| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/03441/и |
| Дугаар | 92 |
| Огноо | 2018-01-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 92
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Х-Г-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: У ХХКомпанид холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 126 420 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нэргүй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Г нь УХХКомпанийн захирал Ц.У-тай 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 13/110 тоот зээлийн гэрээ байгуулсан ба тус гэрээгээр зээлдэгч У ХХКомпани нь 43 000 000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээний 2.2-т заасан графикийн дагуу зээлдүүлэгч Х.Год төлж барагдуулахаар тусгасан байна.Зээлдэгч Ц.У үндсэн зээл 43 000 000 төгрөгийг болон хүүг төлөлгүй өдий хүрсэн.Зээлдүүлэгч 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд УХХКомпани болон захирал Ц.У холбогдуулан нэхэмжлэл гаргаж байсан боловч тус хороонд байдаггүй болох нь хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна гэсэн үндэслэлээр шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.Бид УХХКомпанийн захирал Ц.Уртнасан Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 31 дүгээр байрны 38 тоотод амьдарсаар байж шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авахгүй байсны улмаас эрэн сурвалжилах ажиллагаа хийлгэх шаардлагатай болж жил гаруй хугацаанд цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулан хаягийг тодруулж дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.УХХКомпанийн захирал Ц.Уртнасан нь шүүхийн үйл ажиллагааг үл хүндэтгэн гэрээний үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлхийж ирсэн.Иймд УХХКомпанийн захирал Ц.Уртнасангаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 43 000 000 төгрөг, хүү 61 920 000 төгрөг, алданги 21 500 000 төгрөг нийт 126 420 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х.Г нь УХХКомпанитай 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 13/110 тоот зээлийн гэрээ байгуулан 43 000 000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тухайн хаягтаа байхгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.Одоо үндсэн зээл 43 000 000 төгрөг, зээлийн хүү 61 920 000 төгрөг, алданги 21 500 000 төгрөг нийт 126 420 000 төгрөгийг УХХКомпанийн захирал Ц.У-с гаргуулж өгнө үү, Энэ мөнгийг Х.Гын Энхжин Инвест ХХКомпанийн нягтлангаас хүлээж авсан, хариуцагч Х.Г энэ мөнгийг аваагүй гэж маргахгүй байгаа, шүүхэд гаргасан тайлбартаа ч энэ тухай дурдаагүй байгаа гэв.
Хариуцагч байгууллага шүүхэд гаргасан тайлбартаа:Тус компанийн дампуурлын хэрэг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шалгагдаж байгаа учраас Х.Гын гаргасан нэхэмжлэлд тайлбар гаргах боломжгүй болно гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Г хариуцагч УХХКомпанид холбогдуулан үндсэн зээлийн 43 000 000 төгрөг, зээлийн хүү 61 920 000 төгрөг, алданги 21 500 000 төгрөг нийт 126 420 000 төгрөг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч УХХКомпани нь 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Х.Гоос 43 000 000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлж авсан тухай гэрээг зохигчдийн хооронд 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хийгдсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэргийн 7 дугаар хуудсанд авагдсан байгууллагын кассын зарлагын ордерыг Х.Гоос хариуцагч байгууллагад зээлийн мөнгийг шилжүүлж өгсөн баримт гэж тайлбарлаж байна.
Өөрөөр хэлбэл Х.Гын Энхжин Инвест ХХКомпаниас буюу хуулийн этгээдээс УХХКомпанид 43 000 000 төгрөгийг зарлагдсан тухай баримтыг иргэн Х.Гын бусдад зээлдүүлж байгаа 43 000 000 төгрөг гэж үзэх боломжгүй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан байхад Энхжин Инвест ХХКомпаниас зарлагдсан мөнгийг иргэн Х.Г зээлийн мөнгийг зээлдэгч байгууллагад шилжүүлсэн байна гэж үзэх боломжгүй байна.
Нөгөө төлөөр зээлдүүлэгч Х.Г нь зээлийн 43 000 000 төгрөгийг өөрөөсөө гаргаж зээлдэгч байгууллагад шилжүүлж өгсөн тухайгаа баримтаар нотлоогүй байхад зохигч талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь гэрээний дагуу зээлийн мөнгийг зээлдэгч талд хүлээлгэн өгсөн тухайгаа баримтаар нотолж байж түүнд шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй тул Х.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан У ХХКомпаниас 126 420 000 /нэг зуун хорин зургаан сая дөрвөн зуун хорин мянган/ төгрөг гаргуулахыг хүсэн Х.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар Х.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 790 050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН