурьд хэрэг бүртгэх тасгийн 2019 оны эхний хагас жилийн ажлын тайлан, мөн 2019 оны эхний 10 сарын сахилгын мэдээ гаргасан байдаг. Ингэхдээ хэрэг бүртгэх тасгийн дарга Д.Т нь ******* даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/29 дугаартай тушаалаар Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.1-т зааснаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан талаар өөрөө тайлагнаж явуулж байсан байна. 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тушаал гаргахад би мэдсэн гэдэг. Тэрнээс өмнө мэдсэн байна.

          Цагдаагийн ерөнхий газрын дарга нь цол буруулах, албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрын даргад дээрх 2 сахилгын шийтгэлээс бусад сахилгын шийтгэлийг ногдуулж болохоор Цагдаагийн албаны тухай хуулиар тусгайлан заасан. Тус хуульд нийцүүлэн журамд заасан байгаа тул өөр ямар нэгэн баримт шаардах үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэг бүртгэх албанаас зохион байгуулсан удирдлагын манлайллыг дээшлүүлэх сургалтад Д.Т дарга нь явж ирээд газрын даргад илтгэх хуудсаар тайлбарлаж байгаа явдал нь газрын дарга сануулах сахилгын шийтгэл ногдуулж болох нь харагдаж байгаа байх гэж үзэж байна.

        Гэрч Ж.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Цагдаагийн ерөнхий газрын хэрэг бүртгэх албаны захиргаа хэлтсийн дарга хурандаа Эрдэнэцогтоос 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 12Б/572 дугаартай албан бичиг ирсэн. Тус албан бичигт “Хэрэг бүртгэх тасгийн дарга нарын дунд 2019 оны 04 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулсан “Удирдлагын манлайлал” сэдэвт сургалтад Говь-Алтай аймаг дахь ******* Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Т 04 дүгээр сарын 17-ны өглөө буюу сургалтын сүүлийн өдөр 1 цаг 25 минут хоцорсон тул хариуцлага тооцож ирүүлнэ үү” гэсэн албан бичиг тухайн үед ******* даргаар ажиллаж байсан Б даргад ирсэн. Тухайн албан бичгийн дагуу ******* Б дарга надад сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай үүрэг даалгавар өгсөн. Үүрэг даалгаврын дагуу Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.1-т “сануулах” сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын төсөл боловсруулж, Б даргад танилцуулж, гарын үсэг зуруулж гаргасан.  2019 оны 04 дүгээр сарын 23-ны Б/29 тушаал нь 04 дүгээр сарын 22-ны өдөр төсөл боловсруулж, албан хаагчдад 04 дүгээр сарын 23-ны өдрийн өглөөний рапорт дээр уншиж танилцуулсан. Б/29 дугаартай тушаал нь зөвхөн дэд хурандаа Д.Тт сахилгын шийтгэл ногдуулсан тушаал байгаагүй. Цагдаагийн дэд ахлагч Н, У нарт хамаарах 1 бланк дээр гаргасан тушаал байсан. Танилцуулсан тухайгаа тушаалын ар тал дээр гараар албан хаагч нар танилцууллаа гэсэн тэмдэглэл хийсэн. Дэд хурандаа Д.Т нь 2019 оны 04 дүгээр сарын 22-26-ны өдрийг хүртэл хугацаанд ажилдаа ирсэн тухай ирцийн бүртгэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гаргаж өгсөн байгаа. Д.Т дарга сахилгын шийтгэл ногдуулах тухай албан бичиг ирсэн тухай манай өрөөнд орж ирж мэдсэн гэв.

Миний бие 2018 оны 11 дүгээр сард энэ ажлыг хүлээн авсан. Тэр цагаас хойш албан хаагчдад хариуцлага тооцсон тушаал бүрд өглөө нь танилцуулж өөрөө тэмдэглэгээ хийгээд явж байгаа. Албан хаагчдаар гарын үсэг зуруулж байгаагүй. Үүнийг би өөрөө хүлээн зөвшөөрнө. Албаны шалгалтын тухайд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын сахилгын шийтгэл ногдуулах тухай хэсгийн 914.3.5 дахь хэсэгт “сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр гаргахдаа тушаалын тэмдэглэх хэсэгт сахилгын шийтгэл ногдуулсан хуулийн нэр, үндэслэл болгосон заалт, хэрэв дээд байгууллагын эрх зүйн актыг үндэслэл болгосон бол нэр, огноо, гарчиг, дугаарыг заавал бичих, үг үсэг нэмж, утга агуулгыг өөрчлөхгүй байх зэргээр хууль тогтоомжийг зөрчихгүй байхыг анхаарна” гэж заасан байдаг.

Холбогдох хууль тогтоомжид заасны дагуу утсаар болон бичгээр мэдэгдэж болно гэж ойлгож байгаа. Тухайн тушаалыг нийт бие бүрэлдэхүүнд танилцуулж, хэрэгжилтэд үүрэг тавьж ажиллахыг надад үүрэг болгосон байсан учраас өглөө уншиж танилцуулсныг мэдэгдсэн гэж ойлгож байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Д.Таас Говь-Алтай аймаг дахь ******* даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/29 дүгээр тушаалын Д.Тт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Т нь Говь-Алтай аймаг дахь *******т тасралтгүй 22 жил ажилласан. Нэхэмжлэгчийг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн Б/590 дүгээр тушаалаар Говь-Алтай аймаг дахь ******* Хэрэг бүртгэх тасгийн даргаар томилсон байна.

         Говь-Алтай аймаг дахь ******* даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/29 дүгээр тушаалын 1 дэх заалтаар Говь-Алтай аймаг дахь ******* Хэрэг бүртгэх тасгийн дарга, дэд хурандаа Д.Тт сахилгын сануулах шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгчээс энэхүү тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, ... сахилгын шийтгэл ногдуулна.” гэж зааснаар Цагдаагийн ерөнхий газрын дарга намайг томилсон тул сахилгын шийтгэлийг томилсон албан тушаалтан буюу Цагдаагийн ерөнхий газрын дарга ногдуулна. Говь-Алтай аймаг дахь ******* дарга сахилгын шийтгэл ногдуулах эрхгүй. Хэдийгээр Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т зааснаар бүрэн эрхээ шилжүүлж болох боловч тухайн үед Цагдаагийн ерөнхий газрын даргаас Говь-Алтай аймаг дахь ******* даргад сахилгын хариуцлага хүлээлгэх бүрэн эрхээ шилжүүлсэн ямар нэг шийдвэр гараагүй байдаг гэж маргажээ.

Нэхэмжлэгч Говь-Алтай аймаг дахь ******* даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/29 дүгээр тушаалын Д.Тт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж байгаа тул захиргааны актыг нэхэмжлэлд дурдсан илт хууль бус байх тохиолдлуудын хүрээнд хянан үзлээ.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д захиргааны акт утга, агуулгын илэрхий алдаатай байх тохиолдлыг заасан.

Утга, агуулгын илэрхий алдаа гэдэгт актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байхыг ойлгоно. Түүнчлэн найруулга зүйн болон үг, үсэг, тооны алдаа нь үр дагаврын хувьд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр байвал тухайн актыг утга агуулгын хувьд илэрхий алдаатайд тооцдог.

Энэ алдаа нь захиргааны актыг харсан хүн хуульд нийцсэн байх боломжгүй гэсэн дүгнэлт хийхүйц байхыг шаарддаг.

Иймээс Говь-Алтай аймаг дахь ******* даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/29 дүгээр тушаал нь дээр дурдсан илт хууль бус тохиолдлыг агуулаагүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан байх тохиолдлыг заасан.

Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т “Цагдаагийн төв байгууллагын дарга алба хаагч, ажилтныг томилж, чөлөөлөх, цагдаагийн бага цол олгох, сэргээх, бууруулах, хураан авах, ёс зүй, сахилгын хариуцлага хүлээлгэх, цагдаагийн байгууллагыг төлөөлөх, төсөв, хөрөнгийг захиран зарцуулах шийдвэр гаргах бүрэн эрхээ харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга, энэ хуулийн 20.3-т заасан албан тушаалтанд шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж заасан тул цагдаагийн төв байгууллагын дарга цагдаагийн албан хаагчид сахилгын хариуцлага хүлээлгэх бүрэн эрхээ нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын даргад шилжүүлэх хууль зүйн боломжтой байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр тушаалаар баталсан Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт Цагдаагийн төв байгууллагын харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нь цагдаагийн дунд, ахлах, дээд цолтой буюу офицер бүрэлдэхүүнээс гаргасан сахилгын зөрчилд Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4.1, 81.4.2 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэл оногдуулах эрх бүхий албан тушаалтан байхаар заажээ.

        Нэхэмжлэгч нь цагдаагийн дэд хурандаа цолтой байсан бөгөөд энэ нь Цагдаагийн албаны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.2-т “ахлах цол: цагдаагийн хурандаа, цагдаагийн дэд хурандаа, цагдаагийн хошууч;” гэж зааснаар ахлах цолтой офицер бүрэлдэхүүнд хамаарч байсан байна.

          Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар Цагдаагийн ерөнхий газрын дарга тухайн үед сануулах сахилгын шийтгэл ногдуулах бүрэн эрхээ шилжүүлсэн талаар ямар нэг шийдвэр гаргаагүй гэж маргаж байх боловч Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 81 дүгээр зүйлийн 81.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга дүрэм баталж хэрэгжүүлэн ажиллаж байгааг буруутган дүгнэх боломжгүй юм.

Угтаа бол Цагдаагийн ерөнхий газрын дарга цагдаагийн дунд, ахлах, дээд цолтой буюу офицер бүрэлдэхүүнээс гаргасан сахилгын зөрчилд Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4.1, 81.4.2 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэл оногдуулах бүрдээ нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын даргад эрх шилжүүлэх нь бодит байдалд хэрэгжих боломжгүй юм.

         Цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдал, үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан хууль болох Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар тухайн төрийн тусгай албан хаагчийг томилсон эрх бүхий албан тушаалтан бүрэн эрхээ шилжүүлж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, ... сахилгын шийтгэл ногдуулна.” гэж заасантай нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймээс ахлах цолтой офицер буюу нэхэмжлэгч Д.Тт Говь-Алтай аймаг дахь ******* дарга сахилгын сануулах шийтгэл ногдуулах эрхтэй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэн тохиолдлыг заасан.

Энэ нь захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно.

         Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Төрийн албыг доор дурдсанаар ангилна:, 6.1.1.төрийн улс төрийн алба; 6.1.2.төрийн захиргааны алба; 6.1.3.төрийн тусгай алба; 6.1.4.төрийн үйлчилгээний алба.”, 6.2-д “Энэ хуулийн 6.1.2, 6.1.3-т заасан албыг төрийн жинхэнэ алба гэнэ.”, 13 дугаар зүйлийн 13.1-д “Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараахь албан тушаал хамаарна: 13.1.6.зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн; гэж зааснаар цагдаагийн албан хаагч нь төрийн тусгай албан хаагч байна.

         Мөн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-д “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална.”, Засгийн газар, Төрийн албаны зөвлөлийн хамтран 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.2-т “Төрийн тусгай албан хаагчид ногдуулах сахилгын шийтгэлийн төрөл, хэмжээ, сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журмыг хуулиар тусгайлан тогтоосон бол тухайн хуулийг баримтална.” гэж тус тус заажээ.

          Түүнчлэн Цагдаагийн албаны тухай хуулийн 81.2-т “Энэ хуулийн 81.1-д заасан цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилгын дүрмийг цагдаагийн төв байгууллагын дарга батална.” , 81.4-т “Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараахь сахилгын шийтгэл оногдуулна: 81.4.1.сануулах;” гэж заасан байна.

         Тодруулбал, цагдаагийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахад Цагдаагийн албаны тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг баримтлах нь үндэслэлтэй байна.

Иймээс Говь-Алтай аймаг дахь ******* дарга Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т заасны дагуу шилжүүлсэн эрхийн хүрээнд энэ хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.1-д заасан сануулах сахилгын шийтгэл ногдуулсаныг хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоосон, бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулсан сургалтад хамрагдах хугацаандаа сургалтаас хоцорсон учир хариуцлага тооцож хариу мэдэгдэхийг Говь-Алтай аймаг дахь ******* даргад Цагдаагийн ерөнхий газраас чиглэл болгосон байдаг.

Түүнчлэн Цагдаагийн албаны тухай хуулийн  5 дугаар зүйлийн 5.2.1-т зааснаар дээд шатны цагдаагийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийг доод шатны цагдаагийн байгууллага, албан хаагч биелүүлэх зарчимтай байна.

Иймээс хариуцагчаас дээд шатны байгууллагаас ирүүлсэн баримтыг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсаныг илт хууль бус акт гаргасан гэж дүгнэх боломжгүй.

Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар нөхцөл байдал тогтоогоогүй, 25 дугаар зүйлд зааснаар нотлох баримт цуглуулаагүй, 26 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа явуулаагүй, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.3, 43.4 дэх хэсэгт тус тус зааснаар түүнд мэдэгдээгүй нь хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байх боловч энэ нь уг тушаалыг илт хууль бус гэж үзэх тохиолдлыг бүрдүүлэхгүй байна.

Өөрөөр хэлбэл сөрөг нөлөөлөл бүхий ямар ч захиргааны акт  хууль зөрчсөн захиргааны акт болох нөхцөл байдаг. Гэвч энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус байх  тохиолдлыг нөхцөлдүүлэхгүй юм.

Иймээс дээр дурдсан үндэслэлүүдээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6 дахь заалт,  Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 81 дүгээр зүйлийн 81.4.1 дэх заалтыг тус тус баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Д.Тын Говь-Алтай аймаг дахь ******* даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/29 дүгээр тушаалын Д.Тт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн  51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ОЮУНСҮРЭН