| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2017/0140/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/439 |
| Огноо | 2017-12-21 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2017/ШЦТ/439
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,
улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун,
шүүгдэгч Л.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.О-д холбогдох эрүүгийн 201619000248 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Төв аймгийн Батсүмбэр суманд 1978 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 02 дугаар сарны 13-ны өдрийн 33 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1-д зааснаар 45000 төгрөгийн торгуулийн ял, Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 67 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар ял өршөөгдсөн, мөн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 41 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар баг Хужирын тохой 1-14 тоотод оршин суух хаягтай гэх Б овогтой Л О гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.О нь Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр баг Уйлантын 5-56 тоотод оршин суух иргэн С.Мөнхбатын хашаанд 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цагийн орчим архидан согтуурч, улмаар Л.О нь Т.Кунанбайн цээжний баруун хэсэг рүү нь өшиглөж, 4,5,6 дугаар хавирга хугарч, түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХнь:
Шүүгдэгч Л.О нь Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр баг Уйлантын 5-56 тоотод оршин суух иргэн С.Мөнхбатын хашаанд 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цагийн орчим архидан согтуурч, улмаар Л.О нь Т.Кунанбайн цээжний баруун хэсэг рүү нь өшиглөж, 4,5,6 дугаар хавирга хугарч, түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүдэгч Л.Огийн: би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хохирол нөхөн төлсөн тул торгуулийн ял оногдуулж өгнө үү?” гэх мэдүүлэг,
мөрдөн байцаалтад хохирогч Т.Кунанбайн: “доош тонгойлгосон тэр үед Атраа буюу О баруун гар талаас ирээд цээжний баруун хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Миний биед учирсан гэмтэл бүрэн эдгэрсэн. Л.О надад эмчилгээний зардалд 4.666.000 төгрөг өгсөн. Надад одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 3 хавтас 08-09 хуудас, 230 хуудас/,
- Хохирогч Т.Кунанбайн бие махбодид учирсан гэмтлийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 175, 659, 967 дугаартай дүгнэлтүүдэд: "1.Кунанбайн биед цээжний хэнхэрцэгний баруун талд 4,5,6-р хавирганд хугарал, баруун уушгинд бүрэн бус уналт, няцралт, цээжний хөндийд хий, цээжинд зөөлөн эдийн няцрал, духанд шарх гэмтэл тогтоогдлоо... З.Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..." гэж,
.
- Т.Кунанбайн биед үзлэг хийсэн "...цээжний баруун хажуу суганы дунд шугамаар 6,7-р хавирганы түвшинд 1.5-1.5 см бор өнгийн сорвитой..." тэмдэглэл /хх-ийн 3 хавтас 05-07 хуудас/.
- мөрдөн байцаалтад гэрч К.Сүкэрбайын: "...Батням архи хундагалаад Батсүрэнг уу гээд шахаад байсан. Батсүрэн уухгүй гээд байсан. Тэгээд Батнасан ах Батсүрэнг архи аваад өг, чи архи авч өгөлгүй их удлаа гэж хэлээд шаналгасаар байгаад Батсүрэн, Батням нар дэлгүүр явж 1 шил 750 грамын Ерөөл архи авч ирээд Батнасан, О, Батням нар хувааж уусан.Тухайн үед манай аавын нагац ах Миземхаан машинаа засуулахаар ирэхэд нь Батням архи шахаад "Хасаг хүн" хүн биш гэж хэлээд байсан. Намайг Мөнхбатын хашаанаас явахад О, Батнасан, Батням нар нэлээн согтуу байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 238 хуудас/,
- мөрдөн байцаалтад гэрч С.Мөнхбатын: "...2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр цагийг нь санахгүй байна өдөр 13 цагийн орчим Батсүрэн ирээд өөрийнхөө машины урд гуферыг засуулсан. Тэгээд удалгүй Батнасан, О, Батням нар болон ойролцоо Кунанбай ирсэн. Намайг хашаанаас гараад явахад Кунанбай зодуулсан гэх шинжгүй, зүгээр байсан. Кунанбай, Батнасан, О, Батням нар архи уугаад бараг дуусаж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Б.Батсүрэнгийн: "...2 дахь шил архиа дуусаж байхад Батнасан, Батням нар ганц шил архи аваад өг гэж хэлэхээр нь би Батнямын хамт "Алтанмандал" дэлгүүр орж 1 шил 750 граммын Ерөөл архи авч өгсөн. Тухайн үед Батнасан, О. Батням, Кунанбай нар бүгдээрээ нэлээд халсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 237 хуудас/,
- мөрдөн байцаалтад гэрч С.Хүрэлбаатарын: "...2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр цэцэрлэг орж зээ охин 3 настай Баярцэцэгийг аваад 5-р гудамжаар өөрийн морьтой өгсөөд явж байхад 17 цаг 30 минутын үед Мөнхбатын хашааны хаалганы шонгийн хажууд Кунанбай хашааны хаалганы зүүн талын шонг зүүн гараараа түшээд биеийнхээ зүүн хэсгээр налсан сууж байсан. Тэгсэн Кунанбай намайг Бүрэнбаяр ахынд оруулаад өг, би Бүрэнбаяр ахаар гэртээ хүргүүлмээр байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гэсэн чинь би босож чадахгүй байна гэж байгаад миний морины баруун талын дэлэн дээрээс чангааж босож ирээд мориноос түшиж Бүрэнбаярын хашаанд оруулсан чинь хашаанд байсан 40 литерийн пидоны хажууд очоод суусан..." гэх мэдүүлэг / хх-ийн 240 хуудас/,
- мөрдөн байцаалтад гэрч Ц.Бүрэнбаярын: "...Би Төв аймгийн Батсүмбэр сумын мандал 1 дүгээр багийн Уйлантын 5-69 тоотод амьдардаг. 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 18 цагийн үед манай хашаан дотор Кунанбай жаахан халамцуу, орж ирээд намайг хүргээд өгөөч гэж гуйсны дагуу түүнийг сумын төвөөс 1-2 км зайд байрлах гэрт нь хүргэж өгсөн. Тухайн үед Кунанбайн толгой нь хагарсан, нүүр нь цусаар бохирлогдсон байсан..." гэх мэдүүлэг/хх-ийн 27 хуудас,.
- мөрдөн байцаалтад гэрч Ж.Зинагийн: “Маргааш өглөө нь Кунанбайн хавирга хэсэгт зүсэлт хийж гуурс шургуулж, баллон зүүсэн. Би зун түлээгүй болчхоод Огээс тус болооч гэхэд бид хоёрын үйлдэл хэрэгсэхгүй болсон та хоёр юм олж долоохгүй юу гэж хэлэхээр нь би өмгөөлөгч авсан юм..." гэх мэдүүлэг/1-р хх 241/,
- мөрдөн байцаалтад гэрч Ч.Мизимхааны: Батням намайг архи уучих гээд архиар шахаад байсан. Би архи уугаагүй 5 жил болж байгаа юм. Батням архиныхаа халуундаа Хасагууд санаа муутай гэсэн утгатай зүйл хэлж байсан..." гэх мэдүүлэг /1-р хх -247 хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Ц.Бүрэнбаярын: Би Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн Уйлантын 5-69 тоотод амьдардаг. 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 18 цагийн үед манай хашаан дотор Т.Кунанбай жаахан халамцуу, орж ирээд намайг хүргээд өгөөч гэж гуйсны дагуу түүнийг сумын төвөөс 1-2 км зайд байрлах гэрт нь эхнэрт нь хүргэж өгсөн. Тухайн үед Т.Кунанбайн толгой нь хагарсан, нүүр нь цусаар бохирлогдсон. Өөр ил харагдах гэмтэл бэртэл ажиглагдаагүй”. Кунанбай тухайн үед огт юм ярихгүй байсан. Би хэнд зодуулсанг нь мэдээгүй. Ер нь хүнд зодуулсан шинжтэй байсан. Түүнээс нилээд архи үнэртэж байсан. Гэхдээ гайгүй согтолттой юм ярихгүй байсан. Би юу болоо бэ гэхээр дуугарахгүй юм ярихгүй байсан. Өөрөө манай хашаанд орж ирээд 40 литрийн битоны хажууд “намайг хүргээд өгөөч” гэж сууж байсан” гэсэн мэдүүлэг /хх-27 тал/,
мөрдөн байцаалтад шинжээч Э.Дэлгэрхүүгийн: Би түүний өвчний түүхийг үндэслэн дүгнэлт гаргасан бөгөөд хавтаст хэргийн 124 дүгээр хуудасны ар талд цээжний хөндийд гуурс тавьсан ажилбарын тэмдэглэл байна. Тус ажилбарын тэмдэглэлийн өдрийг хараад 2016 оны 04 сарын 02-ны өдөр байна гэж дүгнэлтэнд тусгагдсан гэхдээ өвчний түүх нээсэн хугацаа нь 2016 оны 04 дүгээр сарын 08-ны 10 цагт нээгдсэнээр эмчилгээ үйлчилгээг явуулах бөгөөд бичгийн хувьд гаргац муутай тул 02,08 гэж уншигдахаар байна сайн харвал 08-ны өдөр байсан байна” гэсэн мэдүүлэг /2-р хавтас хх-09 тал/,
мөрдөн байцаалтад шинжээч Ц.Оюун-Эрдэнийн: “Цээжний хэнхэрцэгийн баруун талд 4,5,6-р хавирга хугарал, баруун уушигны няцрал, бүрэн бус авчилт цээжний хөндийн хий хуралдалт, цээжинд зөөлөн эдийн няцрал, духанд шарх бүхий гэмтэл тогтоогдсон. Эдгээр гэмтэл нь хүнд зэрэгт хамаарна. Мохоо зүйлийн үйлчлэлээр 2 удаагийн үйлчилэлээр үүснэ. Цээжний хэнхэрцэгийн баруун талын 4,5,6-р хавирганы хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун уушигны няцрал, бүрэн бус авчилт цээжний хөндийн хий хуралдалт нь хүнд зэрэгт хамаарна. Цээжний зөөлөн эдийн няцрал нь хөнгөн зэрэгт хамаарна. Духанд үүссэн шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр цээжинд мэс ажилбар хийсэн талаар 17520 тоот өвчний түүхэнд бичсэн байсан” гэсэн мэдүүлэг /2-р хавтас хх-02 тал/,
мөрдөн байцаалтад гэрч Х.Батдэлгэрэхийн: “Тухайн үед цээжний хөндийгөөс 900 миллитер хий соруулж авч уушиг сэргээх эмчилгээ хийсэн. ... Би энэ хүний нэр нь содон болохоор санаж байсан” гэх мэдүүлэг /хх-243 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч мөрдөн байцаалт шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлж гэм хор арилсан байна.
Шүүх шүүгдэчид ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.Од Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт торгох ял оногдуулах талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчдийн санал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлж, гэм хор арилсан хохирогчийн хууль бус үйлдлээс гэмт хэрэг гарсан болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзав.
Шүүх торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч Л.Огийн торгох ялыг 2018 оны 12 сарын 15-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Л.О нь хохирогч Т.Кунанбай 4620000 төгрөг төлсөн ба хохирогч шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.О нь 2017 оны 4 сарын 15-ны өдрөөс эхлэн 2017 оны 7 сарын 17-ны өдөр хүртэл нийт 93 хоног цагдан хоригдсоныг эдлэх ял нь оруулан тооцож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогтой Л.О-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-г 15000 /арван таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр 15000000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.О-г торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд буюу 2018 оны 12 сарын 15-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.О нь торгох ялыг энэ тогтоолын 3 дах хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.О-гийн цагдан хоригдсон 93 /ерөн гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.О-гийн цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгөөр тооцож, эдлэх ялаас хассугай.
7. Хэрэгт Л.О-гийн иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч Т.Кунанбайд 4620000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч гомдол саналгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2016 оны 06 сарын 02-ны өдрийн тогтоолоор Д.Батнасангийн 23-23 ТӨВ улсын дугаартай цэнхэр өнгийн Бонго 1 маркийн тээврийн хэрэгсэл, 2017 оны 01 сарын 19-ний өдрийн тогтоолоор Л.Огийн 2 үнээ, Б.Батнямын 1 үнээг тус тус битүүмжлэх тухай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий CD нэг ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
10. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
12.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ