Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 322

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

Нэхэмжлэгч: М ХХКомпанийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:Т.Н.О ХХКомпанид холбогдох

Түрээсийн төлбөрийн 15 253 020 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгуулагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Осгон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов. 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Т.Н.ОХХКомпани нь Барилга Мегастор худалдааны төвийн 1-20 тоот павилионыг түрээсээр эзэмшиж ирсэн Т.Цэнд-Аюушийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцаж түрээсийн төлбөрийг төлөхөөр болсон нь дараах баримтуудаар нотлогдоно.Т.Н.ОХХКомпанийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 31 тоот албан бичигт “Барилга Мегастор худалдааны төвийн 1-20 тоот лангуу нь тухайн үед Т.Цэнд-Аюушийн нэрээр түрээсийн гэрээ хийсэн боловч Т.Н.ОХХКомпанийн барилгын материалын худалдааны нэг хэсэг бөгөөд Т.Цэнд-Аюушид хамаагүй тухай сүүлийн 2 жил та бүхэнд тайлбарласан.Цаашид тус түрээсийн гэрээтэй холбоотой асуудлаар манай компанитай харилцахыг хүсье” гэжээ.Мөн 2017 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн бичигтээ:Барилга Мегастор худалдааны төвийн 1 давхарт 20 дугаар павилон буюу 14,81 метр квадрат талбайг 2013 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөс Т.Н.ОХХКомпани болон тус компанийн харилцаа холбоотой иргэн Т.Цэнд-Аюуш нар түрээслэн үйл ажиллагаа явуулсан, 1 давхарын 20 дугаар павилоны 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс хойш төлөгдөөгүй үлдэгдэл 4 100 000 төгрөг байгаа, тус төлбөрийг бид төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд түрээсийн төлбөрийг барилгын материалаар орлуулан төлж багадуулах саналтай байна гэжээ.Т.Н.ОХХКомпанийн өмгөөлөгчөөс ирсэн захидалд:Барилга Мегастор худалдааны төвийн 1-20 лангууны түрээсийн төлбөрт 4 000 000 төгрөг төлж дуусгахыг манай зүгээс зөвшөөрч тохиролцоход бэлэн байгаагаа илэрхийлсэн.Барилга Мегастор худалдааны төвийн 1-20 павилоны дотор талд Т.Н.ОХХКомпани өөрийнхөө нэр, лого, утаснуудыг байрлуулж ажиллаж ирсэн нь нэхэмжлэлд хавсаргасан 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн болон 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн гэрэл зурагт харагдаж байна.Т.Н.ОХХКомпанийн захирал Т.Хаянхярваа нь Т.Цэнд-Аюушийн төрсөн ах юм.Т.Н.ОХХКомпани болон Т.Цэнд-Аюуш нар түрээсийн гэрээний 3.6-д түрээслэгч нь түрээсийн болон бусад төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулна, 3.10-т түрээсийн гэрээ дуусгавар болоход түрээсийн байр, талбай, эд хогшлийг бүрэн засвар үйлчилгээ хийж хүлээлгэж өгнө, 7.3-т түрээслэгч нь сар бүрийн эхний 5 хоногийн дотор түрээсийн төлбөрийг 7.2-т заасан данс болон компанийн касст төлнө, 7.5-т цахилгаан хэрэгсэл, гэрэлтүүлэг хэрэглэсэн тохиолдолд нэг залгуурт сар тутам цахилганы төлбөр 7000 төгрөг түрээсийн төлбөр дээр нэмж төлнө гэжээ.Энэ заалтыг талууд тохирч 2014 оны 8 дугаар сараас сар бүр 10 000 төгрөг болгож түрээслэгч тал төлж байснаар нотлогдоно.Мөн гэрээний 9.2-т түрээслэгч тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх алдангийг түрээслүүлэгч талд нэмж төлнө гэсэн гэрээгээр хүлээсэн үүргүүдийг биелүүлээгүй байна.Түрээслэгч Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1, гэрээний 3.10-т заасан заалтуудаар хүлээсэн үүргээ түрээслэсэн эд хөрөнгөө буцааж өгөх үүргээ түрээслүүлэгч шаардаад байхад биелүүлээгүй, 1-20 павилон худалдааны талбайн 1 дүгээр давхарын нүүрэн талд хамгийн ашигтай газар байрладаг тул бусад түрээслэгч эзэишихийг хүссэнтэй холбогдуулж Т.Цэнд-Аюуштай 2016 оны 9, 2017 оны 10 дугаар саруудад ярьж талбайгаа чөлөөлж, павилоноо хүлээлгэж өгөхийг шаардсан боловч за гэж хэлээд биелүүлээгүй, 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Цэнд-Аюушийн ээж Туяа болон худалдагч нарынхаа хамт ирэхэд нь шаардсан боловч за гэж хэлээд павилоныг өгөөгүй, 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 44, 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 248 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлж ээж Туяад нь гардуулсан боловч павилоныг өгөөгүй бусдад түрээслүүлж орлого олох боломжийг хааж, түрээслүүлэгчийг хохироож, удаа дараа шаардсаар 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр павилоныг суллаж, буцаан тушаасан болно.Иймд 2015, 2016, 2017 онуудад төлөгдөөгүй түрээсийн төлбөр 10 063 480 төгрөг, цахилгааны төлбөр 105 200 төгрөг, алданги 5 084 340 төгрөг нийт 15 253 020 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна, хариуцагч солигдож байгаа. 2013 онд М ХХК-тай Төгсийн Цэнд-Аюуш гэх хүн гэрээ хийсэн байдаг.“Тайж нар Ореинт” ХХК-иас төлбөрийг төлж барагдуулна гэсэн нотлох баримтууд хэргийн 31 дүгээр хуудсанд байдаг.Гэрээ 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүчинтэй байсан боловч түрээсэлсэн эд зүйлээ буцааж өгөхгүй байсаар 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хүлээлгэсэн. Энэ талаар баримт хэрэгт авагдсан байгаа.Гэрээний төлбөрийг 4 жил 11 сараар бодож гаргасан.Түрээслэгч гэрээний 3.10-т заасны дагуу эд хогшилыг бүрэн бүтнээр нь хүлээлгэж өгөх ёстой байсан.Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй.Харин 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр түрээсийн эд зүйлсээ буцааж өгсөн акт хэрэгт авагдсан байгаа.Мөн гэрээний явцад түрээсийн талбай өөрчлөгдөж анх 14,81 м.кв талбайг сар бүр 296,200 төгрөгөөр тооцож гэрээ хийсэн бол, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр тухайн талбайг 5 метр квадратаар нэмж 2014 оны 5 дугаар сараас 19,81 метр квадрат талбайг сар бүр 396 200 төгрөгийг төлж байхаар тохирсон.Нэхэмжлэгч талаас шаардлага тавьж түрээсийн талбайгаа чөлөөлж өгөхийг шаардаж байсан боловч 2016 оны 8 дугаар сараас түрээсийн төлбөрөө төлөхөө больсон, талбайгаа чөлөөлж өгөөгүй, 2017 онд 3 дугаар сарын 07-ны өдөр 44 тоот албан бичгээр шаардаж байсан.Хүлээн авсан гэх баримт авагдан байгаа.Тиймээс талбайн түрээсээ төлөхгүй байх тул шүүхэд нэхэмжпэл гаргасан, 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс түрээсийн маргаан эхэлж байгаа.Хариуцагч талаас 2015 онд 4 754 400 төгрөг түрээсийн төлбөр, цахилгааны төлбөр 120 000 төгрөг нийт 4 874 400 төгрөг төлөх ёстой байсан.Үүнээс 3 650 600 төгрөг төлсөн, үлдэгдэл 1 223 800 төгрөгийг төлөөгүй. Мөн 2016 онд 4 824 400 төгрөг огт төлөөгүй, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацааны 4 120 480 төгрөгийн огт төлөөгүй, нийт 10 168 680 төгрөг төлөөгүй, энэ мөнгөн дүнд цахилгааний төлбөр орсон, гэрээний 9.2-т хэсэгт заасны дагуу алдангийг нэхэмжилж байгаа, 10 168 680 төгрөгийг алданги 5 084 340 төгрөгийг нэхэмжилж байгаа. Тиймээс хариуцагч талаас үндсэн төлбөр, алданги нийт 15 253 020 төгрөгийг гаргуул жөгнө үү гэв.

Хариуцагч Т.Н.ОХХКомпани шүүхэд гаргасан тайлбартаа:Барилга мегастор худалдааны төвийн 1-20 тоот лангуу нь тухайн үед Т.Цэнд-Аюушийн нэрээр түрээсийн гэрээ хийсэн боловч Т.Н.ОХХКомпанийн барилгын материал худалдааны нэг хэсэг бөгөөд Т.Цэнд-Аюушид хамаагүй тухай тайлбарласан, цаашид тус түрээсийн гэрээтэй холбоотой асуудлаар манай компани хариуцана, 2016 оны 4 сард М ХХКомпаниас манай компанийн 1-20 болон В1 давхарын талбайг бараа материалын хамт битүүмжилсэн ба В1 давхарын түрээсийн төлбөрийн маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн материал, нотлох баримтуудаас харвал 2016 оны 1-20 болон В1 давхарын түрээсийн талбайг М ХХКомпани өөрсдийн санаачилгаар хүчээр битүүмжилсэн байдаг.Энэ хугацаанд түрээслэгч Т.Н.ОХХКомпанийн төлөөлөгчид болох худалдагч, нягтлан нарын бараа материалд тооллого хийх, бараа материалыг авч лангууг суллах зөвшөөрлийг өгөөгүй өнөөдрийг хүртэл  саатуулан барьж байгаа, М ХХКомпани манай компанийн аж ахуйн үндсэн эргэлтийн хөрөнгийг 1 жил, 6 сарын туршид битүүмжлэн түгжсэн тул үйл ажиллагаа доголдон дампуурахад хүрээд байна.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1087 тоот шийдвэрийн төлбөрт санал болгосон бараа материал, үл хөдлөх хөрөнгийг тооцон авах саналыг хүлээн авахгүй гэвэл бид битүүмжлэгдсэн барааг худалдан борлуулахаас өөрөөр төлбөр барагдуулах боломжгүй болно.Иймд 1-20, В1 давхарт битүүмжсэн бараа материалыг тоо ёсоор нь хүлээн авч, худалдан борлуулж төлбөр тооцооны асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй байна гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ХХКомпани хариуцагч Т.Н.ОХХКомпанид холбогдуулан түрээсийн төлбөрийн 10 063 480 төгрөг, цахилгааны төлбөр 105 200 төгрөг, алданги 5 084 340 төгрөг нийт 15 253 020 төгрөг гаргуулах тухай  шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч М ХХКомпани Т.Цэнд-Аюуш нарын хооронд 2013 оны 5 дугаар сарын 9-ний өдөр түрээсийн гэрээ хийгдсэн байх бөгөөд уг гэрээгээр Т.Цэнд-Аюуш нь Барилга Мегастор худалдаа үйлчилгээний төвийн 1 дүгээр давхарын 20 дугаартай, 14,81 метр квадрат талбайтай павилоныг 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаатай, худалдааны зориулалтаар түрээсэлж, түрээсийн төлбөрт сар бүр 296 200 төгрөгийг түрээслүүлэгч байгууллагад төлж байхаар харилцан тохиролцсон байна.

 

Талууд дээрх гэрээний хугацааг 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 12 сар, 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 12 сар, 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаагаар тус тус сунгасан байна.

 

Т.Цэнд-Аюуш нь дээрх гэрээгээр нэхэмжлэгч байгууллагын өмнө хүлээсэн үүргээ  Т.Н.ОХХКомпанид шилжүүлсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Мөн нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар бид хариуцагчийг сольсон гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан ажиллагааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн зохигчдын хүсэлтээр шүүхэд шийдвэрлэдэг ажиллагаа юм.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч этгээдийг өөрөө сонгох эрхтэй хэдий ч хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргах ёстой байдаг.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэж заасан байна. 

 

М ХХКомпани нь Т.Цэнд-Аюуштай байгуулсан түрээсийн гэрээний үүргийг Т.Н.ОХХКомпаниас шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар Т.Н.ОХХКомпаниас 15 253 020 /арван таван сая хоёр зуун тавин гурван мянга хорин/ төгрөг гаргуулахыг хүссэн М ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 216 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.ДОРЖНАМЖИН