Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2015/0546

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн

/хуучнаар/ шүүгч Б.Ундраад сахилгын шийтгэл ногдуулсан

магадлалын тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, иргэн Б.Оюунгэрэлийн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн /хуучнаар/ шүүгч Б.Ундраад холбогдуулан гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 50 дугаар магадлалыг шүүгч Б.Ундраагийн гомдлын дагуу, шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Иргэн Б.Оюунгэрэл Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн гомдолдоо: Голомт банкны өр барагдуулах албаны ажилтан Мандах нь та 2014 оныг дуустал зээлийн төлбөрөө сард 3.000.000 төгрөг төлчих, он гаргаад хуучин графиканд оруулж өгнө гэсэн саналыг би хүлээн зөвшөөрч 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Зээлээ графикийн дагуу сар бүр төлж барагдуулна гэж бичүүлэн эвлэрэх гэрээнд надаар гарын үсэг зуруулж, Дүүргийн анхан шатны 1 дүгээр шүүхээс Голомт банк нь хүсэлтээ буцаан авсан. Гэтэл 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр намайг Голомт банкны өр барагдуулах албаны ажилтан н.Мандах утсаар та зээлээ дахин төлөх болсон тул Ундармаа шүүгчийн туслах дээр очоод 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр бичиж өгсөн бичгээ Зээлээ төлж барагдуулах болно гэж сольж бичиж өгөх хэрэгтэй гэж ярихад нь би Голомт банк хүсэлтээ татаж авсан болохоор муу зүйл бодолгүй бичиж өгсөн. Дараа нь тохиролцсоны дагуу Голомт банкинд 2014 оны 8 дугаар сарын 27-нд 3.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 29-нд 3.000.000 төгрөгийн зээлийг төлсөн. Гэтэл 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр надад танилцуулалгүйгээр тохиролцсон гэрээ, зөрчсөн гэж шүүгчийн захирамж гарсан байсныг 2014 оны 11 сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дуудагдаж мэдсэн болно. Гэтэл энэ нь намайг хуурч, шүүгчийн захирамж гаргуулах үйлдэл байсныг би ойлгож мэдлээ. Нэхэмжлэлийг надад гардуулаагүй мөртлөө гардуулсан мэтээр хуурамчаар миний гарын үсгийг зурж, надад илт хохиролтой шүүхийн шийдвэр гаргуулсан нь шүүгч Б.Ундраа Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд Шүүгчид тавигдах болзол, шаардлагын 4.1.5 Мэргэжлийн ёс зүйгээ ухамсарлан, шударга ёсыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдлэх, бусдын нөлөөнд автахгүй, бие даасан шийдвэр гаргах чадвартай байх гэдэг заалтыг зөрчиж буруу зөв, худал, үнэнийг олох үүрэгтэй байж, зөвхөн мөнгөтэй эрх мэдэлтэй чадалтай, танил талаа харж, зээлдэгчийн зээлийн төлөлтийн графикийг шалган хянаж үзэхгүйгээр бусдын нөлөөнд автаж нэг талаа харсан шийдвэр захирамжийг гаргасан байна. Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3.1-т Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж биелэлтэд хяналт тавих үүрэгтэй гэж заасны дагуу Б.Ундраа нь үүргээ биелүүлээгүй байх тул шалгаж өгнө үүгэжээ.

 

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн /хуучнаар/ шүүгч Б.Ундраа Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 3499 дүгээр захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Голомт банкны нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн билээ. Хариуцагч Б.Оюунгэрэл нь нэхэмжлэлээр шаардсан үнийн дүнг тодорхой хугацаанд төлөх график бүхий хүсэлт, тайлбарыг тус шүүхэд гаргасныг шүүгчийн туслахаас надад танилцуулж байсан. Хариуцагчийн дээрх, хүсэлт тайлбарыг нэхэмжлэгчид танилцуулахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эсэргүүцэж, нэхэмжлэлийг хариуцагч зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулж шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа талаар шүүгчийн туслах мөн танилцуулсан. Иймд графикаар төлөх тухай хариуцагчийн хүсэлтийг түүнд буцааж өгөхийг шүүгчийн туслахад даалгасан, үүний дараа хариуцагч Б.Оюунгэрэл нь нэхэмжлэлийг зөвшөөрсөн тухай тайлбараа тус шүүхэд ирүүлснийг баталгаажуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно. Шүүгчийн туслах нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчид эрх үүргийг тайлбарлаж, нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагаа хийхдээ гардуулсан баримтад гарын үсэг зуруулалгүй явуулсан байсан бөгөөд хэргийг архивт хадгалуулахаар эмхэтгэхдээ нэхэмжлэл гардуулсан баримтыг нөхөж үйлдсэн байна. Нэхэмжлэл гардуулсан баримтад туслах Я.Сүхбат гарын үсэг зурсан байсан. Энэ талаар ерөнхий шүүгч болон Тамгын газрын зохион байгуулагчид тухайн үед мэдэгдсэн. Арга хэмжээ аваагүй гэж ойлгож байгаа. Шүүгчийн туслах Я.Сүхбат нь шүүхийн өдөр дутмын үйл ажиллагааг хэвийн явуулж чадахгүй байсан тул шүүхийн тамгын газраас түүнийг шүүгчийн туслахын ажлаас 2014 оны 9 дүгээр сард чөлөөлж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллуулсан. Шүүх зохигчийн эвлэрлийг баталгаажуулаагүй, харин хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эвлэрлийн гэрээг баталгаажуулахад талуудын эвлэрэл хуульд нийцсэн байхын зэрэгцээ төлбөр тооцоо нь алдаагүй байх, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх зэргийг нягтлан шалгадаг. Харин хариуцагч Б.Оюунгэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 50 дугаартогтоолоор: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн /хуучнаар/ шүүгч Б.Ундраад Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д зааснаар сануулах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэжээ.

 

Шүүгч Б.Ундраа давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Голомт банкны гаргасан нэхэмжлэлийг тус шүүх 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, мөн оны 8 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, мөн оны 08 дугаар сарын 05-ны өдөр тус шүүх дээр өөрийн биеэр ирсэн хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгч, нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулах ажиллагааг хийсэн. Харин тухайн үед ажиллаж байсан шүүгчийн туслах Я.Сүхбат нь нэхэмжлэлийн хувийг гардуулахдаа хариуцагчаар гарын үсэг зуруулаагүй алдаа гаргаж, улмаар нэхэмжлэлийн хувь гардуулсан баримтыг нөхөж үйлдсэн асуудлыг хариуцагч Б.Оюунгэрэлээс Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргахад мэдсэн. Шүүхийн ёс зүйн хорооноос гомдлыг хүлээн авч, тус шүүхийн ерөнхий шүүгч болон Тамгын газрын зохион байгуулагч нарт дээрх асуудлын талаар мэдэгдсэн. Хариуцагч Б.Оюунгэрэлийн бичгээр гаргасан Голомт банкинд орон сууцны зээлтэй юм. Би голомт банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно. Иймд Я.Сүхбатын гаргасан зөрчлийг мэдсэн атлаа холбогдох газарт хандаж, зохих ёсоор шийдвэрлүүлээгүй, эвлэрлийг батлах ажиллагаанд шүүгч хуульд заасны дагуу зохих ёсоор хяналт тавиагүй, гомдол гаргагчийн төлбөрийн тооцоог нягталж шалгалгүй шийдвэрлэсэн гэх дүгнэлтийг эс зөвшөөрч байна. Иймд Шүүхийн Ёс зүйн хорооны магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 50 дугаар магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчжээ.

Учир нь Шүүхийн ёс зүйн хороо шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, ёс зүйн зөрчил гаргасан хугацааг тогтоолгүйгээр сахилгын хэргийг шийдвэрлэсэн нь Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.7.3 дахь хэсэгт заасан ...гомдлыг шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг бүрэлдэхүүн хэрхэн үнэлж, дүгнэсэн тухай болон түүний хууль зүйн үндэслэлийг заасан байна гэхзохицуулалттай нийцэхгүй байна.

Тодруулбал, магадлалд шүүгчийн туслахаар ажиллаж байсан Я.Сүхбат нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулахдаа гарын үсгийг нь зуруулаагүй, сүүлд нөхөн үйлдэж хариуцагчийн өмнөөс гарын үсэг зурсан гэж дүгнэсэн атлаа уг зөрчил хэзээ гарсан, хэзээ илэрсэн хугацааг нарийвчлан тогтоож холбогдох баримтыг цуглуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5.17-д заасан Шүүгчид холбогдох сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш зургаан сар, зөрчил гаргаснаас хойш нэг жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй гэсэн зохицуулалтыг баримтлан хөөн хэлэлцэх хугацаанд дүгнэлт өгөх боломжгүй болжээ.

Түүнчлэн шүүгч Б.Ундраад сахилгын шийтгэл хүлээлгэхдээ нэхэмжлэлийн хувийг иргэн Б.Оюунгэрэлд гардуулсан мэтээр шүүгчийн туслах Я.Сүхбат нь иргэн Б.Оюунгэрэлийн өмнөөс зурсан, өөрийн туслах Я.Сүхбатын гаргасан дээрх зөрчлийг мэдсэн атлаа холбогдох газарт хандаж зохих ёсоор шийдвэрлүүлээгүй, зохигчийн эвлэрэл батлах ажиллагаанд шүүгч өөрөө хуульд заасны дагуу зохих ёсоор хяналт тавиагүй, гомдол гаргагчийн төлбөрийн тооцоог нягталж шалгалгүй шийдвэрлэсэн зэрэг зөрчлүүдэд буруутгаж,Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж дүгнэсэн атлаа дээрхи зөрчлүүд ямар үйлдлээр илэрсэн, ямар нотлох баримтаар нотлогдож байгаа талаар магадлалд заагаагүй байна.

Дээрхи нөхцөл байдлыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Шүүхийн ёс зүйн хорооны магадлалыг хүчингүй болгож, гомдлыг дахин хэлэлцүүлэхээр Шүүхийн ёс зүйн хороонд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт Шүүхийн ёс зүйн хорооны гишүүний 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Хуралдааны товыг тогтоож, бүрэлдэхүүнийг томилох тухай 73тоот, 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Хуралдааны товыг тогтоож, бүрэлдэхүүнийг томилох тухай 104 тоот захирамжуудын хуулбар хувь авагдсан нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байгааг дурьдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 50 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Шүүхийн ёс зүйн хороонд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН ШҮҮГЧ О.НОМУУЛИН