Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2019/ШЦТ/118

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Ц.Сувдаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,

Шүүгдэгч У.Н******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Б******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1815000280104 дугаартай, 163/2019/0089/Э индекстэй эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдохын өмнө Булган аймгийн .......ажиллаж байсан, одоо ....... ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн .......тоотод оршин суух, Ч******* овогт У******* Н******* /

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч У.Н******* нь Булган аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд авч нуусан, хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хяналт прокурорт гаргаж өгсөн гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Н******* өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд холбогдсон хэргийн талаар мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

1815000280104 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Гэрч Т.У******* өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 11/5-4233 дугаартай албан бичгээр 98 хуудас материал бүхий Б.Ч******* болон О.Алтанболд нарт холбогдох тэдний хууль бусаар ашигт малтмал олборлосон үйлдлийг Булган аймгийн Цагдаагийн газраар шалгуулахаар хүргүүлсэн. Туул голын сав газрын захиргаанаас манай хэлтэст хамтарч хяналт шалгалтын ажил явуулах тухай хүсэлтийг албан бичгээр ирүүлсэн байсан. Үүнтэй холбоотойгоор 2 байгууллагын даргын баталсан удирдамжийн дагуу 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 17-ны өдрүүдэд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт хяналт шалгалтын ажиллагаа явуулсан. Шалгалтаар Бүрэгхангай сумын “Цагаан хөтөл” гэх газарт Б******* нөхөрлөл нь хууль бусаар ашигт малтмал олборлосон нь тогтоогдсон учраас холбогдох материалыг бүрдүүлэн Булган аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсэн. Ч******* холбогдох материалд шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт, хамгаалалтын бүсэд хууль бусаар үйл ажиллагаа явуулсан болон эвдэгдсэн газрын зураг, болон Б.Ч*******, А нараас авсан тайлбар зэрэг материал байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 89 тал/,

Гэрч Б.Ч*******ийн өгсөн: “...2017 оны 06 дугаар сард Б******* нөхөрлөл нь Булган аймгийн Бүрэгхангай сумын Цагаан хөтөл гэх газар хууль бусаар алт олборлосон гэсэн асуудлын улмаас тус газарт шалгагдсан юм. Миний хувьд 9 хүн тус газарт үйл ажиллагаа явуулахаар болж тэдний техник хэрэгслийг хөлсөлсөн байсан бөгөөд эдгээр хүмүүс нь алт олборлох газарт техник хэрэгсэлтэйгээ очсон байсан. Энэ үед нь Улсын мөрдөн байцаах газраас шалгалт хийж явсан хүмүүс нь очиж, хууль бусаар алт олборлосон гэсэн зүйлийг хэлээд техник хэрэгслийг битүүмжилсэн байсан. Энэ асуудлаас болж Булган аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч У.Н******* гэж хүн намайг дуудаж, мэдүүлэг авч байсан. Миний хувьд У.Н******* мөрдөгчийг өмнө нь таньдаггүй байсан, түүнийг 2017 оны 7 дугаар сард дуудах үед нь очиж мэдүүлэг өгөхдөө танилцсан. Би түүнд хууль бусаар ашигт малтмал олборлоогүй, харин олборлохоор тухайн газарт нь техник хэрэгслээ зоосон талаараа хэлж мэдүүлсэн. Түүнд ямар нэгэн байдлаар худлаа мэдүүлэг өгөөгүй. Шалгагдаж байсан асуудлыг хаалгахаар түүнд нөлөөлсөн зүйл байхгүй. Түүнд хээл хахууль өгөөгүй. ...” гэх мэдүүлэг /1хх 93 тал/,

Гэрч Г.Бн өгсөн: “...Цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа З.Гомбоос тус газрын мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Н*******т холбогдуулан албаны шалгалт хийх үүргийг өгсөн. ...Албаны шалгалт явуулахад мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Н******* нь Мөрдөн байцаах газраас “Б*******” нөхөрлөлийн захирал Ч******* холбогдуулан шалгуулахаар шилжүүлэн өгсөн алтны уурхайтай холбоотой материалаас 30 гаран хуудас авч үлдэж, материалыг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж прокурорын хяналтанд өгсөн байсан. Дээрхи авсан материалыг тасгийн дарга, цагдаагийн хошууч Л.Ш ээлжийн амралтаа эдэлж дуусаад орж ирсэнийхээ дараагаар мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Н*******аас хураан авсан байсан. Ингээд цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа З.Г танилцуулсанд намайг албаны шалгалт хийлгэсэн юм. Намайг албаны шалгалт явуулж байх үед бусдаас мөнгө төгрөг, шан харамж авсан нь тогтоогдоогүй юм. Материал авч үлдэх үед нь Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Л.Ш, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа З.Гомбо нар ээлжийн амралттай байсан нь мөн тогтоогддог юм. ...” гэх мэдүүлэг /1хх 96 тал/,

     Гэрч Л.Шын өгсөн: “...Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт "Б*******" нөхөрлөлийн захирал Б.Ч******* гэгч нь хууль бусаар ашигт малтмал олборлосон тухай эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулах тухай материал ирсэн. ... Дээрх материал манай тасагт үлдээд ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Н шалгах үүргийг миний бие өгч шалгуулсан. Ингээд би ээлжийн амралтаа эдэлж байгаад ажилдаа орох үедээ тасагт шалгагдаж байсан өргөдөл, гомдол, эрүүгийн хэргүүдийг тулгалт хийн үзэхэд 2017 оны 06 дугаар зарын 27-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт “Б*******” нөхөрлөлийн захирал Б.Ч******* гэгч нь хууль бусаар ашигт малтмал олборлосон тухай хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байсан бөгөөд хаах тогтоолыг тасгийн ажлын хавтсанд хийж шийдвэрлэлтийг нь сангаар хаасан байсан. Хаах тогтоолд нь прокурор хүлээн авсан тэмдэглэл үйлдсэн байсан. ... 2017 оны 11 дүгээр сард байсан шиг санагдаж байна Улсын ерөнхий прокурорын газраас ашигт малтмалтай холбоотой материалуудыг татаж хянасан. Энэ үеэр ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Н******* 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт “Б******* нөхөрлөлийн захирал Б.Ч******* гэгч нь хууль бусаар ашигт малтмал олборлосон тухай хэрэг бүртгэлтийн хэргийг шалгаж байгаад прокурорт шилжүүлэхдээ элоги эдийн засгийн үнэлгээтэй холбоотой хэсгийг авч үлдсэн байсан. Тухайн үед өөрөө тайлбарлахдаа хэргийн хугацаа дуусч байсан. Мөн уг шилжин ирсэн материал нь анх ирэхдээ эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр ирүүлсэн санал байсан бөгөөд тухайн материал дотор нь байсан элоги эдийн засгийн үнэлгээ нь гэмт хэргийн бүртгэлд орохоос өмнө байцаан шийтгэх ажиллагаа буюу шинжээч томилж эдийн засгийн үнэлгээ гаргуулсан байсан. Тийм учраас би дээрх материалыг прокурорын хяналтанд шилжүүлээд прокуророос хянаад нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах юм бол дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулна гэж бодсон гэж ярьж байсан. Ингээд Н*******аас авч үлдсэн материалыг авч аймгийн прокурорын газарт албан тоотоор шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 98-99 тал/,

            Гэрч Т.У******* өгсөн: “...Миний хувьд тухайн хэрэгт авагдсан тайлбарыг газар дээр нь очиж авсан ба мпьютер ашиглах боломжгүй байсан учраас гараараа бичиж, тэмдэглэж авсан. Миний нэрээр үйлдэгдсэн Б.А гэж хүнээс асууж авсан тайлбарын тэмдэглэлд ........тоот өрөөнд 19 цаг 57 минутанд авсан гэж тусгагдсан байна. Уг тайлбар нь хуурамчаар үйлдэгдсэн байна. Миний хувьд эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар шилжүүлж буй материалаа хуулбарлаж авч үлддэг. Саяхан шилжүүлсэн “Б*******” нөхөрлөлийн захирал Ч******* холбогдох материал дахь мөрдөн байцаагч Б.Т бид хоёрын дээрх хүмүүсээс авсан тайлбар хуурамчаар үйлдэгдсэн талаар мэдсэн юм. ...” гэх мэдүүлэг /1хх 101 тал/,

    Гэрч Б.Т өгсөн: “...Шалгалтаар Бүрэгхангай сумын нутагт хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан 3 aж ахуйн нэгжийг газар дээр нь илрүүлсэн юм.Цагаан хөтөл гэх газарт Б******* нөхөрлөлийн нэрээр Б.Ч******* нь хууль бусаар ашигт малтмал олборлосон асуудалтай холбоотойгоор 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдөр Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ гаргах эрх бүхий Нуман Алтай ХХК-ний шинжээчээр дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон тогтоолыг хүргүүлсэн. Уг тогтоолын дагуу тус газрын шинжээчийн дүгнэлтийг гаргаж ирүүлсэн бөгөөд уг дүгнэлтээр Б******* нөхөрлөл нь байгаль орчинд 181.326.416 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон. Холбогдох материал болох шинжээчийн дүгнэлт болон тухайн үед газар дээр нь байсан 2 хүнээс асууж авсан тайлбарын хамт Булган аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн ахлах төлөөлөгч Т.Уламбаярт эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар шилжүүлсэн юм. Орон нутаг руу шилжүүлж байгаа материалд бид өөрсдөө шинжээч томилоод дүгнэлтийг нь гаргуулаад тухайн хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа этгээдийн үйлдлийг тогтоож хүргүүлэхгүй болохоор шинжээчийн дүгнэлт гаргуулалгүй, тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэчихдэг юм. Би 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр С.Б гэж хүнээс тайлбар авсан. Т.Уламбаяр газар дээр нь байсан өөр нэг хүнээс нь тухайн үед нь тайлбар авсан юм. С.Б асууж авсан тайлбарын тэмдэглэлтэй танилцахад Булган аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсэн миний С.Б гэж хүнээс асууж авсан тайлбарын тэмдэглэл биш байна. Уг тэмдэглэл дэх бичгийн хэвний загвар минийх биш байна. Мөн уг хүнээс өгсөн тайлбарын утга өөр буюу тухайн газарт хууль бусаар огт ашигт малтмал олборлоогүй мэтээр өөрчилсөн байсан. Уг тэмдэглэлд миний овгийн эхний үсгийг “Г” гэж бичсэн байна. ...Улсын ерөнхий прокуророос хэргийн шалгах харъяаллыг манайд тогтоож ирүүлсэн бөгөөд уг хэрэг надад цохогдсон юм. Энэ үед би өөрийнхөө авсан тайлбарыг биш, хуурамчаар үйлдэгдсэн болохыг мэдсэн юм. ...” гэх мэдүүлэг /хх 103 тал/,

Цагдаагийн ерөнхий газрын Авилгатай тэмцэх газарт хүргүүлсэн тоот /1хх 7, 8/, Булган аймгийн прокурорын газраас Улсын ерөнхий прокурорт хүргүүлсэн албан бичиг /1хх 11-12/, нуусан гэх хэргийн шинжээчийн дүгнэлт, тогтоол /1хх 36-73/, У.Н*******ын хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоолын хуулбар /1хх 75/, албаны шалгалтын танилцуулга /1хх 84-86/, У.Н*******ын ажилд томилогдсон талаарх баримт болон ажлын байрны тодорхойлолт /1хх 112-117/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 118/, иргэний үнэмлэхний лавлагаа /1хх 119/, эрүүгийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 123, 151, 2хх 21-65/, хавтаст хэргийн хуулбар матеириалууд /1хх 125-150, 152-162/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /2хх 69/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч У.Н******* нь Булган аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа Мөрдөн байцаах албаны Байгал хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулах тухай” 0018 дугаартай “Э З” ХХК-ний геологич Б.А, “Б*******” нөхөрлөлийн захирал Ч******* нарт холбогдох материалыг 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гомдол, мэдээллийн бүртгэлийн дагуу /хх1-25 тал/ хүлээн авч “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” /хх1-126 тал/ тогтоол үйлдэж  ажиллагаа явуулаад 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай” мөрдөгчийн тогтоолоор /хх1-75 тал/ 171500016 дугаартай хэргийн хэрэг бүртгэлтийг дуусгаж хэргийг хаах саналыг Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурорт гаргаснаар 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 5/10 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоолоор /хх1-145 тал/ 171500016 дугаартай хэргийг хаасан байна.

Шүүгдэгч У.Н******* нь 171500016 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж хэргийг хаах тухай саналтай прокурорт хүргүүлэхдээ “Эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулах тухай” материалд авагдсан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд бүрдүүлсэн хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий  “Нуман Алтай” ХХК-ны шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1/12 дугаартай дүгнэлтийг зориуд нууж, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Б.А, С.Б нараас авсан тайлбарыг хуурамчаар үйлдэн нотлох баримтуудыг хуурамч болохыг мэдсээр байж прокурорт гарган өгсөн болох нь  “Албаны шалгалт хийлгэх тухай” МУ-ын ЕПГ-ын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/4655 дугаартай албан бичиг /хх1-9 тал/, “Эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулах тухай” 0018 дугаартай “Э З” ХХК-ний геологич Б.А, “Б*******” нөхөрлөлийн захирал Ч******* нарт холбогдох материал /хх1-35-74тал/, “Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай” саналтай прокурорт хүргүүлсэн 171500016 дугаартай хэргийн материал /хх1-124-146 тал/, гэрч Г.Болдбаатар, Л.Ш, Т.Уламбаяр, Б.Т, Б.Ч******* нарын өгсөн мэдүүлэг /хх1-89, 92-103 тал/ болон шүүгдэгч У.Н*******ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүнийг  “ахлах мөрдөн байцаагч”-аар томилсон ЦЕГ-ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/598 дугаартай тушаал, ажлын байрны тодорхойлолт /хх1-114-116 тал/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүгдэгч У.Н*******ын дээрхи үйлдэл нь хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны хэвийн үйл ажиллагаа, түүнчлэн хохирогч этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол, эрх, эрх чөлөө  байдаг давхар объекттой, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд нуусан, хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж прокурорт гаргаж өгсөн гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх гэрч нарын өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, мэдүүлгийн эх сурвалж бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

Иймд шүүгдэгч У.Н*******ыг хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд нуусан, хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж прокурорт гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч У.Н*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

        Түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хувийн байдлын харгалзан шүүгдэгч У.Н*******д торгуулийн ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.  

        Энэ хэрэгт шүүгдэгч У.Н******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй байна.

        Шүүгдэгч У.Н*******д мөрдөн шалгах ажиллагааны шатанд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ тухай Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслах Б.Түшигбаярт даалгах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч******* овогт У******* Н*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд нуусан, хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж прокурорт гаргаж өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Н*******ыг 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Н*******д оногдуулсан 6000000 /зургаан сая/ төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 250000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоосугай.  

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 6000000 /зургаан сая/ төгрөгийн торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч У.Н*******д сануулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч У.Н******* нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

        6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж,        шүүгдэгч У.Н*******д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ тухай Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслах Б.Түшигбаярт даалгасугай.

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

        8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У.Н*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭРЭНХАНД