| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/02643/И |
| Дугаар | 102/ШШ2017/02341 |
| Огноо | 2017-08-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 102/ШШ2017/02341
| 2017 оны 08 сарын 31 өдөр | Дугаар 102/ШШ2017/02341 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ... дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух, ... овогт Д.Д /РД: .../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... дүүргийн ... дүгээр хороо, ...ын гудамж, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, ... овогт Ж.С /РД: ТИ87022111/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3,200,000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, гэрч Ө.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Дийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Д.Д би хариуцагч Ж.Стай 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2,000,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн өнөөдрийг хүртэл огт биелүүлээгүй тул үндсэн зээл 2,000,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг, хүү 200,000 төгрөг, нийт 3,200,000 төгрөгийг Ж.Саас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Сын шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би 2016 оны 8 дугаар сарын 24-нд Д.Доос 2,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж, авч хэрэглэн, 2016 оны 9 дүгээр сард зээлсэн 2,000,000 төгрөг болон хүүг Д.Дид буцаан өгөхөөр утсаар ярихад тэрээр манай дүү Д.Саранцэцэг, түүний нөхөр Ө.Ш нарт өгчих гэж хэлсний дагуу тэдний гэрт нь очиж 2,000,000 төгрөгийг бэлнэ мөнгөөр өгсөн гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Ж.Саас 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд буюу үндсэн зээл, хүү, алдангид нийт 3,200,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч үндсэн зээл, хүүг нэхэмжлэгчийн дүү, хүргэн нарт өгсөн гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчид шүүхээс хуульд заасан арга, хэлбэрээр мэдэгдсэн боловч нэхэмжлэгчид шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н ... шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд цааш үргэлжлүүлэх хийлгэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д заасантай харшлахгүй байх тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Ж.Стай 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 2,000,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн ба алданги буюу гэрээний хариуцлагыг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байхаар харилцан тохиролцсон ба талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээг бичгээр байгуулсан бөгөөд гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан хуулийн хүчин төгөлдөр, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, талуудын байгуулсан гэрээний 2.1.3 дахь хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч Д.Д гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс буюу 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш алданги нэхэмжлэх эрхтэй, хариуцагч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасны дагуу гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул алданги төлөх үүрэгтэй байна.
Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэнэ. Мөн анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.
Гэрээний хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр дуусгавар болсон бөгөөд уг өдрөөс хойш нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл буюу 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 330 хоногийн алдангийг тооцоход 3,630,000 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч дээрх хугацааны алдангийг хуульд нийцүүлэн 1,000,000 төгрөг нэхэмжилж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу 1,000,000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, үндсэн зээлийг хүүгийн хамт нэхэмжлэгчийн дүү, хүргэн нарт өгсөн гэж маргаж, гэрч Ө.Ш ... Ж.Саас мөнгийг хүлээж авсан гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн боловч хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг зээлдүүлэгчид хүлээлгэн өгөх ёстой тул гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэн хариуцагчаас үндсэн зээл, хүү, алдангид нийт 3,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ж.Саас нийт 3,200,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Дид олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 66,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 66,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР