| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 124/2020/0023/з |
| Дугаар | 15 |
| Огноо | 2020-09-25 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Шангас овгийн Ц.Б-ын гаргасан нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Сонгуулийн хороонд холбогдох,
Увс аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 12 дугаартай “Бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” тогтоолыг хүчингүй болгуулж, нэр дэвшигч Ц.Б-ыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч сонгох 2020 оны сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагч байгууллага болох Увс аймгийн Сонгуулийн хороог төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр сонгуулийн хорооны гишүүн Э.Н, Х.А ,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхээ эдлэхээр аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан шаардлага биелүүлэн Увс аймгийн Улаангом сумын 6-р багийг хамаарах 21-р тойрогт бие даан нэр дэвшихээр холбогдох материалыг Сонгуулийн хороонд хүргүүлсэн боловч сонгуулийн хороо намайг илтэд хавчин гадуурхаж намайг нэр дэвшихийг дэмжсэн хүмүүсийг дэмжээгүй мэтээр тоолж 57 хүнийг ямар нэг шалтгаанаар хасч намайг 201 хүний гарын үсэг зуруулаагүй гэж хассан байна. Би нийт 279 хүний гарын үсэг цуглуулсан. Аймгийн сонгуулийн хороо үүнээс 195 хүний гарын үсгийг хүчинтэй, үлдсэнийг нь хүчингүй гэж үзээд 201 ба түүнээс дээш хүний гарын үсгийг цуглуулаагүй гэж намайг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 21-р тойрогт нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Намайг дэмжиж гарын үсэг зурсан 279 хүнээс 26 хүний гарын үсгийг хувилсан маягтанд зуруулсан гэдэг үндэслэлээр сонгуулийн хорооны гишүүн Баярмаа хүлээн аваагүй. Би сонгуулийн хорооноос авсан маягтнаас 3 хуудсыг бүруу бичиж гарын үсэг зуруулсан учраас дахин 3 хуудсыг аймгийн сонгуулийн хорооноос авсан. Тэгээд миний гарын үсэг зуруулсан маягт дүүрсэн. Тэр үед амралтын өдөр байсан учраас сонгуулийн хорооноос дахин маягт авч чадаагүй. Тэгээд аль болох олон хүнээс гарын үсэг зуруулах үүднээс гарын үсэг зуруулаагүй маягтыг хувилаж 26 хүний гарын үсгийг нэмж зуруулсан аймгийн сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 32.2-т заасан эрхийг хангаагүй. Иймд Увс аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Ц.Б-ыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 21-р тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн Сонгуулийн хороонд даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Ц.Б Монгол Улсын үндсэн хуулийн дагуу сонгох сонгогдох эрхээ эдлэхээр 279 хүний гарын үсэг цуглуулан аймгийн сонгуулийн хороонд холбогдох баримтуудаа хүлээлгэн өгсөн. Тэгтэл аймгийн сонгуулийн хороо 26 хүнээр канондсан баримтанд гарын үсэг зуруулсан гэх үндэслэлээр хүлээн аваагүй, уг баримт хэрэгт авагдсан байгаа. Аймаг, нийслэл,сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэхтэй холбоотой баримт бичгийн маягт, загварыг батална гэж заасны дагуу баримт бичгийн загварыг Сонгуулийн ерөнхий хороо баталсан. Уг загварыг Ц.Б хувилсан болохоос шинээр баримт бичгийн загвар гаргаж, Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан загварыг өөрчилж гарын үсэг зуруулаагүй. Тийм учраас хувилсан баримт бичиг дээр гарын үсэг зуруулсан баримтыг хүлээж авахгүй байгаа Сонгуулийн хорооны ажилтны буруутай үйл ажиллагаа юм. Аймгийн Сонгуулийн хороо 253 хүний Ц.Б-ыг дэмжиж гарын үсэг зурсан баримтыг хүлээн авч нэг бүрчлэн шалгаад 199 хүний гарын үсэг ямар нэгэн зөрчилгүй байна гэж үзсэн. Энэ нь сонгуулийн хорооны хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Дараа нь 195 болж өөрчлөгдсөн. Сонгуулийн хороо гарын үсэг зурсан иргэдтэй утсаар ярьж тодруулахад гарын үсэг зураагүй гэж хариулсан учраас хассан байна. Аймаг, нийслэл,сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6-д Сонгуулийн хороо бие даан нэр дэвшигчийн цуглуулсан сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэхийг түүвэрлэн тулгах, тухайн иргэнтэй уулзаж нягтлан шалгана гэж заасан. Шүүхээс гарын үсэг зураагүй гэж утсаар хариулсан 4 хүнээс гэрчийн мэдүүлэг авахад, сонгуулийн хорооноос Ц.Б-ыг дэмжиж гарын үсэг зурсан эсэхийг асууж байна гэдгийг ойлгоогүй гэж хариулсан байна. Сонгуулийн хороо тухайн иргэдтэй утсаар ярихаасаа илүү хуульд заасны дагуу уулзаж нягтлан шалгах ёстой байсан. Хэрэг хянан шийдвэлэх ажиллагааны явцад гэрчүүдээс мэдүүлэг авсан ба бүгд Ц.Б-ыг дэмжиж гарын үсгээ зурсан гэдгээ мэдүүлсэн. Сонгуулийн хорооны хүчинтэй гэж үзсэн 195 хүний гарын үсэг дээр эдгээр иргэдийн гарын үсгийг нэмэхэд хуульд заасан 201 буюу түүнээс дээш иргэний гарын үсгийг цуглуулсан байх гэдэг шаардлагыг Ц.Б хангасан байна. Тийм учраас Ц.Б-ыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан аймгийн Соннгуулийн хорооны тогтоолыг хүчингүй болгож нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү”гэв.
Хариуцагч Увс аймгийн Сонгуулийн хороог төлөөлөн дарга У.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Орон нутгийн хурлын 2020 оны ээлжит сонгуульд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын оонгуульд Улаангом сумын 6 дугаар тойргоос бие даан нэрээ дэвшүүлсэн Ц.Б-ыг бүртгэхээс татгалзсан аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн 12 дугаартай тогтоолыг эс зөвшөөрч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Ц.Б нь СЕХ-оос баталсан сонгогчдын гарын үсэг зуруулах маягтад 254 хүний гарын үсэг зуруулсан маягт болон холбогдох бусад материалаа бүрдүүлж 2020 оны 9 дүгээр сарын 7-нд аймгийн Сонгуулийн хороонд хүлээлгэн өгсөн. Сонгуулийн хорооны хувьд бие даан нэрээ дэвшүүлэгчдийн материалыг хүлээн авснаас хойш Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.9-д заасныг үндэслэл болгон 7 хоногийн дотор нягтлан шалгах үүрэгтэй ба Ц.Б-ын сонгогчдын гарын үсэг зуруулсан хуудсуудыг шалгахад нэг нүд ямар нэгэн бүртгэлгүйгээр тоонд оруулсан байсныг хасаж 253 сонгогч дэмжсэн эсэхийг түүвэрлэх аргаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6-д заасны дагуу дэмжиж гарын үсэг зурсан сонгогчдын утасны дугаар луу залгаж гарын үсэг зурсан эсэхийг нь тулгаж, www.burtgel.gov.mn хаягаар регистрийн дугаараар нь шүүлт хийж тухайн сонгуулийн тойргийн сонгогч мөн эсэхийг нягтлан шалгаж, зөрчилтэй байж болох 57 сонгогчийн бүртгэл мэдээллийг баталгаажуулах зорилгоор Улсын бүртгэлийн хэлтэст албан бичгээр хандсан.
Тус хэлтсээс ирүүлсэн албан бичигт 54 сонгогч нь өөр тойргийн, мэдээлэл олдоогүй гэж 3 сонгогчийн мэдээлэл ирүүлсэн ба гарын үсэг зураагүй гэж утсаар мэдэгдсэн 4 сонгогчийн хувьд холбогдох байгууллагаас лавлагаа авах шаардлагагүй гэж үзэн албан бичигт тусгаагүй. Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 54 сонгогч, гарын үсэг зураагүй гэж 4 сонгогч нийт 58 сонгогчийг сонгогчийн маягтад гарын үсэг зурсан гэх 253 сонгогчоос хасаж тооцоход 195 сонгогч дэмжиж гарын үсэг зурсан гэж тооцон Ц.Б-ыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан. Иймд Ц.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү”гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Б нь сонгуулийн ерөнхий хорооноос баталсан магтад 253 хүний гарын үсэг зуруулан сонгуулийн хороонд хүлээлгэн өгсөн баримт нь хэргийн материалд авагдсан байгаа. Аймгийн Сонгуулийн хороо материалыг хүлээж аваад Аймаг, нийслэл,сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.9-д заасныг үндэслэл болгон 7 хоногийн дотор нягтлан шалгасан. Ц.Б-ын иргэдээс гарын үсэг цуглуусан маягтад нэг мөр ямар нэгэн тэмдэглэгээ хийлгүй хоосон орхисон байсан, хоосон орхисон мөрийг хасахад 253 хүний гарын үсэг байсан. Үүнээс зөрчилтэй гарын үсгийн тоо 54, утсаар асуухад гарын үсгээ зураагүй гэсэн 4 сонгогч байсан, нийт 58 сонгогчийн гарын үсэг зөрчилтэй болсон. Ц.Б-ын хүлээлгэн өгсөн 253 сонгогчоос 195 хүний гарын үсэг зөрчилгүй байсан учраас хуульд заасан 201 ба түүнээс дээш хүний гарын үсэг цуглуусан байх гэсэн шаардлагыг хангаагүй учраас аймгийн Сонгуулийн хороо Ц.Б-ыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэрийг гаргасан. Нэхэмжлэгийн зүгээс сонгуулийн хороонд 279 хүний гарын үсэг зуруулсан баримтыг хүлээлгэж өгөхөд 26 хүний гарын үсэг зурсан баримтыг хүлээн аваагүй гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.Б нь сонгуулийн хороонд 254 хүний гарын үсэг цуглуулсан баримт хүлээлгэн өглөө гэдгээ хүлээн зөвшөөрөөд гарын үсгээ зурсан байгаа. Хэрэв Ц.Б нь нэмж иргэдээр гарын үсэг зуруулах байсан бол баримт бичгээ хүлээгэн өгөх хуулийн хугацаа дуусахаас өмнө Сонгуулийн хорооноос маягт нэмж аваад гарын үсэг зуруулах боломжтой байсан. Сонгуулийн хорооноос гарын үсэг зуруулах маягт авахдаа дугаарлаж тамга даруулж авдаг. Тийм урчаас маягтыг хувилж гарын үсэг зуруулж болохгүй юм. Нэхэмжлэгч талаас Аймаг, нийслэл,сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6-д заасны дагуу биечлэн уулзаж нягтлан шалгах ёстой байсан гэж тайлбарласан. Утсаар ярьж байгаа нь уулзалтлын нэг хэлбэр юм. Аймгийн Сонгуулийн бие даан нэр дэвшихээр материалаа ирүүлсэн хүмүүсийн материалыг нягтлан шалгахдаа гарын үсэг зуруулсан гэх зарим иргэдтэй утсаар ярихдаа бичлэг хийж баталгаажуулж авсан. Тийм учраас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна “ гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-ын тайлбарыг дэмжиж байна. Нэмж тайлбарлахад нэхэмжлэгчийн зүгээс маргаж байгаа 26 хүний гарын үсэг зуруулсан баримтыг сонгуулийн хороо хүлээж авах ёстой байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна яагаад гэвэл Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т Тухайн шатны сонгуулийн хороо Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтыг тэмдэг дарж баталгаажуулан бие даан нэр дэвшигчид энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж эхэлсэн өдрөөс олгоно гэж заасан байдаг. Тийм учраас Ц.Б-ын хувилсан маягтад гарын үсэг зуруулсан нь хуульд нийцэхгүй байна. Мөн гэрчийн мэдүүлэг өгсөн иргэдээс баримтын 53 дугаарт бүртгэгдсэн Д гэдэг нэрний ард гарын үсэг зурсан хүний регистрийн дугаараар шалгуулахад Ж.Л гэдэг хүний мэдээлэл гарсан. Ж.Л нь шүүхэд мэдүүлэг өгөхдөө энэ миний гарын үсэг мөн байна гэж, М гэдэг нэрний ард Б гэж хүн гарын үсэг зурсан. Энэ хүн ч гэсэн миний гарын үсэг мөн байна гэж мэдүүлсэн. Бичиг үсэг мэддэг ямар ч хүн өөр хүний нэрний ард гарын үсэг зурахгүй нь тодорхой юм. Сонгуулийн хорооноос утсаар ярихад гарын үсэг зураагүй гэж хэлсэн мөртлөө шүүхэд гарын үсгээ зурсан гэж мэдүүлснийг ямар нэгэн нөлөөнд автсан гэж үзэж байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдын хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т “Сонгогчдын гарын үсэг зуруулсан маягтыг нягтлан шалгахад бие даан нэр дэвшигчээс үл хамаарах, сонгогчийн мэдээлэлтэй холбоотой зөрчил илэрсэн бөгөөд зөрчилгүй гарын үсгийн тоо нь энэ хуулийн 30.2-т заасан тооноос доошгүй бол дээрх зөрчил нь бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй” гэж заассан тул нэр дэвшигчээр бүртгээгүй нь үндэслэлтэй” гэв.
Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б-аас тус шүүхэд Увс аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 12 дугаартай “ Бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай “ тогтоолыг хүчингүй болгуулж, нэр дэвшигч Ц.Б-ыг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Аймаг,нийслэл,сум,дүүргийн иргэдийн төлөөлөгчдын хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3-д “Сонгуулийн хорооны шийдвэрт холбогдох маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ” мөн зүйлийн 81.4-д “Сонгуулийн хороодын шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдол, нэхэмжлэлийг хүлээн авахгүй” гэж заажээ.
Иймд уг маргаан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан шүүхийн харьяаллыг зөрчөөгүй, нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн, хүлээн авч шийдвэрлэгдэх маргаан байна гэж үзлээ.
Мөн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлээ 2020 оны 09 сарын 17-ны өдөр ирүүлсэн тул хуулийн хугацаанд нэхэмжлэлийг гаргасан байна.
Түүнчлэн шүүхээс сонгуулийн маргааны онцлогийг харгалзан , түргэн шуурхай байх зарчмыг баримталж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч талын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь “Сонгуулийн хороо намайг дэмжиж гарын үсэг зурсан иргэдийг зураагүй мэтээр тооцож гарын үсгийг хассан нь үндэслэлгүй, мөн 26 иргэний гарын үсэг зуруулсан баримтыг хүлээн авахаас татгалзсаныг зөвшөөрөхгүй тул иргэний сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн” гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс “Ц.Б-ыг дэмжиж 254 хүний гарын үсэг зурсан баримтаас гарын үсэггүй 1 хоосон нүд байсныг хасаж 253 гарын үсгийг нягтлан шалгахад , тойргийн бус сонгогч 54, гарын үсгээ зураагүй гэж утсаар мэдэгдсэн 4 сонгогч,нийт 58 сонгогчийг гарын үсгийг хасч тооцоход зөрчилгүй гарын үсэг 195 болж хуулийн 201-ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсэг зуруулна гэсэн шаардлагыг хангахгүй байгаа тул бүртгэхээс татгалзсан” гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Маргаан бүхий акт буюу Увс аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 12 дугаартай “ Бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай “тогтоолд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдын хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1,31 дүгээр зүйлийн 31.9, 32 дугаар зүйлийн 32.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 21-р тойрогт бие даан нэрээ дэвшүүлсэн Ц.Б-ыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.1-т заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.1 дэх хэсэгт Бие даан нэр дэвшигч нь тухайн сонгуулийн тойргийн 201-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулсан байх шаардлагыг заажээ.
Нэхэмжлэгч Ц.Б нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 21-р тойрогт бие даан нэрээ дэвшүүлж аймгийн Сонгуулийн хороонд 2020 оны 09 сарын 07-ны өдөр холбогдох баримтуудаа хүлээлгэн өгсөн байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдын хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6-д “Сонгуулийн хороо бие даан нэр дэвшигчийн цуглуулсан сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэхийг түүвэрлэн тулгах, тухайн иргэнтэй уулзаж нягтлан шалгана” гэж, мөн зүйлийн 31.9-д Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана гэжээ.
Аймгийн Сонгуулийн хороо 2020 оны 09 сарын 14-ний өдрийн хуралдаанаараа нэр дэвшигчдийн материалыг нягтлан шалгасан дүнг хэлэлцээд нэр дэвшигч Ц.Б-ын хувьд улсын бүртгэлийн лавлагаагаар хаягийн зөрчилтэй буюу тойргийн бус 49 иргэн,нэрний зөрчилтэй 5 сонгогч, гарын үсгээ зөвшөөрөөгүй 4 сонгогч байгаагаас мэдээлэл тодорхойгүй 13, гарын үсгээ зөвшөөрөөгүй сонгогчийн тоог хасахгүйгээр зөрчилгүй гарын үсэг 199 байгаа талаар танилцуулагдаж хуралдаанд сонгуулийн хорооны гишүүн Д.Б “Сонгогч гарын үсгээ зураагүй гэж байгаа бол хасаж тооцох хэрэгтэй” гэж тайлбар гаргасан байх ба уг тайлбарын эсрэг тайлбар гараагүй, нийт гишүүдийн 71 хувийн саналаар нэр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь хуралдааны 09 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна.
Бие даан нэрээ дэвшүүлэгчдийн сонгогчийн гарын үсгийг зуруулах маягтад гарын үсэг зурсан сонгогчдыг нягтлан шалгасан тухай тэмдэглэлд “гарын үсгээ зөвшөөрөөгүй сонгогч 4, тойргийн бус сонгогч 49, нэрний зөрчилтэй 5, мэдээлэл зөрүүтэй 13 гээд нийт зөрчилгүй гарын үсгийг 195” болохын тэмдэглэж Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсгээ зурсан байна.
Иймд нэхэмжлэгч талын “тэмдэглэлд зөрчилгүй гарын үсэг 199 гэж танилцуулагдсан” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй болно.
Аймгийн Сонгуулийн хороо нь зарим гарын үсэг зурсан сонгогчдын хаягийн лавлагааг гаргуулсан байх бөгөөд Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 09 сарын 14-ний өдрийн 799 дугаартай албан бичгээр нэр бүхий 57 иргэний хаягийн лавлагааг ирүүлжээ.
Уг лавлагаанд Ш.Д, Д.Б, Ж.Л, М.Б, Ц.Я гэсэн сонгогчийн мэдээлэл өөр нэрээр лавлагаа гаргуулахаар ирсэн, Т.Б, Ж.Ж, Ч.Н нарын хаягийн лавлагаа олдоогүй талаар тэмдэглэгдэж бусад 49 сонгогчийн гэрийн хаягийн лавлагаа Улаангом сумын 6-р багаас өөр багт хаягтай байна.
Гарын үсгээ зөвшөөрөөгүй гэх 4 сонгогчийн хувьд аймгийн Сонгуулийн хорооны гишүүн Э.Н-аас утсаар холбогдож лавласан талаар тэмдэглэл үйлдсэн байна.
Сонгуулийн хороо уг 57 иргэний мэдээлэл дэх Т.Б, Ж.Ж, Ч.Н нарын хаягийн лавлагаа олдоогүй 3 сонгогчийн гарын үсгийг хасч тооцоогүй талаар тайлбар ирүүлсэн болно.
Нэхэмжлэгч нь нэрний зөрчилтэй гэх 5 иргэнээс М.Б, Ж.Л гэх 2 иргэний гарын үсгийг, мөн гарын үсгээ зураагүй гэж мэдэгдсэн С.Т, А.О, Р.М, Б.Б нарын гарын үсгийг, мөн тухайн тойргийн иргэд болох Б.Ц, У.Ц, Х.Ц нарын гарын үсгийг үндэслэлгүйгээр хасч тооцсон гэж марган эдгээр иргэдийг гэрчээр асуулгахаар тодорхойлолт бичүүлж нэхэмжлэлдээ хавсаргаж, хүсэлт гаргасан байна.
Иргэн М.Б шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “Ц.Б-ыг дэмжиж гарын үсгээ зурсан. Гарын үсэг зурах хэсэгт гарын үсгээ зурахдаа овог, нэр бичсэн хэсгийг анзаараагүй, регистрын дугаар, хаяг зөв бичигдсэн байна” гэж,
Иргэн Ж.Л шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “Ц.Б-ыг дэмжээд гарын үсгээ зурсан. Гарын үсгийн өмнө зурагдсан нэрийг би тухайн үед анзаараагүй гарын үсгээ зурсан. Миний гарын үсэг, регистрийн дугаар мөн байна” гэж,
Иргэн С.Т шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “Би Ц.Б-ыг дэмжиж гарын үсгээ зурсан. Надтай аймгийн Сонгуулийн хорооноос утсаар холбогдож яриагүй. гэсэн утас миний утасны дугаар биш, буруу тэмдэглэгдсэн байна, миний утасны дугаар ” гэж,
Иргэн А.О шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “ Би Ц.Б гэдэг хүнийг дэмжиж гарын үсгээ зурсан. Миний гар гэмтлийн улмаас үзэг барьж бичих боломжгүй байдаг учир эхнэрээрээ гарын үсгээ зуруулсан. Би том ачааны машин барьж тээвэр хийдэг. Нэг өдөр машин барьж явтал утас дуугарч Батжаргалын гарын үсэг зурсан уу гэсэн утгатай зүйл асуусан. Тухайн үед би машин барьж явсан учраас хэн ярьж байгааг нь сонсож чадаагүй, машин барихад саад болж байсан учраас би мэдэхгүй гэдэг хариулт өгөөд утсаа тасалсан. Тухайн үед Ц.Б-ыг дэмжиж гарын үсгээ зурсан эсэхийг тодрулж байгаа гэдгийг ойлгоогүй бөгөөд Б-ыг дэмжиж гарын үсгээ зурсан гэдгээ ч мартсан байсан” гэж,
Иргэн Р.М шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “9 сарын эхээр Ц.Б манай гэрт ирээд дэмжиж гарын үсгээ зурж өгөөч гэхэд нь би зөвшөөрсөн. Сонгуулийн хорооноос надтай ярьсан. тэгэхэд нь би өнгөрсөн 6 сард явагдсан УИХ-ын сонгуулийн талаар асууж байна гэж ойлгосон ба Б-ыг дэмжиж гарын үсэг зурсан эсэхийг тодруулж асууж байна гэдгийг ойлгоогүй бөгөөд Б-ыг дэмжиж гарын үсгээ зурсан гэдгээ ч мартсан байсан. Баримтын 234-рт зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн” гэж,
Иргэн Б.Б шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “Ц.Б гэдэг хүнийг дэмжиж гарын үсгээ зурсан. Надтай Сонгуулийн хорооноос холбогдож Ц.Б-ыг дэмжиж гарын үсгээ зурсан уу гэж асуусан. Би Ц.Б-ыг хоч нэр буюу Б гэдэг нэрээр нь мэднэ. Сонгуулийн хорооноос утсаар ярихад нь Б гэдэг нэрийг нь мэдэхгүй байсан учраас гарын үсэг зураагүй гэж хэлсэн” гэж,
Иргэн Б.Ц шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “ Би Улаангом сумын 6-р багт 2000 оны эхээр ирж суурьшаад одоог хүртэл амьдарч байна.Манайх энэ хугацаанд 6-р багаас өөр газар шилжиж амьдраагүй.Ц.Б өөрөө манай гэрт ирж надтай уулзаад дэмжиж гарын үсгээ зурж өгнө үү гэхэд би дэмжээд гарын үсгээ зурсан” гэж,
Иргэн У.Ц шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “ Намайг бага байхад манай аав Улаангом сумын 6-р багт амьдардаг байсан. Би хүнтэй гэр бүл болж аавынхаа хашаанд амьдарч байгаад 2010 оноос хойш эхнэрээсээ тусдаа амьдарч одоо ээжтэйгээ 6-р багийн 3-38 тоотод амьдардаг.Энэ жил манай хүүхэд оюутан болоод Улаанбаатар хот явах болж амьдралын шаардлагаар эхнэрийн амьдардаг хаягт шилжүүлгээ хийлгэсэн. Би 6-р багаас өөр газарт амьдарч байгаагүй. Ц.Б-ыг би дэмжиж гарын үсгээ зурсан” гэж,
Иргэн Х.Ц шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “ Би Ц.Б-ыг дэмжиж гарын үсэг зурсан. Баримтанд миний регистрийн дугаарын П үсгийг Ф үсгээр андуурч бичсэн байна” гэж тус тус мэдүүлсэн байна.
Гарын үсгийн зөрчилтэй гэж хасч тооцогдсон 58 иргэнд Х.Ц ороогүй, түүний гарын үсгийг хасч тооцоогүй тул Х.Ц-ийн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй болохыг дурдав.
Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-ын гар утас дээр бичигдсэн утсаар ярьсан яриаг шинжлэн судалсан ба эхний бичлэгт дугаарын утсаар холбогдож ярьсан гэх бичлэгт гарын үсэг зураагүй тухай хариулсан байх боловч хэн гэдэг хүнтэй ярьж байгаа нь тодорхойгүй, мөн 2 дахь бичлэгээр .... дугаарын утсанд холбогдож ярьсан боловч хэнтэй ярьсан нь тодорхойгүй, яриа бүрэн бичигдээгүй байсан ба нотлох баримтын шаардлага хангаагүй болохыг тэмдэглэв.
Аймгийн Сонгуулийн хорооноос гарын үсгийг зурсан эсэх талаар шалгахдаа сонгогчтой уулзаж мэдээллийг нягтлаагүйгээс А.О, Р.М, Б.Б нар нь утсаар холбогдож мэдээлэл авахад Ц.Б-ыг орон нутгийн сонгуульд нэр дэвшихтэй холбоотой гарын үсэг зурсан эсэхийг тодруулж байгааг ойлгоогүй байх бөгөөд мөн иргэн С.Т нь “утсаар надтай яриагүй” гэх мэдүүлгийг мэдүүлэгтээ дурдсан байна.
Мөн А.О, Р.М, Б.Б, С.Т нар нь нэр дэвшигч Ц.Б-ыг дэмжиж гарын үсэг зурсан талаараа гэрчийн мэдүүлэг өгсөн байна.
Аймгийн Сонгуулийн хорооноос гарын үсгийг зурсан эсэхийг шалгахдаа иргэдтэй уулзан,гарын үсгийн бичвэрийг танилцуулж тухайн иргэн мөн эсэх,гарын үсэг үнэн зөв эсэхийг тодруулах нь ач холбогдолтой байхад утсаар ярьж тэмдэглэл үйлдсэн нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдын хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6-д “Сонгуулийн хороо бие даан нэр дэвшигчийн цуглуулсан сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэхийг түүвэрлэн тулгах, тухайн иргэнтэй уулзаж нягтлан шалгана” гэж заасантай нийцээгүй байна.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 04 сарын 30-ны өдрийн А/44 дугаартай тогтоолоор Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрог, хамаарах нутаг дэвсгэрийг баталсан байх ба 21-р тойрогт Увс аймгийн Улаангом сумын 6-р багийн нутаг дэвсгэр хамаарахаар байна.
Гарын үсэг цуглуулсан баримтын 53-рт сонгогчийн нэр гэсэн хэсэгт Д гэдэг нэртэй мэдээлэл, гарыг үсэг байх ба улсын бүртгэлийн хэлтсийн ирүүлсэн лавлагаанд мэдээлэл нь Улаангом сумын 6-р багт оршин суух Ж.Л гэж гарсан, жагсаалтын 184-рт М гэдэг нэрийн ард Б гэж гарын үсэг зурсан байх ба улсын бүртгэлийн хэлтсийн ирүүлсэн лавлагаанд Улаангом сумын 6-р багт оршин суух М.Б, Ж.Л гэж гарсан байхад/регистрийн дугаар,гэрийн хаяг адилхан/ уг мэдээллийг нягтлан шалгахгүйгээр нэрний зөрчилтэй гэж үзэн хассаныг нэр дэвшигчийн сонгогдох эрхээ хэрэгжүүлэхийг хязгаарлах хэмжээний зөрчил гэж үзэх боломжгүй юм.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдын хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т “Сонгогчдын гарын үсэг зуруулсан маягтыг нягтлан шалгахад бие даан нэр дэвшигчээс үл хамаарах, сонгогчийн мэдээлэлтэй холбоотой зөрчил илэрсэн бөгөөд зөрчилгүй гарын үсгийн тоо нь энэ хуулийн 30.2-т заасан тооноос доошгүй бол дээрх зөрчил нь бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй” гэж заасныг зөрчилгүй гарын үсгийн хуулийн шаардлагыг хангасан боловч бусад илүү тоогоор гарын үсэг зуруулсан байдалд зөрчил илэрсэн бол уг зөрчил нь нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй талаар тодруулсан зохицуулалт гэж ойлгох тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А-ын “Зөрчил илэрсэн тул Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдын хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т заасны дагуу нэр дэвшигчийг бүртгэх үндэслэлгүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Мөн иргэн У.Ц, Б.Ц нарын хувьд хаягийн лавлагаа Улаангом сумын 6-р багаас өөр хаягтайгаар лавлагаанд тусгагдсан, хаягийн зөрчил гарсан байх боловч тухайн иргэд бодит байдалд Улаангом сумын 6-р багт олон жил амьдарсан, байнга оршин суудаг байх ба нэр дэвшигч нь тэдний гэрт очиж гарын үсгийг цуглуулсан, нэр дэвшигчээс хамааралтай зөрчил биш байх ба нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзахад хүргэх зөрчил гэж үзэхээргүй байна.
Иймд гарын үсэг зурсан талаар гэрчийн мэдүүлэг өгсөн М.Б, Ж.Л, С.Т, А.О, Р.М, Б.Б, У.Ц, Б.Ц нарын гарын үсгийг нэмж тооцон үзэхэд нэр дэвшигч Ц.Б-ын цуглуулсан сонгогчдын гарын үсэг “бие даан нэр дэвшигч 201-ээс доошгүй тооны гарын үсэг цуглуулах” хуулийн шаардлагыг хангаж байх тул Увс аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 12 дугаартай “Бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигч Ц.Б-ыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч сонгох 2020 оны сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг Увс аймгийн Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ц.Б-ын “9 сарын 5, 6 амралтын өдөр байсан тул гарын үсэг зуруулах маягтыг 2 хувь хуулбарлаж 26 тооны гарын үсгийг зуруулсныг аймгийн Сонгуулийн хорооны гишүүн Баярмаа “канондсон хуудсаа өг” гэж аваад урж базаад хогны савруу хаясан.Би өгөхгүй гэж 2 хуудсаа авч үлдсэн. Би үндсэн хуудас дээр бичүүлж гарын үсгийг нь дахин зуруулаад ирье гэхэд “хуудас байхгүй, одоо боллоо” гэж хэлээд миний сонгох сонгогдох эрхэд халдаж надад боломж олгоогүй” гэх тайлбар гаргаж гарын үсэг зуруулсан 2 хуудас баримтыг хэрэгт хавсаргуулжээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-д “Тухайн шатны сонгуулийн хороо Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтыг тэмдэг дарж баталгаажуулан бие даан нэр дэвшигчид энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж эхэлсэн өдрөөс олгоно” гэж заасан тул нэхэмжлэгчийн хуулбарласан маягт дээр цуглуулсан гарын үсэг нь хуулийн шаардлага хангахгүй юм.
Нэхэмжлэгч өөрөө бие даан нэрээ дэвшүүлэгчийн хувьд хичнээн гарын үсэг цуглуулахаа урьдчилан тооцоолох нь хувийн зохион байгуулалттай холбоотой асуудал байх ба тэмдэг дарж баталгаажуулсан маягтыг сонгуулийн хорооноос урьдчилан авах боломжтой байсан байна.
Иймд нэхэмжлэгчийн хэрэгт хавсаргасан 26 иргэний гарын үсгийг нийт гарын үсгийн тоонд оруулан тооцох боломжгүй болно.
Харин сонгуулийн хорооны гишүүний харилцаа ёс зүйн талаарх гомдлыг аймгийн сонгуулийн хороо шийдвэрлэх асуудал байна.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Аймаг,нийслэл,сум,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ын “Увс аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 12 дугаартай “Бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигч Ц.Б-ыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч сонгох 2020 оны сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Б-аас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Сонгуулийн хорооноос 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-д олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсуга