Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/120

 

 

 

 

2022         01         17                                         2022/ШЦТ/120       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

Улсын яллагч Ц.БатЭ.Б,

Хохирогчийн өмгөөлөгч Ө.Учрал,

Шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ст холбогдох эрүүгийн 2106 00807 1284 дугаар хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

....

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Д.С нь 2021 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд  шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр ... тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Бтой маргалдаж, улмаар зүүн нүдэн тус газар нь сэрээгээр зоон хатгаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би энэ хэрэг дээр яллагдагчаар мэдүүлэг өгөөгүй, гэрчээр мэдүүлэг өгсөн. Миний өгсөн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Эрүүгийн 2106 00807 1284 дугаартай хэргээс:

Хохирогч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 17 цаг өнгөрч байхад эртний танил Д.С надруу залгаад “эмийн сангаас хамрын цацлага аваад гэрт хүрээд ирээч” гэсэн. Би гэрээсээ гараад эмийн сангаар ороод хамрын цацлага аваад .. тоотод ороход Д.С хамтран амьдрагч Буянхишиг нар байсан. Тэгээд гэрт хоол унд идэж байхад гаднаас БатЭ.Б ах эрүүл ирсэн. Бид гурав нийлээд Д.Сийн үйлдвэрлэдэг архинаас 0,75 литр хэмжээтэй архи уусан. Архиа тал хүртэл нь ууж байхад Д.С гар утсаараа яриад уурлаад байсан. Би ойлгохдоо архины үйлдвэрийнх нь цэвэр усны шугам хөлдчихсөн, тэрийг нь засах хүн олдохгүй бухимдаад байна гэж бодсон. Тэр үеэр Бат Э.Б ах бид хоёр хөзөр тоглож байсан. Гэнэт Д.С миний зүүн нүд рүү сэрээгээр 1 удаа зоосон. Тэгээд миний нүднээс тасралтгүй цус гарч эхэлсэн. Би эхнэр рүүгээ залгаад, манай эхнэр ирж намайг авсан. Дахиж намайг зодох гээд байхад нь Буянхишиг, БатЭ.Б ах хоёр нийлээд Д.Сыг өөр өрөөнд оруулаад намайг коридорт гаргасан. Уг нь Д.С бид хоёр хэрэлдэж маргалдаагүй. Би архи ууж байхдаа Д.Ст өмнө нь болсон зодоон маргааныг нь хэлээд одоо дахиж битгий Буякатай хэрэлдэж, зодолдоо гэж хэлж байсан. Тэрэнд л дургүй нь хүрсэн байх. Тэгээд би эхнэртэйгээ гэртээ ирээд нүднээс цус гараад тогтохгүй болохоор нь 103 дуудсан. Эмч ирээд шууд хагалгаанд орно гээд аваад явсан. ...Намайг эмнэлэгт хэвтэж байхад Д.С надруу залгаад “ахых нь буруу уучлаарай, муухай юм боллоо, эмнэлэг дээр очсон оруулахгүй байна лээ, ах нь чамд 500.000 төгрөг өгье” гэсэн. Дээр нь чи цагдаа гээд хэрэггүй шүү, хэлсэн ч би аргалчихна, айгаад байх зүйлгүй шүү гээд байсан. Миний зүүн нүдний цөцгий хагарч гоожсон, хүүхэн хараа хагарч бяцарч, нөжирсөн тул зүүн нүдийг мэс заслын аргаар авчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/,

Хохирогч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг Д.С миний биед ганцаараа учруулсан. 2021 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... тоотод Д.Сын гэрт БатЭ.Б бид гурав архи уугаад сууж байсан. Д.С нь өмнө нь хамтран амьдрагч Буянхишиг болон Чулуунбаатар нарыг зодож байсан. Тэгэхээр нь Д.Сыг чи Чулуунбаатарыг арай аймаар зодсон байна лээ, Буянхишигийг ч гэсэн эмэгтэй хүнийг  чи ингэж зодож болохгүй гээд хэлсэн. Энэ үед Д.С юм ярихгүй сууж байснаа гэнэтхэн ширээн дээрээс  салатан дээр тавьсан сэрээг аваад миний зүүн нүд рүү нэг удаа зоосон. Д.С бид хоёр 20 гаруй жил найзалж байгаа. Өмнө нь Чулуунбаатар нь Д.Ст зодуулсныхаа дараа надтай тааралдаад чи Д.Стай  олон жил найзууд явсан, цаадах чинь чиний үгэнд орно, чи цаадахаа битгий хүн зод гэж хэлээрэй гэхээр нь би зодуулдаг өдрөө энэ талаар хэлтэл намайг зодсон. Надад 3.000.000 орчим төгрөгийн хохирлын баримт байгаа. Энэ зардлаа төлүүлнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 18- 19 хуудас/,

Гэрч Л.Батдалай мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэгсэн чинь яг хэдэн цагийн үед байсан санахгүй байна, Д.Сын хамтран амьдрагч Буянхишиг над руу залгаад Д.С танай нөхөр Э.Быг зодчихлоо, чи ирж нөхрөө ав гэхээр нь шууд яваад очсон. Гэтэл би Д.С ахын гэрийг мэдэхгүй 30 минут орчим зогсож байтал Д.С ах над руу залгаад байр, хаалганы дугаараа хэлээд “ах нь буруу зүйл хийчихлээ” гэж хэлж байсан ба удалгүй БатЭ.Б ах намайг гарч ирж аваад би гэр рүү нь орсон. Намайг ороход нөхөр Э.Б нь ариун цэврийн өрөөний хаалганы хажууд зүүн талын нүднээс нь цус гарсан, хувцас нь цус болчихсон байдалтай, Д.С ах нөгөө талын өрөөндөө орчихсон, Буянхишиг нь  Д.С ахын байсан өрөөний үүдэнд зогсож байсан. Тэгээд би эндээс хурдан гаръя гэж бодоод ямар нэгэн зүйл хэлэлгүй, шууд нөхөр Э.Быг аваад гэрлүүгээ явсан. Бид хоёрыг гэрлүүгээ явж байхад замд нүднээс нь цус их хэмжээгээр гарч байсан. Гэртээ ороод 103 дуудлага өгөөд эмч ирж үзээд. нэгдүгээр эмнэлэгт очоод шууд хагалгаанд орсон. Манай нөхөр Э.Б нь урьд нь нүдний даралтаас болж эмчлүүлж байгаад л хараагүй болж байсан юм. Гэхдээ нүд нь хараагүй болсон ч гэсэн хүн харахад мэдэгдэхгүй, энгийн хүний нүд шиг л харагддаг байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25  дугаар хуудас/,

Гэрч З.БатЭ.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд бид нар архиа хувааж ууж байсан бөгөөд нэг  мэдсэн чинь согтчихсон.Тэгээд  сэрсэн чинь Э.Б, Д.С нар нь маргалдсан байдалтай буюу Д.С нэг өрөөндөө, Э.Б нь гал тогооны өрөөнд Д.Сын эхнэр Буянхишигийн хамт байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Гэрч Э.Мичидмаа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 14-15 нд шилжих шөнө 03 цаг 12 минутад Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, ... тоотод дуудлагад очсон. Нөхцөл байдал нь үзүүлэгч үл таних эрэгтэй нь гэрийнхээ орон дээр дээшээ харсан, нүдээ бинтээр дарсан байдалтай байсан юм. Нүдэнд нь үзлэг хийсэн чинь битүү гэмтэлтэй, цус гоожсон, нүдний салст урагдсан байхаар нь Улсын нэгдүгээр төв эмнэлэг рүү авч явсан юм. Тухайн үедээ нүдийг харахад хурц ир үзүүртэй зүйлээр хатгасан байх боломжтой харагдаж байсан ч үзүүлэгч нь хүн гараараа цохьчихсон гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

            Гэрч Д.Оюун мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Э.Б миний төрсөн хүүхэд байгаа юм. 2021 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө гэр бүлийн видео чатаар холбогдсон. Би унтах гээд зүйрмэглэж байсан чинь чатаар миний хүүгийн нүүр ам, цээжин тус газар цус болсон байсан. Тэгэхээр нь би сандраад юу болсон юм бэ, түргэн дуудаач гэсэн. Тухайн үед Д.Сын гэрт байсан бөгөөд  Э.Б надад Д.С миний нүд рүү хатгачихлаа шүү дээ гээд хашгираад байсан. Д.С нь надтай утсаар холбогдоогүй, Би Д.Стай холбогдох гэсэн боловч Д.Сын утас нь дуудаад авахгүй байсан. Тэгээд Д.Сын хамтран амьдрагч Буянхишигийн утас руу залгаж асуухад Д.С, Э.Б хоёр зодолдоод байхаар нь би Д.Сыг өөр өрөөнд оруулаад хаачихсан гээд утсаа тасалсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 дүгээр хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 354 дугаартай шинжээчийн “1. Э.Бын биед зүүн нүдний алимны нэвтэрсэн шарх, зүүн нүдний орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 2. Дээрх гэмтэл нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Зүүн нүд гэмтэл авахаас өмнө хараагүй байсан нь амбулаторийн картад бичигдсэн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний эмчийн үзлэгээр тогтоогдож байна” гэх дүгнэлт /хх-ийн 64-66 дугаар хуудас/,

Шинжээч эмч О.Оюунбаясгалангийн “Үзүүлэгч Э.Бын биед учирсан зүүн нүдний алимны нэвтэрсэн шарх нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 113 дугаар хуудас/,

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дүрс оношилгооны төвд томограф шинжилгээ өгсөн талаарх баримт, Улсын нэгдсэн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчтөний түүх, мэс заслын тэмдэглэл, эмчийн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 47-63 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Ст холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.С нь 2021 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр ...  тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Бтой маргалдаж, улмаар зүүн нүдэн тус газар нь сэрээгээр зоон хатгаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Сын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Э.Б, гэрч Л.Батдалай, З.БатЭ.Б, Э.Мичидмаа, Д.Оюун нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Сын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Д.Сын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Сын хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай  учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.С нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь  зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч Д.Саас гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1.849.390 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, .... оршин суух, ... регистрийн дугаартай хохирогч Цэрэнжав овогт Эрдэнэчулууны Э.Бод олгох нь зүйтэй байна. Мөн хохирогч Э.Б нь цаашид гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлын  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас Д.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Д.Сыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Ст энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1081 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Сын нь энэ хэрэгт цагдан хоригдсон 32 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна.

Шүүгдэгч Д.Ст урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Сыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сыг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ст оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1081 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас тусад нь эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Д.Ст оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, оршин суух газраас явахыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх буюу мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ст  авсан цагдан хорих гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Саас 1.849.390 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол .... тоотод оршин суух, .... регистрийн дугаартай хохирогч Э.Бод олгосугай.

8. Хохирогч Э.Б нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.С-аас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

9. Шүүгдэгч Д.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 32 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

10. Хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

11.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                       Х.САНЖИДМАА