Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2017/02388

 

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2017/02388

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... дугаар хороо, ..., 136/1 ...-ийн байр, Э.Т ХХКХХК /РД.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... дүүрэг, ... дугаар хороо, ..., ... тоотод оршин суух, Йөншөөбү овогт Ц.Б /РД: ХБ72061014/-д холбогдох,

 

Баянгол дүүргийн ****дугаар хороо, ***** өргөн чөлөө, **** тоот хаягт байрлах ****талбайтай, үйлчилгээний зориулалттай, подвальтай, 3 давхар үл хөдлөх хөрөнгөнөөс Ц.Быг албадан гаргуулах, Эд хөрөнгө хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 106,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ш, В.Б, хариуцагч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Т ХХКХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, Л.Ш нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Ч****** /******/ миний бие нь 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Э.Т ХХКХХК-г байгуулж байсан. Улмаар 2015 оны 7 дугаар сарын 23-ний өдөр Ж**** ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Д******-ээс Ж*** ХХК-ийн 100 хувийн хувьцаа болон компанийн бүхий л эрх, эд хөрөнгө, эзэмшил бүхий газрыг эрх шилжүүлэн болон бэлэглэлийн гэрээний дагуу авч, Жиньди ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон.

 

Ингээд Ж****ХХК-ийн өмчлөлд байсан Баянгол дүүргийн ** дугаар хороо, *** өргөн чөлөө, ** тоот хаягт байрлах *** талбайтай, үйлчилгээний зориулалттай, подвальтай, 3 давхар үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөлийн Э.Т ХХКХХК-ийн нэр дээр шилжүүлсэн бөгөөд тухайн эд хөрөнгө нь өнөөдрийн байдлаар Э.Т ХХКХХК-ийн 100 хувийн өмч болсон. Гэтэл Ц.Б нь энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг маань өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад түрээслэн ашиг олж, өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болоод байна. Ц.Быг Э.Т ХХКХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл чөлөөлөхгүй байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болж буй нөхцөл байдлыг арилгаж, Ц.Быг Баянгол дүүргийн ** дугаар хороо, ****** чөлөө, *** тоот хаягт байрлах ***** талбайтай, үйлчилгээний зориулалттай, подвальтай, 3 давхар үл хөдлөх хөрөнгөнөөс албадан гаргуулж өгнө үү гэсэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

 

Үүнд: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас эд хөрөнгө хөлслүүлэх тухай 2013 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн *****дугаартай гэрээг баримтаар гаргаж өгсөн. Энэ гэрээ нэхэмжлэгч талд байгаагүй гэрээ бөгөөд уг гэрээг байгуулахад Ж******ХХК-ийг төлөөлж Улаантуяа гэх хүн оролцсон байдаг. Гэтэл тус компанийн гэрчилгээний ард байрлах нэрийн өөрчлөлтийн 16 дахь хэсэгт У****а нь Ж***** ХХКК-ийн гүйцэтгэх удирдлагаар 2012 оны 12 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл ажилласан гэдгийг бүртгэсэн байдаг. Түүнчлэн У**** нь Бүгд Найрамдах Хятад Ард улсаас тодорхойлолтоо нотариатаар батлуулж явуулсан ба У**** нь тухайн үл хөдлөхийн талаар хэн нэгэнтэй гүйцэтгэх гэрээ, ашиглах, үйл ажиллагаа явуулах, хариуцан ажиллуулахаар хэн нэгэнтэй гэрээ байгуулаагүй, итгэмжлэл олгоогүй гэдгээ тодорхойлсон албан бичгээ ирүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд 2013 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн эд хөрөнгө хөлслөх гэрээг Ж***** ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан болох нь харагдаж байна. Иймээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар уг гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ болох нь харагдаж байна. Хариуцагч тал өөрийн эзэмшлийг 2011 оны 12 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан ***** дугаартай түрээсийн гэрээгээр үүссэн гэж тайлбарладаг. Гэтэл энэ гэрээ нь нэхэмжлэгч талд байдаггүй. Хариуцагч тал үл хөдлөх хөрөнгийг 2011 оны 11/25 дугаартай гэрээгээр эзэмшиж байгаа, энэ хугацаанаас эхлэн 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай эзэмших ёстой гэж тайлбарлаж байна. Тэгвэл энэ гэрээний 2.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч сар бүр 1,770,000 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөх ёстой. Үүнийг 5 жилийн хугацаанд тооцож бодвол нийт 106,200,000 төгрөгийг төлөх үүрэгтэй тул энэ төлбөрийг нэхэмжилж байгаа гэв.

 

Хариуцагч Ц.Бын шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, бусдад түрээслүүлэн ашиг олж байна гэжээ. Би 2011 оны 12 дугаар сарын 1-ний өдөр ****** ХХК-ийн захирал Hong Xia буюу У****** 5 жилийн хугацаатай буюу 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ хугацаанд гэрээний үүргээ биелүүлж, байрны ашиглалт, хамгаалалттай холбоотой зардлыг бүрэн хариуцаж ирсэн. Ж***** ХХК-ийн өмчлөлд байсан Баянгол дүүргийн *** дугаар хороо, ****** чөлөө, ***** тоот хаягт байрлах ****** талбайтай, үйлчилгээний зориулалттай, подвальтай, 3 давхар үл хөдлөх хөрөнгийг өөрийн эзэмшлийн Э.Т ХХКХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн бөгөөд тухайн эд хөрөнгө нь одоогийн байдлаар Э.Т ХХКХХК-ийн 100 хувийн хөрөнгө болсон гэжээ. Ж****** ХХК нь үйл ажиллагаагаа явуулж байхдаа удаа дараа Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж, татвар, иргэд, аж ахунй нэгжид онц их хэмжээний хохирол учруулан эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт удирдлагууд нь шалгагдаж, улмаар Монгол улсаас оргон зайлсан. Ц.Б миний бие нь Жиньди ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд Э.Т ХХКХХК-ийн захирал Ч.Б***** ямар нэгэн иргэний эрх зүйн харилцаа үүсгээгүй.

 

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй. Гэрээний тал нь Э.Т ХХКХХК биш бөгөөд тэдэнд Ж***** ХХК-г төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх буюу гэрээний үүргийг шаардах эрхийг Ж**** ХХК болон удирдлагаас нь олгоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ц.Б миний бие нь Ж***** ХХК-д 2013 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр түрээсийн төлбөрийг гэрээнд зааснаар төлөлт бүрэн хийсэн бөгөөд харин **** тоот Эд хөрөнгө хөлслөх гэрээг байгуулснаар 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэлх хугацааны хөлс багтсан 100,000,000 төгрөгний зээлийг бэлнээр захирал Улаантуяад хүлээлгэн өгсөн билээ. Энэхүү гэрээний дагуу Ж**** ХХК-ийн захирал У**** нь энэхүү обьектийг Б***** надад хариуцуулж, гарсан зардлыг төлж байх, менежер Х.Д*****а болон хуулийн зөвлөх Т-гийн цалин, зардлыг төлж байх ба гарсан зардал, зээлийг жилийн 20,000,000 төгрөгөөр тооцон Ж**** ХХК бүрэн төлөх буюу өрийг дуустал үргэлжлүүлэн ашиглуулахаар гэрээ байгуулан үүрэг авсан. Гэрээний хугацаа дуусаагүй, Ж**** ХХК болон захирал Улаантуяагаас авлагатай тул тооцоо нийлэн авлагаа авснаар эд хөрөнгийг бүрэн бүтэн, эрхийн доголдолгүйгээр хүлээлгэн өгөх болно гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Аын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Энэ шаардлага нь үндэслэлгүй. Энэ үл хөдлөх эд хөрөнгийг Ц.Б нь анхнаасаа орон сууцны зориулалтаар түрээсэлсэн. Гэрээний хугацаа 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр дуусгавар болно. Энэ хугацаанд өмчлөгч өөрчлөгдсөн энэ асуудал дээр бид маргаагүй. Өөрчлөгдсөн асуудал нь хууль бус юм. Яагаад гэвэл Ж***** ХХК нь татварын 3 тэрбум гаруй төгрөгний өртэй, энэ асуудлаар Авилгатай тэмцэх газар шалгагдаж байгаа. Энэ үл хөдлөх хөрөнгийг битүүмжлээд тэдний төлөөлөгч гэх хүмүүс өнөөдрийг хүртэл цалинжаад байж байгаа, Д***** гэж хүнд хариуцуулсан байдаг. Энэ хооронд нэр яаж өөрчлөгдсөн талаар бид судалтал битүүмжилсэн захирамж дээр Ж***** ХХК-ийн гэрчилгээний дугаарыг бичээд, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний дугаарыг бичээгүй байсан. Энэ байдлаас болоод нэг компаниас нөгөө рүү шилжсэн. Хэрвээ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний дугаараараа бүртгэгдсэн бол үл хөдлөх эд хөрөнгийн газар битүүмжлэгдсэн гэдэг нь харагдаад, нэр нь шилжихгүй байх ёстой байсан. 3 тэрбум гаруй төгрөгийн татварын асуудал өнөөдөр шийдэгдээгүй байж өмчлөгч нь өөрчлөгдсөн. Энэ асуудлаар бид Нийслэлийн татварын албанд гомдол гаргаж шалгуулсан. Шалгалтын явц өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Энэ хэргээс нотлох баримтуудыг гаргуулъя гэтэл эрүүгийн хэргийн нууцтай холбоотой гээд өгөхгүй гэсэн. Бидэнд битүүмжилсэн прокурорын тогтоол нь хуулбараараа байна яг баталгаажсан нь байхгүй. Үүнийг прокурорын архиваас авъя гэтэл эрүүгийн хэргийн нууц гээд өгөхгүй байна. Шүүхээс 2 удаа захирамж гаргаад шаардахад гаргаж өгөөгүй. Иймээс бид татгалзлаа өөрсдөө нотолж чадахгүй байгаа юм. Албадан гаргуулахын тухайд гэрээний хугацаа дуусаагүй учраас боломжгүй гэж үзэж байна.

 

Улаантуяа тухайн үед энэ компанийн хөрөнгө оруулагч байсан. Улаантуяагийн бүх торгуулийг Базарсад гэдэг хүн өмнөөс нь төлсөн. Хөрөнгийн хувьд битүүмжлэгдсэн хугацааны бүх цахилгааны төлбөрийг Базарсад урьдчлаад төлсөн. Мөн хөлдөж бариад эвдэрсэн дулааны шугамыг засварлуулах ажлын хөлсийг өөрийн хөрөнгөөс төлсөн. Тухайн үеийн Ж***** ХХК-ийн удирдлагууд мэдэж байсан учраас тус байрыг чөлөөлүүлж авахдаа зассан бүх зардал буюу 300,000,000 сая төгрөгийг өгсөний дараа байраа чөлөөлүүлж авна гэж эд хөрөнгө хөлслөх гэрээ дээрээ зааж өгсөн. Хэдийгээр өмчлөгч өөрчлөгдсөн ч гэрээний хугацаа дуусаагүй байхад өмчлөгч гэрээг цуцлахыг шаардах эрхтэй ч албадан гаргах эрх байхгүй. Нэхэмжлэгч талаас гэрээний хугацаандаа эд хөрөнгөө эзэмшинэ, харин гэрээний хугацаа дуусгавар болоход байрнаас авч болох бүх зүйл тэр ч байтугай байрыг нь ч гэсэн буулгаад аваад явж болно гэсэн саналыг тавьж байсан. Гэхдээ энэ бол Базарсадаас гаргасан мөнгөн хөрөнгийг нөхөж чадахгүй шүү дээ. Ийм учраас нөгөө талаас тавьсан эвлэрэх саналыг хүлээж авах боломжгүй болсон. Нэгэнт гэрээний хугацаа дуусаагүй, мөн анхнаасаа орон сууцны зориулалтаар ашиглаад 10 жил болсон, гэрээний зориулалтаар нь л ашиглаж ирсэн. Гэрээний заалтыг зөрчсөн гэх ямар ч үндэслэл байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

               ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Т ХХКХХК нь хариуцагч Ц.Бад холбогдуулан Баянгол дүүргийн *** дугаар хороо, ****** чөлөө, **** тоот хаягт байрлах ****** талбайтай, үйлчилгээний зориулалттай, подвальтай, 3 давхар үл хөдлөх хөрөнгийг Ц.Бын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, 2013 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн ****** тоот Эд хөрөнгө хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 2011 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн***** тоот түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 106,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч Ц.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 2013 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн №1/13 тоот Эд хөрөнгө хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагын тухайд:

 

Ж***** ХХК болон Ц.Б нарын хооронд байгуулсан Баянгол дүүргийн ***дугаар хороонд байрлах Т**** зочид буудлыг газрын хамт хөлслөх тухай 2013 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн***** тоот Эд хөрөнгө хөлслөх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох нь зүйтэй байна. Учир нь Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн уг хэлцэл нь хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэжээ. Ж******ХХК-г төлөөлж захирал H***** /У****/, хүний нөөцийн менежер Х.Д***,хариуцагч Ц.Б нарын хооронд Ж***** ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн * дугаар хороонд байрлах Т***зочид буудлыг газрын хамт хөлслөх тухай 2013 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн ***** тоот Эд хөрөнгө хөлслөх гэрээг байгуулах үед Ж*** ХХК-ийн захирлаар Do**** /2012 оны 12 дугаар сарын 6-ны өдөр захирлаар томилогдсон/ ажиллаж байсан, өөрөөр хэлбэл H*****X** буюу Улаантуяа нь Ж*****ХХК-г төлөөлөх эрхгүй этгээд байжээ.

 

Төлөөлөх эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс дур мэдэн гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцлийн хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална, зөвшөөрлийг 14 хоногийн дотор өгнө, хариу өгөөгүй бол татгалзсанд тооцох тухай Иргэний хуулийн 68 дугаар зүйлд хуульчилсан бөгөөд H*** X*** /У******/, Х.Д****** болон Ц.Б нарын хооронд байгуулсан 2013 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн *****тоот Эд хөрөнгө хөлслөх гэрээг хүчин төгөлдөр болохыг зөвшөөрсөн зөвшөөрлийг Ж***** ХХК өгөөгүй, харин энэхүү гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс Баянгол дүүргийн ****дугаар хороо, ****чөлөө, **** тоот хаягт байрлах ****талбайтай, үйлчилгээний зориулалттай, подвальтай, 3 давхар үл хөдлөх хөрөнгөийг Ц.Бын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч Э.Т ХХКХХК-ийн захирал Ч.***Б**** /***/ нь Ж*****ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрээр тус компанийн эрхийг 100 хувь шилжүүлэн авч, 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр тус компанийн захирлаар томилогдсон болох нь хэрэгт авагдсан шийдвэр, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаач гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдсон. Ж***** ХХК-ийн өмчлөлд байсан Баянгол дүүргийн *** дугаар хороо, ---- чөлөө, **** тоот хаягт байрлах**** талбайтай, үйлчилгээний зориулалттай, подвальтай, 3 давхар үл хөдлөх хөрөнгийг Баянгол дүүргийн Бүртгэлийн хэлтэс тус компанийн захирлын 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн хүсэлтийг үндэслэн Э.Т ХХКХХК-ийн өмчлөлд шилжүүлэн улсын бүртгэлийн Ү-****** дугаарт бүртгэж, 0******дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байх тул маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Э.Т ХХКХХК тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч Ц.Бын хууль бус эзэмшлээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэхээр нэхэмжлэгч Э.Т ХХКХХК шаардах эрхтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хариуцагч Ц.Б нь Баянгол дүүргийн **** дугаар хороо, *****чөлөө, **** тоот хаягт байрлах***** талбайтай, үйлчилгээний зориулалттай, подвальтай, 3 давхар үл хөдлөх хөрөнгийг Ж***** ХХК-тай байгуулсан 2011 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн****** тоот түрээсийн гэрээ, 2013 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн ***** тоот Эд хөрөнгө хөлслөх гэрээнүүдийн дагуу эзэмшиж байгаа, гэрээний хугацаа 2018 оны 1 дүгээр сарын 1-нд дуусна гэж маргажээ.

 

Ж****** ХХК-ийн захирлаар Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн H***** X**** буюу У**** нь 2012 оны 12 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл ажиллаж байсан нь Ж*** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна. H**** X*** буюу У**** нь Ж**** ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Ц.Бтай 2011 оны 12 дугаар сарын 1-ний өдөр ****тоот Баянгол дүүргийн ** дугаар хороо, *****чөлөө, ***** тоот хаягт байрлах **** талбайтай, үйлчилгээний зориулалттай, подвальтай, 3 давхар үл хөдлөх хөрөнгийн 3 дугаар давхарын 16 өрөөг түрээслэх гэрээг 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл буюу 5 жилийн хугацаатай байгуулсан нь Монгол Улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай харшлаагүй. Гэрээгээр үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь биш, түүний тодорхой хэсгийг түрээслэхээр тохирсон тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д заасан ...үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. гэх хуулийн шаардлага хамаарахгүй тул талуудын хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ боловч гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр дууссан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгөө албадан чөлөөлүүлэх гэх энэ хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

3.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 2011 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 11/25 тоот түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 106,200,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Ж***** ХХК, хариуцагч Ц.Б нарын хооронд байгуулсан 2011 оны 12 дугаар сарын 1-ний өдөр ***** тоот Баянгол дүүргийн **** дугаар хороо, ***** өргөн чөлөө, ***** тоот хаягт байрлах ***** талбайтай, үйлчилгээний зориулалттай, подвальтай, 3 давхар үл хөдлөх хөрөнгийн 3 дугаар давхарын 16 өрөөг түрээслэх гэрээний 2.1-т ... түрээсийн төлбөр 1,770,000 нэг сая хоёр зуун далан долоон мянга гэж зөрүүтэй бичжээ. Шүүх түрээсийн төлбөрийг 1,277,000 төгрөг гэж үзэж 5 жил буюу 60 сараар тооцвол хариуцагч нь түрээслүүлэгч Ж****** ХХК-д 76,620,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Х.Д******* Ц.Б 100,000,000 төгрөг төлөөд захирал мөнгийг нь өөрийн эдлэх ялд өгсөн байгаа гэх мэдүүлгээс үзвэл хариуцагч Ц.Б нь тухайн үед Ж****** ХХК-ийн захирлаар ажиллаж байсан H*** X**** буюу У****** 100,000,000 төгрөг төлж, 2011 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн ***** тоот түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн гэрээний үүрэгт 106,200,000 төгрөг гаргуулж өгнө үү гэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар Ж***** ХХК, Ц.Б нарын хооронд 2013 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр байгуулсан***** тоот Эд хөрөнгө хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.

 

2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан эрхийн улсын Ү-********* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн**** дугаар хороо, *******чөлөө, *** тоот хаягт байрлах ***** талбайтай, үйлчилгээний зориулалттай, подвальтай, 3 давхар үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Ц.Бын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

 

3.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 2011 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 11/25 тоот түрээсийн гэрээний үүрэгт 106,200,000 төгрөг гаргуулж өгнө үү гэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ээвэргрийн тайд ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,346,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б*****с 5,228,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.МӨНХТӨР