Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2018/00463

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 05 өдөр           Дугаар 101/ШШ2018/00463           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч:  тоотод оршин суух, 49 настай, эрэгтэй, Х овогт А-ын Сын /***********/  нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: тоотод   оршин суух, 42 настай, эрэгтэй, Б овогт Б-н Дд /*********/ холбогдох,

            Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 9 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

            А.С миний бие 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Б.Дтэй нэг бүрийн үнэ 4 500 төгрөгөөр 4 300 ширхэг прюс мод зарсан. Нийт төлбөр 19 350 000 төгрөг болсноос урьдчилгаа 5 000 000 төгрөгийг 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 7 000 000 төгрөг төлж барагдуулсан бөгөөд үлдсэн төлбөр 7 350 000, мөн 2 050 000 төгрөгийн барааны үнэ нийт 9 400 000 төгрөгийг надад төлөх ёстой юм.

            Эцсийн байдлаар 2015 оны 02 дугаар сард бүрэн төлнө гэсэн боловч төлөөгүй байгаа бөгөөд төлнө өгнө гэдэг боловч утсаа авдаггүй бөгөөд 2015 онд шүүхэд хандах үед дээрх хаяг дээрээ амьдардаг, төлбөрийг төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа юм.

Төлбөр гаргуулахаар хандаж байгааг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Д шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

            Б.Д миний бие иргэн А.Саас 2014 онд К ХХК-ийн барилгын талбайн инженерээр ажиллаж байхдаа уг компанийн барилгын ажилд хэрэглэхээр 4 300 ширхэг прусс модыг харилцан тохиролцож авсан нь үнэн бөгөөд төлбөрийг К ХХК нь төлж барагдуулах нөхцөлтэй авч хэрэглэсэн болно. Уг прусс модны төлбөрөөс урьдчилгаа 5 000 000 төгрөг, мөн 7 000 000 төгрөгийг К ХХК нь төлсөн бөгөөд үлдэгдэл 7 350 000 төгрөгийг төлж барагдуулаагүй залилсан учраас би анхнаасаа тавьдаг хүнээр яриулж авснаа ухамсарлаж миний бие төлбөрийн үлдэгдэл 7 350 000 төгрөгийг өөрийн ажиллаж байгаа Г******* ХХК-ний барилгын ажил эхлэхэд буюу 2018 оны 04 дүгээр сарын 01-нд бүрэн төлж барагдуулахаа үүгээр мэдэгдэж байна.

            Нэхэмжлэлийн үлдэгдэл 2 050 000 төгрөг надад ямар ч хамаагүй К ХХК, А.С нарын хоорондын асуудал учраас би хариуцахгүй гэжээ.

 

Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

           

Нэхэмжлэгч А.С нь хариуцагч Б.Дд холбогдуулан 9 400 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал 7 350 000 төгрөгт холбогдох шаардлагын хувьд маргахгүй, 2 050 000 төгрөгийн шаардлагын хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг талууд хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээний үүргийн дагуу хангуулна гээд гэрээний үлдэгдэл төлбөрт 7 350 000 төгрөг, барааны үнэд 2 050 000 төгрөг гаргуулна гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгч тал хариуцагчтай 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэг бүрийн үнэ нь 4 500 төгрөгөөр 4 300 ширхэг прюс мод худалдсан. Нийт төлбөр 19 350 000 төгрөгөөс төлөлт хийгдэн үлдэгдэл төлбөрт 7 350 000 төгрөг гаргуулна гэжээ.

Талууд хооронд бичгээр хийгдсэн гэрээ байхгүй гэх бөгөөд орлогын баримт өгсөн нь /х.х-ийн 7 дахь талд/ нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

Харин хавтаст хэргийн 8 дахь талд авагдсан баримт буюу 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр үйлдэгдсэн баримтад гэрээ байгуулагдсан талаар дурдаад үлдэгдэл төлбөр 7 350 000 төгрөг төлөх үүргийг мөн тусгасан байна.

Гэхдээ тус баримтад, “хүлээж авсан /7 000 000 төгрөг/ А.С, хүлээлгэж өгсөн Б.Д” гэж тусгасан байх боловч давхар К ХХК-ийн захирал болон барилгын инженер гарын үсэг зурсан байна.

Хариуцагч тайлбартаа гэрээгээр шилжүүлэн авсан модыг К ХХК авах, төлбөрийг тус компани төлөх үүрэгтэй байсан талаар дурдах бөгөөд тус гэрээ байгуулагдаж, дурдсан үнийн дүн бүхий төлбөрийн үлдэгдлийг А.С шаардах эрхтэй талаар маргаагүй байна.

Хариуцагч Б.Д нь тайлбартаа К ХХК төлөх үүрэгтэй талаар дурдах боловч гэрээний үлдэгдэл төлбөрт төлөх 7 350 000 төгрөг төлөх үүргийг өөрөө хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзэн төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч маргаагүй үндэслэлээр тусгайлан дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

Тус шаардлагыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар, “худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх... үүргийг тус тус хүлээх” зохицуулалтын дагуу мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх шаардлагын хүрээнд ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн үнэ төлөх үүрэг бүхий худалдан авагчийг хариуцагч Б.Д гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2 050 000 төгрөгийг зохигчид хооронд үүссэн харилцааны дагуу төлөх төлбөр гэж үзэх баримтгүй байна.

Нэхэмжлэгч энэ шаардлагыг нотлох баримтаар 2014 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр үйлдэгдсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /х.х-ийн 5 дахь талд/ шүүхэд гаргаж өгсөн байх бөгөөд тус баримт нь “Б.Оээс Ут 1 000 000 төгрөг зээлдүүлэв” гэсэн агуулгатай байна.

Нэхэмжлэгч тус шаардлагыг хангуулах үндэслэлийг бараа худалдаж авсан үнэ гэх бөгөөд хариуцагч Б.Д хариуцах ёстой гэх боловч ийнхүү ханган шийдвэрлэх үндэслэл тодорхой бус, үйл баримтыг тогтоох нотлох баримтгүй байх тул холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10.00 цагт товлосон бөгөөд хариуцагч тус шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх үндэслэлгүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Дгээс 7 350 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 050 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Б.Дгээс 132 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Ст олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Г.АМАРЖАРГАЛАН