Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/19

 

 

 

 

    2021        12         24                                   2021/ШЦТ/19

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

Улсын яллагч Х.Еркебулан,

Хохирогч Г.Г,

            Шүүгдэгч Б.Э /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эд холбогдох эрүүгийн 2106 03660 2487 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

....

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 09-ний шөнийн 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ... тоотод хохирогч Г.Гтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж, түүний эрүүл мэндэд зүүн дээд 2 дугаар шүдний сулрал, хамарт зулгаралт, шуунд зүсэгдсэн шарх, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “....” гэх газарт ажлын хүний төрсөн өдөр болж, хамт олонтойгоо суусан. Тэр газраас гарах гэсэн боловч мөнгө цаасны хувьд асуудалтай, дандаа дүү хүүхдүүд байсан учраас би манайд очоод хэсэг хугацаанд сууя гэж хэлсэн. Дэлгүүрээс ойр зуурын юм аваад суусан. Тэгээд ажлынхан суугаад ярилцаж байхад би согтоод унтчихсан байсан. Тэр хугацаанд ажлынхан эхнээсээ харьцгааж байсан. Тэгээд эрүүл хоёр жолооч  байсан.  Бүх хүмүүсийг хүргэж өгсөн. Тэгсэн чинь Г.Г гэдэг нөхрийг явъя гэсэн чинь би үлдэнэ гээд ганцаараа үлдсэн байдаг. Тэр хугацаанд би гэртээ унтчихсан байсан. Эхнэр унтаж байхад намайг гаднаас орж ирээд аваад гарсан байдаг. Ажлын газрынхан бүгд явчихсан ганцаараа үлдчихээд явахгүй байсан. Өмнө бас ийм үйлдэл гаргаж байсан. Гэрийнхээ хажуу талын монгол гэрт хамт оруулж хонуулж байсан. Хоёрдох үйлдэл нь санаатайгаар үлдэнэ гэсэн. Намайг хүргэж өг гэсэн саналыг тавьсан байдаг би мэдэхгүй, мэдүүлэг дээрээ тэгж мэдүүлсэн байдаг.  Би гадаа байж, байгаад машинаа хашааны гадаа гаргачхаад орох хооронд гэрийн хаалга түгжчихсэн байсан. Тэгээд бүх хаалга, цонхоо нүдсэн чинь онгойлгохгүй байсан. Тэгээд би араар нь тойроод жижиг цонхон дээр очсон чинь эхнэр орилж, байсан. Тэгэхээр би яалт ч үгүй цонхоо хагалаад орсон чинь эхнэрийн бүх хувцсыг тайлаад төрсөн биеэр болгочихсон, эхнэр хөнжлөө нөмөрчихсөн мань хүн өмдөө татаад жижиг өрөөнөөс гарсан. Урдуур тойроод орох гэсэн боловч жижиг цонх учраас би багтахгүй байж байхад Г.Г яг гарч ирж таарсан. Тэгээд л би 2-3 удаа цохичхоод эхнэр дээр очоод яаж байгаа юм бэ? Юу болж байгаа юм бэ? гээд би хоёулангийн зогсоож байгаад зодсон. Тэгсэн чинь Тайвнаа ах та өөрөө ингэ гээ биз дээ гээд үүдэнд орилоод байсан. Тухайн үед би цагдаа дуудаад энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ? гэх хооронд өмсөж байсан хувцас цамц, футболктойгоо манай гэрээс зугтаад явсан байдаг. Бүх юмаа үлдээгээд эхнэрийн өрөөсөн тавчиг, миний өрөөсөн тавчигтай өмсөөд явсан байдаг. Тэгээд цагдаа ч ирсэн эхнэрийн ар гэрээс хүмүүс ирсэн тэгээд цагдаад өргөдөл гомдлоо гаргасан. Болсон процесс бол ийм л зүйл болсон. Энэ залуу намайг ажилд ороход бие дааж дагалдан хийлгэж байсан хүн.  Ажил болон амьдралын бүх цагт энэ нөхөрт итгээд найдаж их тусалсан. Миний зүрх сэтгэлд минь гэр бүлийг минь хуучин хэвэндээ орохгүй болтол сэв суулгасан” гэв.

Хохирогч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “....” пабд  ажлын газрынхантай суусан. Тэндээс ажлын газрын хамт олонд Б.Э манайд очъё гэсэн санал тавьсан. Тодорхой хэмжээний мөнгө төгрөг хурааж аваад гудамжны үзүүрийн дэлгүүрээс Гурван тамир гэх дэлгүүрээс ууж идэх зүйл цуглуулаад тэдний гэрт очсон. Нийтдээ бол эхнэрийн оролцуулаад 9-10 хүн байсан. 2 машинтай ирсэн, нэг машиных нь жолооч уугаагүй, нэг машинтай жолооч нь уусан байсан. Эхний ээлжид уугаагүй машиныхан жолооч нь хоёр хүн хүргэж өгсөн” гэв.

  Эрүүгийн 2106 03660 2487 дугаартай хэргээс:

Хохирогч Б.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, .... тоотод 20 цагийн үед ирсэн. Гэрт манай нөхөр ажлынхаа хүмүүс болох 8-9 хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд, хамт ажилладаг хүний төрсөн өдрийг тэмдэглэж архи, пиво уусан байдалтай байсан. 00 цагийн үед хүмүүс тараад хамгийн сүүлд Г.Г гэх залуу манайд ганцаараа үлдсэн байсан. Жижиг өрөөнд унтаж байхад манай нөхөр гарсан бөгөөд ажлын газрын Г.Г гэдэг залуу зөрөөд орж ирсэн байсан. Удалгүй намайг унтаж байхад байхад нэг эрэгтэй хүн оролдоод байхаар нь би эхлээд нөхрөө байна гэж бодоод хартал манай нөхөр биш байхаар нь би “чи яаж байгаа юм бэ?” гэхэд “эгчээ уучлаарай, Тайвнаа ах ингээрэй гэсэн юм” гэж хэлсэн. Тэр үед гаднаас манай нөхөр цонх хагалж, хаалгаар орж ирээд хардаад намайг “чи энэ залуутай унтлаа, үйлдэл дээр чинь барилаа” гээд чанга бархираад намайг зодож эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11, 14 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн газрын шинжээч эмчийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 9708 дугаартай: “Б.-ийн биед баруун нүдний зовхинд зулгаралт, зүүн хацар, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг хамаарагдахгүй. Үтрээнээс авсан арчдас, наалдцанд эр бэлгийн эс илрээгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн газрын шинжээч эмчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 9892 дугаартай: “Г.Гийн биед зүүн дээд 2 дугаар шүдний сулрал, хамарт зулгаралт, шуунд зүсэгдсэн шарх, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ” гэсэн дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Эд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, .... тоотод хохирогч Г.Гтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж, түүний эрүүл мэндэд зүүн дээд 2 дугаар шүдний сулрал, хамарт зулгаралт, шуунд зүсэгдсэн шарх, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Эгийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Г.Гийн шүүхийн хэлэлцүүлэг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч Б.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн 9708 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Эгийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч Г.Гийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Б.Эгийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Эгийн хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч Г.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн 8000 төгрөгийг нэхэмжилсэн байх тул шүүгдэгч Б.Эгаас гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Хохирогч Г.Г нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээд болох Б.Эг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Г.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч  Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Б.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Б.Эд оногдуулсан торгох ялыг 10 /арван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Ялтан Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Эгаас 8000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Гт, Баянзүрх дүүргийн 21 дугаар хороо .... тоотод оршин суух хаягтай/ олгосугай.

8. Хохирогч Г.Г нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн төлбөрөө нотлох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                   Х.САНЖИДМАА