Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2017/ШЦТ/164

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Д.Одончимэг, улсын яллагч П.Шижиртуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, шүүгдэгч С.Д******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт С******* Д*******д холбогдох 132/2017/0000/Э индекстэй, эрүүгийн 1715001810061 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Булган аймгийн Булган сумын * дугаар баг ***-** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Б******* овогт С******* Д*******

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Д******* нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Булган сумын * дугаар баг **-*** тоот хашаанд иргэн Ж.Л******* зүүн өвдгөн тус газарт архины хагархай шилээр хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Д*******гийн өгсөн: гэх мэдүүлэг, 1715001810061 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд: Хохирогч Ж.Л******* өгсөн: “2017 оны 10-р сарын 17-ны өглөө 8-9 цагийн үед Булган сумын иргэн Д******* гэж дууддаг залуу манай гэрт ирэхдээ дэлгүүрээс 2 авлаа гээд 0.75 литрийн Монгол стандарт гэх нэртэй архитай ирсэн. Тухайн үед манай гэрт манай эхнэр А******* бид хоёр байсан. Тэр авчирсан архийг манай эхнэр А*******, манай эхнэрийн дүү болох Э, Д******* бид 4 хувааж уусан юм. Тэр архийг ууж дуусчихаад Д******* дахиад “Бүрэгдэй” дэлгүүрээс 0.75 литрийн архи авсан. Тэр архийг манай хашаан дотор байшингийн баруун хойд булангийн ойролцоо цементэн хавтан дээр сууж байгаад Э, Д******* бид гурав уусан юм. Бид нарыг тэр архийг ууж дуусахад цаг ойролцоогоор 14 цаг өнгөрч байсан байх. Намайг хоёр давхар цементэн дээр сууж байхад миний зүүн гар талд С.Д******* сууж байсан тэр уусан архиныхаа шилийг цементэн дээр цохиод хагалаад байхаар нь би яагаад наад шилээ наанаа хагалаад байгаа юм бэ гэж хэлтэл С.Д******* барьж байсан архиныхаа шилээр миний зүүн өвдөгний ойролцоо хатгачихаад хашаанаас гараад явчихсан. Би хөлөө хартал зүсэгдээд цус гойжиж байсан тэгээд л цагдаа дуудсан юм. Бид гурав ерөөсөө хэрэлдэж маргалдаагүй С.Д******* бол миний хуурай дүү бөгөөд бид хоёр их сайн харилцаатай байдаг юм. Надад ямар нэг гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-8- 10 тал/, Гэрч М.А*******ийн өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 17-ны өглөө 0830 цагийн үед С.Д******* миний дүү болох Этын хамтаар манай гэрт 0.75 граммийн Монгол стандарт гэх архи аваад орж ирсэн. Тухайн үед манай гэрт нөхөр бид хоёр байсан бид дөрөв тэр авчирсан архийг нь 10 цаг хүртэл ууж дуусгасан. Тэгээд би бие өвдөөд байхаар нь унтаад өгсөн юм. Тэгээд тэр 3 гэрээс гараад явсан. Би сайн мэдэхгүй байна намайг унтаад сэрэхэд цаг 16 цаг өнгөрч байсан тэгтэл гаднаас манай нөхөр болох Лхагва би эмнэлэгээс хүрч ирлээ сая гэрийн гадаа Д*******, Э хоёртой архи уусан чинь С.Д******* миний хөл рүү ууж байсан архиныхаа шилийг хагалж байгаад зүсчихээд явчихлаа гэж хэлж байсан. Юунаас болж яагаад ингэсэн талаар хэлээгүй зүгээр сууж байгаад л ингэчихлээ гэж байсан” гэх мэдүүлэг /хх-13-14 тал/, Гэрч М.Эын өгсөн: “2017 оны 10-р сарын 17-ны өглөө 08 цагийн үед С.Д******* манай гэрт хүрч ирээд 1 шил юм уух уу гэхээр нь би түүнтэй хамт "Бүрэгдэй" хүнсний дэлгүүрт очиж 0.75 граммийн монгол стандарт архи авч манай хүргэн болох Ж.Лхагва ахынд очсон. Тэднийд очтол Лхагва ах эхнэртэйгээ байж байсан бид дөрөв авсан нэг шил архиа хувааж ууж дуусаад Лхагва ах, Д******* бид гурав дахиад Бүрэгдэй дэлгүүр рүү архинд явсан тэндээс мөн нэг шил 0.75 граммын Монгол стандарт нэртэй архийг аваад буцаж Лхагва ахынд ирж тэр архиа байшинд орж уулгүй байшингийн баруун хойд булангийн ойролцоо сууж уусан бид гурав тэр архийг ойролцоогоор 14 цагийн үед ууж дууссан байх. Бид нарын архи уусан газарт хоёр давхар цементэн хавтан байсан тэрэн дээр Д*******, Лхагва хоёр сууж байсан би газар сууж байсан. Тэр үед С.Д******* уусан архиныхаа шилийг цементэн дээр цохиод хагалаад байх шиг байсан. Би сайн анзааралгүй ийш тийшээ хараад сууж байтал хажууд байсан Д******* хашааны хаалгаар гүйгээд гараад явчихсан. Би тухайн үед юу болов гээд Лхагва ахаас асуутал Д******* миний өвдөг хэсэг рүү шилээр хатгачихаад явчихлаа гэж хэлсэн би алив наад хөлийг чинь харая гээд хартал Лхагва ахын зүүн өвдөгний ойролцоо зүсэгдээд цус гойжиж байсан. Тэгэхээр нь би Лхагва ахад одоо цагдаа дуудахгүй бол дараа асуудал болох вийдээ гэж хэлээд цагдаа дуудсан юм” гэх мэдүүлэг /хх-15-17 тал/,

Гэрч Д.С******* өгсөн: “2017 оны 10-р сарын 17-ны өдөр Булган аймгийн Булган сумын 3-р багийн иргэн Ж.Лхагва гэх хүнийг миний хүү болох С.Д******* шилээр хатгасан асуудлыг мэдсэн боловч нарийн юу болсоныг сайн мэдэхгүй байна. Хүүгээсээ би болсон асуудлынх нь талаар асуухаар би тухайн үед согтуу байсан архиныхаа шилээр Б.Лхагва ахын хөл рүү хатгачихаад нэг мэдэхэд гэртээ хүрээд ирчихсэн байна лээ гэж хэлсэн. Миний хүү 3 С.Д******* 1987 онд Булган суманд төрсөн юм.

Миний хүү Булган сумын 1-р бүрэн дунд сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшээд 2005 онд цэргийн алба хааж 2006 онд халагдаж ирээд ажилгүй байгаа юм. Хэдий тийм боловч миний хүү байнга ном уншиж олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог, шудрага хүн. Миний хүү ямар нэг ажил төрөл эрхэлдэггүй би түүнийг тэжээдэг. Сүүлийн үед тэрээр архи ихээр уух болсон тэр нь ойр орчных нь хүмүүсээс л болдог юм шиг байна лээ. Архи ууж байгаа хүмүүс нь саяны хамт архи ууж байгаад шилээр хатгасан гэх Ж.Лхагва гэх мэт хүмүүс байдаг” гэх мэдүүлэг /хх-18-19 тал/, С.Д*******гийн яллагдагчаар өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Лхагва, А*******, Эрдэнэт бид хэд Л******* гэрт 0.75 литрийн стандарт нэртэй архи хувааж уусан. Тэгээд А******* унтаад үлдсэн бид 3 дэлгүүрээс бас 0.75 литрийн архи аваад Л******* хашаанд дотор хундаамны цементэн дээр суугаад уусан, удалгүй архи дуусаж бид гурав нэлээн согтож би бол бараг тасарсан байдалтай байсан. Тэгээд сууж байгаад архины шилээ цементэн дээр цохиод хагалсан чинь Лхагва над руу уурлахаар нь би хагарсан шилнийхээ хүзүүг бариад Л******* гуя руу хатгасан байсан. Би тасраад гэртэй унтаж байхад цагдаа ирж авсан би тэгж л санаад байгаа юм. Бид хоёрын дунд ямар нэг маргалдсан, зодолдсон асуудал байхгүй, хамт ууж байхдаа ямар нэг маргаан болоогүй солонгос явах тухай яриад л сууцгаасан. Лхагва бид 2 сайн найзууд байгаа юм, хааяа нийлж архи дарс уудаг. Тухайн үед би тасраад юм санахгүй байгаа, маргааш нь Лхагва ахтай уулзахад зүүн гуяндаа 4 оёдол тавиулсан гэж байсан. Би өөрийнхөө үйлдлийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-28 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ¹327 тоот: 1. Ж.Л******* биед зүүн өвдгөнд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь ир эрмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 21 тал/, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ¹91 тоот: 1. Шинжилгээнд ирүүлсэн С.Д*******гийн 2017 оны 10 дугаар сарын 18- ны өдөр цус авсан гэж хаягласан цусанд 1.0 хувийн спиртийн агууламж илэрсэн. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх 25 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1-2 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-5 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-30-31 тал/, Булган аймаг дахь сум дундын 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №36 дугаар, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №74 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-32-38 тал/, хохирогчийн гомдол саналгүй гэх баримт /хх-41 тал/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-44 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч С.Д******* нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг 3Б-7-11 тоот хашаанд иргэн Ж.Л******* зүүн өвдгөн тус газарт архины хагархай шилээр хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Ж.Лхагва, гэрч .А******* М.Энхбат, Д.Сэрээжав нарын өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ¹327 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Иймд шүүгдэгч С.Д*******г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Ж.Лхагва нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд иргэний нэхэмжлэл гаргаагүй бөгөөд тэрээр санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. Шүүгдэгч С.Д*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч С.Д******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б******* овогт С******* Д*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Д*******г 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Д*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 4. Энэ хэрэгт шүүгдэгч С.Д*******д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэниий бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас 5 хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД