Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2017/ШЦТ/161

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Одончимэг, Улсын яллагч П.Шижиртуяа, Хохирогч Х.Сүхбаатар, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн, Шүүгдэгч Б.Г*******, түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* Г*******т холбогдох эрүүгийн 1715001600057 дугаартай, 132/2017/0154/э индэкстэй хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 42 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд болосвролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн Могод сумын * дугаар багт оршин суух, 2006 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2007 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 345000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Д овогт Б******* Г*******

Холбогдогсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г******* нь 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймгийн Могод сумын 3 дугаар багт Х.С******* зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г*******ийн өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг, Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.С******* өгсөн: 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр үйл явдал болсон. Би эмчилгээний зардлаа авбал болно. Миний хамар цөмөрсөн. Нүдний хугархайн яс цөмөрсөн. Хөмсөг сэт цохьсон. Нийт 1689100 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

1715001600057 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд: Хохирогч Х.С******* өгсөн: 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр эхнэрийн хамт Эд орсон. Араас Г******* эхнэрийн хамт орж ирсэн. Эх унагаа тамгалах гэж байгаад гадаа шуураад байсан учир больсон. Бид нар Эд 1 шил архи уусан ба Г*******, Энхтүвшин бид 3 Г гэх айлд очиж 1 шил архи уусан. Тэгээд гараад Э гэрийн гадаа Г******* надруу хандаж чи Батсайхантай нийлээд их байнаа гэж хэлсэн. Тэгээд гэрт нь ороод Г******* бид 2 маргалдаж гадаа гараад морины уяаны хажууд намайг заамдаж унагаагаад миний дээр гарч нүүрлүү цохиж зодсон. Би ухаан алдсан байсан ба Г*******ийн эхнэр болон манай эхнэр салгасан байсан. Миний зүүн шанаанаас цус гарч, хамар нийлэнхүйдээ хавдсан байсан. Би гомдолтой байна гэх мэдүүлэг /хх тал/,

Гэрч Н.Н өгсөн: “... Г******* чи бид нарыг дээрэлхэж байна уу?, чам шиг юм ингэх болоогүй гээд босож ирээд барьж аваад сандалтай түлхэж унагаагаад уруул руу нь цохьсон чинь уруул нь язарсан байсан. Гүү сааж байгаад харахад С******* газар унагаачихсан Г******* дээр нь гарчихсан нүүр лүү нь цохиж байсан. Тэгэхээр нь би яваад очтол нүүр нь цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх 17-18 тал/, Гэрч Э.Ү өгсөн: “.. Сүхбаатар ах сандал дээр сууж байсан. Сандалтай хамт хойшоо унасан. Тэгээд Сүхбаатар ах босоод ирэхэд уруул нь шалбарсан байсан. Тэгээд бид нар Г******* ахыг салгаад гүүнд авч гарсан. Тэгтэл манай нөхөр С******* хавсарч унагаагаад доороо хийгээд авсан.

Тэгээд Сүхбаатар ахын нүүрэн тус газарт 2 удаа цохьсон. Тэгээд би нөхрийнхөө гарнаас бариад авсан. Н, Энхтүвшин нар ирээд салгасан юм. С******* хацарнаас цус гарсан..” гэх мэдүүлэг /хх 19-20 тал/, Гэрч Б.Э өгсөн: “.. 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 17 цагийн үед адуугаа хураагаад иртэл Сүхбаатар, Г******* 2 морины уяаны дэргэд барьцалдаад байж байсан. Тэгтэл Г******* С******* нүүр лүү хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгэхээр нь би очоод салгасан. Тэгээд С******* нүүрийг угаалгахад хацраас нь цус гарч байсан. Тэгээд гэр гэрлүүгээ явцгаасан” гэх мэдүүлэг /хх 21-22 тал/,

Гэрч Н.А өгсөн: “.. 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймгийн Могод суманд Энхтүвшин гэх айл унагаа тамгалсан. Тэгээд манайд хүмүүс цуглараад нэг шил архи задаад байж байтал Сүхбаатар, Г******* 2 барьцалдаад зодолдсон. Тэгтэл хүмүүс салгасан” гэх мэдүүлэг /хх 23-24 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12535 дугаартай 1. Х.С******* биед тархи доргилт, баруун ухархайн дотор хананд хугарал, хамар ясанд хугарал, хамрын таславчийн мурийлт, 2 зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.

Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт /хх 27 тал/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1, 2 тал/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх 4 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 5 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 41 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 43 тал/, шийтгэх тогтоолын хуулга /хх 44, 45 тал/, эмчилгээний баримтууд /хх 46, 47 тал/ зэрэг нотолох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Шүүгдэгч Б.Г******* нь 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймгийн Могод сумын 3 дугаар багт Х.С******* зодож биед нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна. Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Х.Сүхбаатар, гэрч Н.Н, Э.Үүрийнцолмон, Б.Энхтүвшин, Н.Алгирмаа нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Г*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Б.Г*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Б.Г*******т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Г*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.С******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангасан эрүүл мэндийн хохиролд зарцуулсан 1125350 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Харин хохирогчийн амбулториор эмчлүүлэгсдийн картанд эмчийн заалтаар бичигдсэн эм тариаг авахад 563700 төгрөг зарцуулна гэж нэхэмжилснийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Г******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч санал гомдолгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д овогт Б******* Г*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Г*******ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Г******* нь торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Г******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Г*******оос 1125350 /нэг сая нэг зуун хорин таван мянга гурван зуун тавь/ төгрөг хохирогч Х.С******* олгож, хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

6. Шүүгдэгч Б.Г******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч санал гомдолгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ