| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/02740/И |
| Дугаар | 102/ШШ2017/02385 |
| Огноо | 2017-09-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2017/02385
| 2017 оны 09 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2017/02385 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: .... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ...ын гудамж, ... тоотод оршин суух, ... овогт Т.С /РД: .../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... дүүргийн ... дүгээр хороо, ...ийн ... тоотод оршин суух, ... овогт Ч.М /РД: .../-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 295,000 инен буюу 4,773,100 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.С, хариуцагч Ч.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Сгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд түүний гаргасан тайлбарт: Би 2013 оны 10 дугаар сараас 2017 оны 4 дүгээр сарын 5-ны хооронд Япон улсад сурч амьдарч байсан. 2015 оны эхэн үеэс Ч.М****** танилцаж, үерхэж эхэлсэн. 2015 оны 7 дугаар сард тэрээр сургалтын төлбөрөө төлөх, визээ сунгуулах мөнгөгүй болчихлоо, мөнгө олоод өгөөч, ажил хийгээд буцаагаад төлчихнө гээд гуйгаад байхаар нь хэд хэдэн хүнээс асуусан чинь сарын 10 хувийн хүүтэй 200,000 иен олдсон. Тэр зөвшөөрсөн учраас би хүнээс мөнгө зээлж түүнд өгсөн. Үүнээс хойш М******* уулзах нь багасаж, холбоогүй болсон. Хайж явсаар түүнтэй уулзахад утасгүй учраас холбоогүй байлаа, өөрийнхөө утсыг өгчих гэж гуйгаад байхаар нь хүнээс 5,000 иенээр iPhone-4 утас авч өгсөн. Ингээд дахиад сураггүй болсон. Би мөнгө зээлсэн хүний өмнө эвгүй байдалд орсон тул ажил хийгээд цалингаа мөн хүнээ мөнгө зээлж нийт 290,000 иен Ч.Мийн өмнөөс төлсөн. Сүүлдээ мөнгө зээлэх ч хүнгүй болж, байрны болон сургуулийн төлбөрөө төлөх боломжгүй болж, гэртээ мэдэгдээд Монгол руугаа буцах гэж байгаад цагдаад баригдаад цагаан хуудсаар ирсэн. Ирээд Ч.Мийг хүнээс сураглаж жилийн өмнө Монголд ирснийг мэдсэн. Иймд хариуцагчаас 295,000 иен буюу 4,773,100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ч.Мийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би 2013 онд Япон улсад суралцахаар очсон. Сургуульд сурч байх хугацаанд Т.Стой танилцаж үерхэн, хамт амьдрах болсон. Шинэ ажил орох хүртэл нэг хэсэг ажилгүй явсан, энэ үед сургалтын төлбөр 200,000 иен хэрэгтэй болоход Т.С би чамд өгье гээд 200,000 иен өгсөн. Хамт амьдарч байхад Т.С нь Монгол кара-окед ажилладаг, маш их архи хэрэглэдэг байсан, би түүнийг архи уухгүй байх талаар зөндөө хэлээд нэмэргүй байсан. Гэнэт нэг өдөр мөнгөө нэхээд намайг хөөж эхэлсэн, дараа нь надаа хүнээс дэлгэц нь хагархай iPhone-4 авч өгсөн нь үнэн. Би нуруундаа гэмтэл авч ажиллаж чадахаа болиод Монголдоо буцаж ирсэн. 2017 оны 4 дүгээр сарын эхээр Т.С намайг дуудахаар нь би очиж уулзахад ... хүнээс хүүтэй мөнгө зээлсэн байсан, одоо хүүтэй нь буцааж өг гэж нэхсэн. Нэхэмжлэлээс хүү гээд байгаа 90,000 иенийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин утсыг гуйж авсан болохоор утасны 5,000 иенийг төлөхийг зөвшөөрнө гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.С нь хариуцагч Ч.Маас 2015 оны 7 дугаар сард байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд буюу үндсэн зээл, хүүгийн хамт 290,000 иен, iPhone-4 загварын гар утасны төлбөрт 5,000 иен, нийт 295,000 иен буюу 4,773,100 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч үндсэн зээл, гар утасны төлбөрийг зөвшөөрч, хүү тохироогүй тул хүүний 90,000 иенийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Т.С нь хариуцагч Ч.Мтай 2015 оны 7 дугаар сар зээлийн гэрээ амаар байгуулж, 200,000 иенийг тодорхой хугацаагүйгээр, 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн ба талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээг амаар байгуулсан бөгөөд нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй ... бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна., 208.3-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүргийн шинж чанараас шалтгаалан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш арав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй. гэжээ. Хариуцагч Ч.Мийн 2017 оны 4 дүгээр сарын эхээр Т.С намайг дуудахаар нь би очиж уулзахад хүнээс хүүтэй мөнгө зээлсэн байсан, одоо хүүтэй нь буцааж өг гэж нэхсэн. гэх тайлбараас үзвэл Т.С нь хариуцагчийг үүргээ гүйцэтгэхийг шаардсан байх бөгөөд одоог хүртэл хариуцагч нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул 200,000 иенийг төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч Т.С нь хариуцагч Ч.Мт 200,000 иенийг зээлдүүлсэн нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж заасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хүүнд нэхэмжилсэн 90,000 иенийг гаргуулах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч шүүхэд ... iPhone-4 утасны төлбөр 5,000 иен нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэх тайлбарыг өгсөн боловч шүүх хуралдааны явцад ... iPhone-4 утасны төлбөр 5,000 иенийг төлөхийг зөвшөөрч байна гэх тайлбарыг гаргасан тул iPhone-4 загварын утасны үнийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох шаардлагагүй бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч гар утасны үнийг нэхэмжлэх эрхтэй гэж үзлээ. Иймд хариуцагчаас үндсэн зээл 200,000 иен, iPhone-4 загварын гар утасны төлбөр 5,000 иен, нийт 205,000 иенийг буюу 3,316,900 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө. гэж заасан байх тул Монголбанкнаас зарласан ханшийн лавлагаагаар 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Япон улсын 1 иенийг 16 төгрөг 18 мөнгөөр тооцов. /205,000х16.18=3,316,900 төгрөг/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасныг баримтлан хариуцагч Ч.Маас нийт 205,000 иен буюу 3,316,900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Сд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 90,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 68,020 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР