Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 018/2015/0008/з |
Дугаар | 221/МА2015/0224 |
Огноо | 2015-05-28 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2015/0224
Ц.Жын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга н, нэхэмжлэгч Ц.Ж нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 126/ШШ2015/0012 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Жын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б\01 дүгээр тушаалаар төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэн орох эрхгүйгээр тус газрын Ойн албаны даргын үүрэгт ажлаас халсныг эс зөвшөөрч байна. Ажлын цагаар болон ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ажлын байранд согтуу ирсэн, захирах захирагдах ёсны зарчмыг баримтлаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй, бүдүүлэг зан авир гаргасан, ёс зүйн зөрчил гаргасан, ажил тасалсан, албан үүргээ хэрэгжүүлэхдээ хүний нэр төр, алдар хүнд, эрхийг дээдлэн хүндэтгээгүй зэрэг зөрчлүүдийг миний биед тохоон хүлээлгэж байгаа нь хуулийнүндэслэлгүй байхын зэрэгцээ миний хөдөлмөрлөх эрхэд үндэслэлгүйгээр халдсанд гомдолтой байна... Байгаль орчны газрын Ёс зүйн хороогоор 2014 оны 12 дугаар сарын 30-нд авч хэлэлцээд гаргасан дүгнэлтээр Ц.Жтай холбоотой асуудал нь хууль хяналтын байгууллага шалгаж дуусаад хэргийг хэрэгсэхгүйболгосон тохиолдолд Төрийн албаны хуулийн дагуу захиргааны шийтгэл ногдуулах эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй гэснийг зөрчиж, захиргааны арга хэмжээ авагдсан байхад дахин сахилгын шийтгэл ногдууллаа... Ажлаас үндэслэлгүй халсантай холбоотой маргааныг шийдвэрлүүлэхээр аймгийн Төрийн албаны салбар зөвлөлдхандахад хууль хяналтын байгууллагад тавьж шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн... Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8 1-т энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана гэж заасан.
Хэрвээ хариуцлага хүлээлгэх гэж байгаа бол энэ тухайгаа надад ажлаас халах сахилгын арга хэмжээ авахын өмнө ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдлийг Р. Ж гаргаж, мэдэгдэж танилцуулах байсан. Урьдчилсан мэдүүлэг гаргаагүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх тушаал гаргасан нь хүчин төгөлдөр бус болно. Эрх зүйн харилцаа үүссэн эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх шаардлагатай байна. Нэг төрлийн сахилгын шийтгэлийг давхардуулан ноогдуулж болохгүй гэснийг зөрчсөн тул Хөвсгөл аймгийн Байгаль Орчны Газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б\01 дүгээр Сахилгын шийтгэл ноогдуулах тухай'' тушаалыг хянаж, бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын дарга 2015 оны 3 дугаар сарын 02-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Ц.Жыг ажлаас халсан миний шийдвэр хууль тогтоомж зөрчөөгүй бөгөөд зохих хууль тогтоомжийн заалт, зөрчил гаргасан баримт материал, Давж заалдах шатны шүүхийн шийдвэр, холбогдох байгууллагын шийдвэр зэргийг үндэслэсэн болно. Төрийн албаны тухай хуулийн 13,1.4 дэх заалтыг авсан нь аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар тоот албан даалгаврын 1.10, 1.11, 2.1, 2.2 дахь заалтуудыг голлон зөрчсөн, тус хуулийн 13.1.5 дахь заалтыг авсан нь газрын даргын 2014 оны А-15 дугаар тоот тушаалаар Ц.Ж нь байгууллагын "Ёс зүйн хороо"-ны даргаар томилогдсон байтал ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ буюу ажлын цагаар удаа дараалан архи ууж согтууран, төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэмжээ, төрийн байгууллагын дэг журмыг сахиагүй, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлээгүй учраас, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.18 дахь заалтыг авсан нь "Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хуулиар хориглосон зүйл болох ажлын байранд ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж яваа үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, түүнчлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр бүтэн 1 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, ажлын цагийг хангалтгүй ашигласан тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал анх буюу давтан үйлдсэнийг харгалзан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-26.1.3-д заасан сахилгын шийтгэл ногдуулна" гэж заасан байдаг. Ц.Жын зөрчлийг хамт явсан хүмүүс болон байгууллагын албан хаагчдын хуралд оролцсон ажилтнууд нотлох бөгөөд хурлын тэмдэглэлд дурьдсан баримт, авсан зураг, бичлэг зэрэг бусад материалуудаар нотлогдоно.
Ц.Ж нь давж заалдах шатны шүүхийн тогтоолоор "Ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ архи ууж согтууран, төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэмжээ, төрийн байгууллага дэг журмыг сахиагүй, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлээгүй, хариуцлагатай удирдах албан тушаалтны хувьд зөрчил гаргасанд сахилгын шийтгэл ногдуулсан Байгаль орчны газрын даргын шийдвэр зөв байна" гэсэн шийдвэр гаргаснаар ч зарим зөрчил нь нотлогдоно.
Аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар тоот албан даалгавар, Байгаль орчны газрын даргын Ц.Жтай байгуулсан батламжийг зөрчиж, хариуцлагагүй ажилласан гэж үзсэн.
Өмнөх 2014 оны 04 дүгээр сарын 14-нд ногдуулсан сахилгын шийтгэлийн хугацаа дусаагүй байтал дахин архи ууж, агсам тавьж, ёс зүйн зөрчлийг 2014 оны 12 сарын 22-нд гаргасан тул сахилгын шийтгэл ногдуулсан. Байгаль орчны газрын дарга Р.Жс би өөрийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №Б\01 дугаар тушаалаараа Ц.Жын энэ бүх үйлдлийг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтын дагуу төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас нь халах арга хэмжээ авсан.
Ойн албаны дарга байсан Ц.Жын өрөөнд 2014 оны 12 сарын 22-ны даваа гарагийн өдөр 15 цагийн орчимд ороход согтуу байсан бөгөөд ажил үүргийн дагуу шаардлага тавихад агсам тавьж, зодож танхайрсан төдийгүй гүтгэж, доромжло, толгой руу хэд хэдэн удаа цохиж, хөл рүү олон удаа өшиглөсөн нь энэ удаагийн үйлдэлтэйгээ 2 дахь удаагаа миний эрх чөлөөнд халдсан, 3 дахь удаагаа ажлын байранд согтуу ирсэн. Цагдаад дуудаад мэдүүлэг өгсөн тул цагдаагийн ахмад Б.Ганчимэг шалган зөрчил гаргасан Ц.Жыг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар торгож /5000-15000-ын аль нэгээр байх/ арга хэмжээ авсан тухай хариу мэдэгдэх хуудсаар ирүүлсэн нь хөнгөн шийтгэл болсон. Энэ арга хэмжээ нь олон нийтийн газар буюу төрийн байгууллагын байранд хүний эрх чөлөөнд халдсан зөрчилд нь захиргааны арга хэмжээ бөгөөд миний авсан арга хэмжээ нь ёс зүйн зөрчил гаргасан, ажил тасалсан, үүрэг даалгавар биелүүлээгүй, төрийн албан хаагчийн хүлээсэн үүргийг биелүүлээгүй гэж авсан сахилгын шийтгэл тул давхардсан арга хэмжээ биш юм.
Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хандсан. Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №02 дугаар тогтоолоор дүгнэлт ирүүлж, Ц.Ж нь Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.4, 5.4.5 дахь заалтуудыг зөрчсөн байна. Ц.Жт гаргасан зөрчилтэй нь холбогдуулан зохих хууль тогтоомжийн хүрээнд хариуцлага тооцож ажиллахыг надад даалгасан" байсан. Би энэ шийдвэрийг бас үндэс болгосон.
Ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ буюу ажлын цагаар удаа дараалан архи ууж согтууран, ажлын байранд согтуу ирсэн талаар авсан зураг, бичлэг зэрэг баримт материал байгаа тул бичих шаардлагагүй гэж үзлээ.
Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй гэдгийн хувьд:
1. Ойн албаны даргын хувьд албан тушаал буюу нэрээр нь илтгэх хуудсаар биелэлтийг танилцуулахаар гарын үсэг зуруулж, үүрэг даалгавар өгсөн боловч биелэлтийг илтгэх хуудсаар буюу өөрийн биеэр танилцуулаагүй бөгөөд удаа дараалан нэхсэний эцэст мэргэжилтнээрээ төлөвлөгөөний биелэлт гаргаж байгаа юм шиг хүснэгтээр гаргаж өгснийг шаардлага хангахгүй гэж үзсэн.
2. Үр дүнгийн гэрээг дүгнүүлж, хамгаалахад шаардлагатай өөрийн бичмэл тайланг өгөх, үр дүнгийн гэрээгээ хамгаалах үүрэг өгсөн боловч биелүүлээгүй.
3. Ойтой холбоотой асуудлыг аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд оруулах үүрэг өгсөн боловч "Чадахгүй, Би оруулахгүй" гээд өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй.
4. Ойн албаны дарга явах шаардлагатай ажлаар хөдөө явахыг шаардсан боловч "Би зөндөө явсан, чи өөрөө яв, би явахгүй" гэж байсан.
Ажил тасалсан тухайд:
Ц.Ж нь ажлын цагаар чөлөө авалгүй 1, 2 цагаар алга болчихдог ч би тэр болгон хөөцөлддөггүй бөгөөд бүртгэлээр 2014 оны 09 дүгээр сарын 26, мөн оны 12 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд ажил тасалснаар бүртгэгдсэн байна. гэжээ.
Хариуцагч 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Б.Ганчимэгт өгсөн мэдүүлэгтээ зарим зүйлийг худлаа мэдүүлсэн байна. Энэ мэдүүлэг шүүх хуралд бууруугаар нөлөөлөх бий гэсэн үүднээс тайлбар хийж байна. Ц.Жаас 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үр дүнгийн гэрээний биелэлт, бичмэл тайланг хамгаалуулахаар хэд хэдэн удаа оролдсон боловч цаг бүртгэгч Д.Дамцагдуламын мэдээлснээр өглөө 9 цаг өнгөрч байхад цагаа бүртгүүлээд гараад явчихсан байсан бөгөөд согтуу нь мэдэгдээгүй юм билээ. Би 11, 14 цагийн орчим 2 удаа өрөөгөөр нь очиж үзэхэд цоожтой байсан. Харин 15 цагийн орчим ороход өрөөндөө нилээд согтуу сууж байсан нь ажлын цагаар ажил таслан архи уусан байх бүрэн үндэслэлтэй. Цагдаагийн ахмад Б.Ганчимэг "... бусадтай хэрүүл маргаан үүсгэсэн, зөрчил гаргасан" гэж л асууснаас биш намайг зодсон, доромжилсон... гэх мэт мэдүүлэг, нотлох баримтыг өгч, гэрчүүд мэдүүлсээр байтал Ц.Жыг байцаахдаа энэ талаар юу ч асуугаагүй дутуу байцааж, хөнгөн шийтгэл ногдуулж, хуйвалдсан гэж би үзэж байгаа. Ц.Жыг аргалсан гэж үзэж байна. гэжээ.
Хариуцагч 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Ц.Жын ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь, өгсөн үүрэг даалгавар, үр дүнгийн гэрээгээ хэрхэн биелүүлж байсан тайлбар гаргаж байна. Үүнд:
1. Ажлын байрны тодорхойлолт болон ажил үүргийн хуваарийн дагуу ажлаа санаачилж хийдэггүй. Жишээ нь: Ойн албанд цохсон бичгийг зохих ёсны дэвтрээр мэргэжилтнүүдэд цохож олгодоггүй, биелэлтийг нь дүгнэдэггүйгээс яаманд гаргаж өгөх нэг судалгаа, нэг мэдээг 1 сараас 3 сараар хоцроож, манай газар шүүмжлэлд өртөж байсан...
Үр дүнгийн гэрээний биелэлтийн талаар: Үр дүнгийн гэрээний биелэлт, жилийн хийсэн ажлыг дүгнэх зорилготой бичмэл тайлангаа өгөөгүй...
2. Үүрэг даалгаврын талаар: Ойн албаны дарга Ц.Жт 10 удаа албан бичгээр үүрэг даалгавар өгсөн боловч үүрэг даалгаврын биелэлтийг илтгэх хуудсаар хугацаанд нь гаргаж өгөөгүй...
3. Ёс зүйн талаар: Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хуулиар хориглосон зүйл болох ажлын цагаар болон албан үүргээ гүйцэтгэж яваа үедээ удаа дараалан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ажлын байранд согтуу байсан, хууль ёсны шаардлага тавихад зодсон асуудал 2 дахь удаагаа, намайг гүтгэж доромжилсон нь хэрээс хэтэрч байна. Төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, үүргийг биелүүлээгүй нь холбогдох байгууллагуудын шийдвэрээр тогтоогдсон, албан үүргээ хэрэгжүүлэхдээ хүний нэр төр, алдар хүнд, эрхийг дээдлэн хүндэтгээгүй гэж үзсэн. гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 126/ШШ2015/0012 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.6, 26.3-т заасныг баримтлан Ц.Жын Хөвсгөл аймгийн Байгаль орчны газарт холбогдуулан гаргасан "Байгаль орчны газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн Б-01 дүгээр тушаалыг хүчингүй болгох" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн 18 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 08-ны 126/0012 дугар шийдвэрээр Ц.Ж миний нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн "Байгаль орчны газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна. Захиргааны хэргийг хянан хэлэлцэхэд нотлох баримтыг дутуу бүрдүүлж, шүүх хуралдаан болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй, захиргааны хэргийн шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэж, хэтэрхий нэг талыг барьсан өрөөсгөл шийдвэр гаргалаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалттай нийцэхгүй байна
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ гэсэн үүргээ биелүүлээгүй. Хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэгдсэн байна, хуулийн 72 дугаар зүйлийн 72.4-т Шийдвэрийн үндэслэх хэсэгт захиргааны хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг тусгана, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ, мөн хуулийн 6.3-т зохигч, түүний өмгөөлөгч нь үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, мөн хуулийн 6.4-т зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож, үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно гэж заасныг тус тус зөрчсөн, мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт :
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 3 дугаар зүйлд "Монгол улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр буюу тухайн нутаг дэвсгэрт дагаж мөрдүүлэхээр тогтоосон захиргааны журам санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг захиргааны зөрчил гэж үзнэ" гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 15 цагийн үед ажлын байранд согтуугаар жижгээр танхайрч, бусадтай маргалдан зохисгүй байдал гаргасан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, гэрч С.Энхтуяа, Л.Бямбасүрэн нарын мэдүүлэг, Цагдаагийн газраас Ц.Жт захиргааны арга хэмжээ авсан материал, хариуцагчаас ирүүлсэн фото зураг болон флаш, дискэнд бичиж ирүүлсэн бичлэг зэргээр нотлогдож байна гэсний тухайд Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын даргаас Байгаль орчны газрын ёс зүйн хороонд Ц.Жын ажлын байранд гаргасан асуудлын талаар дүгнэлт гаргуулахаар хүсэлт ирүүлснийг Ёс зүйн хороо хүлээн авч 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар хэлэлцэн № 02 дугаартай тэмдэглэл хөтөлсөн байна. Энэ тэмдэглэлийн дүгнэлт гэсэн хэсгийн 1-д ...тухайн асуудлыг ... хуулийн байгууллага шалгаж дууссаны дараа ... Төрийн албаны хуульд заасны дагуу гүйцэтгэл ноогдуулах, 2-т Ц.Ж нь төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.4.4-т захирах, захирагдах ёсны зарчмыг баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлэх, 5.4.5- д заасан албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, бүдүүлэг авир гаргахыг цээрлэх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэсэн дүгнэлт гаргажээ.
Нэхэмжлэгч 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 15 цагт ажлын байранд гаргасан үйлдлээрээ /шинэчлээгүй байж/ Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 46 дугаар тушаалаар батлагдсан "Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Хөдөлмөрийн дотоод журам"-ын 9 дүгээр зүйлийн 9.18-д заасан "Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн, ажлын байранд болон ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж яваа үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, түүнчлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр бүтэн 1 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, ажлын цагийг хангалтгүй ашигласан тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг харгалзан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-26.1.3-т заасан сахилгын шийтгэл ноогдуулна" гэсэн заалтыг, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.4 Төрийн захиргааны албан хаагч нь захирах, захирагдах ёсны зарчмыг баримтлах бөгөөд тодорхой асуудлаар өөр саналтай байлаа ч гэсэн удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлнэ, 5.4.5 Төрийн захиргааны албан хаагч нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, этгээд байдлаар хувцаслах, бүдүүлэг авир гаргахыг цээрлэнэ, 5.1.5 Төрийн захиргааны албан хаагч нь албан үүргээ хэрэгжүүлэхдээ хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэнэ гэсэн заалтыг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т ...дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, 13.1.5-д заасан төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэжээ. Энэ нь аймгийн Байгаль орчны газрын биш /өөр байгууллага/ Байгаль орчин, аялал жуулчлалын газрын /татан буугдсан/ хөдөлмөрийн дотоод журмыг баримтлан ажилтанд сахилгын шийтгэл ноогдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нотлогдоогүй байхад шүүх үүнийг өөгшүүлж, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийхийн оронд Төрийн албаны тухай хууль, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг зөрчсөн мэтээр хуулийг буруу хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлсэн хийсвэр дүгнэлт хийсэн байна. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан "Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ноогдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно" гэж заасан байхад нэхэмжлэгч нь 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 32 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ноогдуулснаас хойш нэг жил өнгөрөөгүй байхад буюу 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дахин ажлын байранд жижгээр танхайрч, уг зөрчилдөө Цагдаагийн байгууллагаас торгуулсан нь түүнийг ажлын цагаар ажлын байранд сахилгын зөрчил гаргасныг нотолж байх бөгөөд энэ нь эрх бүхий этгээдээс сахилгын арга хэмжээ ноогдуулах үндэслэл болжээ гэсэн байна. Шүүх хуралдаан дээр согтолтын зэрэг тогтоосон /үлээхтэй холбоотой/ нотлох баримтыг гаргуулах хүсэлтэй байгааг авч хэлэлцэлгүй орхигдуулж, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн атлаа сахилгын шийтгэл ноогдуулах үндэслэл болсон мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна
Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын Ёс зүйн хорооны 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг аймгийн Байгаль орчны газрын дарга нь хүлээн аваад Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам"-ын 5 дугаар зүйлийн 5.1-д "Төрийн албаны зөвлөл, түүний салбар зөвлөлийн шийдвэр болон Төрийн албаны салбар зөвлөлгүй Төрийн байгууллагын ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн томилох эрх бүхий албан тушаалтан тухайн төрийн захиргааны албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д "Сахилгын шийтгэлийн аль нэгийг ноогдуулах тухай шийдвэр гаргана. гэж заасны дагуу 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр "Сахилгын шийтгэл ноогдуулах тухай" Б/01 дугаартай тушаал гарган нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ноогдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна" гэжээ. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй.
Байгаль орчны газрын ёс зүйн хороогоор 2014 оны 12 дугаар сарын 30-нд авч хэлэлцээд гаргасан дүгнэлтээр Ц.Жтай холбоотой асуудал нь хууль хяналтын байгууллага шалгаж дуусаад хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн дагуу "захиргааны шийтгэл ноогдуулах үндэслэлтэй гэж үзэв" гэснийг буруу тайлбарлаж, хууль бус дүгнэлт хийсэн байна.
Байгаль орчны газрын дарга хууль зүйн үндэслэлгүй сахилгын шийтгэл ноогдуулсныг хянуулахаар аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хандсаныг тэдгээрт гомдол гаргаагүй мэтээр сөргөөр дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Хууль зүйн үндэслэлгүй, утга агуулгын илэрхий алдаатай, өөр бусад байдлаар холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн хууль бус захиргааны акт гаргасан байхад тэдгээрт шүүхээс үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтад "Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах шийдвэрт заана, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасан "Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ" гэсэнд үнэлэлт дүгнэлт хийгээгүй.
Улс төрийн агуулгаар хандаж байсан гэж тайлбар гаргасан байхад шүүх анхаарч авч үзээгүй. Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын даргын 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн "Ёс зүйн хороо байгуулах тухай" А/15 дугаар тушаалаар байгууллагын дэргэдэх Ёс зүйн хороог байгуулсан байх бөгөөд даргаар нь Ц.Жыг томилсон түүнд тухайн байгууллагад Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах үүргийг хүлээлгэсэн байхад ёс зүйн хорооны дарга "Ц.Ж нь өөрөө ажлын байран дээр ажлын шаардлагаар харьцаж буй этгээд болох байгууллагын даргатай хамт олны өмнө зүй бусаар харьцаж, бусдыг үл хүндэтгэн зохисгүй байдал гаргаж, ёс зүйн зөрчил гаргаж байгааг зөвтгөх үндэслэлгүй юм" гэжээ. Илт хариуцагчийн талд шийдвэр гаргасан нь нотлогдож байна. Дээр хэлсэн мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй. Хариуцагч хуралд хоцорч орж ирсэн. Үг хэлэх гэтэл Чи буруу ярина. Дуугүй бай" гэж илт хамгаалж байсан. Мөн гэрчээр асуулгах хүсэлтийг буцааж өгсөн. 2015 оны 03 дугаар сарын 26-ны хурлыг хариуцагч Р.Жс 03 дугаар сарын 24-нд томилолт дуусаад ирчихсэн байхад үндэслэлгүйгээр хойшлуулсан. 04 дүгээр сарын 07-нд хавтаст хэрэгт анх авагдсан материалыг хариуцагчид өгч солиулсан зэрэг нь хэтэрхий нэг талыг барьсан гэж үзэж байна
Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын дарга 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 32 дугаар тушаалаар Ц.Жт гаргасан сахилгын зөрчилд нь албан тушаалын үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ноогдуулснаас хойш "Төрийн албаны тухай хууль"-ийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан нэг жилийн хугацаа өнгөрөөгүй байхад буюу 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ц.Жын жижгээр танхайрсан зөрчилд нь Цагдаагийн газраас торгуулийн арга хэмжээ авч, улмаар Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын дарга сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэж түүнийг ажлаас халах сахилгын шийтгэл ноогдуулсан байна.
Ц.Жын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр жижгээр танхайрсан захиргааны зөрчилд нь Цагдаагийн газраас захиргааны арга хэмжээ авсан, Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын дарга энэхүү сахилгын зөрчилд нь сахилгын арга хэмжээ ноогдуулсан нь тус тус хууль зөрчөөгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан "Нэг зөрчилд давхардуулан арга хэмжээ авсан" гэж үзэх үндэслэлгүй юм гэжээ" Өөрөөр хэлбэл Цагдаагийн байгууллагаас гаргахаас гадна дахин өөр шийтгэл ноогдуулах, байгууллагын даргаас ажлаас халахаас гадна өөр шийтгэл давхар ноогдуулсан тохиолдолд нэг зөрчилд давтан шийтгэл ноогдуулсан гэж үзнэ.
Харин Ц.Жын жижгээр танхайрсан үйлдэл нь захиргааны зөрчил бөгөөд ёс зүйн зөрчил болох тул захиргааны зөрчил болохын хувьд нь Цагдаагийн байгууллагаас, ёс зүйн зөрчил болохын хувьд байгууллагын даргаас сахилгын арга хэмжээ ноогдуулсан нь үндэслэл бүхий юм. Тиймээс Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Сахилгын шийтгэл ноогдуулах тухай" Б/01 дугаар тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна" гэжээ. Маргааны зүйлд тохирсон дүгнэлт хийгээгүй байна. Хууль зүйн үндэслэлгүй, утга агуулгын илэрхий алдаатай, холбогдох хууль тогтоомжийг өөр бусад байдлаар зөрчсөн хууль бус захиргааны акт гэж үзэж байна.
Иймд захиргааны хэргийг хянан хэлэлцэхэд нотлох баримт дутуу бүрдүүлж, шүүх хуралдаан болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй, захиргааны хэргийн шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2-т зааснаар Захиргааны хэргийн 18 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 126/0012 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд ирүүлсэн тайлбартаа: ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн
хамаарахгүй заалтыг авсан... Манай газрын Ёс зүйн хорооны дүгнэлтийн 1-д
заасан /өөрөө нөлөөлсөн байх магадлалтай/ ...тухайн асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж дуусаад хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд /Ц.Ж хэрэгсэхгүй болгохыг санаархсан, хөнгөн арга хэмжээ авахуулсан/ Төрийн албаны тухай хуулийн дагуу захиргааны шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэж үзэв" гэсэн заалтыг өөртөө ашигтай байлгах гэж гаргуулсан.
Байгаль орчин аялал жуулчлалын газар татан буугдсан биш бөгөөд үндсэн чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж зөвхөн нэр өөрчлөгдсөн юм.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь заалтад "...сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно" гэж байдаг.
Ц.Жыг ажил тасалсан гэх боловч арга хэмжээ аваагүй, цалинг бүтэн олгосон гэж анхан шатны шүүхийн шийдвэр болон нэхэмжлэгч дурьдсан байгаа. Энэ тухайд бол Ц.Жын ажил тасалсан хугацаа нь ажлын цагийг бүтэн бүртгэж цалин олгосноос хойш сарын сүүлч рүү ажил тасалсан тул дараа сард нь ажил тасалсан өдрүүдийг хасаж тооцож байсан.
2015 оны 01 сарын 12-ны өдөр ажлаа хүлээлгэж өгчихөөд
Хөдөлмөрийн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь заалтыг дурьдсан нь буруу бөгөөд төрийн албан хаагч гэдгээ ухамсарлахгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө гэж найдаж байна. гэжээ.
Хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд 2015 оны 05 сарын 15-ны өдөр ирүүлсэн тайлбартаа: ...Ц.Ж нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 08-нд болсон шүүх хурал дээр миний тайлбар хийх боломжгүйг ашиглан худлаа зүйл ярьсан нь хурлын тэмдэглэлд бичигдсэн байна. Ц.Ж нь 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн өглөө 09 цагт ажилдаа ирж бүртгүүлчихээд гаргаад явчихсан. 15 цаг орчимд ирэхдээ ихээхэн согтуу ирсэн. Маргааш нь буюу 12 дугаар сарын 23-ны өдрийн өглөө Жаргалан эмнэлэгийн эмчийн 2014 оны 12 дугаар сарын 24-нөөс 12 дугаар сарын 28-ныг хүртэл бичсэн акт авчирч цаг бүртгэлд өгчихөөд явчихсан байсан. Энэ акт нь манай газрын архивт хадгалагдаж байгаа. Тухайн үед Жаргалан- эмнэлэгт хэвтэж байгаа гэж яригдаагүй бөгөөд одоо хэргийн материалд байгаа эмнэлэгийн магадлагаа-г үзүүлээгүй тул хуурамчаар материал бүрдүүлсэн гэж үзэж байна.
2. Ц.Ж нь Ах гавъяат боллоо, охин АНУ-руу явах гэж байна гэж чөлөө өгөөч гэж амаар болон бичгээр хүсэлт гаргасан боловч өөрийн төрсөн Галт сумын 90 жилийн ойд явсан бөгөөд албаны машин авч явах гэхэд нь өмнө нь албаны машин өгч явуулж байсан тул дахин өгөхгүй гээд өгөөгүй юм. гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Төрийн албаны тухай болон Захиргааны хариуцлагын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, Ц.Жын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-01 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг баримтлан Ойн албаны даргаар ажиллаж байсан Ц.Жыг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Нэхэмжлэгч Ц.Ж нь ажлын байранд ажлын цагаар архидан согтуурч 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б-32 дугаар тушаалаар сахилгын арга хэмжээ авагдсан, уг тушаалыг хүчингүй болгуулахаар гаргасан Ц.Жын нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 10 сарын 09-ний өдрийн 395 дугаар магадлалаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Улмаар нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно гэж заасан хугацаа өнгөрөөгүй байхад 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажлын байранд жижгээр танхайрч, бусадтай маргалдан зохисгүй байдал гаргаж Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.5-д заасныг зөрчсөн нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, гэрч С.Энхтуяа, Л.Бямбасүрэн нарын мэдүүлэг, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар торгуулийн арга хэмжээ авсан зөрчлийн материал зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын дарга нь Ц.Жыг сахилгын зөрчил давтан гаргасан, мөн ажлын байранд танхайрсан зөрчлийн шинж байдлыг харгалзан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна: ... 26.1.3. төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах. гэж заасанд нийцсэн байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.
Нэхэмжлэгчийн ... шүүх мэтгэлцэх зарчмыг хангаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.4-т заасныг зөрчсөн гомдлын тухайд:
Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Ж оролцож нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан, харин хариуцагч нь шүүх хуралдаанд оролцоогүй нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, 20 дугаар зүйлийн 20.2.2-т зааснаар шүүх хуралдаанд оролцох нь нэхэмжлэгч, хариуцагчийн эрх байх тул уг эрхээ эдлэх эсэхийг тухайн хэргийн оролцогч өөрөө шийдвэрлэнэ. Хариуцагч Ц.Жс нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч удаа дараа тайлбар, нотлох баримт гаргасан байх бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.4-т ... зохигч талын эзгүйд хэргийг шийдвэрлэх талаар нэхэмжлэгч, хариуцагчийн аль нэг нь хүсэлт гаргаагүй байсан ч хэргийн тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд нь гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг сонсож, хариуцагчийн урьд нь гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж үнэлэн хэргийг шийдвэрлэсэн байх тул талуудын мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч гомдолдоо ... татан буугдсан Байгаль орчин, аялал, жуулчлалын газрын дотоод журмыг шүүхийн шийдвэрт дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоолоор Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд Байгаль орчин, аялал жуулчлалын газар байхаар тогтоосныг Засгийн газрын 2013 оны 146 дугаар тогтоолоор Байгаль орчны газар[1] гэж өөрчилсөн болохоос татан буулгаагүй байна. Иймд тухайн байгууллагын хөдөлмөрийн харилцааг зохицуулсан хүчин төгөлдөр 2011 оны хөдөлмөрийн дотоод журмын 9.18 дахь заалтыг хэрэглэсэн маргаан бүхий захиргааны актыг зөв гэж үзсэн шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгчийн гомдолд ... согтолтын зэрэг тогтоосон нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлсэн гэх боловч ажлын байранд согтуу байсан нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд согтолтын зэргээс үл хамаарч ажлын байранд жижгээр танхайрсан явдал нь төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй бөгөөд сахилгын зөрчил гэж үзэхээр байна.
Мөн нэхэмжлэл болон гомдолд ...Нэг зөрчилд давхардуулан арга хэмжээ авсан гэх боловч Цагдаагийн газраас нэхэмжлэгчид аймгийн захиргааны Б корпуст бусадтай согтуугаар хэрүүл маргаан үүсгэж, жижгээр танхайрсан үйлдэлд нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заагдсан зөрчил гаргасан гэж үзэж торгуулийн арга хэмжээ авсан, харин хариуцагч Байгаль орчны газрын дарга 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-01 тушаалаар төрийн захиргааны албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр сахилгын арга хэмжээ авсан байх тул нэг зөрчилд 2 арга хэмжээ авсан гэж үзэхгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байх тул нэхэмжлэгчийн дээрх гомдлыг хангах боломжгүй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 87.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 126/ШШ2015/0012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ