Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/52

 

                                        

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.Ц

          Улсын яллагч М.Ү

          Хохирогчийн өмгөөлөгч Б.А

          Шүүгдэгч С.Ө нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ө-д холбогдох эрүүгийн ...дугаартай хэргийг 2022 оны  02 дугаар сарын 15-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн ..оны 8 сарын 16-ны өдөр .. аймгийн .. суманд төрсөн, 47 настай,  эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Удирдах байрны операторч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт .. аймгийн ..н сумын 6-р баг Боржигоны 15-2 тоотод оршин суух, Т овогт С-ийн Ө/ЗЮ74081671/.

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч С.Ө нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 25-78 УАВ улсын дугаартай, Toyota corolla fielder маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр буюу зүүн хойд шалган нэвтрүүлэх постны зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Мөн дүрмийн 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зогсож байсан Toyota landcrusier 200 маркийн 00-07 ДУН улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, өөрийн машинд зорчиж явсан Ц.Ө-ынэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

         Шүүгдэгч С.Ө шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Миний буруу, би маш их гэмшиж байна. Хохирлыг төлж барагдуулна.” гэв.      

 

        Хохирогч Ц.Ө-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр манай ажил дээр тэмцээн болсон юм. Улаанбаатар хотоос ирсэн шүүгч, дарга нарыг цайлаад ирсэн хүмүүсийг гаргаж өгөх болоод Ө машинаа бариад, би машин дотор хойд суудал дээр Батсайхантай хамт суусан. Тэгээд Ө ах машинаа бариад, би зөөлөн яв гэж хэлж байсан. Батсайхан бид хоёр хоорондоо юм яриад явж байтал постны урд асфальтан зам дээр зогсож байсан ланд 200 маркийн машины араас Ө машинаараа мөргөчихсөн. Буух гэсэн чинь миний гар хугарчихсан байсан. Мөргөх явцад түс гээд дуу гарсан тэгээд манараад явчихсан. Би урд чинь машин гэж хэлсэн чинь очоод мөргөчихсөн. Улаанбаатар хот явж үзүүлсэн зүүн булчин хэсэгт хугарсан байна гэж хэлсэн. 2-3 хоногийн дараа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс эмч ирж үзээд явсан. Эмч үзсэний дараа 2021 оны 11 сарын 19-ний өдөр бие өвдөөд босч сууж болохгүй болохоор нь эмчид хэлсэн чинь томографид үзүүл гэсэн. Тэгээд үзүүлсэн чинь миний 3 хавирга хугаралттай, уушгины эдийн няцралтай, хий дүүрэлттэй байна гэж хэлээд дүгнэлт гаргаж өгсөн. Одоо эмнэлгээс гарсан, өдөр бүр боолгож янзлуулж байна. Миний гарын хугарлын эдгэрэлтээс хамаарч дахин хагалгаанд орох эсэхийг шийддэг гэсэн. Харин бусад гэмтэл нь эмчилгээ хийлгэнэ гэж байсан. Хагалгаанд орохгүй юм шиг байна лээ. Би өөрт учирсан гэмтлийн зардал, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Эмчилгээнд гарсан мөнгө, зардлын баримтыг цуглуулж байгаа, шүүх юм уу прокурорын шатанд баримтаа гаргаж өгнө. Миний эмчилгээнд гарсан зардал мөнгийг Ө өгөх юм бол надад ямар нэгэн гомдол байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 27/

 

Гэрч С.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 11 сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн хүмүүс нь явахаар болсон чинь С.Ө ах гаргаж өгье гээд өөрийнхөө машиныг жолоодоод арын суудлын зүүн талд нь би, баруун талд нь Ц.Өнөрбаатар ах суусан. Тэгээд зүүн хойно байх пост руу явж байгаад постны урд талд Ц.Өнөрбаатар ахтай юм яриад машин дотор явж байсан чинь тас гээд дуу гарсан. Машинаас буугаад харсан чинь С.Ө ах ланд 200 маркийн машины араас мөргөчихсөн байсан. Тэгээд түргэний эмч ирээд С.Ө ахыг аваад эмнэлэг рүү явсан. Миний биед тухайн өдөр зам тээврийн осолд орсны улмаас гэмтэл шарх учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй, гэмтлийн зэрэг тогтоолгохгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 31/

 

                  Гэрч Э.Ч-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 11 сарын 12-ны орой 19 цаг 30 минутын үед Улаанбаатар хот руу гарах гээд ... сумын зүүн хойд талын пост дээр очтол 2-3 том машин оочирлочихсон байхаар нь ард нь ирээд оочирлоод зогсож байтал араас нэг машин ирээд мөргөсөн. Тэгээд би буугаад харсан чинь миний машины араас саарал өнгийн суудлын машин мөргөөд урд хэсэг нь нэлээд эвдэрчихсэн харагдсан. Миний машины хойд буфер хагарсан. Нөгөө машин дотроос 3 цэргийн ангийн хувцастай залуучууд нэг нь гараа бариад, нөгөөх нь эгмээ бариад жолооч талын хаалганы хажууд зогсож байсан залуу эгмээ бариад уучлаарай араас нь мөргөчихлөө гэж хэлсэн. Миний машины арын буфер нь эвдэрсэн. Өгэх хүн нь машины арын буферыг шинээр авч будуулж янзалж өгсөн. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Дундговь аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байгаа юм. Манай байгууллага хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцох шаардлага байхгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 33/

 

        Гэрч С.Ө-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би С.Ө гэх хүний төрсөн дүү нь байгаа юм.  Ах маань цэргийн ангид 28 жил ажиллаж байна. Бичиг үсгийн чадвар сайтай, ой тогтоолт сайн, гарын ур дүй сайтай, ажил албандаа сайн хүн байгаа юм.  Манай ах Ө машин лизингээр худалдаж авах гээд 2019 билүү 2020 онд банк бус санхүүгийн байгууллагад хандсан чинь орлого нь нотлогдохгүй байна гэсэн. Тэгээд миний нэр дээр машин авахаар болоод би “Мөнгөн зоос крөдит” банк бус санхүүгээс өөрийн Хаан банкны дансны хуулгыг үзүүлээд манай ах С.Ө хамтран зээлдэгчээр ороод урьдчилгаа мөнгийг нь ах өөрөө өгөөд зээлж авч байсан. Зээлийн төлөлтийг Ө ах өөрөө хийж байгаа. Би өөрийн нэр дээр зээл авч өгсөн болохоос манай ах Ө-ийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Мөнгөн зоос кредит ББСБ-д С.Ө ах өөрөө сарын төлөлт хийгээд явдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 29/

 

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 сарын 22-ны өдрийн 11404 дугаартай:

          1. Ц.Ө-ын биед зүүн гарын атгаал ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3.Дээрх гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

           4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40/

 

          Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 04 дугаартай:

         “1.Шинжээч эмч Т.Ч-ын гаргасан 11404 дугаартай дүгнэлт өөрчлөгдөхгүй. Нэмэлтээр ирүүлсэн материалаар Ц.Ө-ын биед баруун далны тогооны сэлтэрсэн хугарал, баруун талын 2,3, 6-р хавирганы хугарал, баруун уушгины няцрал гэмтэл тогтоогдлоо.

        2.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна.

         3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

         4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.  Дээрх гэмтлүүд нь нийлээд болон тус тусдаа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

         5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

         6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 48-50/  

         Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 2/

         С.Ө-ийн согтуурлыг багажаар шалгахад 1.80% байсан тухай тэмдэглэл /хх-ийн 3/

         Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-14/

         Хэрэг осол болсон газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 15/

         Зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-22/

        С.Ө-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 71/

         2021 оны 11 сарын 10-ны өдрийн 17 дугаартай: “2578 УАВ улсын дугаартай “Toyota Corolla Fielder” маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Мөн дүрмийн 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн.” гэх мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 80/

         25-78 УАВ улсын дугаартай Тоёота королла филдер маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 167/

          Дундговь аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 12 сарын 20-ны өдрийн1/513 дугаартай: “Эрүүгийн 2122000000196 дугаартай хэрэгт иргэний нэхэмжлэл гаргахгүй.” гэх албан бичиг /хх-ийн 86/

        2022 оны 02 сарын 09-ний өдрийн 22/11 дугаартай: Мөнгөн зоос кредит ББСБ ХХ-ийн “Тус ББСБ-н зээлдэгч С.Ө, С.Ө нар нь 2014 онд үйлдвэрлэсэн Toyota Corolla Fielder маркийн ... тоот арлын дугаартай Мөнгөлөг өнгөтэй, 2019.09.12-нд Монголд орж ирсэн ... улсын дугаартай, суудлын автомашиныг барьцаалж авсан зээлийг бүрэн төлж барагдуулсан болно.” гэх  тодорхойлолт /хх-ийн 166/

         Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/

         Хохирогч Ц.Ө-аас ирүүлсэн хохирлын баримтууд /хх-ийн 87-120/

         Шүүгдэгч С.Ө-ийн хохирогч Ц.Ө-т хохирол төлсөн тухай баримт /дансны хуулга/ /хх-ийн 132/

        Хохирогч Ц.Ө-ын шүүхэд ирүүлсэн хүсэлт /хх-ийн 139/

        Ашид билгүүн ХХК-ий хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 161-162/

        Шүүгдэгч С.Ө-ийн Хаан банкны дансны хуулга /хх-ийн 165/

        Хохирогчоос ирүүлсэн 650.000 төгрөгийн үнийн дүн бүхий зочид буудлын баримт /хх-ийн 140/

        Хохирогчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирогч Ц.Ө-ын цалингийн тодорхойлолт, 134.461 төгрөгийн үнийн дүн бүхий шатахуун худалдан авсан баримт 2 ширхэг болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг шинжлэн судлав.

 

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

          Шүүгдэгч С.Ө нь  2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 25-78 УАВ улсын дугаартай, Toyota corolla fielder маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад ...аймгийн ...сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр зүүн хойд шалган нэвтрүүлэх постны зам дээр “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Мөн дүрмийн 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас урдаа зогсож байсан Toyota landcrusier 200 маркийн 00-07 ДУН улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, өөрийн машинд зорчиж явсан Ц.Ө-ын эрүүл мэндэд “зүүн гарын атгаал ясны далд хугарал, баруун далны тогооны сэлтэрсэн хугарал, баруун талын 2,3, 6-р хавирганы хугарал, баруун уушгины няцрал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

         шүүгдэгч С.Ө-ийн шүүхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Миний буруу, маш их гэмшиж байна.” гэх,

          хохирогч Ц.Ө-ын: “2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр манай ажил дээр тэмцээн болсон юм. Улаанбаатар хотоос ирсэн шүүгч, дарга нарыг цайлаад ирсэн хүмүүсийг гаргаж өгөх болоод Ө машинаа бариад би машин дотор нь хойд суудал дээр Батсайхантай хамт суусан. Тэгээд Ө ах машинаа бариад, би зөөлөн яв гэж хэлж байсан. Батсайхан бид хоёр хоорондоо юм яриад явж байтал постны урд асфальтан зам дээр зогсож байсан ланд 200 маркийн машины араас Ө машинаараа мөргөчихсөн. Буух гэсэн чинь миний гар хугарчихсан байсан. Улаанбаатар хот явж үзүүлсэн чинь зүүн булчин хэсэгт хугарсан байна гэж хэлсэн. ....томографид үзүүл гэхээр нь үзүүлсэн чинь миний 3 хавирга хугаралттай, уушгины эдийн няцралтай, хий дүүрэлттэй байна гэж хэлээд дүгнэлт гаргаж өгсөн.” гэх,

гэрч С.Б-ны: “.... Ц.Ө ахтай юм яриад машин дотор явж байсан чинь тас гээд дуу гарсан. Машинаас буугаад харсан чинь С.Ө ах ланд 200 маркийн машины араас мөргөчихсөн байсан. Тэгээд түргэний эмч ирээд С.Ө ахыг аваад эмнэлэг рүү явсан.” гэх,

          гэрч Э.Ч-ийн: “2021 оны 11 сарын 12-ны орой 19 цаг 30 минутын үед би Улаанбаатар хот гарах гээд ... сумын зүүн хойд талын пост дээр ирэхэд 2-3 том машин оочирлочихсон байхаар нь ард нь ирээд оочирлоод зогсож байтал араас нэг машин ирээд мөргөсөн. Нөгөө машин дотроос 3 цэргийн ангийн хувцастай залуучууд нэг нь гараа бариад, нөгөөх нь эгмээ бариад жолооч талын хаалганы хажууд зогсож байсан залуу эгмээ бариад уучлаарай араас нь мөргөчихлөө гэж хэлсэн. Миний машины арын буфер нь эвдэрсэн. Өгэх хүн машины арын буфер шинээр авч, будуулж янзалж өгсөн. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх,

       гэрч С.Ө-ын: “Би С.Ө гэх хүний төрсөн дүү нь байгаа юм.  Манай ах Ө машин лизингээр худалдаж авах гээд 2019 билүү 2020 онд банк бус санхүүгийн байгууллагад хандсан чинь орлого нь нотлогдохгүй байна гэсэн. ...“Мөнгөн зоос крөдит” банк бус санхүүгээс өөрийн Хаан банкны дансны хуулгыг үзүүлээд манай ах С.Ө хамтран зээлдэгчээр ороод урьдчилгаа мөнгийг нь ах өөрөө өгөөд зээлж авч байсан. Зээлийн төлөлтийг Өах өөрөө хийж байгаа. ...манай ах Ө-ийн тээврийн хэрэгсэл байгаа юм.” гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 сарын 22-ны өдрийн 11404 дугаартай “...Ц.Ө-ын биед зүүн гарын атгаал ясны далд хугарал” гэмтэл учирсныг тогтоосон, мөн Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 сарын 15-ны өдрийн 04 дугаартай нэмэлт шинжилгээ хийсэн “Ц.Ө-ын биед баруун далны тогооны сэлтэрсэн хугарал, баруун талын 2,3,6 дугаар хавирганы хугарал, баруун уушигны няцрал” бүхий хүндэвтэр хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг осол болсон газар хэмжилт хийсэн бүдүүвч, зам тээврийн осол дээр тогтоосон акт, согтуурал шалгасан тухай тэмдэглэл, “2578 УАВ улсын дугаартай “Toyota Corolla Fielder” маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Мөн дүрмийн 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн.” гэх мөрдөгчийн магадлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Ө-ийн дээрх үйлдэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж дүгнэлээ.

 

          Шүүгдэгч С.Ө-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүх шүүгдэгч С.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2  дахь хэсгийн 2.1-д заасан заасан “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

         

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

 

         Шүүгдэгч С.Ө-ийн үйлдлийн улмаас хохирогч Ц.Ө-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хавтаст хэрэгт хохирогчоос эрүүл мэндийн хохиролтой холбоотой 759.623 төгрөгийн баримтыг гаргаж өгснийг шүүгдэгчийн зүгээс 1.000.000 төгрөг төлсөн байна.

          Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөс хохирогч Ц.Өнөрбаатар нь 2021 оны 12 сарын 02-ноос 2021 оны 12 сарын 15-ны өдрийн хугацаанд 13 хоног буудалд байрласан /эмнэлгийн үйлчилгээ авах, боолт хийлгэх зорилгоор/ зардал 650.000 төгрөг, хонины махны үнэ 230.000 төгрөг, шатахууны зардал 134.461 төгрөг, цалингийн зөрүү 504.203 төгрөг нийт 1.518.664 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч С.Ө бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

 

          Мөн хохирогчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд хохирогч Ц.Өнөрбаатар нь цаашид гарынхаа хадаасыг авахуулах, түүнчлэн цэргийн алба хаагч учир эрүүл мэндийн байдлаасаа болоод хугацаанаасаа өмнө чөлөөлөгдвөл тэтгэврийн асуудал яригдах тул цаашид гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэж тайлбарлаж байна.

         Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Өнөрбаатар нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг нээлттэй үлдээв.

 

  Эрүүгийн хариуцлагын талаар:

 

       Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн  хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

         

            Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн элэгний хорт хавдар өвчний улмаас хэвтэрт байгаа 72 настай ээжийгээ сахиж байгаа гэх хувийн байдлыг харгалзан Эрүүгийн  хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэв.

 

             Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

          Шүүгдэгч С.Ө нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогчид 1.000.000 төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч Т овогт С-ийн Ө-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

           

          2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т овогт С-ийн Ө-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.Ө-д шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ө нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулсугай.

 

          5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ө-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

          6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ц.Өнөрбаатарт 1.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

          7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ө-аас 1.518.664 төгрөг гаргуулан хохирогч Ц.Өнөрбаатарт олгосугай.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Ө нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заасугай.

 

          9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           З.У