Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 279

 

     Д.Э-т холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Ц.Гантулгабат,

            хохирогч Я.Б,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Я.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Э-т холбогдох 1806 06132 2075 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Д-н Э, 19.. оны ... дугаар сарын ...-ны өдөр .......... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “..........үндэсний төв”-д цахилгаанчин ажилтай, ам бүл 5, эх, хүү, бэр, ач охины хамт .... дүүргийн .... дүгээр хороо, ......... 24 дүгээр гудамжны ......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............/,

Д.Э нь 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б Т” ХХК-ийн нийтийн бүжгийн газарт үйлчлүүлж байсан иргэн Я.Б-н гар цүнх болон тортой эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

    Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Э-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Д.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдаж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд  мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Э цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Я.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Д.Э нь 1.400.000 төгрөгийн хохирлыг 2019 оны 2 дугаар сарын 5-ны өдөр барагдуулна гэж баталгаа гаргаж, 1 жилийн хугацаагаар тэнсэх ял авсан ба өнөөг хүртэл гэмт хэргийн улмаас учирсан хор уршгаа арилгахгүй, утсаа авахгүй, холбогдох боломжгүй болж сураггүй алга болсон. Д.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүхээс хүлээлгэсэн үүргээ биелүүлэхгүй байна. Хулгайн гэмт хэргийн хохирлоо төлөхгүй, шүүхийн шийтгэх тогтоолын заалтыг зөрчиж байгаад гомдолтой байна. Иймд миний хохирлын мөнгө болох 1.454.000 төгрөгийг Д.Э-ээс гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор Ц.Гантулгабат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс Д.Э-ийг гэм буруутайд тооцож, ял оногдуулахгүйгээр тэнсэж, хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн. Хуульд албадлагын арга хэмжээ биелүүлэх хугацааг тодорхой заагаагүй тул тэнссэн хугацаатай уялдаж байгаа гэж ойлгоно. Тэгэхээр хохирогчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж байна...” гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Д.Э нь 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б Т” ХХК-ийн нийтийн бүжгийн газарт үйлчлүүлж байсан иргэн Я.Б-н гар цүнх болон тортой эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.954.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Я.D “... Би “Б Т” ХХК-ийн нийтийн бүжгийн газарт орж үйлчлүүлж байхдаа өөрийн гар цүнх болон тортой эд зүйлсээ сандал дээр тавьсан байсан. Тэгтэл хөгжим тоглож байсан хүн “сандал дээр байсан шар тортой зүйлийг нэг хүн аваад гараад явчихлаа” гэж хэлсэн. Сандал дээр тавьсан байсан миний тортой эд зүйлс, гар цүнхийг аваад явчихсан байсан...” /хх 19-21/ гэсэн мэдүүлэг,

яллагдагчаар Д.Э “...Би бүжгэнд ороод заалны хойд буланд байрлах буйдан дээр байсан хар өнгийн ягаан эмжээртэй цүнхийг аваад гарсан. Гадаа бүрэнхий болсон байсан ба цүнхийг онгойлгож үзэхэд “Iphone-6”, “Iphone-4” загварын гар утаснууд, ...цагаан өнгийн даашинз зэрэг эд зүйлс байсан...” /хх 43-44/ гэсэн мэдүүлэг 

“Дамно”  ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 34-35/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Д.Э-ийг бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.954.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч  Д.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Хохирогч Я.Б-аас хохирол төлж барагдуулах талаар давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Д.Э, хохирогч Я.Б нар нь харилцан тохиролцож, Д.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хэрхэн төлж барагдуулах талаар хүсэл зоригоо илэрхийлж, бичгээр /хх 72/ хүсэлтээ гаргажээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо ... нөхөн төлөхөө илэрхийлсэн бол... тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж...” болохоор хуульчилсан.

Анхан шатны шүүх хохирогч, шүүгдэгч нарын хүсэлтэд үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Э-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.  

Түүнчлэн хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авахад ямар хугацаанд биелүүлэх талаар тусгайлан хуульчлаагүй тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлөх хугацааг тэнссэн хугацаагаар тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Д.Э-ийн үйлдсэн гэмт хэрэгт анхан шатны шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах үүрэг хүлээлгэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн болно.

Харин шүүгдэгч Д.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1.454.000 төгрөгийг бодитой төлж барагдуулаагүй байхад анхан шатны шүүх хохирлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийтгэх тогтоолд огт дурдалгүйгээр орхигдуулсан тул давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулан зөвтгөж шийдвэрлэлээ.