Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/128

 

 

  

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Ж.Ариунжаргал,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Шинэжаргал,

шүүгдэгч Н.Н*******, Т.Х*******, Б.Ц******* нарыг оролцу тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Н*******д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Х*******д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ц*******эд тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 163/2019/0134/Э индекстэй, эрүүгийн 1915001350124 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн   Алтай    суманд   төрсөн,    22    настай,    эрэгтэй,    дээд   боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн ..... тоотод ам бүл 3, ээж, дүү нарын хамт оршин суух, .... ажилтай, ял шийтгүүлж байгаагүй, З******* овогт Н*******н Н******* /

Шүүгдэгч:   Монгол Улсын иргэн,  1995 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгийн   Баян-Өндөр   суманд   төрсөн,   24   настай,   эрэгтэй,   дээд   боловсролтой, эмнэлгийн тоног техөөрөмжийн инженер мэргэжилтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ..... тоотод ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, Орхон аймгийн Бүсийн оношилгоо, .... ажилтай, ял   шийтгүүлж байгаагүй, Онгойтон овогт Т******* Х*******

Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ..... тоотод ам бүл 3, ээж, эгчийн хамт оршин суух, ...... ажилтай, ял шийтгүүлж байгаагүй,  Г овогт Бат-Эрдэнийн Ц******* 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Н******* нь 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутагт байрлах "Бөхөн" гэх амралтын газарт Т.Х*******тай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,  иргэн Т.Тн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Т.Х******* нь 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутагт байрлах "Бөхөн" гэх амралтын газарт Н.Н*******тай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Шүүгдэгч Б.Ц******* нь мөрдөн шалгах ажиллагааны үед 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Н******* өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Х******* өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц******* өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

  1915001350124 дугаартай эрүүгийн хэргээс:

Хохирогч Т.Тн өгсөн: 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагийн үед Гялс төвийн ” ” ХХК-ний 20 гаран ажилчидтай хамт март болон цэргийн баяр тэмдэглэхээр  Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутагт байрлах "Бөхөн" гэх амралтын газарт очсон. ...Бид нар амралтанд сайхан амраад орой 00 цаг 20 минутын үед унтаж амрахаар хэвтэцгээсэн. Намайг унтаж байхад 02 цагийн үед байх манай өрөөнд 3-4 залуу орж ирсэн ба нэг залуу нь миний зүүн хацар руу гараараа цохиход нь би сэрээд ...”гараад ир” гэхээр нь би байшингийн гадаа гарсан чинь араас цохиж, намайг унахад нүүр рүү 2-3 удаа нэг хүн өшиглөсөн. ...Зодуулсаны улмаас миний хамар хугарсан, намайг зодсон Х*******, Н******* нараас хохирлоо гаргуулж авсан. Санал гомдолгүй гэх мэдүүлэг /хх-30-33 тал/,

  Гэрч Л.Ш өгсөн: “...Хоолны заалны баруун хаалга дуугарахаар нь хартал хар куртиктэй, өндөр нуруутай, туранхай залуу амралтын байшин руу явж байсан. Амралтын байшин руу ороод хашгираад байсан. Тэгээд гадаа гарч ирээд Т гэл үү нэг нэр хэлээд тэрийг хэн зодсон бэ пиздаануудаа гээд байсан. Тэгтэл махлагдуу, өндөр залуу нь би зодсон гэж хэлэхэд түүнийг 1 хүн цохиж, өөдөөс нь зодолдож байгаад газар унасан. Түүнийг унахад 3 залуу энд тэндээс нь өшиглөөд байсан. Байшингийн үүдэнд амрагчдыг ахалж явсан  ах,  эгч хоёр больцгоо гээд байсан. Тэгтэл байшингаас 2-3 хүүхэн гарч ирээд тэд нарыг салгаад нөгөө зодуулсан залууг аваад орсон. Тэгтэл 2 залуу урагшаа явсан, бусад нь амрах байшин руу орсон. Нийт байгууллагаараа 21 хүн амарсан. Хогийн савны тагаар 1 удаа толгой руу нь цохьсон" гэх мэдүүлэг /хх-н 34-37 тал/,

Гэрч О.Э өгсөн: "... Шөнө 02 цагийн багцаанд байх манай өрөөний хаалгыг хүн нүдээд байхаар нь би манайхны нэг нь юм болов уу гэж бодоод хаалгаа онгойлготол хоёр залуу эхэлж орж ирээд араас нь цувраад 2-3 залуу нийт 5 хүн  орж ирсэн  санагдаж байна. Цыг зодсон  хүнээ  гаргаж өг гээд байсан. Унтаж байсан Т.Тг хоёр залуу нь очоод “сэрээч босооч” гээд дуудаад байсан. Тэгээд Тг сэрээгээд гарсан ба би өөрөө хараа муутай учраас гадаа байрны үүдэнд гэрэлтэй  газарт байгаад байсан. Тг аваад  харанхуй   руу   орчихсон. Тэгээд л зодолдоод байгаа бололтой орилж хашгираад унасан. Тэгсэн 2 давхарт амарч байсан хүүхнүүд болон манай өрөөний өөдөөс харсан өрөөнд  байрлаж байсан Б гарч ирчихсэн харагдаж байсан. Тэгээд салгаж авах гэж очоод өөрөө бас зодуулсан байх. Тэгээд 5-7 орчим минут багцаа болоод Т эргэж ирсэн ба түүний биед хамраас нь цус гараад, нүүр нь битүү хавдчихсан байсан. Өрөөнд эхлээд нэг өндөр нуруутай залуу байсан ба тэр их далдагануур гараад ир гээд л орилж хашгираад байсан. Надаас бага зэрэг намхан бэлтгэлийн хар өнгийн өмдтэй,  өдөн  юмуу гэмээр хэрээстэй куртиктэй,  нүүрээрээ  малигар  залуу байсан.  27-30 орчим  насны л  залуучууд байсан. ...Ц л тэр хүмүүсийг дуудаад л ирсэн. Таних хүмүүс нь амралтанд амарч байгаад их олон болоод бид нар дээр орж ирсэн юм болов уу гэж ойлгосон" гэх мэдүүлэг /хх-н 48-49 тал/,

Гэрч Б.У өгсөн: "…00 цагийн үед болов уу манай өрөөний хаалгыг тогшиход нь манай өрөөнд хамт амарч байсан А хаалга онгойлгосон чинь цаанаас нь “Ц байна уу, байхгүй байна уу” гэхэд нь бид нар” байхүй байна, мэдэхгүй” гэхэд доошоо буугаад явсан ба удалгүй л доод давхарт буугаад л дуу шуу гаргаад унахаар нь манай өрөөнд амар ч байсан А,  Г,  Ч,  бид 4 зэрэг шахам доошоо буугаад иртэл  гадаа  харанхуйд баахан  хүмүүс бужигнаад байхаар нь үсээ боочихсон өндөр нуруутай залууг, өөр нэг залуугийн хамт цааш нь холдуулсан. Б гэж залуу тухайн үед ганц нэг цохиулсан гээд байсан ба ил харагдах ямар нэгэн бэртэл учраагүй байсан. Тн хамраас цус гарсан байсан" гэх мэдүүлэг /хх-н 52 тал/,

Гэрч Б.Аын өгсөн: "...Өрөөний хаалгыг тогшихоор нь би очиж онгойлгож өгсөн чинь танихгүй жижгэвтэр туранхай залуу, өөр нэг үсээ боочихсон өндөр залуу 2 зогсож байсан ба Цыг асуусан, мэдэхгүй гээд хаалгаа хаагаад орондоо орсон. Тэгсэн л доод 1 давхарт түжигнээд дуу шуу болоод унахаар нь манай өрөөнд амарч байсан хүүхнүүд хувцсаа өмсөөд буугаад гарсан.  Гадаа харанхуйд Т газар атийгаад хэвтчихсэн, цаана нь Б бас газар хэвтэж байсан.   Тн  хажууд  2  залуу  л   зогсож  байх  шиг  байсан  ба амралтын газарт амарч байсан болов уу гэмээр нэлээд хүмүүс гараад ирчихсэн байсан.   Тн   нүүр   амнаас   нь   цус   гоожчихсон,   хавдсан   байсан   ба Б нь атийгаад хэвтчихсэн хавирга эвгүй болчихлоо  гэж байсан. ...Зургийг харлаа Н.Н******* гээд байгаа хүний зураг нь үсээ дээрээ боочихсон байсан залуу мөн шиг байна, намхан махлаг нь Т.Х******* гээд байгаа хүний нүүрний төрхтэй адилхан юмуу л гэж харагдаж байна..." гэх мэдүүлэг /хх-н 53-54 тал/,

Гэрч Г.Цын өгсөн: "...Б гэж ахлах инженертэй Н******* барьцалдаж авсан гэсэн. ...Н******* өндөр нуруутай, жаахан батгатай нүүртэй, өвдгөөрөө татсан урттай куртиктэй, үсээ толгой дээрээ боочихсон явсан. Х******* нь намхан, өтгөн хөмсөгтэй, хар  куртиктэй. ..." гэх мэдүүлэг /хх-н 55-58 тал /

Гэрч Г.Бгийн өгсөн: "...Тг чанх өөдөөс нь хараад зогсож байсан махлаг дуу биетэй залуу нүүр лүү нь цохиод унагаачихсан юм. Очоод авах гэтэл хажуугаас 2 залуу барьж аваад тэгээд л хэвгий газар байсан учир бид нар орооцолдоод унасан. ..." гэх мэдүүлэг /хх-н 59-60 тал/,

Шүүгдэгч Н.Н*******ы яллагдагчаар өгсөн: ...Би өмнө анх удаа гэрчийн мэдүүлэг өгөхдөө яг хэргийн талаар, хохирогчид гэмтэл учруулсан талаар яриагүй.   Би тэр хохирогчийг өшиглөж гэмтэл учруулсан юм. Би өмнөх мэдүүлэгтээ Б гэх залуутай ноцолдож унаад доошоо өнхөрчихсөн. Босоод эргээд иртэл Т гэх хохирогч залуу надруу алхаж явахдаа өөрөө бүдрээд миний урдхан талд уначихсан. Тэгэхээр нь би түүний нүүрлүү хөлөөрөө 1 өшиглөчихөөд яваад өгсөн. Тухайн үед хамт явсан ажлын газрын эмэгтэйчүүд нь ирж салгаж байсан юм. Тэгээд асуудал болоод дууссаны дараа бид нар тэр хүмүүстэй өрөөнд нь орж уучлалт гуйгаад буруу ойлголцчихсон байна гээд бүгдтэй нь гар бариад байхад Т гэх залуугийн хамраас нь цус гарчихсан цусаа тогтоогоод сууж байсан. Хавдаж барьсан зүйл бол байгаагүй ба зүгээр үү ахаа гэсэн зүгээр, зүгээр цус л араад байна гэж байсан. Надаас өөр Тг зодож гэмтэл учруулсан хүн байхгүй. ...Тухайн үед би болон Х*******, Ц******* бид 3 гурвуулаа эрүүл явсан учир юу болсон талаар бүгд л мэдэж байсан. ... гэх мэдүүлэг /хх-н 90-92 тал/,

 

Шүүгдэгч Т.Х*******ы яллагдагчаар өгсөн: ...2019 оны 03 дугаар сарын 02-ны орой 23 цаг өнгөрч байхад манай оюутан ангийн найз Ц надруу залгаад ирээд ав гэхээр нь би Ц*******ийг яваад өгөөч гэсэн чинь А гэж найзыгаа гуйж түүний машинтай явахаар болсон. Явахдаа Ц*******, А, Н*******, Х гэж манай ажлын эмэгтэй бид тав Аын машинаар тухайн амралтын газарлуу явсан. Машинд Ц*******, А, Х гурав үлдээд Н******* бид хоёр амралтын газарлуу орсон. Тэгээд дотор ороод баруун гар талын өрөөнд ороход 3-4 хүн унтаж байсан ба Б гэх залуу бид хоёрыг орох чимээнээр сэрээд хэн юм, яах гэж  юм бэ гээд байхаар нь Цыг хайж ирсэн юм гэж хэлээд эсрэг талын хананд байх хаалгаруу орсон. Тэгэхэд тэр өрөөнд хоёр ах байж байгаад сэрж байсан. Тэгээд эхний өрөөнөөс Б нь босож ирээд наадуул чинь хэн юм гээд орилж хашгираад байсан ба бид хоёрын сүүлд орсон өрөөнд дарга нь байгаа бололтой цаадуулаасаа асуу, ах нь эрт унтсан хүн юу болоод байгааг мэдэхгүй байна гэсэн. Тэгээд Б нь хэн юм гээд орилж хашгиргаад байсан чинь Н******* уурлаад тэр хоёр хэрэлдсэн. Тэгээд гарья гараад учраа ольё гээд тэгээд гарсан. Тэгээд араас нь ажлын газрын хүмүүс нь цувраад гарч ирсэн ба би түрүүлээд гараад шатан дээр нь зогсож байсан. Тэгээд маргалдаад байж байсан чинь Ц******* ирчихсэн бид хоёрын сүүлд орсон өрөөнд байсан дарга нь бололтой нүдний шилтэй ахтай юм яриад зогсож байсан. Гадаа гарч ирээд Б нь Н*******ыг барьж авах гээд шууд дайраад унасан би түүнийг зогсоох гээд дийлэхгүй  болохоор  нь би  гадаа байсан  жижиг багавтар хэмжээтэй никель байсан санагдаад байна нимгэн төмрийг аваад Б гэх залуугийн хоёр дал орчимд нь нэг удаа цохиж авсан. Тэгсэн эргэж хараад надруу дайрч эхэлсэн. Тэгсэн Н******* түүнийг зогсоогоод тэр хоёр барьцалдаад авсан. Тэр хоёр зууралдаад газар өнхрөөд яваад өгсөн ба тэр хооронд Т гэх хохирогч ах намайг бариад авчихсан зогсож байсан. Би түүнийг тавьчих, би очоод салгая гэсэн хэрэггүй гээд байсан. Тэгээд Б гэх залуу доор очоод газарт хэвтэж үлдээд Н******* ганцаараа буцаад ирсэн. Тэгсэн намайг бариад зогсож байсан Т гэх залуу Н*******ы өмнөөс гүйгээд очиж явахдаа бүдэрч унасан уу, яасанг нь мэдэхгүй газар сөхөрчихсөн юм уу гэмээр байдалтай уначихсан байхад нь Н******* түүний толгой, нүүрэн тус газарт нь 1 удаа өшиглөөд авсан. Т гэх залуу босож ирсэн, ажлын газрынхан ч гарч ирсэн. Тэгээд бид нар явцгаасан. Ц******* бол яг зодоонд оролцоогүй. Хэн нэгэнтэй зууралдаж байсан тийм зүйл бол би хараагүй. Тэгэхээр ямар нэгэн зодоонд бол оролцоогүй.... гэх мэдүүлэг /хх-н 94-96 тал/,

Шүүгдэгч Т.Х*******ы яллагдагчаар өгсөн: ...Би өмнө нь 2 дахь удаагаа мэдүүлэг өгөхдөө хэрэг гарах үед болсон бүх зүйлээ үнэн зөвөөр нь хэлж мэдүүлсэн учир дахиж нэмж хэлж ярих зүйл байхгүй. Би анх мэдүүлэг өгөхдөө Х*******ы өгсөн мэдүүлгийг сонсоод худлаа мэдүүлсэн юм. Худлаа мэдүүлэг өгсөнөө бол хүлээн зөвшөөрч байгаа. Миний хувьд тухайн үед амарч байсан хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулж хэрүүл маргаан үүсгэж бусдыг зодож, цохиж гэмтэл учруулаагүй. ... гэх мэдүүлэг /хх-н 98-99 тал/,

 

Шүүхийн  шинжилгээний  үндэсний  хүрээлэнгийн  шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 4542 тоот дүгнэлтэд:

1. Т.Тн  биед тухайн  үед хамар  ясны  хугарал,  таславчийн  мурийлт, зөөлөн  эдийн  няцрал  гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтэл  нь мохоо зүйлийн  нэг удаагийн   үйлчлэлээр   үүсгэгдэнэ.  

3. Гэмтлийн   зэрэг  тогтоох  журмын   2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. 2019.03.04-ний өдрийн  Ай ти” дүрс оношлогооны төвийн хамар дайвар хөндийнүүдийн томографийн шинжилгээгээр 2019.03.03-ны өдөр  үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна гэх дүгнэлт /хх 78 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 1-4, 7-10, 13-16 тал/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-79-82 тал/, хохирогч Т.Тн гомдол саналгүй талаар гараар бичсэн тайлбар /хх 120 тал/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 102-114 тал/, шүүгдэгч Т.Х*******ы хувийн байдлын талаарх байгууллагын тодорхойлолт /хх 115-117 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 105, 110, 118 тал/ зэрэг  яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Н*******, Т.Х******* нар нь 2019 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутагт байрлах "Бөхөн" гэх амралтын газарт ирж баяраа тэмдэглэн унтаж амарч байсан “” ХХК-ний амрагчдын өрөө тасалгаагаар орж орилж хашгирах, дуудаж гарган цохиж, зодох зэргээр нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, энэ явцдаа шүүгдэгч Н.Н******* нь амрагч Т.Тн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Б.Ц******* нь тухайн хэрэг, үйл баримтын талаар 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож тогтоогдсон байна.

     Хохирогч Т.Тн хэрэг, үйл явдал болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар өгсөн мэдүүлгийн эх сурвалж нь гэрч Л.Шунхлай, О.Э, Б.Уянга, Б.А, Г.Ц, Г.Б, Б.Ц******* нарын мэдүүлэг болон хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх учир шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

       Шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорыг арилгахад 5000000 төгрөгийг төлснөөр хохирогч Т.Т нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна.

Шүүгдэгч Н.Н*******, Б.Ц*******, Ц.Х******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Н.Н*******, Б.Ц*******, Ц.Х******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1.Шүүгдэгч З******* овогт Н*******н Н*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Онгойтон овогт Т******* Х*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г овогт Бат-Эрдэнийн Ц*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааны үед  үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.  Шүүгдэгч Н.Н*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн  хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,  шүүгдэгч Т.Х*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн  хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж,  шүүгдэгч Б.Ц*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Н*******ы Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн  хугацаагаар тэнсэж, авсан албадлагын арга хэмжээ, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н*******, Т.Х******* нарт оршин суугаа газар болон ажлын байраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, үүргийг биелүүлээгүй, зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Н.Н*******, Т.Х******* нарт сануулсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н*******, Б.Ц******* нар нь торгуулын ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт гаргаагүйг дурьдаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Н.Н*******, Т.Х*******, Б.Ц******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин т болтол шүүгдэгч Н.Н*******, Т.Х*******, Б.Ц*******  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

 9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Н*******, Т.Х*******, Б.Ц******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ЦЭРЭНХАНД