Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 25

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Г

Хариуцагч: А аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: А аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/340 дүгээр захирамжийн Д.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Г би А аймгийн Э сумын Булганхангай хорооллын ард байрлах 1360м2 газрыг 15 жилийн хугацаатай, үйлчилгээний зориулалтаар авсан. Уг газрын татвараа жил бүр төлж байгаа. Уг газар дээрээ зориулалтын дагуу хашаа барьж үйл ажиллагаа явуулж байна. Зориулалтын дагуу худалдаа үйлчилгээний төв барихаар газар дээрээ геологийн дүгнэлтээ гаргуулж, барилгын зургаа зуруулж байна. 2020 онд улс орнуудыг хамарсан ковид 19 вирусын цар тахлаас болж үйл ажиллагаа саатаж удааширсан. Уг захирамжийг 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр утсаар анх мэдэгдсэн ба 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хуулбар хувийг нь гардан авсан.

 “Э” ХХК-иар дүгнэлт гаргуулахаар өмнө нь амаар ярьсан байсан. Энэ барилгын компани тухайн үед зөвхөн миний захиалгаар А аймагт ирээгүй. Өөр олон газартай ажилтай байсан болохоор ирсэн байх. Хэд хэдэн захиалагчийн хүсэлтээр компаний ирсэн үе нь таарсан. Мэдэгдэл хүлээж аваад гэрээ байгуулсан зүйл биш. Адилхан газар дээрээ объект бариагүй хүмүүс байхад ганц миний газрыг хүчингүй болгож байгааг улс төрийн ажиллагаатай холбоотой гэж үзэж байна. Иргэн хүнийхээ хувьд хуулийн дагуу эзэмшсэн газартаа төлөвлөгөөний дагуу  болон авсан зориулалтынхаа дагуу үйл ажиллагаа явуулна.

Иймд А аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/340 дүгээр захирамжийн Д.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Р шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Г нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/247 дугаар захирамжаар А аймгийн Э сумын Булганхангай хорооллын ард байршилтай, худалдаа үйлчилгээний цогцолбор барих зориулалттай, 1360м2 газрыг эзэмших эрх авсан боловч тухай газар дээрээ зориулалтын дагуу 2016 оны 5 дугаар сараас 2020 оны 5 дугаар сар хүртэл 4 жил үйл ажиллагаа явуулалгүй Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчсөн тул аймгийн Засаг даргын 2020 оны 5 сарын 27-ны өдрийн А/340 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу иргэн Д.Г-д тайлбар, санал гаргах боломжоор хангаж, сонсох ажиллагаа хийх мэдэгдлийг 2020 оны 5 сарын 13-ны өдөр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас хүргүүлсэн. Тус мэдэгдлийн дагуу Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2-т заасанчлан саналыг бичгээр тус газарт ирүүлсэн. А аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн хурлаар саналыг хэлэлцэхэд хуралд оролцогсод бүгд газар эзэмших эрхийг хүчингүй болгох санал гаргасан бөгөөд аймгийн Засаг даргад уламжлахаар шийдвэрлэсэн.

Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолийн “1.10. Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.” гэж заасан. Мөн Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2006 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай” зөвлөмжид “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах хэсгийн “газрыг 2 жил дараалан ашиглаагүй” гэдэг ойлголтыг газар эзэмших гэрээний хугацаатай хамааралгүй гагцхүү гэрээ хийгдсэн өдрөөс хойш бүтэн 2 жилийн хугацаанд тухайн газар дээрээ зориулалтын дагуу барилга, байгууламж, зам талбай зэрэг нүдэнд харагдаж хэмжиж, тооцоолж болохуйц объект бий болгоогүй байхыг ойлгох нь зүйтэй. Харин газар дээрээ хашаа барьсан, манаач байрлуулсан, эзэмшүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад ашиглуулсан зэргийг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй байвал зохино.

Мөн Хуулийн дээрх зүйл, хэсгийн “хүндэтгэн үзэх шалтгаан” гэсэн заалт нь газрыг зориулалтаар ашиглаагүй, 2 жил ашиглаагүй гэдэг заалттай шууд хамааралтай юм. Гэрээ хийгдсэний дараа бусдын буруугаас эсхүл давагдашгүй хүчний улмаас байгалийн тогтолцооны өөрчлөлт гарсан, эвдрэл, элэгдэл бий болсон болон эзэмшигч өвчтэй байсан, гадаадад ажилласан зэрэг зайлшгүй шалтгаанаар газраа зориулалтаар нь 2 жилийн хугацаанд ашиглаж чадахгүйд хүрсэн зэргийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ.” гэж заасны дагуу иргэн Д.Г-д хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байна. Эзэмшил газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй, барилга байгууламж бариагүй байна.

Газар эзэмшүүлэх эрхийг хүчингүй болгох талаарх сонсох ажиллагаа хийх тухай мэдэгдэл хүргүүлсний дараа “Э” ХХК-тай “Инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан нь хүндэтгэх үзэх шалтгаан болохгүй бөгөөд өмнө нь үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой байсан. 

Иймд аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/340 дүгээр захирамж нь үндэслэлтэй бөгөөд иргэн Д.Г-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь: 

Иргэн Д.Г-аас А аймгийн Засаг даргад холбогдуулан “А аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/340 дүгээр захирамжийн Д.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг хүчингүй болгуулахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан А аймгийн Засаг даргад холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй. 

Маргааны үйл баримтаас дүгнэхэд: Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2., 33 дугаар зүйлийн 33.1.2.-т зааснаар А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 11 дүгээр тогтоолын 18 дугаарт тус аймгийн Э сумын Булганхангай хорооллын ард 0.136 га газрыг худалдаа үйлчилгээний цогцолбор төвийн зориулалтаар төсөл сонгон шалгаруулах журмаар эзэмшүүлэхээр тусгажээ. /х.х.-н 34-36/

Улмаар А аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/234 дүгээр захирамжаар 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагт явагдах Булганхангай хорооллын ард худалдаа үйлчилгээний цогцолбор төв барих зориулалтаар газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулж, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулах комиссын дүгнэлтээр комиссын гишүүдийн олонхийн саналаар Д.Г-ын төслийг дэмжсэн байна. /х.х-н 61-67/

Ийнхүү А аймгийн Засаг дарга 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/247 дугаар захирамжаар иргэн Д.Г-д А аймгийн Эрдэнэбулган сумын Булганхангай хорооллын ард 1360м2 худалдаа үйлчилгээний цогцолбор төвийн зориулалттай газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 000611335 дугаартай газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгожээ. /х.х-н 38, 39/

Нэхэмжлэгч Д.Г нь эзэмших эрх бүхий дээрх газраа 2016, 2018, 2019 онуудад газрыг төлбөрийг тухай бүр төлж байсан нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3. дахь заалтыг зөрчөөгүй байна.  /х.х.-н 53-54/

Гэтэл А аймгийн Засаг дарга 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/340 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 ба түүнээс дээш жил дараалан ашиглаагүй иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрхий хавсралтаар хүчингүй болгосны дотор иргэн Д.Г-ын эзэмших эрх бүхий дээрх газар оржээ. /х.х-н 51-52/

Улмаар иргэн Д.Г-аас аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/340 дүгээр захирамжийн Д.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд маргасан байна. 

Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа мэдэгдэх, сонсох ажиллагаа хэрхэн явуулсан талаар:

Иргэн Д.Г-ын газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар А аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн дарга Г.Р 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн байна. /х.х-н 47/

Дээрх  мэдэгдлийн дагуу иргэн Д.Г-аас 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр бичгээр тайлбар гаргажээ./х.х-н 48/

Мөн А- аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 291 дүгээр албан бичгээр Булганхангай хорооллын ард байршил бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай 1360м2 газрын эзэмшиж эрхийн 000611335 дугаар гэрчилгээг аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/340 дугаартай захирамжаар хүчингүй болгосныг иргэн Д.Г-д мэдэгджээ./х.х-н 7/

Нэхэмжлэгч Д.Г маргаан бүхий А/340 дүгээр захирамжийг 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр утсаар мэдсэн гэж тайлбарласан, А аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 11 цаг 53 минутад иргэн Д.Г-ын 99060171 дугаарын утсаар өөрт нь мэдэгдсэн гэх тайлбар ирүүлжээ.

Иймд иргэн Д.Г-д маргаан бүхий А/340 дүгээр захирамжийг 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдсэн байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг тал бүрээс харьцуулан үнэлж дүгнэж үзсэний үндсэн дээр дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Учир нь:

Нэг. Иргэн Д.Г нь эзэмших эрх бүхий газраа “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 ба түүнээс дээш жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлийн тухайд:

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. дэх хэсэг Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.6.-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” гэж заасан. 

Маргаан бүхий энэ хэргийн тухайд, нэхэмжлэгч Д.Г нь эзэмших эрх бүхий газартаа 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 5.000.000 төгрөгийн ажлын хөлс бүхий блокон хашаа /хаалга/ бариулсан, 2019 онд 1.500.000 төгрөгийн ажлын хөлс бүхий худалдаа, үйлчилгээний барилгын загвар зургийг “Д” ХХК-иар хийж гүйцэтгүүлсэн, 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр  1.800.000 төгрөгийн ажлын хөлс бүхий инженер-геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээг  “Э” ХХК-тай байгуулж, 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр А аймгийн Эрдэнэбулган сумын нутагт баригдах иргэн Д.Г-ын үйлчилгээний барилгын талбайн инженер-геологийн судалгааны дүгнэлт гаргасан байна.  /х.х-н 55-59, 84-98, 99-111, 121-125, 128-131, 132/

Мөн гэрч В.Д-гийн мэдүүлэгт “ ... Д.Г-аас 2019 оны эхээр барилгын зураг төсөл хийлгэх захиалга авсан, ... эхлээд би ажлын зураг гаргаж өгье гэж хэлсэн боловч Д.Г нь эскиз зураг гаргуулъя гэсэн, мөнгө төгрөгний асуудал байсан байх. Тэгээд эскиз /загвар/ зураг гаргуулсан. Эскиз зураг гаргуулахад 1.500.000 төгрөг авсан, уг мөнгийг бэлнээр авсан ... бид барилгын стандартын шаардлагад нийцүүлэн эскиз зураг гаргадаг. Эскиз зураг гарсны дараа техник, цахилгаан, дулаан, холбоо гэх мэт зураг гаргах шаардлагатай байдаг. Эскиз зураг гаргахад үндсэн зурагныхаа 10-30 хувиар төлбөрийг тооцдог. Үндсэн зураг нь 27 орчим сая төгрөг болох байсан ...”  гэж; 

Гэрч Б.А-ийн мэдүүлэгт “ ... Би 2018 оны 6 дугаар сард Д.Г-ын захиалгаар А аймгийн Э сумын “ТОСК”-ийн байрны ард, газрын хэмжээг нь сайн санахгүй байна, том газарт байсан, блокон хашаа, гүйдэг хаалга хийсэн ... Барилгын материалыг Д.Г гаргасан. Ажлын хөлсөнд 5 сая төгрөг авсан. Хашааг 20 орчим хоногт барьж дуусгасан ...” гэж; 

Гэрч Ч.Б-ын мэдүүлэгт “ ... Д.Г-тай 2020 оны 5 дугаар сард гэрээ байгуулсан, худалдаа, үйлчилгээний барилгын инженер-геологийн судалгааны ажлын дүгнэлт нь 2020 оны 7 дугаар сард гарсан ... судалгааны ажил 1 сая 800 мянган төгрөгийн өртөгтэй байсан, уг төлбөрийн 50 хувийн гэрээ байгуулахад, 50 хувийг судалгааны ажлын дүгнэлт гарсны дараа төлсөн ... А аймгийн төвд манай салбар байдаг бөгөөд тус салбарт Д.Г-ын дүү эмэгтэй Д.Г-ын хашаанд ухах цооногийн кадастрын зургийг өгч, талбайг зааж өгсөн. Түүний дагуу блокон хашаанд 2 цооног өрөмдөх ажил хийж гүйцэтгэсэн” гэж;  

Гэрч Э.Р-ын мэдүүлэгт “ ... Манайх 2018 онд тэнд буухад л хашаа барьчихсан байсан, блокон хашааг хэзээ барьсан болохыг мэдэхгүй байна ...” гэж тус тус мэдүүлжээ. /х.х.-н 119-120, 137-138, 139-140, 141-142, 170-184/

Дээрх гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Д.Г нь эзэмших эрх бүхий газраа ашиглах үйл ажиллагааг явуулсан, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20.-д заасан барилгын үйл ажиллагаа эхэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Нөгөөтэйгүүр хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч Д.Гын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон атлаа нэхэмжлэгч Д.Г-ын анх газар эзэмшиж эхэлсэн 2016 оноос хойш газар эзэмшүүлэх гэрээ огт байгуулаагүй байна. /х.х-н 78/

Энэ нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1. дэх хэсэгт “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.”, 34.8. дахь хэсэгт “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ.” гэсэн заалтыг зөрчжээ.

Өөрөөр хэлбэл хариуцагчаас иргэн Д.Г-тай газар эзэмшүүлэх гэрээг 2016, 2017, 2018, 2019 онд байгуулаагүй, гэрээний биелэлтийг жил бүрээр нь дүгнээгүй мөртлөө “гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй” гэж үзэж нэхэмжлэгчийг буруутгах нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй байна гэж үзлээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл, хариуцагч А аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч Д.Г-ын газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. дэх хэсэгт заасан Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг бодитойгоор хийгээгүй, 24.4. дэх хэсэгт заасан Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.6. дахь хэсэгт заасан Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй байна. 

Түүнчлэн нэхэмжлэгчээс түүнд хүргүүлсэн мэдэгдлийн дагуу 2020 оны 5 дугаар сарын 18-нд бичгээр тайлбар гаргасан байхад хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, шалган тогтоох, нөхцөл байдлыг судлах, тодруулаагүй, мөн хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх, шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл болон хяналтын дагалдах хуудсыг хуулийн дагуу бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна. /х.х 29, 126/

Мөн захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. дэх хэсэгт “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно.”, 27.2. дахь хэсэгт “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ:” гэж зааснаар сонсох ажиллагааны мэдэгдлийг захиргааны шийдвэр гаргах эрх бүхий захиргааны байгууллага /албан тушаалтан/ хүргүүлэхээр заасан.

Гэтэл маргаан бүхий энэ тохиолдолд, сонсох ажиллагааны мэдэгдлийг захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага /албан тушаалтан/ бус А аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн дарга хүргүүлсэн нь дээрх хуульд нийцээгүй, захиргааны акт гаргах ажиллагаанд тухайн актыг гаргах эрх бүхий байгууллага /албан тушаалтан/ нөхцөл байдлыг тогтоох үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдохгүй байна. 

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй гэх тайлбараар тодорхойлох боломжгүй бөгөөд газар эзэмших эрх бүхий аливаа этгээд тухайн газраа эзэмшихээр бусадтай гэрээ, хэлцэл байгуулсан, газар эзэмших, ашиглахтай холбогдуулан үйл ажиллагааг явуулсан, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандсан зэрэг тухайн газарт өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн аливаа үйл ажиллагаа явуулсан байхыг хамааруулан ойлгоно.

Энэ хэргийн тухайд иргэн Д.Г нь маргаан бүхий газарт блокон хашаа /хаалга/ бариулсан, худалдаа, үйлчилгээний барилгын загвар зураг гаргуулсан, инженер-геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, дүгнэлт гаргуулсан зэрэг газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхээр тодорхой үйл ажиллагаа явуулсан нөхцөл байдал тогтоогдож байна. /х.х-н 55-59, 84-98, 99-111, 121-125, 128-131, 132/

Түүнчлэн маргаан бүхий актын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/340 дүгээр захирамжийн хавсралтын 9-т “ Д.Г ... 5 жил үйл ажиллагаа явуулаагүй гэжээ”.  Уг газрын эзэмшиж, ашиглаж байсан хугацааг тодруулахад, тус аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн  “Газар эзэмших тухай”   а/247 дугаартай захирамж, мөн өдрийн 000611335 дугаартай газар эзэмших гэрчилгээг авсан өдрөөс хойш хугацаа нь 3 жил 11 сар 27 хоног бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.3. дахь хэсэгт заасны дагуу тухайн хугацааг зөв тодорхойлоогүй нь хууль бус гэж үзлээ. /х.х-н 52/

Иймд нэхэмжлэгч Д.Г нь эзэмших эрх бүхий газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх нөхцөл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.                                                                                                                                                                                            

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн тухайд:

Тус шүүх иргэн Д.Г-аас А аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулжээ. /х.х-н 1-2, 10-11, 16/

Хариуцагч А аймгийн Засаг дарга 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 01/837 дугаар албан бичгээр Д.Г-ын нэхэмжлэлтэй хэрэгт аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн дарга Г.Р-ийг томилж, захиргааны хэргийн бүх шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн хуульд заасан эрх, үүргийг бүрэн эдлүүлэхээр заасан байна. /х.х-н 23/

Улмаар Г.Р нь хариуцагчийн бүрэн төлөөлж, хариу тайлбар гарган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

Шүүх уг хэрэгт 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр шүүх хурал товлох урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэргийн оролцогч нараас өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой санал хүсэлт бий эсэхийг тодруулж, уг асуудлыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн байна. /х.х-н 70-71/

Улмаар 2020 оны 8 дугаар 25-ны өдөр товлосон шүүх хуралдааныг нэхэмжлэгчээс нэмэлт нотлох баримт гаргаж өгөх хугацаа тогтоолгохоор 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл, 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “Э” ХХК-ийн зөвлөх инженер Ч.Б, өрмийн мастер Ү.Д, өрмийн ажилчин Ө.Б, Б.С нараас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг хангаж, 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл, 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгч өвчтөн асрах шаардлагатай байгаа гэх үндэслэлээр 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “Ногоон алт-Малын эрүүл мэнд төслийн үйл ажиллагааг танилцуулах хөтөлбөрт оролцох” үндэслэлээр 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг хангаж 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хойшлуулж, өмгөөлөгчийн хамт шүүх  хуралд оролцох талаар 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 211 дүгээр албан бичгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн байна. Дээрх хугацаанд өмгөөлөгчийн талаарх мэдээллийг шүүхэд ирүүлээгүй болно. /х.х-н 213/

2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр товлосон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2020 оны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хорооны гишүүнээр сонгогдсон тул 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж, А аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 27 дугаар албан бичиг хавсаргажээ. /х.х-н 212/

А аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 27 дугаар албан бичигт “Г.Р нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 35 дугаар тогтоолоор аймгийн сонгуулийн хорооны гишүүнээр томилогдсон. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.18-д заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажлаас чөлөөлөгдсөн тул албан томилолтоор явах, чөлөө авах, бүх шатны шүүх хурал, ажлын хэсэгт оролцох боломжгүй болохыг мэдэгдье” гэжээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.18. дахь хэсэгт “Төрийн албан хаагчийг сонгуулийн хороонд ажиллах хугацаанд харьяалах байгууллага нь цалинтай чөлөө олгоно.” гэж заасан бөгөөд уг заалт нь тус шүүхэд хамааралгүй, шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй. Учир нь уг хэргийн хариуцагч нь А аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Сонгуулийн хороо хэрэгт хамааралгүй, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн авах боломжгүй, удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, энэ хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.3.-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “шүүх хуралдааныг хойшлуулах” тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5. дахь хэсэгт “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.” гэж зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5  дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1., 40 дүгээр зүйлийн 40.1.6., Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1., 4.2.5., 24 дүгээр зүйлийн 24.1., 24.2. дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Д.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/340 дүгээр захирамжийн Д.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Г-д олгосугай.      

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ОДОНТУЯА