| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/02691/И |
| Дугаар | 2713 |
| Огноо | 2016-10-16 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 2713
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Х даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Э-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.Э-д холбогдох,
гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Э, хариуцагч Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Э миний бие 2010 онд Л.Этой танилцаж улмаар 2010 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтийн 468 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бид хоёр манай аавын гэрт хамтран амьдрах хугацаанд 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүү Э.Э төрсөн. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон ба 2014 оны 4 дүгээр сараас тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү Э.Э миний асрамжид амьдарч, өсч торнисон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2011 онд танилцсан. Улмаар 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. 2013 оны 8 дугаар сард хүүтэй болсон. Хамтран амьдрах хугацаанд бидний хооронд зан харьцаа таарахгүй байсан учраас 2014 оны 4 дүгээр сард салсан. Надад гар хүрч, миний эцэг эхийг үл ойшоодог байсан. Цаашдаа хамт амьдрах гэж оролдсон боловч бүтээгүй. Би 2014 оноос хойш эцэг, эх, хүүтэйгээ хамт амьдарч байна. Хүүгээ өөрийн асрамжид байлгамаар байна. Мөн эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулмаар байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдээ 4 нас хүртэл нь энэ хүнээс нэг ч зүйл авч байгаагүй гэжээ.
Хариуцагч Л.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Лхагваа овогтой Эрдэнэцогт нь 2010 оны 7 дугаар сард Н.Этай гэр бүлээ батлуулж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд хэрүүл тэмцэл, дарамт шахалт, хүчирхийлэл, хардалт, архи тамхины зөрчил гарч байгаагүй болно. Хэдий тиймээс үзэл бодлын зөрчилдөөний улмаас 2014 оны 4 дүгээр сараас өдийг хүртэл тусдаа амьдарч байна. Өнгөрсөн хугацаанд гэр бүлээ салгахгүй, 4 настай хүүгээ өнчрүүлэхгүй байх талаар миний зүгээс хэд хэдэн оролдлого хийж байсан боловч Н. Э зүгээс тухай бүрт саналыг минь хүлээн авч байгаагүй юм. Өөрөөр хэлбэл гэр бүл салалт нь цэвэр Н.Эгийн шийдвэр төдийгүй гэр бүлээ эвлэрүүлэх талаар ямарч оролдлого хийж байгаагүй. Эдгээр цаг хугацаануудад миний бие хүүхдэдээ эцгийн хайр, халамжаар дутаахгүйг хичээн хүүгээ өөр дээрээ цөөн хоногоор авсаар ирсэн. Цаашдаа ч энэ байдлаа үргэлжлүүлэхийг эрмэлзэж байна. Н.Э болон түүний гэр бүл төдийлөн таатай хандаж байгаагүй бөгөөд сүүлийн саруудад хүүхэдтэйгээ уулзуулахыг шалтгаангүйгээр хориглох болсон. Миний бие Н.Эд ямар нэгэн гомдол, үзэн ядалт, өс хонзон байхгүй. Харин ч сайхан хүү төрүүлж өгсөнд үргэлж баярлаж явдаг. Мөн түүнчлэн хүүгийнхээ ирээдүйн төлөө нэг санаа зорилготой байгаасаа хэмээн хүсэж байдаг. Н.Э нь 2014 оны дунд үеэс өөрийн найз бүсгүйн нөхрийн найз гэх залуутай харилцаа холбоогоо хүндрүүлж хайр сэтгэлтэй болсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй дээрх шалтгааныг үндэслэн бидний гэрлэлтийг хуулийн дагуу цуцалж өгөхийг хүсье. Мөн эцэг хүний хувьд хүүхдээ бодитоор өсгөн халамжилж, хайрлах нөхцөл боломжоор хуулийн хүрээнд хянан шийдэж өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч Л.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2010 онд танилцсан. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Миний хувьд энэ хүнд ямар нэг дарамт шахалт үзүүлж байгаагүй. Хамгийн сүүлд маргалдсан нь үнэн гэхдээ маргаанд энэ хүн ялагдсан. Тэгээд намайг гэрээсээ хөөсөн. Буцаад 7 хоногийн дараа эвлэрсэн бөгөөд 10 сар хүртэл тусдаа байсан боловч гэр бүлийн харьцаатай байсан. Муудалцсаны дараа энэ хүн манай төрсөн эгчтэй тохиролцоод Солонгос улс руу явсан. 2015 оны 3 дугаар сард Солонгос улсаас ирсэн. 2015 оны 3 дугаар сараас 8 дугаар сар хүртэл хааяа нэг уулзаж байсан. 8 дугаар сард виз гаргуулж өгөөч гэж надаас гуйсан. Манай хүргэн ах солонгос хүн учраас би ахдаа хэлж визийг нь гаргуулж өгсөн. Би тухайн үед энэ хүнд амьдралаа бодъё гэж хэлж байсан. Гэтэл Солонгос улс руу яваад жил гаруй хугацааны дараа ирсэн. Явахдаа надад баярлалаа гэж хэлээд очоод өөр хүнтэй болсон байсан. Энэ хооронд хүү маань ээжийнхээ эцэг, эхийн асрамжид байсан. Би хүүдээ байнга мөнгө өгөхийг хичээдэг. Баяр ёслолын үед хүүхдэд ээ тодорхой хэмжээний мөнгийг өгч байсан. Би амьдралын шаардлагаар Солонгос улс руу явсан. Энэ хүн харин өөр хүнтэй болоод надтай харьцахгүй гэсэн. 2014 оноос хойш бидний харилцаа бүтэхгүй болсон. Би өөр хүнтэй гэр бүлийн харилцаагүй. Цаашид хамтран амьдрах боломжгүй. Гэхдээ хүүхэдтэйгээ уулзахыг маш их хүсдэг. Гэтэл хүүхэдтэй маань уулзуулдаггүй. Хүү маань одоо 4 настай бөгөөд би одоогоор эрхэлсэн ажилгүй. Хүүхдийн тэтгэлгийг бол өгнө. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Шүүхийн шийдвэр дээр хүүхэдтэйгээ уулзаж байх талаар тусгуулмаар байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч Л.Эод холбогдуулж гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг гаргаж шүүхэд хандсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Н.Э, Л.Э нар 2010 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсныг эрх бүхий байгууллага 2010 оны 8 дугаар сарын 27-ны өдөр албан ёсоор бүртгэж гэрлэлтийн гэрчилгээ олгосон ба гэрлэгчдийн дундаас 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүү Э.Э төрсөн байна /хх 6-7 хуудас/.
Талууд хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2014 оноос хойш тусдаа амьдарч байгаа нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд гэрлэгчид гэр бүл цуцлахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамт амьдрах хүсэлгүй байгаа нөхцөл байдлыг үндэслэж шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч нарт эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэв.
Хүүхдийн асрамжийн талаар талууд харилцан тохиролцсон байдлыг харгалзан хүү Э.Эг эх Н.Эгийн асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгтэй харшлахгүй.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуульд заасан хугацаа, хэмжээгээр эцэг Л.Эоос хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү Э.Эд олгох нь хүүхдийн эрх, ашигт нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан Э.С, Хархангид овогт Л.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Э.Э /РД:/-г эх Н.Эгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Э.Эд 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Л.Эоос гаргуулан олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ