Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2019/ДШМ/256

 

 

 

 

 

 

                              

 

Н.Ө-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Эрхэмбаяр,

шүүгдэгч Н.Ө-ын өмгөөлөгч Г.Энхболд,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Т.Нансалмаагийн бичсэн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 6 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Н.Ө-д холбогдох 1708025661371 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Боржигон овгийн Н-н Ө, 1991 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 6-7-00 тоотод оршин суух бүртгэлтэй,

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 12 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д зааснаар эдлээгүй үлдсэн 10 жил 3 сар 8 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 13 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн;

            Н.Ө нь согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Б-ны хэвлийн тус газар нь зэвсэг буюу хутгаар 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь "хэвлийн хөндийд нэвтэрч элэг гэмтээсэн, хатгагдаж, зүсэгдсэн шарх" бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

            2017 оны 9 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн У.Н-тэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

            2017 оны 10 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 8а байрны орчим иргэн Н.М-ийн эд хөрөнгийг авахаар довтлохдоо эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, “Самсунг галакси эс 4” загварын гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Ө 2017 оны 10 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 8а байрны орчимд иргэн Н.М-ийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан, “Самсунг Эс 4 галакси” загварын гар утсыг дээрэмдсэн гэх хэргээс хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийг прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолоор гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жил өнгөрсөн тул яллагдагчаар татах хууль зүйн үндэслэлгүй байна /2 хх 165-166/ гэж дүгнэн шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байна.

Шүүгдэгч Н.Ө нь 2017 оны 9 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутагт иргэн У.Н-тэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар татагдан, мэдүүлэг өгсөн болох нь Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 236 дугаар тогтоол /1 хх 177/-оор болон Н.Ө-ын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэг /1 хх 178/-ээр тогтоогдов.

Мөн яллагдагч Н.Ө нь 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэл оргон зайлсан болох нь хэрэгт авагдсан оргодол эрэн сурвалжлах Асап сангийн мэдээлэл /2 хх 6-12/, Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн "Хүн эрэн сурвалжлах тухай" шийдвэр /2 хх 61, 62-63/, илтгэх хуудас /2 хх 64, 65, 66, 74/, эрэн сурвалжлах тэмдэглэл /2 хх 67-68, 69-70/, прокурорын 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн "Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай" 9 дүгээр тогтоол /2 хх 72/, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн "Эрэн сурвалжлах ажиллагаа явуулах тухай" 4 дүгээр тогтоол /2 хх 73/, сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай тогтоол /2 хх 158/, сэжигтнийг баривчилсан тэмдэглэл /2 хх 157/ зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "...Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож, уг этгээд баригдсан ...өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно" гэж, 3 дахь хэсэгт "Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэрэг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно" гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Өын 2017 оны 10 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө иргэн Н.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэрэг үйлдсэн үеэс буюу 2017 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө иргэн Б.Б-ны хэвлийн тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн хугацаанаас шинээр тоолох, мөн 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс оргон зайлсан тул хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, баригдсан өдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Н.Ө-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул мөрдөн шалгах /яллагдагчаар татах, мэдүүлэг авах, хэргийн зүйлчлэлийг зөвтгөх/ ажиллагаа хийлгэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн /үндэслэлгүйгээр яллагдагчаар татаагүй/ зөрчлийг арилгуулахаар прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Т.Нансалмаа бичсэн эсэргүүцэлдээ: “...Нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүхийн тогтоолыг дараах үндэслэлээр няцааж байна.

Шүүгдэгч Н.Ө нь 2017 оны 9 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутагт иргэн У.Н-тэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг танилцуулж мэдүүлэг авсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "...Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож, уг этгээд баригдсан ...өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно" гэж заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт яллагдагч гэдэг нь "энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг хэлнэ" гэж заасан.

Гэтэл шүүгдэгч Н.Ө нь 2017 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 9-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 8а байрны орчим иргэн Н.М-ийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан, “Самсунг Эс-4 галакси” загварын гар утсыг дээрэмдсэн үйлдэлд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, 2017 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Б-ны хэвлийн тус газар нь зэвсэг буюу хутгаар 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь "хэвлийн хөндийд нэвтэрч, элэг гэмтээсэн, хатгагдаж, зүсэгдсэн шарх, гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан” үйлдэлд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж, дээрх хэргүүдийг 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нэгтгэсэн.

Өөрөөр хэлбэл, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Н.Ө-ыг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас өмнө 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Н.М-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон тул Н.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах үндэслэлгүй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтыг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэжээ.

Прокурор Б.Эрхэмбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Гол үндэслэл нь Н.Ө нь Дархан-Уул аймагт үйлдэгдсэн 3 хэрэгт яллагдагчаар татагдсан байсан. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт үйлдэгдсэн 2 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй байсан. Иймд улсын яллагчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацааг тасрахгүй гэж үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож, уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно.” гэж заасан. Иймд яллагдагчаар татагдаагүй байсан учраас хөөн хэлэлцэх хугацаа тасрахгүй. Яллагдагч гэдэг нь “Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг хэлнэ” гэж заасан байгаа учраас энэ 2 хэрэгт яллагдагчаар татагдаагүй байсан гэдгийг нотолж байна. Харин шүүхийн тогтоолд заасан шинээр тоолох зохицуулалтыг хүлээн зөвшөөрч байна. Гол нь өмнөх оргон зайлсан хэрэг дээр Сонгинохайрхан дүүрэгт үйлдэгдсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тасрахгүй гэдгийг эсэргүүцэлдээ дүгнэж бичсэн.” гэв.

Шүүгдэгч Н.Ө-ын өмгөөлөгч Г.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хамгийн сүүлийн хэрэг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр болсон. Н.Ө-ын үйлдсэн 3 хэрэг байгаа. Үйлдсэн хэргүүдийн хувьд 2017 оны 10 дугаар сарын 8-ны өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гээд хамгийн сүүлийн хэрэг үйлдэгдсэн байдаг. Эдгээр 3 хэргийн 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр үйлдэгдсэн хэрэгт 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар татагдсан. Энэ хөөн хэлэлцэх хугацаа нь 2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр дуусах байсан. Гэтэл 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс оргон зайлсан гэж прокуророос хэргийг түдгэлзүүлж, хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр сэргээсэн ба 87 хоногийн хугацаанд түдгэлзүүлсэн байдаг. Энэ хугацааг нэмэхээр 2018 оны 12 дугаар сард хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар байгаа. Анхан шатны шүүхээс хэргийг буцаасан үндэслэл нь Н.М-ийн хэрэг 2017 оны 10 дугаар сарын 8-ны өдөр үйлдэгдсэн. 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусах байсан гэдэг. Гэтэл уг хэрэг нь хэрэг бүртгэлтийн шатанд явж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагчаар татагдсан. 2017 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс хойш 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж байна. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан яллагдагчаар татах үндэслэлгүй гэж үзэж яллагдагчаар татахаас татгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь яллагдагчаар татаад, Дархан-Уул аймагт 2018 оны 12 дугаар сарын 8-ны өдөр үйлдсэн хэрэгтэй нь нэгтгэсэн байдаг. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийг баримтлахаар хамгийн сүүлд хэрэг үйлдсэн өдөр нь 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байна. Энэ хугацаа нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дуусах байтал 87 хоног буюу түдгэлзүүлсэн хугацааг нэмэхээр 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр дуусахаар байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан 2 гэмт хэрэг буюу Дархан-Уул аймагт үйлдэгдсэн Н.М-ийг дээрэмдэх үед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа нь хоёулаа 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөр дуусгавар болж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд “Н.Өад холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж үзэж, хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн тогтоол үндэслэл бүхий байна.

            Шүүгдэгч Н.Ө нь 2017 оны 10 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 8а байрны орчимд иргэн Н.М-ийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтлохдоо, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, “Самсунг Эс-4 галакси” загварын гар утсыг дээрэмдсэн гэх гэмт хэрэгт холбогдон шалгагдсан ба Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 170801951513170 дугаартай прокурорын тогтоолоор “...яллагдагч Н.Ө нь “хохирогч Н.М-т хүч хэрэглэн довтолж, хөнгөн хохирол учруулсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь үйлдэгдсэнээс хойш 1 жил өнгөрсөн байх тул яллагдагчаар татах хууль зүйн үндэслэлгүй байна. ...” гээд /2 хх 165-166/ хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож, уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно. ..." гэж заасан бөгөөд хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар яллагдагч Н.Ө нь 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэл оргон зайлсан болох нь оргодол эрэн сурвалжлах Асап сангийн мэдээлэл /2 хх 6-12/, Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн "Хүн эрэн сурвалжлах тухай" шийдвэр /2 хх 61, 62-63/, илтгэх хуудас /2 хх 64, 65, 66, 74/, эрэн сурвалжлах тэмдэглэл /2 хх 67-68, 69-70/, прокурорын 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн "Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай" 9 дугаартай тогтоол /2 хх 72/, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн "Эрэн сурвалжлах ажиллагаа явуулах тухай" 4 дугаартай тогтоол /2 хх 73/, сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай тогтоол /2 хх 158/, сэжигтнийг баривчилсан тэмдэглэл /2 хх 157/ зэргээр тогтоогдсон байхад иргэн Н.М-ийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно." гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.Ө-ын 2017 оны 9 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутагт иргэн У.Н-тэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, 2017 оны 10 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 8а байрны орчимд иргэн Н.М-ийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтлохдоо эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, “Самсунг галакси эс 4” загварын гар утсыг дээрэмдсэн гэх хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Б-ны хэвлийн тус газар нь зэвсэг буюу хутгаар 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь "хэвлийн хөндийд нэвтэрч элэг гэмтээсэн, хатгагдаж, зүсэгдсэн шарх, гэмтэл" бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх үйлдлээс шинээр хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь зүйтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Ө-ын 2017 оны 10 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө иргэн Н.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэрэг үйлдсэн үеэс буюу 2017 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө иргэн Б.Б-ны хэвлийн тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн хугацаанаас шинээр тоолох, мөн 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс оргон зайлсан тул хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, баригдсан өдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн тогтоол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

            Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаартай шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Т.Нансалмаагийн бичсэн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 6 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧ                                                                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ