Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 01313

 

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2017/01313

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Д.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, А.М

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Т.А

Хариуцагч: Орхон аймгийн Авто тээврийн төвд холбогдох х

“3,946,600 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, хариуцагч А.М, Т.А, хариуцагчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бадамсэрээжид, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Чин-Оюунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Б миний бие 2005 оноос Орхон аймгийн 1-р хорооллын 5-р байрны урд талын нийтийн эзэмшлийн авто зогсоол /такси зогсоол Т16/-оос 15 жолоочийн хамт бригадын зохион байгуулалттайгаар такси үйлчилгээг эрхэлдэг байсан бөгөөд 2016 оны 5 сард “ББ-Од” ХХК-д холбогдуулан хүчин төгөлдөр бус гэрээгээр хууль бус хураамж авч байгаа талаар Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл 2016 оны 6 сарын 6-ны өглөө Т16 зогсоол дээр авто тээврийн улсын байцаагч А.М ирж авто машин жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн татвар төлөлтийн гэрчилгээ, мэргэшсэн жолоочийн үнэмлэх зэргийг хураан авсан ба ингэхдээ бичиг баримт хураан авсан тухай ямар ч баримт бичиг үйлдээгүй бөгөөд авто тээврийн төвийн улсын байцаагч М.А-д шилжүүлсэн байсан. Т.Аоос бичиг баримтаа авахаар очиход хуулийн үндэслэлгүйгээр 192,000 төгрөгний торгууль төлөөд бичиг баримтаа ав эсхүл өөр компанитай гэрээ байгуул гэж надад 192,000 төгрөгний торгуулийн тасалбар өгсөн.

Улсын байцаагч нарын дээрх үйлдэлтэй нь холбогдуулж тухай бүрт нь дээд шатных нь байгууллагад гомдлоо гаргаж байсан ч зохих хариуг өгдөггүй байсан ба миний бие А.М, Т.А нараас бичиг баримтаа эсхүл баримт бичиг түр хураасан бичиг өгөхийг байнгийн шаардаж байсны эцэст авто тээврийн улсын байцаагч А.М нь 2017 оны 2 сарын 24-нд бичиг баримт түр хураасан баримт надад өгсөн. Харин 2017 оны 03 сарын 21-ний өдөр над руу Авто тээврийн үндэсний төвөөс 99056889 тоот дугаараас “Мөнхчулуунаас очиж бичиг баримтаа ав” гэж дуудлага ирсний дагуу Орхон аймгийн авто тээврийн үндэсний төвийн улсын байцаагч А.Маас бичиг баримтуудаа авахад тээврийн хэрэгслийн гэрчилгээг маань дундуур нь хуваагаад хүчин төгөлдөр байдлыг нь алдагдуулчихсан байсан тул дахин гэрчилгээг шинээр 2017 оны 03 сарын 28-ны өдөр авахад 26,600 төгрөг болсон. Энэ өдрөөс хойш иргэн би такси үйлчилгээгээ хэвийн эрхэлж эхэлснээр тогтмол орлого өдрийн 25,000 төгрөгөө олж эхэлсэн. Ийнхүү тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ болон бусад баримт бичиг байхгүй байсны улмаас буюу авто тээврийн улсын байцаагч А.М, Т.А нарын хууль бус үйлдэл болон Орхон аймгийн авто тээврийн төвийн хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан 2016 оны 06 дугаар сарын 06- ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх орлогыг ажлын өдрийн 20,000 төгрөгөөр тооцож буюу 2016 оны 6 сард ажлын 19 хоног, 2016 оны 7 сард ажлын 15 хоног, 2016 оны 8 сард ажпын 23 хоног, 2016 оны 9 сард ажпын 22 хоног, 2016 оны 10 сард ажлын 20 хоног, 2016 оны 11 сард ажпын 21 хоног, 2016 оны 12 сард ажлын 22 хоног, 2017 оны 01 сард ажлын 21 хоног, 2017 оны 02 сард ажпын 18 хоног, 2017 оны 03 сард ажлын 15 хоног буюу нийт 196 хоногийн орлого /196*20,000 төгрөг/ 3,920,000 /гурван сая есөн зуун хорин мянган/төгрөгийн хохирол учирсан ба шинээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ авахад 26,600 төгрөгийн зардал гаргасан ба нийт 3,946,600 / гурван сая есөн зуун дөчин зургаан мянга зургаан зуун/ төгрөгийн хохирлыг иргэн надад олгохоор шиидвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.М миний бие иргэн Д.Бөөс гаргасан “Авто тээврийн улсын байцаагч А.М, Т.А нарын хууль бус үйлдэл болон Орхон аймгийн Авто тээврийн төвийн хууль бус эс үйлдэхүйн улмаас тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон бусад баримт бичиггүй байснаас орлого олоогүйн хохирол 3,946,600 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Миний бие Орхон аймгийн Авто тээврийн төвд Авто тээврийн улсын байцаагчийн албан тушаалтай ажилладаг ба 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “зөвшөөрөлгүйгээр такси үйлчилгээ эрхэлж байна” гэсэн иргэдийн удаа дараагийн мэдээллийн дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст 1 -5 дугаар байрны урд талын зогсоол дээр зохих зөвшөөрөлгүйгээр, такси үйлчилгээний шаардлага хангахгүй тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх үйлчилгээ явуулж байсан жолооч Д.Б, н.Тожинхүү нарын бичиг баримтыг нь хураан авч, Авто тээврийн төв дээр ирж гаргасан зөрчлөө шийдвэрлүүлэх шаардлага тавьсан.

Тэр өдөртөө жолооч н.Тожинхүү ажил дээр ирж зөрчлөө шийдвэрлүүлээд явсан, харин Д.Б ирээгүй учраас, мөн миний ээлжийн амралт эхлэж байсан тул жолооч Д.Бийн бичиг баримтыг Авто тээврийн улсын байцаагч Т.Аод шилжүүлэн өгөөд амарсан юм.

Д.Бийн олох ёстой байсан орлого гэж нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Д.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-5 дугаар байрны урд талын зогсоол дээр зохих зөвшөөрөлгүйгээр, такси үйлчилгээний шаардлага хангахгүй тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх үйлчилгээ хууль бусаар явуулсан зөрчлийг байнга гаргадаг, улсын байцаагчаас тавьсан шаардлагыг огт биелүүлдэггүй учраас тухайн өдөр арга хэмжээ авахаар бичиг баримтыг нь хураан авсан боловч, зөрчил гаргагч нь зориуд ирэхгүйгээр хугацаа өнгөрөөж, одоо өөрөө хохирсон мэтээр нэхэмжлэл гаргаж байна гэж үзэж байна.

Д.Бийн хувьд намайг ээлжийн амралттай байх үед улсын байцаагч Т.Аоос бичиг баримтаа авах бүрэн боломжтой байсан боловч, гаргасан зөрчилд нь захиргааны шийтгэл оногдуулаагүй байхад 192,000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэсэн мэтээр дээд шатны байгууллагуудад өргөдөл, гомдол гаргаж байсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Д.Б нь бичиг баримтаа хураалгасан үедээ ч өөрийн дураар Зэст багийн 1-5 дугаар байрны урд талын таксин зогсоолыг “эзэгнэж” байгаа талаар гомдол манай төвд орж ирж байсан, мөн Д.Б иргэдэд такси үилчилгээ үзүүлж олсон орлогоосоо улсад ямар нэгэн татвар, хураамж огт төлдөггүй учраас түүний нэхэмжлэлийг би болон Орхон аймгийн Авто тээврийн төв, Авто тээврийн улсын байцаагчаар ажиллаж байсан Т.А нарын аль аль нь хариуцахгүй гэж үзэж байна.

Мөн Д.Б нь нэхэмжлэлдээ ББ-Од ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан түүний бичиг баримтыг нь хураасан гэж бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд иргэн Д.Бөөс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Авто тээврийн тухай хууль болон бусад хууль, дүрэм, журам, стандартаар нийтийн зорчигч тээюрийн үйлчилгээ болон такси үйлчилгээг эрхлэх талаар тусгасан байдаг. Авто тээврийн тухай хуулийн 3.1.1-д “Нийттийн тээвэр” гэж эрх бүхий байгууллагаас тогтооосон нийтийн замын чиглал, цагийн хуваарийн дагуу болон зохион байгуулалттай гүйцэтгэж байгаа зорчигч тээвэрлэлт, такси үйлчилгээг, 9-р зүйлд тээвэрлэлтийг Иргэний хууль болон энэ хуульд нийцсэн гэрээний дагуу гүйцэтгэнэ, 10.2.6-д авто тээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт, шаардлагыг хангах, мөн такси үйчилгээ, Ерөнхий шаардлага 5122:2013 стандартын 5.2 дахь заалт тээвэрлэгч нь аймаг, нийслэлийн авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай тээвэрлэлтийн гэрээ байгуулсан байна.

Гэтэл иргэн Д.Б нь Авто тээврийн хяналтын улсын байцаагч нартай холбогдуулан гэм хорын хохирол 3946000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Тус нэхэмжлэлтэй танилцаж үзээд дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Т.А миний бие Авто тээврийн төвд Авто тээврийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан хугацаанд гэрээгүйгээр нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа иргэд, аж ахуй нэгж байгууллагад зохих хуулийн хүрээнд хяналт шалгалт хийж, хууль, дүрэм, журам, стандартыг хэрэгжүүлэх шаардлага тавьж ирсэн.

Д.Б нь таксийн үйлчилгээ эрхлэх гэрээгүйгээр байнгын такси үйлчилгээг 1-5 дугаар байрны урд талбайгаас шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр эрхлэж байсан бөгөөд улсын байцаагч, тээвэр зохицуулагч нараас тавьсан шаардлагыг биелүүлдэггүй, хэл амаар доромжлох зэрэг үйлдэл гаргасаар өдийг хүрч байна.

2016 оны 06 сард А.М байцаагч гомдлын дагуу бичиг баримтыг хураан авч, шийдвэрлэх гэсэн боловч арга хэмжээ авахуулахгүй гэж хэлсэн.

А.М байцаагч нь ээлжийн амралт авахтай холбогдуулан бичиг баримтыг түр хугацаагаар надад шилжүүлэн өгсөн бөгөөд энэ хугацаанд захиргааны зөрчилд нь торгуулийн арга хэмжээ авахаар өөрт нь мэдэгдсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд торгуулсан мэтээр гомдол гаргаж эхэлсэн юм. Энэ хугацаанд А.М байцаагч ажилдаа орсон тул бичиг баримтыг эргүүлэн өгсөн. Зөрчлөө шийдвэрлүүлэхгүй явах хугацаандаа иргэн Д.Б нь такси үйлчилгээг эрхлэж төрийн байгууллагын зүгээс тавьсан шаардлагыг үл биелүүлж ирсэн бөгөөд олсон орлогоосоо улсад ямар нэгэн татвар төлдөггүй, байнгын хууль бус үйлдэл гаргасаар байна. Иймд Д.Бийг гаргасан нэхэмжлэлийг Т.А миний бие болон А.М, Авто тээврийн төв хариуцахгүй гэж үзэж байна.

Д.Бийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн Авто тээврийн төв шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 1990-ээд оноос зах зээлийн нийгмийн харилцаанд шилжсэнээр тээврийн байгууллага хувьчлагдан тарсан. Энэ үеэс хувь иргэд аймаг, орон нутагт нийтийн тээврийн үйлчилгээг хувийн тээврийн хэрэгслээр гүйцэтгэх болсон.

Удирдлага, менежментын талаар ямар ч зохицуулалтгүй байсан зорчигч тээвэрлэлтийг Засгийн газрын 2005 оны 127-р тогтоолоор стандартчилж, үйл ажиллагааны хэм хэмжээг төр, хувийн хэвшилд тулгуурласан харилцаагаар зохицуулж, зохион байгуулах ажлыг эхлүүлсэн.

Төр засгаас Авто тээвэр түүний дотор нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг боловсронгуй болгох, иргэдийн амь нас, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартуудыг боловсруулан гаргаж өнөөдрийг хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлэн, шинэчилж, нутагшуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

“Авто тээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын Орхон аймаг дахь салбар Авто тээврийн нь Авто тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 61.1.1.дэх /автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг шалгах, дүнг мэдээлэх;/ заалт, 7 дугаар зүйлийн 7.1.1./нутаг дэвсгэртээ автотээврийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон иргэдийн төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах;/заалт, 9 дүгээр зүйлийн 9.1-тээвэрлэлтийг Иргэний хууль болон энэ хуульд нийцсэн гэрээний дагуу гүйцэтгэнэ./ заалт, Иргэний хуулийн 381 дүгээр зүйлийн 381.1-дэх /Зорчигч буюу ачаа, тээш тээвэрлэхийг нийтэд санал болгож байгаа этгээд нь зайлшгүй татгалзах үндэслэл байхгүй бол тээвэрлэлтийн гэрээг заавал байгуулах үүрэгтэй./ заалт, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 76 дугаар тушаал, Зам, тээврийн хөгжлийн сайдын баталсан 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 92 дугаартай “Ажил, үйлчилгээг хариуцуулан гүйцэтгүүлэх гэрээ”, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газры 2016 оны 55 дугаар тогтоолоор баталсан дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5 4.1.6 дахь /улс хооронд, хот хооронд, орон нутгийн зорчигч болон ачаа тээвэр, нийтийн тээвэр, жуулчин тээвэр, шуудан тээвэрлэлт, дамжин өнгөрөх тээвэрлэлтийг улсын хэмжээнд зохицуулах, зохион байгуулах/ заалтуудыг тус тус үндэслэн аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Засгийн газрын 127-р тогтоолын хэрэгжилтийг хангасан, “Тохирлын гэрчилгээ” бүхий хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, хоршоотой зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээ байгуулан мэдээллийн санд бүртгүүлэн ажилладаг.

Энэ ажил үүргийн хүрээнд манай төвд хяналтын мэргэжилтэн Автотээврийн хяналтын улсын байцаагч 2, тээвэр зохицуулагч 5 орон тоотойгоор зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт, зохицуулалт хийн ажилладаг.

Иргэн Д.Б нь удаа дараа хууль бусаар /Автотээврийн тухай хуулийн 9.1 дэх хэсэг/ зөрчин зорчигч тээвэрлэлт хийж, улсын байцаагчийн шаардлагыг үл хүндэтгэн шүүхэд нэхэмжлэл гаргасан асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Авто тээврийн төвийн мэдээллийн санд ямар ч бүртгэлгүй, тээвэрлэлтийн гэрээ байгуулаагүй иргэн Д.Бөд хууль бус гэрээгүй зорчигч тээвэрлэхгүй байх талаар дараа сануулга өгч анхааруулсан, дахин зөрчил гаргасан тохиолдолд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ тооцох талаар сануулж байсан боловч үл тоосон байдал гаргаж хууль хяналтын байгууллагад худал мэдээлэл өгч байна.

Мөн иргэн Д.Б нь “Авто тээврийн тухай хууль” зөрчиж тээвэрлэлт хийдэг өдөрт олдог орлогоо өөрөө тодорхойлж бичсэн ба хууль бусаар зорчигч тээвэрлэлт хийснээ өөрөө хүлээн зөвшөөрч байгаа тул “Зөрчлийн тухай хууль”-ийн 14.6 зүйлийн /Автотээврийн тухай хууль зөрчих/ 12 дах хэсэг /Тээвэрлэлтийн гэрээгүй нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ дагуу зохих арга хэмжээ тооцуулах саналтай байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч А.М, Т.А болон Орхон аймгийн Авто тээврийн төвд холбогдуулан хууль бус үйл ажиллагаа явуулж,жолооны эрхийн үнэмлэх бусад бичиг баримтыг хураасаны улмаас учирсан хохирол 3.946.000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч нь  2016 оны 5 сард “ББ-Од” ХХК-д холбогдуулан хүчин төгөлдөр бус гэрээгээр хууль бус хураамж авч байгаа талаар Орхон аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад байх үед  2016 оны 6 дугар сарын 6-ны өглөө Т16 зогсоол дээр авто тээврийн улсын байцаагч А.М түүний авто машин жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн татвар төлөлтийн гэрчилгээ, мэргэшсэн жолоочийн үнэмлэх зэргийг хураан авсан ба ингэхдээ бичиг баримт хураан авсан тухай баримт үйлдээгүй, хураан авсаны дараа дээрх бичиг баримтуудыг авто тээврийн төвийн улсын байцаагч М.Ариунболдод шилжүүлсэн байна.

Нэхэмжлэгчийг Т.Аоос бичиг баримтаа авахаар очиход тэрээр 192,000 төгрөгний торгууль төлөөд бичиг баримтаа ав эсхүл өөр компанитай гэрээ байгуул гэж түүнд цаасны тасархай дээр192,000 гэж бичин тушаагаад ир хэмээн явуулжээ.

           Нэхэмжлэгч нь хариуцагч А.М, Т.А нараас бичиг баримтаа эсхүл баримт бичиг түр хураасан бичиг өгөхийг байнга шаардаж байсны эцэст авто тээврийн улсын байцаагч А.М нь 2017 оны 2 дугаар сарын 24-нд бичиг баримт түр хураасан баримтыг нэхэмжлэгчид өгсөн байна.

Харин 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Авто тээврийн үндэсний төвийн улсын байцаагч А.Маас бичиг баримтуудаа авахад тээврийн хэрэгслийн гэрчилгээг дундуур нь хуваагаад хүчин төгөлдөр байдлыг нь алдагдуулчихсан байсан тул дахин гэрчилгээг шинээр 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр авахад 26,600 төгрөг төлсөн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.

Ийнхүү тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ болон бусад баримт бичиг баримт байхгүй байсны улмаас буюу авто тээврийн улсын байцаагч А.М, Т.А нарын хууль бус үйлдэл болон Орхон аймгийн Авто тээврийн төвийн хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан 2016 оны 06 дугаар сарын 06- ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд олох байсан орлогоо алдсан, орлогыг ажлын өдрийн 20,000 төгрөгөөр тооцход нийт 196 хоногийн орлого /196*20,000 төгрөг/ 3,920,000 /гурван сая есөн зуун хорин мянган/төгрөгийн хохирол учирсан, шинээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ авахад 26,600 төгрөгийн зардал гаргасан ба нийт 3,946,600 / гурван сая есөн зуун дөчин зургаан мянга зургаан зуун/ төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.

 

            Нэхэмжлэгч нь  такси үйлчилгээ эрхлэхийн тулд Авто тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Зам тээврийн сайдын 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 201 дүгээр тушаал, Авто тээврийн хэрэгслээр ачаа,зорчигч тээвэрлэх дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2-д зааснаар тээвэрлэгч нь Иргэний хуууль болон Авто тээврийн тухай хуульд нийцсэн тээвэрлэлтийн гэрээг тээвэрлүүлэгчтэй байгуулах үүргээ биелүүлээгүй буруутай байна. Нэхэмжлэгч нь тээвэрлэлт эрхлэх эрх авсан “ББ-Од” ХХК-тай тээвэрлэлтийн гэрээ байгуулж, такси үйлчилгээнд явах шаардлагатай байсан боловч гэрээ байгуулаагүй, тухайн компаныг буруутай гэж үзэж байгаа боловч энэхүү байдал нь тогтоогдоогүй, “ББ-Од” ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

Харин хариуцагч А.М нь нэхэмжлэгчийн бичиг баримтыг хураахдаа ямар зөрчлийн улмаас ямар хуулийн заалтын дагуу түүний бичиг баримтыг хураан авч байгаа талаар тодорхой тайлбарлаагүй, бичиг баримтыг хураан авах үедээ тэмдэглэл хөтлөөгүй,зохих арга хэмжээ авах эсэх асуудлыг шийдвэрлэхгүйгээр бусдад шилжүүлж буцааж өгөхгүй удаан хугацаанд байлгасан зэрэг буруутай ажиллагаа явуулсан. Мөн бичиг баримт дундуураа урагдаж гэмтсэний улмаас нэхэмжлэгч шинээр бичиг баримт авсан байх тул дээрх ажиллагаатай холбоотой гарсан зардлыг гаргах үндэстэй байна. Бичиг баримт бүрдүүлэхтэй холбоотой зардлаас нотариатын зардал 1000 төгрөг, олох байсан орлогыг хэрэгсэхгүй болгож шийвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч А.Маас 25.600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.351.000 төгрөг, мөн хариуцагч Т.А болон Орхон аймгийн Авто тээврийн төвд холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 78.100 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.Маас 4 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бөд олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БЯМБАСҮРЭН

         ШҮҮГЧИД                                              Л.АРИУНЦЭЦЭГ

                                                                        Р.ҮҮРИЙНТУЯА