| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2017/0449/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/428 |
| Огноо | 2017-12-19 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ю.Батсүх |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2017/ШЦТ/428
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,
улсын яллагч Ю.Батсүх,
шүүгдэгч Т.Л түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Л-д холбогдох эрүүгийн 1734003200207 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч 2017 оны 12 сарын 19-ны өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 6 сарын 06-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, зочид буудлын менежер мэргэжилтэй, Улсын Их дэлгүүрт Арьсан эдлэлийн борлуулагч /худалдагч/ ажилтай, ам бүл 5, нөхөр гурван хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүргийн 16-р хороо Туулын 9-181 тоотод оршин суух, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Т. Л, гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/
Шүүгдэгч Т.Л нь "2017 оны 9 сарын 15-ны өдрийн орой 21 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын 2-р багийн нутаг Улаанбаатар-Дундговь аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан замд 11-78 ДУА улсын дугаартай "Хонда Фит" маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч болох Ц.Осоржамаагийн амь насыг хохироож, хүү Ц.Тэлмэнгийн эрүүл мэндэд хүнд хохирол, хадам ээж П.Цэцэгхоролын эрүүл мэндэд хүнд хохирол, хадам аав У.Нэргүйгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад шүүгдэгч Т.Л: “..Би 2017 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр 21 цагийн үед Улаанбаатар хотоос хадам аав Нэргүйгийн эзэмшлийн 11-78 ДУА улсын дугаартай Хонда фит маркын тээврийн хэрэгсэлийг жолоодоод машиндаа жолоочийн хажуу талд хадам аав Нэргүй, жолоочийн ар талд хадам ээж Цэцэгхорол, түүний өвөр дээр манай хүү 2 настай Тэлмэн, хажуу талд нь хадам ээжийн эгч н.Осоржамаа нар суугаад Дундговь аймагруу гарч явсан. Ингээд Төв аймаг өнгөрөөд засмал замаар явж байгаад гэнэт машины зүүн гар талын урд дугуй хагарчих шиг болоод зүүн гар талруугаа руль булаагаад жолоодлого алдагдаад би тоормоз гишгээд замын зүүн гар талруу онхолдсон.Ингээд би ухаан алдаад цааш юу болсоныг мэдээгүй нэг сэрэхэд эмнэлэгт ирсэн Би үүрэглэж унтаагүй, осол болохын өмнө зогсож бие засаад хөдлөөд 5-10 орчим минутанд осол болсон Би санамсаргүйгээр гарсан зам тээврийн осолд хүний амь нас эрсэдсэнд маш их харамсаж байна гэж хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 86-р хуудас/,
Хохирогч А.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтад: “Би талийгаач Осоржамаагийн охин нь байгаа юм. Манай ээж 1952 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн. ...2017 оны 9 сарын 15-ны өдрийн 21 цагийн үед Улаанбаатар хотоос Дундговь аймаг руу буцаж яваад зам тээврийн ослоор нас барсан. /хх-ийн 19-21х/,
Хохирогч У.Нэргүйгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017 оны 9 сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос өөрийн эзэмшлийн 11-78 ДУА улсын дугаартай "Хонда Фит" маркийн тээврийн хэрэгслийг бэр Лгээр жолоодуулаад Дундговь аймаг руу хөдөлсөн. Би хэсэг явж байгаад унтаад өгсөн. Нэг мэдэхэд машины дугуй шороон дээгүүр явах шиг шар хийж дуугарсан. Ингээд охин жолоогоо баруун гар тал руугаа дараад машин хажуу тийшээ унах шиг болсон. ... Би машинаа үнэлэхгүй, нэхэмжлэхгүй. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй. /хх-ийн 22-24х/,
Хохирогч Ц.Тэлмэний хууль ёсны төлөөлөгч Д.Цогтбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: Би Тэлмэнгийн аав байгаа юм. Би эхнэр Т.Лтэй 2007 онд гэр бүл болж бид хоёрын дундаас 3-н хүүхэд төрсөн. Тэлмэн бол хамгийн бага хүү 2015 оны 11 сарын 21-нд төрсөн, одоо 1 нас 10 сартай юм. Эхнэр маань 2017 оны 9 сарын 15- ны өдөр Улаанбаатар хотоос Дундговь аймаг руу хойд аав Нэргүйгийн эзэмшлийн 11-78 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодоод, хүү Тэлмэн, миний ээж Цэцэгхорол нарын хүмүүсийг суулгаад явж байгаад зам тээврийн осол гаргасан байсан. Надад нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй. /хх-ийн 25-27х/,
Хохирогч П.Цэцэгхоролын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017 оны 9 сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос Дундговь аймаг руу манай нөхрийн суудлын автомашинтай гарсан. Улаанбаатар хотоос гарахад манай бэр Л машин жолоодож гарсан. Ингээд би машинд унтаж явтал гэнэт тас няс буугаад машин онхолдоод ухаан алдсан. ... Надад гомдол, санал нэхэмжлэх байхгүй. /хх-ийн 28-30х/
Гэрч Т.Буянхишигийн мөрдөн байцаалтад өгсөн: “.. Би 2017 оны 09 дүгээр сарын 15-ний орой 20 цагийн орчимд Дундговь аймгиин Дэрэн сумруу старекс маркын машин жолоодоод өөрийн эгч, ах дүү нарыг суулгаа Улаанбаатар хотоос гарсан.Манай машиныг дагаад манай төрсөн дүү Л хадай аавынхаа суудлын машиныг жолоодоод хадам аав, ээж, бага хүүгээ суулгаад хамаатны нэг хөгшинөө аваад явж байсан.Улаанбаатар хотоос гараад 22 цагийн үед Төв аймгийн нутаг дэвсгэрт явж байсан би урд талд нь хурдаа тохируулаад ойрхон яваад байсан ба гэнэт ард явсан машин маань толинд гялбаж орж ирээд гарсан. Ингээд би замын хажууруу машинаа зогсоогоод нягталж цонхоороо арагшаа харахад ард явсан машин маань уначихсан юм шиг харагдахаар нь машинтайгаа буцаж эргээд очихощ машин зам дээр 4 дугуй нь дээшээ харсан байрлалтай унчихсан байсан. Ингээд машинаа зогсоогоод гүйгээд очиход талийгаач машины урд талд зам дээр унчихсан байсан бм шууд очиход талийгаач надад хандаж эгчийнх нь дотор муухайраад байна гэж хэлэхэд та битгий хөдлөөрэй би машинд байгаа хүмүүсийг үзээд ирье гэж хэлээд очихсс туслаарай хурдан гаргаад өгөөч гээд хашхирч байсан би хамгийн түрүүнд Лг гаргаад, хадам ээжийг нь гаргаад дараа нь хадам аавыг нь гаргаад бүгдэд нь хөнжил дэвсэж хэвтүүлээд хөнжилөөр хучаад хүүхэд байхгүй байхаар нь хүүхдээ замын хажуугаар хайхад замын зүүн талд шидэгдчихсэн ухаангүй байдалтай хэвтэж байхад нь олоод замын машин зогсоогоод машинд сууж явсан бүх хүүхдүүдээ Улаанбаатар хотруу суулгаж өгөөд бидэнд яаралтай түргэн тусламж дуудаад хүүхдүүдийг маань хүргээд өгне үү гэж хэлээд ахынхаа утасны дугаарыг өгөөд явуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,
4-1 Ох/,
- Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн схем зураг. /хх-ийн 16х/
-Төв аймгийн ШША-ны Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний №159 дугаартай дүгнэлт:
/Талийгаачийн биед дотор эрхтний гэмтэл, доод мөчдөд хугарал, нүүр, бие, доод (мөчдөд,язарсан шарх, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтлүүд амь насанд аюултай гэмтлүүд байна.
Дотор эрхтний гэмтэл, хэвлийн хөндийн хурц цус алдалтын улмаас нас баржээ.
Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна. /хх-ийн 40-41х/,
- Шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2017 оны 10 сарын 05-ны өдрийн иргэн У.Нэргүйгийн биед үзлэг хийж гаргасан №617 дугаартай дүгнэлт.
У.Нэргүй-н биед баруун уушгинд няцрал, зүүн гарын сарвуунд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Шүүх эмнэлгиин гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугцаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй /хх-ийн 48-р хуудас/
- Шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2017 оны 10 сарын 02-ны өдрийн иргэн Ц.Тэлмэнгийн биед үзлэг хийж гаргасан №612 дугаартай дүгнэлт. /хх-ийн 50х/
- Эмч шинжээч И.Ганболорын 2017 оны 10 сарын 09-ний өдрийн иргэн П.Цэцэгхоролын биед үзлэг хийж гаргасан №627 дугаартай дүгнэлт. /хх-ийн 53х/
- Шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2017 оны 10 сарын 02-ны өдөр Т.Лгийн биед үзлэг хийж гаргасан №613 дугаартай дүгнэлт. /хх-ийн 48х/
- ШШҮХ-гийн Криманлистикийн шинжилгээний газрын Автотехникийн лабораторийн шинжээч С.Мөнхдалайгийн 2017 оны 11 сарын 10-ны өдрийн №5308 дугаартай дүгнэлт. /хх-ийн 62-64х/
- Төв аймаг дахь цагдаагийн газрын ЗЦТ-ийн шинжээч, цагдаагийн ахлах
дэслэгч Н.Мөнхбатын 2017 оны 11 сарын 16-ны өдрийн №00000125 дугаартай
дүгнэлт. /хх-ийн 77х/ зэрэг болно.
Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлахад:
Шүүгдэгч Т.Л нь "2017 оны 9 сарын 15-ны өдрийн орой 21 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын 2-р багийн нутаг Улаанбаатар-Дундговь аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан замд 11-78 ДУА улсын дугаартай "Хонда Фит" маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч болох Ц.Осоржамаагийн амь насыг хохироосон гэм буруутай болох нь:
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, тухайн ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, тухайн ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэргийн газар хэмжилтийн бүдүүвч зураг, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, тухайн ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.
Иймд шүүгдэгч Т.Л авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирогч У.Нэргүй, хохирогч П.Цэцэгхорол, хохирогч Ц.Тэлмэнгийн хууль
ёсны төлөөлөгч Д.Цогтбаатар нараас нэхэмжилсэн зүйлгүй гэсэн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон А.Лхагвасүрэн нь Төрийн банкнаас талийгаач Ц.Осоржамаагийн авсан тэтгэврийн зээлийн үлдэгдлийг шүүгдэгч Т.Л-гээс нэхэмжилснийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч талууд харилцан тохиролцсон байна.
Шүүгдэгч Т.Л нь тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хэдийгээр гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хүнд хор уршиг учирсан байх боловч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Т.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэхээр хянан шийдвэрлэв.
Шүүхэд шүүгдэгчийн 11-78 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн №00472473 гэрчилгээ, шүүгдэгч Т.Лгийн №837024 дугаартай жолооны үнэмлэх ирснийг харъяа дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.12, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Т. Л-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар Т.Л-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дэх хэсэгт зааснаар Т.Л-д тэнсэнгийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа харъяа аймаг дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар Т.Л-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар Т.Л нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.
6. Энэ хэрэгт Т.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Т.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ