| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/01096/И |
| Дугаар | 102/ШШ2017/02337 |
| Огноо | 2017-08-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2017/02337
| 2017 оны 08 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2017/02337 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ..., .. дугаар хороо, ... дүгээр хороолол, ... тоот хаягт оршин байх, Ж ХХК /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... дүүрэг, ... дугаар хороо, ...ын гудамж, ... дугаар байрны ... давхарын үйлчилгээний төв, ... овогт А.Т /РД: .../-д холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээний үүргийн гүйцэтгэлд 150,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч А.Тгийн нэхэмжлэгчээс 3,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч ..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., гэрч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ж ХХК нь 2012 оны 3 дугаар сарын 3-ны өдөр иргэн А.Ттай үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээг байгуулж, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны 2 давхарын 198 метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбайг захиалсан. Гэрээний 1.2-т зааснаар 1 метр квадрат талбайг 1,515,152 төгрөгөөр тохиролцон 300,000,000 төгрөгийн гэрээ хийсэн. Барилга баригдах явцад хариуцагч А.Т 150,000,000 төгрөг төлсөн. 198 метр квадрат талбайн төлбөрийг хариуцагч А.Т өдий болтол ашиглаж байгаа мөртлөө үлдэгдэл 150,000,000 төгрөгийг өгөхгүй байгаа. Хариуцагчид удаа дараа үлдэгдэл төлбөрөө төлөх шаардлагыг хүргүүлж байсан. Хэрэв үлдэгдэл мөнгийг төлвөл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өгнө гэдэг. Гэрээний дагуу алданги шаардаж байгаа боловч бид алданги нэхэмжлэхгүй, үлдсэн 150,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан засвар үйлчилгээний 3,000,000 төгрөгөө нэмэлт гэрээний төмөр хаалга сольсон, вакум цонх авч сайжруулалт хийсэн гэжээ. Нэмэлт гэрээ гэдэг нь тамга тэмдэггүй, огноогүй, нэхэмжлэгч компанийн төлөөлөх этгээдийн гарын үсэггүй байгаа тул энэ нэмэлт гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ нь төлбөр төлөх графикийн доор жич гээд энэ 3,000,000 төгрөгийн задаргааг бичсэн байгаа. Үүнийг нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй. Урьдчилгаа 90,000,000 төгрөгөө анх өгөөд хариуцагч нь уг үйлчилгээний талбайг ашиглахаар орсон байдаг тул засвар үйлчилгээний 3,000,000 төгрөг нь шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. н.С******** гэдэг хүнд А.Т 4,000,000 төгрөг өгсөн гэдэг. Энэ мөнгийг А.Т өөрийнхөө данснаас мөнгө гаргахдаа орон сууцны төлбөр гэсэн утгыг гүйлгээний утга дээр бичээгүй учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн 15,000,0000 төгрөгийг н.С******* байр зуучлалын хөлс гэсэн гүйлгээний утгатай А.Тгийн данснаас шилжүүлсэн мөнгө гэдэг нь баримтаас харагдаж байна. Түүнээс биш Ж ХХК-ийн дутуу төлбөрийг төлж байгаа төлбөрийн баримт биш тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч А.Тгийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н******шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Ж ХХК-тай 2012 оны 3 дугаар сарын 3-ны өдөр 98 тоот гэрээ байгуулан Баянгол дүүргийн *** дугаар хороо, Ж***** хутагт Д*******гудамжинд байрлах **** дугаар байрны 2 давхарын үйлчилгээний зориулалттай ***** талбайг 300,000,000 төгрөгөөр авахаар тохирсон. Гэрээний дагуу нийт 169,000,000 төгрөгийг төлсөн гэж үзэж байгаа. Учир нь Ж ХХК-ийн санхүүгийн албаны ажилтан Б.А****** ХААН банкны ******* тоот дансанд 165,000,000 төгрөг, борлуулалтын менежер Т.С******* 4,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Анхны гэрээнээс гадна нэмэлт гэрээ байгуулсан бөгөөд үүгээр бол 5 асуудлыг шийдвэрлэж өгөхөөр тохирсон. 1.Худалдааны 2 дугаар давхараас орох хаалга хийж өгөх, 2.Дээрээс орж ирсэн салхивч, бохирлын хоолойд хаалт хийж өгөх, 3.Вакум цонхнуудад засвар үйлчилгээ хийх, 4.Бохирын шугам хоолойг дээшлүүлж өгнө гэж гэрээнд тусгасан мөртлөө энэ ажлуудаа хийж өгөөгүй. Бидний зүгээс эдгээр ажлуудыг өөрсдийн хөрөнгөөр буюу 2,976,100 төгрөгөөр хийж гүйцэтгээд, зардлыг нийт үнийн дүнгээс хасуулах саналыг удаа дараа гаргасан. Би үлдэгдэл төлбөрөө төлөх талаар маш их санаа зовж, Ж ХХК нь гэрээгээр тохирсон үүргээ биелүүлээгүйгээс 1 жил 6 сарын хугацаанд тухайн үл хөдлөх хөрөнгөө ашиглаж чадаагүй, улмаар би улирлын чанартай бараа татсан байсан маань улирлын өнгөрөхөд ямарч хэрэггүй үхмэл хөрөнгө болсон. Ингээд залгуулаад эдийн засгийн хямрал нүүрлэж, бизнесийн үйл ажиллагаа биднээс шалтгаалахгүйгээр доголдолж төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн. Иймд 2,976,100 төгрөгийг нийт төлбөрөөс хасч өгнө үү.
Хариуцагч А.Т Ж ХХК-д 169,000,000 төгрөг төлсөн. Нэхэмжлэлийн шаардлага 150,000,000 төгрөгөөс гадна 19,000,000 төгрөгийг нэмж төлсөн. Нэмэлт гэрээний дагуу засвар үйлчилгээ хийсэн 3,000,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа. Яагаад үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна вэ гэвэл нийт 169,000,000 төгрөгийг төлсөн гэж үзэж байгаа. Засвар үйлчилгээ хийсэн 3,000,000 төгрөг дээр нэмэгдүүлээд 19,000,000 төгрөг нийт 22,000,000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагаас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа.
Ажил гүйцэтгэх тухай, зарлагын баримт гээд хавсаргасан байгаа. Захирал н.Туул танаа гээд вакум цонх солих, ариун цэврийн өрөөний засвар гэх мэт А.Т, н.Эрдэнэбилэгийн гарын үсэгтэй баримт буюу хүсэлтийг хүлээн авсан Ж ХХК-ийн Монгол талыг төлөөлсөн н.Туул гэсэн баримт байна. Энэ баримтыг жинхэнэ эх хувь эсэхийг А.Тгаас тодруулахад мэдэхгүй байна гэсэн. Нэмэлт гэрээгээр гарын үсэг, огноо байхгүй ч гэсэн энэ хүсэлт гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөн баримт болно гэж үзэж байна. н.Туулд өгсөн хүсэлтийг хүлээж авсан баримтыг жинхэнэ эх эсэхийг шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлт гаргаж байна. Б.Асралмаагийн нэр дээрх дансаар Ж ХХК захиалагч нараас мөнгө авдаг байсан юм билээ. 169,000,000 төгрөг Б.Асралмаагийн дансааар ороогүй гэдгийг үгүйсгэсэн баримтыг нэхэмжлэгч тал гаргаж өгөөгүй. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад манай талаас гаргасан зарим нотлох баримт эргэлзээтэй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 19,000,000 төгрөгт холбогдох хэсгээсээ татгалзаж байна, нэмэлт гэрээний дагуу нэхэмжилж буй 3,000,000 төгрөгт холбогдох хэсгээ дэмжиж байна гэв.
Хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлд: Миний бие Ж ХХК-тай 2012 оны 3 дугаар сарын 3-ны өдөр 98 тоот гэрээ байгуулан Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамжинд байрлах 37 дугаар байрны 2 давхарын үйлчилгээний зориулалттай 98 м/кв талбайг 300,000,000 төгрөгөөр авахаар тохирсон. Анхны гэрээнээс гадна нэмэлт гэрээ байгуулсан бөгөөд үүгээр бол 5 асуудлыг шийдвэрлэж өгөхөөр тохирсон боловч Ж ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул бид өөрсдийн хөрөнгөөр дараах зүйлүүдийг хийж гүйцэтгэсэн. Үүнд 1.Худалдааны 2 дугаар давхараас орох хаалга 850,000 төгрөг, 2.Дээрээс орж ирсэн салхивч, бохирлын хоолойг солиход материалын зардал, ажлын хөлс 327,000 төгрөг, 3.Таазаар үргэлжилсэн бохирын шугам хоолойд вакум хаалт хийлгэсэн ажлын хөлс 1,2,34,100 төгрөг, 4.Айлуудын дундын босоо шугам гэмтлээс шалтгаалан ус алдсанаас үүдсэн 4-5 удаагийн засварын материал, ажлын хөлс 565,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг 150,000,000 төгрөгөөс хасч тооцно уу.
Сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад: Ж ХХК-ийн санхүүгийн албаны ажилтан Б.Асралмаагийн ХААН банкны 5026639021 тоот дансанд 169,000,000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс 19,000,000 төгрөгнөөс 15,000,000 төгрөгийг 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Асралмаагийн дансанд шилжүүлсэн. 2012 оны 3 дугаар сарын 4-ний өдөр борлуулалтын менежер Т.Сонин-Эрдэнэд 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 19,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч А.Тд холбогдуулж үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээний үүргийн гүйцэтгэлд 150,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч А.Т нь нэхэмжлэгчээс 3,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Дараах үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж ХХК болон хариуцагч А.Т нар нь 2012 оны 3 дугаар сарын 3-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны 2 давхарын 198 метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авахаар тохирчээ. Гэрээнд хүү тооцох талаар тусгаагүй, харин төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиодолд алданги тооцохоор тохирсон зэргээс үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.
Гэрээний 1.2-т ... захиалгаар бариулж буй орон сууцны үнэ 300,000,000 төгрөг, мөн гэрээний 2.1.1-д Захиалагч нь энэхүү гэрээг байгуулахдаа урьдчилгаа төлбөр болох орон сууцны нийт үнийн 30 хувь буюу 90,000,000 төгрөгийг гүйцэтгэгчид төлнө., мөн 3.1-т Гүйцэтгэгч нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байрны 2 дугаар давхарын 198 м/кв үйлчилгээний төвийг 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор багтаан бүрэн дуусгаж захиалагчид хүлээлгэн өгнө., мөн 4.1-д Захиалагч нь 210,000,000 төгрөгийг 2012 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна. гэжээ.
Гэрээний дээрх заалтуудаас үзвэл хариуцагч А.Т нь 2012 оны 7 дугаар сарын 15-ны дотор тухай худалдан авч буй үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлж барагдуулах, нэхэмжлэгч Ж ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг 2012 оны 5 дугаар сарын 15-ны дотор бүрэн ашиглалт оруулж, хариуцагч А.Тгийн өмчлөлд шилжүүлэх үүргийг тус тус хүлээжээ. Дээрх Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байрны 2 дугаар давхарын 198 м/кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ашиглалтад оруулсан эсэх, хариуцагч А.Т тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авсан эсэх, төлбөрт нийт 150,000,000 төгрөгийг хариуцагч А.Т төлсөн эсэх дээр талууд маргахгүй байх тул нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч гэрээний урьдчилгаанд 150,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байна. Гэрээний хугацаа 2012 оны 7 дугаар сарын 15-ны өдөр дууссан байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй, хариуцагч үлдэгдэл төлбөрөө төлөх үүрэгтэй байна.
Харин хариуцагч А.Т нь Ж ХХК нь нэмэлт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул бид өөрсдийн хөрөнгөөр дараах зүйлүүдийг хийж гүйцэтгэсэн. Үүнд 1.Худалдааны 2 дугаар давхараас орох хаалга 850,000 төгрөг, 2.Дээрээс орж ирсэн салхивч, бохирлын хоолойг солиход материалын зардал, ажлын хөлс 327,000 төгрөг, 3.Таазаар үргэлжилсэн бохирын шугам хоолойд вакум хаалт хийлгэсэн ажлын хөлс 1,2,34,100 төгрөг, 4.Айлуудын дундын босоо шугам гэмтлээс шалтгаалан ус алдсанаас үүдсэн 4-5 удаагийн засварын материал, ажлын хөлс 565,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцож өгнө үү. Мөн Ж ХХК-ийн санхүүгийн албаны ажилтан Б.А***** ХААН банкны ******* тоот дансанд 169,000,000 төгрөг шилжүүлсэн. Үүний 19,000,000 төгрөгнөөс 15,000,000 төгрөгийг 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдөр А****** дансанд шилжүүлсэн. 2012 оны 3 дугаар сарын 4-ний өдөр борлуулалтын менежер Т.С****** 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 19,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж байна гэх нийт 22,000,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н*****нь 19,000,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, үлдэх нэмэлт гэрээний дагуу нэхэмжилж буй 3,000,000 төгрөгийн шаардлагаа дэмжсэн. 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр А.Тгаас А.Н******олгосон итгэмжлэлд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах ... эрхтэй гэж заасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн өмнөөс нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах эрх олгогджээ.
Нэмэлт гэрээний дагуу хариуцагчийн нэхэмжилж буй 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлгүй байна. Учир нь нэмэлт гэрээг хэн, хэзээ, хаана байгуулсан нь тодорхойгүй, Ж ХХК-г төлөөлж хэн гэрээг байгуулсан /гарын үсэг хэн зурсан/, компанийн тамга тэмдэг дарагдаагүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй. Иймд хариуцагч А.Тгаас 150,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, 3,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч А.Тгаас 150,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, хариуцагч А.Тгийн нэхэмжлэгчээс 3,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 907,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР