Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2016/00353

 

“Цементийн бизнес эрхлэгчдийн холбоо” ТББ болон тус холбооны

гишүүн нэр бүхий 34 иргэн, хуулийн этгээдийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

           Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саруултөгс, Б.Лхагвадулам нарыг оролцуулан хийж, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 115/ШШ2016/0006 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Цементийн бизнес эрхлэгчдийн холбоо” ТББ болон тус холбооны гишүүн нэр бүхий 34 иргэн, хуулийн этгээдийн нэхэмжлэлтэй, Гааль, татварын ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Цементийн бизнес эрхлэгчдийн холбоо” ТББ байгууллага болон тус холбооны гишүүн нэр бүхий 34 иргэн, хуулийн этгээдийн шүүхэд буюу шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Цементийн бизнес эрхлэгчдийн холбоо” нь Монгол Улсын чанарын стандартад нийцсэн цементийн үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих, барилгын материалын нийлүүлэлтийг тогтвортой байлгах замаар барилгын салбарт хувь нэмэр оруулах Монголын цементийн бизнес эрхлэгчдийн эрх, ашгийг хамгаалах зорилгоор 2013 оноос 61 аж ахуй нэгж, иргэдийг төлөөлөн одоог хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын Засгийн газар 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 332 дугаар тогтоолоороо Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд гарсан Улсын Их Хурлын тогтоолыг үндэслэн Импортын барааны гаалийн албан татвар 5 хувь байсныг 20 хувь болгон өөрчилж хувь хэмжээг тогтоосон байна. Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас Засгийн газрын тогтоолыг 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 15 цагт эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем болох www.legalinfo.mn цахим хуудсаар олон нийтэд мэдээлснийг үндэслэн 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн уг тарифыг Монгол Улсын бүх хилийн боомтуудад мөрдүүлж эхэлжээ.

Гаалийн Ерөнхий Газрын харъяа Замын-Үүд дэх Гаалийн газраас 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд гаалийн бүрдүүлэлт хийгдсэн цементийн болон бусад бүтээгдэхүүний гаалийн болон бусад татварын зөрүүг нөхөн төлүүлэхийг шаардсан мэдэгдлийг “Цементийн бизнес эрхлэгчдийн холбоо”-нд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/863 тоот албан бичгээр ирүүлсэн. Уг албан мэдэгдлийг авсан даруйд тус холбооны зүгээс өөрийн гишүүн, “Цементийн бизнес эрхлэгчид”-д хандаж албан мэдэгдлийг танилцуулахад 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар манай холбоонд ирүүлсэн мэдэгдэлтэй үг, үсэг, утга агуулгын хувьд ижил агуулга бүхий мэдэгдлийг 10 гаруй аж ахуйн нэгж хүлээн авсан байна.

Иймд манай холбооны зүгээс эдгээр аж ахуйн нэгжүүд болон бусад гишүүдээ төлөөлж, “...гаалийн болон бусад татварын зөрүүг нөхөн төлүүлэх тухай...” Замын-Үүд дэх Гаалийн газрын мэдэгдэл нь хууль зүйн үндэслэлгүй, бизнес эрхлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тухай гомдлыг 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Гаалийн Ерөнхий газарт гаргасан боловч хууль тогтоомжид заасан хугацаанд албан бичгээр хариу өгөөгүй. Гаалийн Ерөнхий газраас хуульд заасан хугацаанд хариу өгөхгүй байгаа, мөн Замын-Үүд дэх Гаалийн газраас аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлсээр байгаа зэрэг үйлдлээс үзэхэд Гаалийн ерөнхий газрын зүгээс цементийн бизнес эрхлэгчдийн гомдлыг хүлээн авахгүй болох нь тодорхой болсон тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалтыг үндэслэн танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл: Гаалийн Ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын “... 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд гаалийн бүрдүүлэлт хийгдсэн цемент, бусад бүтээгдэхүүний гаалийн болон бусад татварын зөрүүг нөхөн төлүүлэх шаардлага”-ыг дор дурдсан үндэслэлээр хуульд нийцээгүй буюу илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Үүнд:

Нэг. Замын-Үүд дэх Гаалийн газар нь Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 332 дугаар тогтоолыг батлагдсан өдрөөс нь мөрдөх ёстой байсан гэх үндэслэлээр татвар нөхөн төлүүлэх шаардлага тавьж байгаа нь үндэслэлгүй. Тодруулбал:

1.1. Гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэнд хяналт тавих чиг үүрэгтэй төрийн захиргааны байгууллага нь өөрөө Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 332 дугаар тогтоолыг 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс /17 хоногийн дараа/ хэрэгжүүлж эхэлсэн. Манай холбоогоор төлөөлүүлэн нэхэмжлэл гаргаж буй иргэн, хуулийн этгээдүүдийн зүгээс Гаалийн тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлгээ гаргаж, Гаалийн байгууллагын тухайн үед мөрдөн хэрэгжүүлж байсан татварын хувь хэмжээний дагуу татвараа төлж үүргээ биелүүлсэн. Гаалийн тухай хууль тогтоомжид зааснаар гаалийн хилээр бараа нэвтрүүлж байгаа этгээд гаалийн байгууллагаас тогтоосон гаалийн тариф, гаалийн татварын хэмжээг баримтлан татвараа төлдөг. Өөрөөр хэлбэл тухайн мэдүүлэгчийн мэдүүлсэн бараа эд зүйлсийн хэмжээг үндэслэн ногдуулах татварын хэмжээг гаалийн байцаагч тогтоодог. Нэхэмжлэгч этгээдүүд хууль зөрчсөн ямар нэгэн үйлдэл гаргаагүй, тухайн үед гаалийн хилээр нэвтрүүлсэн бараагаа үнэн зөв мэдүүлж, гаалийн байгууллагаас тогтоосон хэмжээний татварыг хуульд заасан журмын дагуу төлсөн байхад гаалийн байгууллагаас тодорхой хугацааны дараа татварын хэмжээг өсгөн нэмэгдүүлж нөхөн төлөхийг шаардаж байгаа нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд заасан хууль дээдлэх, шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.

1.2. Гаалийн татварыг нөхөн төлүүлэх тухай хууль зүйн үндэслэлийг: Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйл, Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалт, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль 39 дүгээр зүйлийн 39.3 дахь заалтуудаар тус тус гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийсэн, татвар нуусан зэрэг татвар төлөгчийн хууль зөрчсөн үйлдэлд татварыг нөхөн ногдуулж, хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл Замын-Үүд дэх Гаалийн газрын татвар нөхөн төлүүлэх шаардлагын үндэслэл нь дээрх хуульд заасан үндэслэлүүдийн алинд нь ч хамаарахгүй бөгөөд захиргааны байгууллагын дээрх шаардлага нь хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Хоёр. Захиргааны актын улмаас манай холбоогоор төлөөлүүлэн нэхэмжлэл гаргаж буй иргэн, хуулийн этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөхөд хүрч байна. Аливаа бизнесийг ашиг олох зорилготойгоор хийдэг нь зах зээлийн зүй ёсны харилцаа, энэ утгаараа манай цементийн бизнес эрхлэгчид борлуулж буй бүтээгдэхүүнийхээ борлуулалтын үнийг тогтоохдоо тухайн үеийн эрэлт, нийлүүлэлтэд тохируулан гарч байгаа нийт зардал дээрээ бага хэмжээний ашиг тооцож тогтоодог. Үнийг тодорхойлоход гаалийн тариф, татварын хэмжээ гол хүчин зүйл болдог. Татварын зөрүү үүссэн гэх 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд импортолсон цементийн үнийг тогтоохдоо тухайн үед гаалийн татварыг 5 хувиар тооцож, үүндээ тохирсон үнээр борлуулалтаа хийсэн. Монгол орны цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж, барилгын салбарын үйл ажиллагаа зөвхөн дулааны улиралд л эрчимтэй явагддаг. Үүнийг дагаад барилгын гол түүхий эд болох цементийн борлуулалт дулааны улиралд маш сайн байдаг. Цементийн борлуулалтын орлогын 97 орчим хувь нь зардал, 3 орчим хувь нь ашиг байдаг. Хэрвээ дурдсан хугацааны татварыг шинэ тарифаар тооцон нөхөн төлвөл цементийн бизнес эрхлэгчид олсон ашгаасаа 5 дахин илүү татвар төлж онц их хэмжээний алдагдалд орж эд хөрөнгийн хохирол хүлээхэд хүрч байна. Гаалийн татвар нэмэгдэж 20% болсноор 1 тонн цементийн өртөг дээр 17000 төгрөг нэмэгдэж байгаа. 1 тонн цементийн борлуулалтын орлого дунджаар 4220 төгрөг байдаг. Бид нарын бизнес улирлын шинж чанартай, эргэлтээр ашиг олж үйл ажиллагаа явуулдаг. Манай гишүүдээс нэхэмжилж байгаа төгрөг нь ойролцоогоор 38 900 тонн цементийн татварын зөрүү байна. Үүний борлуулалтын орлого дунджаар 164 187 төгрөг болж байна. Нөхөн төлүүлэхээр нэхэмжилж байгаа нь энэ дүнгээс 4,2 дахин их хэмжээний төлбөр байна.

Иймд Замын-Үүд дэх Гаалийн газрын “... 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 03-ны хооронд гаалийн бүрдүүлэлт хийгдсэн цемент, бусад бүтээгдэхүүний гаалийн болон бусад татварын зөрүүн нөхөн төлүүлэх”-ийг шаардсан 2015 оны 10 дугаар сарын 30-ны 01/863 тоот болон бусад мэдэгдлүүд нь илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гаалийн ерөнхий газрын харъяа Замын-үүд дэх Гаалийн газрын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд гаалийн бүрдүүлэлт хийгдсэн цементийн гаалийн татварыг нөхөн төлүүлэхийг шаардсан Замын-Үүд дэх Гаалийн газрын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/863 тоотын 32 аж ахуй нэгж, 2 иргэнд хамаарах хэсгийг болон эдгээр аж ахуй нэгж, иргэдэд хүргүүлсэн мэдэгдлийг илт хууль бус захиргааны акт гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Замын-Үүд дэх Гаалийн газрын татварын зөрүүг нөхөн төлүүлэх шаардлагыг дор дурдсан үндэслэлээр илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна.

Замын-Үүд дэх Гаалийн газрын, Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 332 дугаартай тогтоолыг батлагдсан өдрөөс нь мөрдөх ёстой байсан гэх үндэслэл дээр татвар нөхөн төлүүлэх шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй юм. Тодруулбал, Гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэнд хяналт тавьж ажиллах төрийн захиргааны байгууллага болох Гаалийн байгууллага нь өөрөө Засгийн газрын тогтоолыг 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл батлагдсан өдрөөс хойш 17 хоногийн дараа хэрэгжүүлсэн байдаг. Цементийн бизнес эрхлэгчдийн холбоогоор төлөөлүүлэн нэхэмжлэл гаргаж буй иргэн, хуулийн этгээдүүдийн зүгээс тухайн үед Гаалийн тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлгээ гаргаад, тухайн үед мөрдөж байсан татварын хувь хэмжээгээр татвараа төлөөд үүргээ биелүүлээд, гаалийн бүрдүүлэлтээ хийгээд явсан. Гэтэл гаалийн байгууллагаа тухайн хугацаа буюу 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны татварыг өсгөн нэмэгдүүлж нөхөн төлүүлэхийг шаардаж байгаа нь хуулинд нийцээгүй үйл ажиллагаа болсон гэж үзэж байна.

Гаалийн татварыг нөхөн төлүүлэх тухай хууль зүйн үндэслэл нь Гаалийн тухай хууль болон Татварын ерөнхий хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулиудад тус тус тусгагдсан байдаг. Тодруулбал Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйл, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалт, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3 дахь заалтуудаар тус тус зайлсхийсэн, татварын хууль зөрчсөн тохиолдолд татварыг нөхөн төлүүлэх, хариуцлага хүлээлгэх зохицуулалт байдаг. Гэтэл Замын-Үүдийн Гаалийн газар нь нэхэмжлэгч этгээдүүдэд татварыг нөхөн төлүүлэх шаардлага тавьж байгаа үндэслэл нь эдгээр хуулийн зүйл заалтуудад хамаарахгүй шаардлага тавьсан. Гаалийн ерөнхий газрын харъяа Замын-Үүд дэх Гаалийн газраас ирүүлж байгаа мэдэгдэл, захиргааны актад дурдагдаад байгаа асуудлууд нь Засгийн газрын шийдвэрийг гарсан өдрөөс нь мөрдөх ёстой гэдэг гэдэг агуулгаар асуудал тавиад байгаад учир байна. Гэтэл нөгөө талд нь энэ Засгийн газрын тогтоолыг хэн хэрхэн яаж хэрэгжүүлэх ёстой вэ гэдэг талаар хуулиараа зохицуулалттай байгаа. Цементийн бизнес эрхлэгч энэ тогтоолыг гарсан өдрөөс нь мэдсэн байж гэж бодъё, мэдүүлгээ очоод өгөх гэхээр хэрэгжүүлэгч нь хуучин хувь хэмжээгээрээ байгаад байгаа тохиолдолд тухайн бизнес эрхлэгч яах ёстой юм бэ гэдэг асуудал яригдах ёстой. Өөрөөр хэлбэл нөгөө талдаа Засгийн газрын тогтоол буюу Гаалийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх биелэлтэнд нь хяналт тавих чиг үүрэгтэй байгууллага маань өөрөө алдаа гаргасан. Энэ алдаанаас үүссэн төсвийн орлого гэдэг юм уу үүний зөрүүг татвар төлөгчдөөс авах гэсэн хуульд нийцээгүй үйл ажиллагаа болжээ гэж үзэхээр байна. Энэ захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар илт хууль бус акт байна гэж үзэж байна. Хуулиар тогтоосон хязгаарлалтуудыг зөрччихсөн асуудлууд байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоол хүчин төгөлдөр болох дагаж мөрдөхтэй холбоотой хууль эрх зүйн асуудлуудыг зөрчсөн. Засгийн газрын тогтоол Улсын Их Хурлаас эрх олгосны дагуу гаргасан гэдэг утгаараа хууль зүйн хувьд хэм хэмжээ тогтоосон акт гэж ойлгож байгаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар Засгийн газар нь Улсын Их Хурлаас хуулиар тусгайлан эрх олгосон нөхцөлд хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт гаргаж болно. Засгийн газрын тогтоол нь Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон актын хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш 10 хоногийн дотор хүчин төгөлдөр болно, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт Улсын Их Хурлын тухай шийдвэрт өөрөөр заагаагүй бол уг шийдвэр албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дотор хүчин төгөлдөр болно, Улсын Их Хурлын тухайн шийдвэрт өөрөөр заагаагүй бол уг шийдвэр 10 хоногт хүчин төгөлдөр болно, 43.5 дахь хэсэгт нь хууль, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар, Яам агентлагийн гаргасан шийдвэр нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон актыг бүрэн эхээр нь нийтэлнэ, Гаалийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Гаалийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн албан ёсны эхийг Төрийн мэдээлэл эмхэтгэлд тус тус нийтэлнэ гэж тогтоосон.

Захиргааны хэргийн шүүх манай үйлчлүүлэгчдээс гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.3-т заасан үндэслэлээр илт хууль бус акт болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргахад хууль зүйн хувьд, нотлох баримтынхаа хүрээнд, хэрэгт авагдсан баримтынхаа хувьд ч тэр бүрэн боломж байна гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсч байна” гэв.

Хариуцагч Гаалийн ерөнхий газрын /хуучнаар/ харьяа Замын-Үүд дэх Гаалийн газар тус газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 332 тоот тогтоолоор зарим барааны гаалийн албан татварын хэмжээнд өөрчлөлт оруулсан. Замын-Үүд дэх Гаалийн газрын хэмжээнд Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01/3732 тоот албан бичгийн дагуу 2015 оны 08 дугаар сарын 17-ноос 2015 оны 09 дүгээр сарын 03-ны хооронд дээрх тогтоолд хамрагдах барааг импортолж, гаалийн бүрдүүлэлт хийсэн 183 аж ахуйн нэгж иргэнд хамаарах 583 гаалийн бүрдүүлэлт хийгдсэн байсан ба тус газар нь эдгээр аж ахуйн нэгж иргэдэд гаалийн албан татвар нөхөн төлүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн. Замын-Үүд дэх Гаалийн газар нь улсын төсвийн орлогыг цаг хугацаанд нь төвлөрүүлэх үндсэн үүргийн хүрээнд мөн удирдах дээд байгууллагаас өгсөн чиглэл, үүрэг даалгаврын дагуу дээрх аж ахуйн нэгж, иргэнд хандаж татварын зөрүүг нөхөн төлүүлэх арга хэмжээг авсан. Энэхүү татварын зөрүүг нөхөн төлүүлэх мэдэгдэл нь Засгийн газрын тогтоолтой шууд хамааралтай бөгөөд уг тогтоолд өөрчлөлт ороогүй тохиолдолд тус байгууллагад татварын авлага үүсч, энэ хэмжээгээр төсвийн орлого тасалдаж байгаа болно. Иймд нэхэмжлэлийн дагуу “Цементийн бизнес эрхлэгчдийн холбоо” ТББ-д хамаарах иргэн, аж ахуйн нэгжүүдэд илгээсэн албан бичгүүдийг хүчингүйд тооцох боломжгүй болно. Замын-Үүд дэх Гаалийн газар нь Гааль, татварын газрын эрх зүйн байдлын тухай хууль, Гаалийн тухай хуулийн дагуу удирдах дээд байгууллагын шууд удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 332 тоот тогтоолтой холбоотойгоор нийтдээ Цементийн бизнес эрхлэгчдийн холбоонд хамаарах 34 аж ахуй нэгж, иргэнтэй холбоотой баримтууд дээр Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн албан тоотын дагуу гаалийн болон бусад татварыг нөхөж авах талаарх албан тоотыг аж ахуй нэгж тус бүрт илгээсэн байгаа. Мөн төрийн бус байгууллагад нь ч илгээсэн.

Замын-Үүд дэх Гаалийн газраас эдгээр албан тоотуудыг хүчингүй болгох боломжгүй гэж үзэж байна. Манай зүгээс Гааль, татварын ерөнхий газрын даргын өгсөн үүргийн дагуу эдгээр албан тоотуудыг хүчингүй болго гэсэн шийдвэрийн дагуу хүчингүй болгох боломжтой. Эдгээр тоотуудыг явуулснаас хойш 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мөн дахин албан тоот ирсэн. Гааль, татварын ерөнхий газрын гааль хариуцсан дэд даргын албан бичигт Улаанбаатар, Замын-Үүд, Дорнод, Ховд, Гашуун сухайт, Бичигт дэх Гаалийн газрын дарга нарт гээд Аж үйлдвэрийн сайдын 01/2973, Сангийн сайдын 4/25660 дугаартай Гаалийн ерөнхий газрын даргын 01/3732 тоот албан бичгийн дагуу гаалийн болон бусад албан татварыг нөхөн төлүүлэх ажлыг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө дуусгасан байхыг мэдэгдье гэж ирүүлсэн байгаа” гэжээ.

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 115/ШШ2016/0006 дугаар шийдвэрээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3, Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.1, 293.2, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, Замын-Үүд дэх Гаалийн газрын 2015.10.30-ны өдрийн 01/863 тоот мэдэгдлийн нэхэмжлэгч нэр бүхий 34 иргэн, хуулийн этгээдэд хамаарах хэсэг /657 398 366.59 төгрөг/-ийг болон тус газраас тухайн 34 иргэн, аж ахуйн нэгж тус бүрт хүргүүлсэн мэдэгдлүүдийг тус тус илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч шийдвэрлэжээ.

Хариуцагч Гааль, татварын ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газар давж заалдах гомдолдоо: “Замын-Үүд дэх гаалийн газар нь “Цементийн бизнес эрхлэгчдийн холбоо” ТББ болон тус холбооны гишүүн нэр бүхий 34 иргэн, хуулийн этгээдийн нэхэмжлэлтэй 115/ШШ2016/0006 тоот Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн давж заалдах гомдлыг гаргаж байна. Гаалийн байгууллага нь хууль тогтоомжийг сахиулах, биелүүлэх үүрэг гүйцэтгэдэг хэрэгжүүлэгч байгууллага. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 7-д “Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж нь тэдгээрт болон хуульд өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно” гэж заасан. Шүүхийн шийдвэрт дурдсан 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Засгийн газрын тогтоол нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан билээ. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж, шүүхийн шийдвэр болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн ч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хүчингүй болсон хуулийн зүйл, заалтыг баримталсан нь буруу байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нараас “...Замын-Үүд дэх гаалийн газраас 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд гаалийн бүрдүүлэлт хийгдсэн цементийн болон бусад бүтээгдэхүүний гаалийн болон бусад татварын зөрүүг нөхөн төлүүлэхийг шаардсан мэдэгдлийг манай холбоонд хүргүүлсэн ... Гаалийн байгууллага нь Монгол Улсын Засгийн газар 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 332 дугаар тогтоолыг 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс /17 хоногийн дараа/ хэрэгжүүлж эхэлсэн атлаа уг тогтоолыг батлагдсан өдрөөс нь мөрдөх ёстой байсан гэх үндэслэлээр татвар нөхөн төлүүлэх шаардлага тавьж байгаа нь үндэслэлгүй ...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлжээ.

Харин хариуцагчаас “...Замын-Үүд дэх гаалийн газар нь улсын төсвийн орлогыг цаг хугацаанд нь төвлөрүүлэх үндсэн үүргийн хүрээнд мөн удирдах дээд байгуулллагаас өгсөн чиглэл, үүрэг даалгаврын дагуу дээрх аж ахуйн нэгж, иргэнд хандаж татварын зөрүүг нөхөн төлүүлэх арга хэмжээг авсан... энэхүү татварын зөрүүг нөхөн төлүүлэх мэдэгдэл нь Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолтой шууд хамааралтай ...манай зүгээс Гааль, татварын ерөнхий газрын даргын өгсөн үүргийн дагуу эдгээр албан тоотуудыг хүчингүй болгох боломжгүй ... ” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

Анхан шатны шүүх “...Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолыг гарсан өдрөөс нь хэрэгжүүлээгүй тухайлбал, 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд импортын зарим бараа /цемент/-ны гаалийн татварыг хуучнаар буюу 5 хувиар тооцож ногдуулсан нөхцөл байдал нь тухайн тогтоолыг биелүүлэх, гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэг бүхий байгууллагуудын ажлын уялдаа холбоо, үйл ажиллагаанаас үүдэлтэй байх бөгөөд үүнээс үүссэн үр дагаврыг зохих журмын дагуу татвараа төлсөн татвар төлөгчид хариуцах үндэслэлгүй..” гэж зөв дүгнэсэн байна.

Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т “гаалийн хяналт” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт гаалийн хууль тогтоомжийг мөрдүүлж, биелэлтийг нь хангуулах зорилгоор гаалийн байгууллагаас хэрэгжүүлэх цогц арга хэмжээг”, Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Гааль, татварын ерөнхий газрын дарга ... дараах бүрэн эрх хэрэгжүүлнэ”, 10.1.1-д “Гаалийн болон татварын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах талаар санал боловсруулж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан Засгийн газарт танилцуулах, гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах” гэж тус тус заасан байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 332 дугаар тогтоолыг ажлын нэг өдөрт Төрийн холбооны газрын Төрийн ордон дахь салбарт шилжүүлэх, улмаар мөн өдөртөө багтаан эрх бүхий байгууллагуудад хүргүүлэхээр /Засгийн газрын 2009 оны “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам”-ын 12.2/ байтал уг тогтоолыг гарсан өдрөөс хойш 17 хоногийн дараа буюу 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн тусгай шуудангийн албанд, 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт[1]-аар тогтоогджээ.

Хэдийгээр Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоол гарсан өдрөөсөө 17 хоногийн дараа Гаалийн ерөнхий газарт албан ёсоор хүргэгдсэн байх хэдий ч хавтаст хэрэгт авагдсан Гаалийн тарифын зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15/1 дугаар хуралдааны тэмдэглэл, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 01/2486 дугаар “санал хүргүүлэх тухай” албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудаас үзвэл зарим нэр төрлийн барааны гаалийн татвар нэмэгдэх асуудал 2015 оны 4 дүгээр сараас эрх бүхий төрийн захиргааны байгууллагуудын түвшинд хэлэлцэгдэж байсан нь тогтоогдож байх тул гаалийн болон татварын тухай хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдөх нөхцөлийг бүрдүүлэх үндсэн чиг үүрэг бүхий Гаалийн ерөнхий газраас тус тогтоолыг олж мэдэх болон өдөр тутмын үйл ажиллагаандаа уг тогтоолыг хэрэглэн гаалийн татвар ногдуулах эрх бүхий салбар нэгжүүд болох харьяа газруудад мэдээлж, хүргүүлэх зэрэг дагаж мөрдөх нөхцлөөр шуурхай хангах үйл ажиллагааг зохион байгуулаагүйг зөвтгөх боломжгүй байна. Төрийн захиргааны эрх бүхий байгууллагуудын энэхүү хайхрамжгүй, шуурхай бус, уялдаа холбоогүй, буруутай үйл ажиллагааны улмаас тухайн үед тогтоосон журмын дагуу гаалийн татвар төлсөн нэхэмжлэгч нарт гаалийн татвар нөхөн төлөх үүрэг хариуцлага ногдох үндэслэлгүй гэж үзлээ.

 Гаалийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Гаалийн байгууллага, албан тушаалтан нь улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, гаалийн бүрдүүлэлт хийх бөгөөд уг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжид зааснаас бусад шаардлага тавихыг хориглоно”, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Гаалийн байгууллага татвар төлөгчөөс хураан авсан гаалийн болон бусад татварыг улсын төсөвт төвлөрүүлнэ” гэж заажээ.

 Гаалийн татвар төлөгч нь гаалийн хилээр нэвтрүүлж буй барааг үнэн зөв мэдүүлэх ногдуулсан гаалийн татварыг төлөх үүрэгтэй, харин гаалийн байгууллага албан тушаалтан нь улсын хилээр нэвтэрч байгаа бараа тээврийн хэрэгсэлд хууль тогтоомжид заасан журмын дагуу хяналт тавьж гаалийн бүрдүүлэлт хийх үүргээ хэрэгжүүлэх буюу гаалийн татварыг тогтоосон журмын дагуу ногдуулан хурааж авч, улсын төсөвт төвлөрүүлэхээр байна.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д ““гаалийн татвар” гэж гаалийн нутаг дэвсгэрт оруулах, эсхүл түүнээс гаргах бараанд гаалийн тарифын дагуу ногдуулах, хураах, төлөх албан татварыг” гэж, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “Улсын Их Хурал, Засгийн газраас хувь хэмжээг нь тогтоосон бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтлэг үйлчлэх дараах татвар улсын татварт хамаарна:”,  7.3.2-т “гаалийн албан татвар”, 74 дүгээр зүйлийн 74.1-д “Дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч нар 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд улсын хилээр нэвтрүүлсэн цементийг үнэн зөв мэдүүлж гаалийн тогтоосон гаалийн татварыг төлж, гаалийн хяналт шалгалтад хамрагдсан байх ба гаалийн татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан, бичиг баримтыг сольсон, засварласан, гаалийн татвар төлөхөөс зайлсхийсэн зэрэг зөрчил гаргасан гэж  хариуцагчаас маргаагүй байна. 

Гааль, татварын ерөнхий газар, түүний харьяа байгууллагын хүчин төгөлдөр хууль тогтоомж тэр дундаа тодорхой цаг хугацааны өмнөөс боловсруулж хэлэлцэгдэн батлагдсан тус салбарын өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөгдөх хэм хэмжээ тогтоосон захиргааны актыг дагаж мөрдүүлэх, хэрэгжүүлэхтэй холбоотой зохион байгуулалтыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйн хариуцлагыг өөрөөр хэлбэл, Гааль, татварын ерөнхий газрын харьяа Замын үүд дэх гаалийн газар гаалийн татварын хувь хэмжээ нэмэгдсэнийг Гаалийн ерөнхий газрын 01/3732 тоот албан бичгээр[2]  2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мэдсэн, дээд шатны байгууллагаас мэдэгдсэн байдал нь гаалийн татвар нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэлд хамаарахгүй байх тул тухайн үед тогтоосон журмаар гаалийн татвар төлсөн иргэн хуулийн этгээдэд нөхөн татвар төлүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Гааль, татварын ерөнхий газрын харьяа Замын үүд дэх гаалийн газраас  нэхэмжлэгч иргэн, хуулийн этгээдүүдэд тус бүр нэмэгдсэн хувиар тооцож гаалийн татвар нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж маргаан бүхий мэдэгдлүүдийг тус тус илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасанд нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Харин Гаалийн тухай хуулийн 239 дүгээр зүйл нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсон байхад шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан, түүнчлэн Цементийн бизнес эрхлэгчдийн холбооны гишүүн нэхэмжлэгч нарыг тодорхой нэрлэж заагаагүй нь буруу байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон          

ТОГТООХ нь:

 1.Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 115/ШШ2016/0006 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Замын-Үүд дэх Гаалийн газрын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/863 тоот мэдэгдлийн нэхэмжлэгч нэр бүхий 34 иргэн, хуулийн этгээдэд хамаарах хэсэг /657.398.366.59 төгрөг/-ийг болон тус газраас “Цементийн бизнес эрхлэгчдийн холбоо” ТББ, “Алтайн үрэл ингэт трейд” ХХК, “Даганалтайндэрс” ХХК, “Хүнгий мандал” ХХК, “Сайханхараа” ХХК, “Онцтаван толгой” ХХК, “Тулгат эрдэнэ трейд” ХХК, “Хужирт ану трейд” ХХК, “Түмэншилтгээ” ХХК, “Хомын тал” ХХК, “Агтзурай” ХХК, “Тогтохын шил” ХХК, “Дарханмягмар” ХХК, “Мөнхбилгүүн баяр” ХХК, “Тэнгэрийн хаш” ХХК, “Баттүвшин арвижих трейд” ХХК, “Өсөхмишээл” ХХК, “Уужимгазар” ХХК, “Мөнгөнбалгиа” ХХК, “Дорнын бүрд” ХХК, “Шилэнхарш” ХХК, “МБЕСТ трейд” ХХК, “Бэлттрейд” ХХК, “БОСБД” ХХК, “ОМЧ” ХХК, “Тэнүүн-Очир” ХХК, “Гүрттрейд” ХХК, “Харцатхангай” ХХК, “Тодхас жигүүр” ХХК, “Маралчандан трейд” ХХК, “Портлэнд” ХХК, “Хөтөлцолмон” ХХК, “Мөнгөнцогт трейд” ХХК, иргэн Жагарайн Батцэцэглэн, Лхамрагчаагийн Нямрагчаа нарт 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд хүргүүлсэн “Гаалийн нөхөн татвар төлүүлэх тухай” мэдэгдлүүдийг тус тус илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсүгэй” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

                 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.МӨНХТУЯА

                   ШҮҮГЧ                                                   Д.БААТАРХҮҮ

                   ШҮҮГЧ                                                   Н.ХОНИНХҮҮ