Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2423

 

 

“Н ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/02866 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Н.К ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ц” ХХК, Н.Б, Э.Б, Б.П нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 124 327 918.17 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй,

2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 106200048 тоот баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.Э-ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Э,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.Э-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Э,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Э-ийн өмгөөлөгч Н.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц” ХХК, Н.Б, Э.Б, Б.П, Д.Э, Л.Э, Э.Э, Э.Э, Э.Э нар нь 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Н.К ББСБ” ХХК-тай 106200048 тоот зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар эргүүлэн төлөхөөр харилцан тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдрийн 106200048 тоот баталгаат ипотекийн гэрээгээр Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороолол, 6 дугаар байрны 106 тоот, улсын бүртгэлийн Ү-2203004603 дугаартай, Г-8934 гэрчилгээний дугаартай, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Хариуцагч нар нь зээлийн гэрээ байгуулснаас хойш 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 49 933 350,74 төгрөг, үндсэн хүүд 61 983 932,8 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 12 410 635,64 төгрөг, нийт 124 327 918,17 төгрөгийг төлөөгүй. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээнд заасны дагуу гэрээний үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон тул дээр дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна. Иймд хариуцагч “Ц” ХХК, Н.Б, Э.Б, Б.П нараас зээлийн гэрээний гүйцэтгэлд 124 327 918,17 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороолол, 6 дугаар байрны 106 тоот, улсын бүртгэлийн Ү-2203004603 дугаартай Г-8934 дугаар гэрчилгээтэй 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ хариуцагч Д.Э, Л.Э, Э.Э, Э.Э, Э.Э нарыг оролцуулахаас татгалзсан гэжээ.

 

Хариуцагч “Ц” ХХК-ийн төлөөлөгч Н.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани тус байгууллагаас 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 106200048 тоот зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлсэн. Эдийн засаг, санхүүгийн хямралт байдлаас хамааран зээл, хүүг хуваарийн дагуу төлж чадаагүй. Манай компани зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг чармайн ажиллаж байгаа боловч хамтран ажиллагч байгууллага болон хувь хүмүүс санхүүгийн хүндрэлтэй байдалд орсон тухайгаа мэдэгдэж байгаа, нөгөө талаас барилга, орон сууцны худалдан авалт борлуулалт зогсоод байгаа зэрэг хүндрэлтэй байдлууд аргагүй нөлөөлж байна. Нэхэмжлэгч “Н.К" ББСБ” ХХК-ийн зүгээс зээл, хүүгийн асуудлыг хөнгөлж өгөх бололцоотой эсэхийг тодруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...ББСБ-д очиход манай дүү нар оччихсон ээлжээрээ гарын үсэг зурж байсан. Би араас нь гарын үсэг зурсан. Гэрээнд гарын үсэг зурах үед гэрээтэй огт танилцаагүй. Одоо миний бие “Ц” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байхаа больсон. Зээлээр авсан мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Тэр мөнгө хорооллын барилгад зарцуулагдсан. Иймд энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Н.Б, Б.П нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч “Ц” ХХК-ийн өмгөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б, Б.П нар нь иргэний хувьд зээл аваагүй. Ц ХХК нь зээлийг авч ашигласан. Зээлийг судалж байсан баримтаар компанид зээл олгосон нь тогтоогддог. Иргэний хуулийн 282 дугаар зүйлд зааснаар зээл аваагүй. Мөн компани нь 50 саяын зээл аваагүй. 49 500 000 төгрөгийн зээл авсан байдаг. Зах зээл хямарсан тул зээлээ төлөөгүй байдаг. Зээл авах үед Н.Б, Б.П, Э.Б нар хувьцаа эзэмшигч байсан. Компани зээл авсан талаар маргахгүй. Харин хүү, нэмэгдүүлсэн хүү нь үндэслэлгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгчээс илүү хүү нэхдэг. Үйл ажиллагааны хувьд компанийн 3 хувьцаа эзэмшигч нар нь хамтын шийдвэрээр энэ шийдвэрийг гаргасан. Н.Б ганцаараа шийдвэр гаргаагүй, Э.Б нь хүртэл зээл аваад байрыг барьцаанд тавихад хамтын шийдвэр гаргасан. Э.Б нь компаниас гарахдаа өр авлагаа тохиролцоод хувааж авсан. Тохиролцоо буюу нэрлэгдээгүй гэрээгээр Э.Б үндсэн зээлийн 50 саяыг хариуцах ёстой байсан тул энэ маргаан нь Э.Б-тэй холбоотой. Нэхэмжлэгч байраар зээлээ төлье гэхэд энэ талаар ямар нэг үйлдэл хийгээгүй нь нэхэмжлэгчийн буруугаас хүү, нэмэгдүүлсэн хүү нэмэгдсэн гэж үзэж байна. Хүү, нэмэгдүүлсэн хүүг ямар хуулийн дагуу тооцоод байгаа нь тодорхойгүй байна. Эрхгүй этгээд зээлийн гэрээ байгуулсан гэжээ.

 

Хариуцагч Н.Б, Б.П нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: "Ц" ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр "Н ББСБ” ХХК-тай зээлийн 106200048 тоот гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг 30 хоногт 4 хувийн хүүтэй зээлсэн. 2015 оны 5 дугаар сард компанийн хувьцаа эзэмшигч нарын хурал хуралдаж, хувьцаа эзэмшигч Э.Б-ийн гаргасан хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэсэн. Уг шийдвэрээр компанийн өглөг, авлагыг харилцан тооцож, акт үйлдэж, тохиролцсон. Э.Б өөрийнхөө хувьцааг хувьцаа эзэмшигч Б.П, Н.Б нарт шилжүүлж, оронд нь охин компани болох "Буянт метал" ХХК-ийн 60 хувийг өөртөө шилжүүлэн авч, таван этгээдэд төлөх 100 000 000 төгрөгийн үүргийг Э.Б өөрөө хариуцан барагдуулахаар шилжүүлэн авсаны дотор "Н ББСБ” ХХК-ийн 50 сая төгрөгийн үндсэн зээлийн гэрээний үүрэг орсон. Энэ тухай "Ц" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр "Н ББСБ” ХХК-д албан ёсоор мэдэгдсэн. "Н ББСБ” ХХК-ийн 50 000 000 төгрөгийн зээлийн гэрээний төлбөр хариуцагч нь Э.Б болохыг тогтоолгуулах шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай гэр бүлийн дундын өмчлөлийн орон сууцыг манай хамаатны “Ц” ХХК-ний захирал Н.Б ааваар дамжуулан гуйсаар аавыг ятгаж барьцаанд тавиулахыг зөвшөөрүүлсэн. Аав ахдаа туслах хэрэгтэй байраа барьцаанд тавихыг зөвшөөрөх хэрэгтэй гэснээр аавынхаа үгэнд орж манай гэр бүлийнхэн зөвхөн барьцаанд тавихыг зөвшөөрсөн. Гэвч Н.Б нь өмнө нь энэ байрыг бас тавьж бөөн хэрүүл болж буцааж авч өгч байсан учир миний бие энэ удаа огт үгүй гэж эсэргүүцсэн. Иймд би гэр бүлийн байраа “Ц” ХХК-ийн захирал Н.Б ипотекийн эрх өгөөгүй мөн барьцаанд тавихыг зөвшөөрөөгүй. Манай гэр бүлийн миний дундын өмчлөлийн орон сууцнаас миний зөвшөөрлийг аваагүй барьцаанд тавьсан байх тул баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцоож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүд болох Д.Э, Л.Э, Э.Э, Э.Э нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 6 дугаар байрны 106 тоот орон сууцаар хангуулах тухай шаардлага гаргасан байна. Тус барьцаа хөрөнгө болох орон сууц нь Э.Э, хариуцагч Э.Б болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Э, Д.Э, Э.Э, Э.Э бидний дундын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болно. Дээрх орон сууцыг манай хамаатны хүн болох “Ц” ХХК-ийн захирал Н.Б нь манай компанийн хорооллын эцэст барьж буй орон сууцны барилга хөрөнгө мөнгөгүйн улмаас зогсоход хүрээд байна. Танай байрыг барьцаанд тавиад тус орон сууцыг хурдан ашиглалтанд оруулах хэрэгтэй байна. Баригдаж буй орон сууцнаас орох ашгаар байрыг чинь чөлөөлж өгнө гэж удаа дараа гуйсныг бид зөвшөөрөн гэр бүлийн дундын өмчлөлийн орон сууцаа зөвхөн барьцаанд тавихыг зөвшөөрсөн. Манай гэр бүлийн гишүүн болох Э.Э нь дундын өмчлөлийн орон сууцыг болох “Ц” ХХК-ийн захирал Н.Б-ын гуйсны дагуу барьцаанд тавихыг анхнаас нь зөвшөөрөөгүй. Бид өөрсдийн гэр бүлийн өмчлөлийн орон сууцыг “Ц” ХХК-ийг л барьцаанд тавихыг зөвшөөрсөн. Зээлийг зөвхөн “Ц” ХХК хариуцах ёстой. Иргэн Н.Б, Б.П, Э.Б нар нь тус зээлийн хариуцлагыг хүлээх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд бид “Ц” ХХК-д ипотекийн эрх өгөөгүй учир тус компанийн авсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бидний орон сууцаар хангуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хариуцагч “Ц” ХХК-иас 121 224 284 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Н.К” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 103 634.17 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч Н.Б, Э.Б, Б.П нарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь, гуравдагч этгээд Э.Э-ны 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 106200048 дугаар баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ц ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороолол, 6 дугаар байр, 106 тоот, 2 өрөө, эрхийн Y-2203004603 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Хариуцагч Ц ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэлалбадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч Н ХХК-ийн 1 432 050 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.Э-ны 458 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц ХХК-иас 764 071 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Н.Б-т итгэмжлэл өгөх юм байна гэж ойлгож байсан. Бид анхнаасаа “Ц” ХХК-д өөрсдийн орон сууцаа барьцаанд тавихыг зөвшөөрөөгүй. Би “Н.К ББСБ” ХХК-ийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн хэлцэлд гарын үсгээ зураагүй, нотариатын газарт очоогүй. Эдгээр байдлууд нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд миний болоод манай гэр бүлийнхний шүүх хуралдааны үед гаргасан тайлбар Чингэлтэй дүүргийн нотариатын бүртгэл зэргээр нотлогдож байна. Иймд би гэр бүлийн байраа “Ц" ХХК-д барьцаанд тавихыг зөвшөөрөөгүй ипотекийн эрх ч өгөөгүй тул манай гэр бүлийн миний дундын өмчлөлийн орон сууцыг чөлөөлж баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч “Н.К ББСБ” ХХК хариуцагч “Ц” ХХК, Н.Б, Э.Б, Б.П нарт холбогуулан зээлийн гэрээний үүрэгт 124 327 918.17 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч “Н.К ББСБ” ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 106200048 тоот зээлийн гэрээгээр хариуцагч “Ц” ХХК, хамтран зээлдэгч Н.Б, Э.Б, Б.П нарт 50 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, бараа материал татах зориулалтаар зээлдүүлж, 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 106200048 тоот баталгаат ипотекийн гэрээгээр Э.Э, Э.Э, Э.Э, Э.Б, Л.Э, Д.Э нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203004603 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороолол, 6-р байр 106 тоот, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 13-20 дугаар талд авагдсан зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээ, эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөгчийн зөвшөөрөл, зээл хүсэгчийн анкет, зээл хүсэгчийн өргөдөл зэрэг бичгийн баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

Дээрх зээл болон баталгаат ипотекийн гэрээ байгуулагдсан, уг гэрээнүүдийн дагуу 49 500 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагч нарт шилжүүлсэн, хариуцагч 5 733 316 төгрөгийг зээл, зээлийн хүүд төлсөн талаарх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ. Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.12-т зээл буцаан төлөх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үлдсэн нийт зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч үл маргах журмаар ББСБ-д энэхүү гэрээний 2.4-т зааснаар 0,8 хувиар төлнө. Зээлдэгч баталсан хуваарийн дагуу үндсэн зээл төлөөгүй өдрийн дараагийн өдрөөс эхлэн хугацаа хэтрэлт тооцож нэмэгдүүлсэн хүүг тооцож авна. Гэрээний хугацаа дууссан тохиолдолд үндсэн зээлийн төлөгдөөгүй нийт өрийн үлдэгдлээс зээл төлөгдөж дуустал хүүг 2.3-т зааснаар нэмэгдүүлсэн хүүг 2.4-т зааснаар тус тус тооцож авахаар тохиролцсон байна.

 

Гэрээний дагуу үүрэг хүлээсэн зээлдэгч буюу хариуцагч нар Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгэх ёстой бөгөөд нэхэмжлэгч гэрээнд заасан үүргийн гүйцэтгэл болон хугацаа хэтэрсэнтэй холбоотой үүсэх нэмэлт үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх хариуцагч “Ц” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 49 500 000 төгрөг, зээлийн хүү 60 794 654.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 929 629.30 төгрөг, нийт 121 224 284 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ц” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороолол, 6 дугаар байр, 106 тоот, 2 өрөө, эрхийн Y-2203004603 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болжээ.

 

Нэхэмжлэгч “Н.К ББСБ” ХХК хариуцагчаар “Ц” ХХК, Н.Б, Э.Б, Б.П нарыг татсан боловч шүүх зээлийн гэрээний төлбөрийг “Ц” ХХК-д хариуцуулж, хариуцагч Н.Б, Э.Б, Б.П нарыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүргээс чөлөөлсөн талаар зохигч гомдол гаргаагүй нь талуудын  зарчмыг зөрчихгүй гэж үзэв.

 

Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан атлаа дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь учир дутагдалтай болжээ. Хариуцагч Н.Б Б.П нар нэхэмжлэгч “Н.К ББСБ” ХХК-д холбогдуулж Э.Б-ийг зээлийн гэрээний хариуцагч болохыг тогтоолгох тухай шаардлага гаргасныг сөрөг нэхэмжлэл гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан татгалзлалын үндэслэл байх тул шийдвэрлэх шаардлагагүй болно.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Д.Э, Л.Э, Э.Э, Э.Э нарыг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр Э.Э-ыг оролцуулсан бөгөөд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.Э 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 106200048 тоот баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардлага гаргажээ.

 

            Баталгаат ипотекийн гэрээний хувьд талууд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах талаар харилцан тохиролцсон, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл болж, бичгээр байгуулсан тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хэлцэл хийсэн, хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.Э баталгаат ипотекийн гэрээнд гарын үсэг зурахдаа уг гэрээний агуулгыг ойлгоогүй, төөрөгдсөн, зохих этгээдийн зөвшөөрлийг аваагүй гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл байхгүй байна. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Дээрх үндэслэлээр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/02866 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.Э-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 458 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         С.ЭНХТӨР

 

                                                                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ