Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2017/ШЦТ/162

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Одончимэг, Улсын яллагч П.Шижиртуяа, Шүүгдэгч Ц.Мөнхзул нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэгмэдийн Мөнхзулд холбогдох эрүүгийн 1715000410059 дугаартай, 132/2017/0159/э индэкстэй хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймагт төрсөн, 18 настай, халх, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Р 1-11 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Цэгмидийн Мөнхзул 

Холбогдогсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Мөнхзул нь 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар баг, Бүрэн бүстийн амралтын газарт Б.Элбэгсайханыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мөнхзулын өгсөн: 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Мөнхжаргал над руу залгаад намайг гэрээс ирж аваад амралт орсон. Тэнд Элбэгсайхан гэдэг охин байсан. Ширээн дээрээс хөлөө буулгаач гээд хэл амаар доромжилсон. Тэгээд араас гэрт орж ирээд маргалдаад зодолдсон. Тэгээд манай найз салгаад аваад явсан. Элбэгсайхан амралтан дээр үлдсэн гэх мэдүүлэг,

1715000410059 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд: Хохирогч Б.Элбэгсайханы өгсөн: “.. Мөнхзул ширээн дээр хөлөө тавьчихсан сууж байсан. Мөнхзулд хөлөө буулга гэж хэлсэн чинь чамд ямар хамаатай юм гэсэн. Тэгээд Мөнхзул бид 2 пиво тулгаж уусан. Би өөрийнхийг уучихаад аягаа тавьтал Мөнхзул барьж байсан пивоо уучих гээд надад өгсөн. Тэгэхээр нь би 2 чиний гараас пиво уухгүй болчихсон байна гэсэн чинь барьж байсан пивоо нүүр лүү цацсан. Тэгээд бид 2 барьцалдаж аваад ноцолдсон. Мөнхзул намайг газар унагаагаад цээжин дээр хөлөө өвдөглөөд толгойг минь газар мөргүүлээд байсан.

Тэгээд гэрт байсан залуучуудаас нэг нь гарч ирээд бид хоёрыг салгасан..” гэх мэдүүлэг /хх 15-17 тал/, Гэрч Г.Мөнгөншагайн өгсөн: “... Зулаа сандал дээр суугаад хөлөө тавьсан сууж байсан чинь Элбэгсайхан хөлөө буулга гэж хэлсэн. Тэрнээс болоод хэрүүл үүссэн. Тэгээд маргалдаад өнгөрсөн. Тэгээд гараад гэрлүү орсон. Элбэгсайхан гэрт орж ирээгүй. Тэгээд пиво уугаад байж байтал Элбэгсайхан орж ирсэн. Зулаа Элбэгсайханд пиво хийж өгтөл Элбэгсайхан уухгүй гэсэн. Тэгээд тэр 2 дахиад маргалдсан. Зулаа барьж байсан пиво Элбэгсайханы нүүрлүү нь цацсан. Зөрүүлээд Элбэгсайхан Зулаагийн нүүр лүү цацсан. Тэгээд зодоон эхэлж бид нар салгасан..” гэх мэдүүлэг /хх 18, 19 тал/, Гэрч Г.Бумбаярын өгсөн: “... гадаа саравчинд Зулаа гэх охин ширээн дээр хөлөө тавиад байж байтал Элбэгсайхан хөлөө ав гэж хэлсэн.

Түүнээс болж тэд маргалдсан. Тэгээд би саравчинд Шагай, Гантулга, Цэлмэг нартай хамт пиво ууж байтал Зулаа, Элбэгсайхан нар зодолдсон. Тэгээд бид тэднийг салгасан гэх мэдүүлэг /хх 20-21 тал/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 03- ний өдрийн 600 дугаартай 1. Б.Элбэгсайханы биед тархи доргилт, зүүн гарын ядам хуруу, баруун бугалга, 2 хөлөнд зөөлөн эдэд 6 тооны цус хуралт, хүзүүнд олон тооны шалбархай зэрэг гэмтэл үүсчээ. 2. Шалбархай нь үзүүр ирмэгтэй зүйлийн олон удаагийн маажих, самардах, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох, базах хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4. Гэмтэл нь 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр үүссэн байж болно. 5. Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

Бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 6. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 29 тал/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1 тал/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх 4 тал/, гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай тогтоол /хх 9 тал/, гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 10 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 36 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 38 тал/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 37 тал/ зэрэг нотолох баримтуудыг шинжлэн судлав. Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц. Мөнхзул нь 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 2 3 дугаар баг, Бүрэн бүстийн амралтын газарт н.Элбэгсайханыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна. Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Б.Элбэгсайхан, гэрч Г.Мөнгөншагай, гэрч Т.Бумбаяр, М.Гантулга, Б.Гантуяа нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ. Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Мөнхзулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Д.Мөнхзулыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Мөнхзулд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Д.Мөнхзулын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Элбэгсайханы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирлын талаарх нотлох баримтаа хэрэгт ирүүлээгүй байх тул иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Мөнхзул нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч санал гомдолгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Цэгмидийн Мөнхзулыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Мөнхзулыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Мөнхзул нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох торгуулийн ялыг 2017 оны 01 дүгээр сард 250000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг, 4 2017 оны 02 дугаар сард 200000 /хоёр зуун мянга/ төгрөг тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Мөнхзул нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Мөнхзул нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж хохирогч Б.Элбэгсайхан нь эрүүл мэндэд учирсан хохиролоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мөнхзулд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ