Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ/425

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

           иргэний нэхэмжлэгч Ц.Батболд, иргэний хариуцагч, нэхэмжлэгч С.Сугардалай,

           шүүгдэгч И.О түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 1734002340085 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 17ий өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Нуурын 8-9 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай, Б овогт И О гэв.

 

           Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч И.О нь тус аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг 52-ын даваа гэх газар асфальтан хучилттай зам дээр 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Х.Соната-5 маркийн 02-63 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а "Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдал хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох", мөн дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэг" Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж төрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд орон зам тээврийн осол гаргаж Т.Хайгландр маркийн 18-32 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ч.Энхээ, Х.Соната-7 маркийн 37-11 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ц.Батболд, Т.Премио маркийн 91-58 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Д.Хадбаатарын нарын тээврийн хэрэгсэлийг мөргөж тэдний эд хөрөнгөд 18.471.400 мянган төгрөгний хохирол, Х.Соната-7 маркийн 37-11 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан Х.Бямбадоржийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад И.О.ийн: " гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эхнэр, Солонгос улс руу ажилд явсан. 2 хүүхэдтэйгээ хараад гэртээ байгаа. Хохиролыг төлнө " гэв.

Хохирогч Ц.Батболдын ”эмчилгээний 120000 төгрөг төлүүлнэ. Зүрх өвддөг болсон.” гэв

Иргэний нэхэмжлэгч Ч.Энхээгийн ”машины эвдрэл бол ачилтын үнэ нийт 10606000 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв.

Иргэний нэхэмжлэгч Баярцэцэгийн “миний машинд учирсан хохирлыг даатгалаас төлсөн. Харин машины ачилтын үнэ 500000 төгрөг төлөөгүй байгаа тул гаргуулж өгнө үү?” гэв.

Иргэний нэхэмжлэгч, харицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сугардалайгийн “ Манай байгууллагад учирсан 6022400 төгрөгийг 2017 онд багтаан шүүгдэгчээс гаргуулж өгнө үү? гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүгдэгч И.О нь Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг 52-ын даваа гэх газар асфальтан хучилттай зам дээр 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Х.Соната-5 маркийн 02-63 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а "Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдал хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох", мөн дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэг" Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж төрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд орон зам тээврийн осол гаргаж Т.Хайгландр маркийн 18-32 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ч.Энхээ, Х.Соната-7 маркийн 37-11 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ц.Батболд, Т.Премио маркийн 91-58 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Д.Хадбаатарын нарын тээврийн хэрэгсэлий мөргөж тэдний эд хөрөнгөд 18.471.400 мянган төгрөгний хохирол, Х.Соната-7 маркийн 37-11 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан Х.Бямбадоржийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учруулсан болох нь:

          -Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тухайн байцаан шийтгэх ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэмжилтийн бүдүүвч зураглал /хх-ийн 3-14 хуудас/

           - шүүгдэгч И.О нь осол хэрэг гарах цаг хугацаанд согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоосон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Х.Даваадоржийн мэдүүлэг / хх-ийн 16-18 дугаар хуудас/

- Хохирогч Х.Бямбадоржийн биед үзлэг хийсэн шинжээч эмчийн 10631 дугаартай дүгнэлт / Х.Бямбадоржийн биед хүзүүний 7 дугаар нугалмын арын сэртэнгийн далд хугарал, духанд шарх гэмтэл тогтоогдсон бөгөөд уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт/

- Шинжээчийн 000000095 дугаартай дүгнэлт / И.О нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а "Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдал хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох", мөн дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэг" Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж төрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан гэх дүгнэлт /хх-ийн 68 дүгээр хуудас/

- Итгэлт Эстимэйт ХХК-наас гаргасан "Тоёото" тээврийн хэрэгсэлд учирсан техникийн үнэлгээний тайлан /10,041,000/

- Арвижих Эстимэйт ХХК-наас гаргасан "Тоёота Примо" тээврийн хэрэгсэлд учирсан техникийн үнэлгээний тайлан / 2,408,000/

- Мастер Үнэлгээ ХХК-наас гаргасан "Соната-7" тээврийн хэрэгсэлд учирсан техникийн үнэлгээний тайлан / 6,022,400/төгрөг болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч, харицагч, хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтүүд, осол гарсан шалтгаан нөхцлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, зарим хохирол төлсөн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

 

Иймд шүүгдэгч И.О-ийн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч И.О-ийг тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо тодорхой хэмжээгээр нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүгдэгч И.О-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт улсын яллагч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах тухай дүгнэлт гаргасан боловч шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, зарим хохирлыг төлсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул хорих ялыг тэнсэх санал гаргасныг хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн байна.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.О нь хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч И.О-оос:

18-32 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн үнэлгээ, ачилтын үнэ 10606000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ч.Энхээд,

37-11 мэа улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг “Тэнгэр” даатгалаас төлсөн байх тул 6022400 төгрөгийг гаргуулан “Тэнгэр” даатгалд,

37-11 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ачилтын үнэ 500000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Э.Баярцэцэгт,

Эрүүл мэндэд учирсан хохирол 120000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Батболдод тус тус олгож,

“Тоёото прима маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 2408000 төгрөг, хохирогч Х.Бямбадоржид эмчилгээний зардал 550000 төгрөг төлснийг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч И.Оийн “В” ангиллын 787274 дугаартай жолооны үнэмлэх хураагдан ирснийг харъяа дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт И О-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчснөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар И.О-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дэх хэсэгт зааснаар И.О-д тэнсэнгийн хугацаанд нь тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа харъяа аймаг дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар И.О-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.О-оос 10 606 000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ч.Энхээд, 6 022 400 төгрөгийг гаруулж “Тэнгэр даатгал” ХХК-д, 120000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Батболдод, 500 000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Э.Баярцэцэгт, 100000 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Бямбадоржид тус тус олгож, “Тоёото прима маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 2408000 төгрөг, хохирогч Х.Бямбадоржид эмчилгээний зардал 550000 төгрөг төлснийг тус тус дурдсугай.

        

          6. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар И.О-ийг хохирогч Ц.Батболд, иргэний нэхэмжлэгч Э.Баярцэцэгт, хохирогч Х.Бямбадоржид учруулсан хохирлыг 2018 оны 2 сарын 1-ны дотор, хохирогч Ч.Энхээ, Тэнгэр даатгал ХХК-нд учруулсан хохирлыг 2018 оны 4 сарын 1-ны дотор тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

        

         7. И.О-ийн “В” ангилалын 787274 дугаартай жолооны
үнэмлэх
хураагдан ирснийг харъяа дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Эрдэнэчимэгт даалгасугай.

 

8. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл И.О-ид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Ц.ОТГОНЖАРГАЛ