Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2017/ШЦТ/173

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, О.Сарантуул,
Шүүгдэгч М.Цогтгэрэл, Ж.Гүррагчаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Цогтгэрэл, Ж.Гүррагчаа нарт холбогдох эрүүгийн 1715000830036 дугаартай, 132/2017/0163/Э индэкстэй хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймагт төрсөн, 29 настай, бүрэн дунд боловсролтой, Хөнгөн үйлдвэр тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, малчин, ам бүл 5, ээж 3 дүүгийн хамт **-** оршин суух, ял шийтгэлгүй, Цоогон овогт Ж******* Гүррагчаа 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймагт төрсөн, 20 настай, бүрэн дунд боловсролтой, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 3, аав, ээжийн хамт  **-** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Хун цагаан тайж овогт Мөнхбаатарын Цогтгэрэл
Холбогдогсон хэргийн талаар: Шүүгдэгч М.Цогтгэрэл, Ж.Гүррагчаа нар нь бүлэглэж 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөөс 10-ны өдөрт шилжих шөнө Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутагт байрлах “Чулуут ам” амралтын газрын гал тогоонд хууль бусаар нэвтрэн орж 538500 төгрөгийн, амралтын гадна талын зогсоол дээр байсан хохирогч Я.Ц **-** улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн RAW-4 маркын машины цонхыг хагалж 311500 төгрөгийн шууд хохирол, машины цонхыг хагалж 70000 шууд бус хохирол, нийт 6 иргэний 1745000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Цогтгэрэлийн өгсөн: Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг, Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Г*******ийн өгсөн: Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг, 1715000830036 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд: Хохирогч Я.Ц өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос гэр бүлийн хамт Чулуутын ам амралтанд амрахаар ирсэн. Тэгтэл 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө амралтын газрын зогсоол дээр байсан **-** улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн TOYOTA RAW4 маркын авто машины баруун урд талын цонхны шилийг хагалж дотроос нь 4 хүний майхан, газан плётка, селфины гар, шар хөзөр, 2 нүдний дуран зэрэг эд зүйл алдагдсан. Алга болсон зүйлээс майхан, газан плётка, селфины гар зэргийг байгаа газрынхаа баруун урд талын шовгороос олсон. Хулгайчийг нь барьвал хагарсан шил, дурангийн мөнгөө нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх 34, 35 тал/,
Хохирогч Б.Б өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 14 цагийн үед Чулуунтын ам амралтанд гэр бүлийн хамт өөрийн эзэмшлийн **-** улсын дугаартай саарал өнгийн Прадо-78 маркын авто машинтай ирсэн. Тэгээд хоноод өглөө 07 цагийн үед босоход харуул ирж машины чинь цонх хагарсан байна гэж хэлсэн. Эзэн нь олдвол цонхны шилээ нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх 38- 39 тал/,
Хохирогч Д.М өгсөн: Өнөөдөр өглөө 06 цагийн үед тогооч Отгонцэцэг эгч гал тогоонд хулгай орсон байна гэж дуудахаар нь ирж үзэхэд гал тогооны хаалганы баруун талын төмрийн ирмэг дарагдаж хүн орсон шинжтэй, ширээн дээр гутлын мөр бас шавхай болсон байсан. Хойд гал тогооноос хонины гуя, 1 кг машиндсан мах, цайны газрын заалнаас 35 ширхэг сэнгүр, сэрүүн нэртэй лаазтай пиво, хүслийн кола 14 ширхэг, том кола 2 ширхэг, жүүс 1 ширхэг /том/, бэлэн гоймон 6 ширхэг, бэлэн мөнгө 419900 төгрөг, цонх дээр цэнэглэх гээд тавьсан байсан Samsung маркын хар өнгийн утас 1 ширхэг тус тус алдагдсан. Хохирлоо төлүүлмээр байна гэх мэдүүлэг /хх 43-44 тал/,

Хохирогч М.С өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө ажлын газрын гал тогооны хэсэгтээ Оюунгэрэл, Төрбаяр нарын хамт утсаа цэнэглэчихээд амарцгаасан. Тэр өдөр бороо их орсон учир утсаа авахаасаа залхуураад унтсан. Өглөө 7 цагт босоод утсаа авах гэтэл байгаагүй. Тэгээд манай амралтанд саам өгдөг малчны эхнэр Чулуунтын ам амралтанд хулгай орсон байна гэж хэлэхээр хулгайч авсан гэдгийг нь мэдсэн. Утсаа олж авсан учраас нэмж нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх 46, 47 тал/,

Хохирогч Х.Т өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө ажлын газрын гал тогооны хэсэгт Оюунгэрэл, Саранчимэг хоёрын хамт гар утсаа цэнэглэж байгаад үлдээчихээд амарсан. Өглөө босоод гар утсаа үзэхэд байгаагүй. Нэг нь аваад тоглоод нуучихсан байна гэж бодож байсан чинь хулгай орсон байна гэсэн. Надад 180000 төгрөгийн хохирол учирсан. Хохирлоо барагдуулвал санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх 50-51 тал/,

Хохирогч Д.Оюунгэрэлийн өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө ажлын газрын гал тогооны хэсэгт Төрсбаяр, Саранчимэг хоёрын хамт гар утсаа цэнэглэж байгаад үлдээчихээд амарсан. Тэгээд өглөө 06 цагт босоод ажлаа хийхээр гал тогооны хэсэг ороход хойд цонх онгорхой, урд хаалга онгорхой байсан. Тэгээд утсаа үзсэн чинь байхгүй байсан. Тэгтэл малчин эгч ирээд урд шөнө энэ хавиар хулгайч явж зөндөө зүйл алдагдсан байна гэхээр нь утсаа алдсан гэдгээ мэдсэн. Би утсаа 350000 төгрөгөөр үнэлнэ. Утсаа нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх 54-55 тал/, Хохирогч П.Х өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Чулуутын ам саам амралтын газрын текны хажуу талд Самсунг маркын хар өнгөтэй утсаа цэнэглээд орхисон байсныг хулгай орохдоо авсан байсан. Утсаа олсон тул нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх 57-58 тал/, Хохирогч С.С өгсөн: Би 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Чулуутын ам сувилалд амрахаар очсон. Тэгтэл 2017 оны 8 дугаар сарын 09-наас 10-нд шилжих шөнө амралтын газрын зогсоол дээр байсан **-** улсын дугаартай миний автомашины баруун урд талын хаалганы шилийг хагалж, доторх зүйлийг нь ухсан байсан. Нийт 376000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх 60-61 тал/, Хохирогч Б.Б өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Чулуутын ам амралтын газарт амрахаар очсон. Тэгээд 2017 оны 8 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө амралтын газрын гадаа тавьсан байсан **-** улсын дугаартай тээвийн хэрэгслийн зүүн талын хаалганы цонхыг нь хагалж орхисон байсан гэх мэдүүлэг /хх 63-64 тал/,

Шүүгдэгч М.Цогтгэрэлийн гэрчээр өгсөн: Би 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 15-16 цагийн хооронд гэртээ байхад Гүррагчаа ах ирээд бид Чулуут, Цуврайгаар адуундаа явсан. Тэгэхдээ замаараа Мөнхзаяа ахынхаар орж 2 литр монгол архи мөнгөөрөө аваад хойшоо Чулуутын эх рүү давсан юм. Тэгээд адуугаа хайж яваад шар байдас аргамжаатай байсан шовгор дээр ирээд нөгөө монгол архины 1 литрыг хувааж уугаад бусдыг нь үлдээчихээд адуундаа Чулуутын эх рүү яваад олоогүй. Тэгж явахдаа пан Жагаа ахтай таарсан чинь тэр дээр нэг хар морь уяатай байна очиж үзээдэх гэхээр нь хар морийг аваад явж байсан чинь морь эцэхэээр нь хар морийг эмээлж унаад уруудаад нөгөө шарга байдсаа аргамжсан шовгор дээр ирэхэд харанхуй болж байсан. Тэгээд өөрийнхөө унаж явсан шарга морио аргамжиж орхиод шовгортоо үлдээсэн. Монгол архи хувааж ууж суухдаа жаахан нэмээд ууя гэж Гүррагчаа ах хэлэхээр нь дор амралт байдаг, тэнд пиво зардаг гэсэн гээд очиж үзье гээд саам эмчилгээ рүү явсан юм. Тэгээд хулгай хийдэг амралтын газрын гадаа ирэхэд жорлонгийн гэрэл нь асаалттай байсан чинь Гүррагчаа ах морьтойгоо очоод унтраасан. Тэгээд хойшоо эргээд гал тогооны хэсгийн араар нь Гүррагчаа ахыг би хөлдөж өгч давуулаад би араас цоожин дээр гишгээд ороход Гүррагчаа ах текэн дээр очсон байсан. Тэгээд би тэндээс пиво, ундаа, бэлэн гоймон авсан чинь Гүррагчаа ах гарья гээд орсон газраараа буцаж гараад мориндоо мордоод овоотой толгойн арын модонд авсан зүйлүүдээ аваачиж орхиж байхдаа би хар морио эмээлтэй нь алдчихсан. Тэгээд тэндээсээ шовгор дээрээ ирээд текнээс Гүррагчаа авсан байсан мөнгийг хуваагаад 203 мянган төгрөг авсан. Тэгээд шовгорын хаалгаар орж явахдаа зууж явсан асаагуураа газар унагаад гэрэлгүй болсон юм. Тэгэхэд Гүррагчаа ах нөгөө газраа буцаж гэрэл авья гэхээр за тэгье гээд эцсэн байсан шарга морио зайдан унаад амралтын газар луу араар нь ахиж ороод пиво ундаа бэлэн хоол аваад би урд хаалгаар нь гараад Гүррагчаа орсон газраараа буцаж гарсан гарч ирэхдээ тортой мах гурил авсан байсан. Тэгээд мордоход энд машинууд байсан очье гээд очсон чинь бүгд цоожтой байсан. Тэгээд Гүррагчаа ахад өвөртэй байгаа юмаа модруу оруулаад буулгая гэхэд тэгье гээд тэр амралтын газрын баруун талын эгц модон дотор ногоо авсан юмаа орхиод машин дээр очиж явах үед миний хөлд чулуу таарахаар нь би авсан. Тэр чулуугаараа тэнд байсан 4 машины голын 2 машины цонхыг хагалаад хаалгыг нээж дотор орж үзээд селфины гар авсан. Тэгээд тэндээсээ урд талын амралтын газар гал тогооны цонхоор ороод нэг талх 3 гар утас аваад зүүн талын жалга өгсөж явахад Гүррагчаа ах нэг том мод аваад үлдсэн 2 машины цонхыг хагалсан. Гүррагчаа ах дотор ороод ухаад байсан юу авсаныг нь МЭДЭХГҮЙ байна. Тэгээд нэг миний шилийг нь хагалсан машины араас газан пелетик майхан 2 аваад намайг барьчих гэхээр нь би зайдан морин дээр бариад мордоход түрүүлээд явсан. Би араас нь очиход Гүүрагчаа ах амралтын газрын хайсны хажуу талын модноос морио уячихаад нэг шовгорын хаалгыг татахад нэг хүн хөөе гэхэд Гүррагчаа ах буцаж ирээд бид хоёр сүүлд юмаа орхисон газраасаа 4 пиво, мах гурил аваад хоносон шовгорынхоо зүүн талын шовгорт цуйван хийж идээд өглөө 04 цагт явсан гэх мэдүүлэг /хх 66-67 тал/,

Шүүгдэгч Ж.Г*******ийн гэрчээр өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 16 цаг өнгөрөөгөөд Цогтгэрэлийн хамт Чулуут руу адуунд явсан. Адуугаа Чулуутын урд талын модоор хайж явахад миний хөтөлж явсан шарга байдас эцээд булагын хажууд байсан улаан дээвэртэй шовгороос шарга байдсаа төмөр утсаар аргамжиж орхиод арын энгэрээр адуугаа хайсан. Тэгээд орой 22 цагийн үед шарга байдсаа аргамжсан шовгор дээр ирээд авч явсан нэрмэл архиа ууж дуусаад хоёулаа жаахан юм нэмэх үү гээд 00 цаг өнгөрөөж доод талын амралтан дээр очсон чинь хаасан байхаар нь араар нь давж ороод 4 ширхэг пиво, хэрчсэн гурил, татсан мах аваад буцаад шовгортоо ирж 2 пивийг нь талд нь ортол уучихаад хоёулаа дүрсгүйтэх гэж зэрэг дуугараад тэгээд хоёулаа нөгөө газраа эргэж очоод үлдсэн пиво ундаа, тамхи, бэлэн гоймон, жижигхэн хар цүнхтэй мөнгийг аваад модонд оруулж орхиод буцаж ирээд урд амралтын газрын хойд талын онгорхой цонхоор орж 3 ширхэг гар утас авч гараад мордоод эхний орсон амралтын газрын гадаа байсан 4 машин дээр очоод дунд байсан 2 машины 2 цонхыг Цогтгэрэл хагалаад, хаёр захад байсан машины цонхыг би хагалаад машинаас газан пелетик, цогтгэрэл майхан аваад өөр юм аваагүй. Мориндоо мордож давхиад нөгөө шовгор дээрээ ирээд хоол хийж идээд 03 цагийн үед унтаад 04 цаг босоод адуундаа мордсон гэх мэдүүлэг /хх 68-69 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 01-04 тал/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх 6 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 7 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8-10 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11-14 тал/, гэрэл зураг /хх 15-19 тал/, гарын болон гутлын мөр /хх 20-22 тал/, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл /хх 23, 25, 28, 30 тал/, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 26, 27, 31 тал/, “Тольдох Оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх 72-77 тал/, хохирол барагдуулсан баримт /хх 82-88 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 100, 104 тал/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодруулсан зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Цогтгэрэл, Ж.Гүррагчаа нар нь 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 10-ны өдөрт шилжих шөнө Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутагт байрлах “Чулуут ам” амралтын газрын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 538500 төгрөгийн, амралтын гадна талын зогсоол дээр байсан хохирогч Я.Ц **-** улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн RAW-4 маркын машины цонхыг хагалж 311500 төгрөгийн шууд хохирол, машины цонхыг хагалж 70000 шууд бус хохирол, нийт 6 иргэний 1745000 төгрөгийн эд зүйл хулгайлсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна. Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Я.Цэрэндагва, Б.Болд, Д.Мягмарсүрэн, М.Саранчимэг, Х.Төрбаяр, Д.Оюунгэрэл, П.Хишигдорж, С.Саадэлэг, Б.Бямбажав нарын мэдүүлэг, шүүгдэгч М.Цогтгэрэл, Ж.Гүррагчаа нарын хэргээ хүлээсэн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ. Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Цогтгэрэл, Ж.Гүррагчаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч М.Цогтгэрэл, Ж.Гүррагчаа нарыг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Өмгөөлөгч Д.Оюунчимэг нь шүүгдэгч Ж.Г******* хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтрээгүй, гал тогооны онгорхой хэсгээр орж хулгайлсан тул зүйлчлэлийг хөнгөрүүлэх боломжтой гэж мэтгэлцжээ. Шүүгдэгч М.Цогтгэрэл, Ж.Гүррагчаа нар нь 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 10-ны өдөрт шилжих шөнө Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийннутагт байрлах “Чулуут ам” амралтын газрын үйл ажиллагаа явуулах  зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан болох нь ...2017 оны 8 дугаар сарын 9-ны өдрөөс 10-нд шилжих шөнө Ж.Гүррагчаа М.Цогтгэрэлтэй бүлэглэж “Чулуутын ам” амралтын газрын гал тогооны өрөөнд хууль бусаар нэвтэрсэн үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг
үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-01-02 тал/, “....гал тогооны хэсгээс цайны газрын зааланд орох хэсгийн хаалганы цоожны хэсгийг ханзалж эвдэж дотогш орсон бололтой байв....Текны баруун урьд хэсгээс 2 ширхэг гутлын мөрийг C,D үсгээр тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлж авав” гэх хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-08-09 тал/, “...хулгайч орсон гэх өрөөний хэсэг No 4, хоолны заал руу орох хаалган дээр үүссэн эвдрэлийг харуулав No 8,9...хоолны
заалны дотор талыг харуулав No 10” зэрэг гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-15-19 тал/, мөн хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Я.Цэрэндагва, Б.Болд, Д.Мягмарсүрэн, М.Саранчимэг, Х.Төрбаяр, Д.Оюунгэрэл, П.Хишигдорж, С.Саадэлэг, Б.Бямбажав нарын мэдүүлэгүүд, шүүгдэгч М.Цогтгэрэл, Ж.Гүррагчаа нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх 190-191, 192-193
тал/ зэрэг нотлох баримтуудаар “Чулуут ам” амралтын газрын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хаалгыг эвдэн орж хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна. Шүүгдэгч М.Цогтгэрэлийн өмгөөлөгч О.Сарантуул нь эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх санал гаргасан боловч шүүгдэгч нь“Чулуут ам” амралтын газрын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хаалгыг эвдэн орж бусдын эд хөрөнгийг хулгайлж хүнд гэмт хэрэг үйлдсэн нь дээрхи хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Цогтгэрэл, Ж.Гүррагчаа нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг арилгасан байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул тэдгээрт ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3–т зааснаар ялыг хөнгөрүүлж оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч М.Цогтгэрэл, Ж.Гүррагчаа нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нарт нийт 1745000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нар нь мөнгөн хэлбэрээр болон биет байдлаар нь буцаан өгч барагдуулсанаар хохирогч нар санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ. /хх 82-88 тал/, Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.Цогтгэрэл, Ж.Гүррагчаа нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Цоогон овогт Ж******* Гүррагчаа, Хун цагаан тайж овогт Мөнхбаатарын Цогтгэрэл нарыг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Цогтгэрэл, Ж.Гүррагчаа нарыг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч М.Цогтгэрэл, Ж.Гүррагчаа нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хохирогч нар нь гомдол саналгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Цогтгэрэл, Ж.Гүррагчаа нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, шүүгдэгч нарыг цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, шүүгдэгч нарын өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
                                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ