| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/04043/И |
| Дугаар | 294 |
| Огноо | 2018-01-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 294
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Ш.А-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч:Н.Ш.Ш.Г.А-д холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгө албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үлэмж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Азбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Тус газраас 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 3/21857 тоот мэдэгдлийн дагуу улсын эрхийн бүртгэлийн 2205023691 тоот гэрчилгээтэй Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 46-88 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоосон байна.Гэвч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр төлбөр авагч Ц.Болдбаатар гэсэн байх бөгөөд Ц.Болдбаатарын өмчлөлд шилжих болсон үндэслэл болсон худалдах, худалдан авах гэрээг Баянгол дүүргийн шүүхээс хүчин төгөлдөр бусд тооцсон тухай шүүгчийн захирамж гарсан байдаг.Мөн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийг тодорхой хэмжээнд гүйцэтгэж байгаа тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахгүй байх ёстой зохицуулалт байхад шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байна гэж үзэж хүний зайлшгүй хэрэгцээ болох орон сууцыг худалдан борлуулах арга хэмжээ авч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.Иймд дээрх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1016 тоот албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол гарсан, уг тогтоолоор Ц.Болдбаатарын өмчлөлийн Баянгол дүүрэгт байрлах үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол гарсан.Манайх албадан дуудлага худалдааг хуулийн дагуу явагдсан гэж үзэхгүй байгаа.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгөөс дуудлага худалдаа явуулах ёстой байтал төлбөр төлөгчийн өмчлөлд байхгүй хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж хууль зөрчсөн байна.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдах естой.Төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулаагүй, тодорхой хэмжээнд төлбөрөө төлж байсан.Шүүхийн шийдвэрт үүргийн гүицэтгэлийг үл хөдлөх хөрөнгөөр хангуулах тухай заалт байхгүй байхад үл хөдлөх хөрөнгөөс шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулж байгаа нь үндэслэлгүй байх тул дээрх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Н.Ш.Ш.Г.Г шүүхэд гаргасан тайлбартаа:Баянгол иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 00831 дүгээр шийдвэрээр Ш.Агаас 56 638 950 төгрөгийг гаргуулж Ц.Болдбаатарт олгохоор шийдвэрлэсэн.Шийдвэр гүйцэтгэгч ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ш.Агийн эзэмшилд байгаа улсын бүртгэлийн Ү-2205023691 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 46 дугаар байр 68 тоот орон сууцыг битүүмжилэн хураасан.Төлбөр авагч Ц.Болдбаатарын өмчлөлийн эрхийн улсын Ү-2205023691 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 46 дугаар байр 68 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу Бэсгэ ХХКомпанийг томилон үнэлүүлж, шинжээчийн үнэлсэн үнэ болох 67 436 312 төгрөгийн 70 хувь болох 47 205 418 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээний мэдэгдлийг 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр албан бичгээр мэдэгдсэн байна.Тус албанаас 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулах анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг талуудад мэдэгдсэн бөгөөд дуудлага худалдаагаар дээрх орон сууц нь 49 205 418 төгрөгөөр борлогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.11-д заасны дагуу дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрт хөрөнгө чөлөөлөх хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр худалдан борлогдсон хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэхээр шийдвэрлэсэнийг төлбөр төлөгч Ш.Ад 2017 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 4/27033 дугаар мэдэгдэл, 4/27034 дүгээр тогтоолоор тус тус мэдэгдсэн болно.Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 831 дугаартай шийдвэрээр Ш.Агаас 56 638 950 төгрөгийг гаргаж Ц.Болдбаатарт олгохоор шийдвэрлэсэн ба энэ шийдвэрийн дагуу төлбөр төлөх мэдэгдлийг удаа дараа Ш.Ад хүргүүлсэн боловч төлбөрийг төлөөгүй, Ш.Агийн нэр дээр холбогдох газруудаас лавлагаа авсан боловч хөрөнгө илрээгүй.Иймд төлбөр авагч Ц.Болдбаатарын өмчлөлд бүртгэлтэй төлбөр төлөгч Ш Амарбаясгалангийн эзэмшил, ашиглалтад байгаа Баянгол дүүргийн дугаар хороо 10 дугаар хороолол, 46 дугаар байрны 68 тоот орон сууцыг битүүмжлэн, албадан дуудлага худалдаанд оруулахаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул албадан дуудлага шинжээч томилж, албадан дуудлага худалдаанд оруулах хүсэлтийг төлбөр авагч Ц.Болдбаатар гаргасан.Төлбөр төлөгчийн харилцах дансыг хаасан боловч дансны үлдэгдэлгүй байсан талаар банкуудаас мэдэгдэл ирүүлсэн, төлбөр төлөгч Ш.Агийн эзэмшил, ашиглалтад байгаа дээрх үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулиин 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу шинжээч томилж үнэлүүлэхэд 67 436 312 төгрөгөөр үнэлж, дээрх үнийн 70 хувь болох 47 250 418 төгрөгөөр тооцон анхны дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 3/21857 тоот албан бичгээр талуудад мэдэгдсэн.Тус албанаас 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаагаар дээрх орон сууц нь 49 205 411 төгрөгөөр худалдагдсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.11-т заасны дагуу дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрт хөрөнгө чөлөөлөх хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хэмээн хөрөнгө чөлөөлөх мэдэгдлийг Ш.Ад 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр мэдэгдсэн.Хэдийгээр худалдах, худалдан авах гэрээгээр Ц.Болдбаатарын нэр дээр шилжүүлж, өмчлөгч нь Ц.Болдбаатар болсон боловч эээмшиж, ашиглаж байгаа хүн нь төлбөр төлөгч байгаа учраас энэ орон сууц Ш.Агийн өмч болох нь нотлогдож байгаа.Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.А хариуцагч Н.Ш.Ш.Г.Гт холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 10/16 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 102/ШШ2017/00831 дугаартай шийдвэрээр Ц.Б-ын Г.А-гаас 61 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хянан хэлэлцэж Ш.А-гаас 56 200 000 төгрөгийг гаргуулан Ц.Б-т олгож шийдвэрлэсэн байна.
Тус шүүхээс 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдэж дээрх 2017 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 102/ШШ2017/00831 дугаартай шийдвэрийг албадан гүйцэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү гүйцэтгэх хуудасны дагуу хариуцагч байгууллага нь хуульд зааснаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна.
Хариуцагч байгууллагын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10/16 дугаартай албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор төлбөр төлөгч Ш.Агийн төлбөрт хураагдсан Баянгол дүүргийн дугаар хороо 10 дугаар хороолол, 46 дугаар байрны 68 тоотод байршилтай, 67 436 312 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагт албадан дуудлага худалдаанд оруулахыг шийдвэр гүйцэтгэгчид үүрэг болгож, тогтоолын хуулбарыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар болон төлбөр төлөгч, төлбөр авагч нарт хүргүүлэхийг шийдвэр гүйцэтгэгчид даалгасан байна.
Энэхүү албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан дуудлага худалдаа явуулах тухай шийдвэрийг агуулгад нийцэж байх бөгөөд хуульд заасан мэдээллийг бүрэн хэмжээгээр тусгасан байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 4/25672 дугаартай Баянгол дүүргийн дугаар хороо 10 дугаар хороолол, 46 дугаар байрны 68 тоотод байршилтай, 67 436 312 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагт албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг Ш.Ад хүргүүлж хуульд заагдсан ажиллагааг хийсэн байна.
Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 10/16 дугаартай тогтоолыг хуульд заасан журмын дагуу гаргасныг буруутгах үндэслэлгүй байх тул Ш.Амарбаягалангийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй” гэж заасан байгааг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугар зүйлийн 122.4-т заасныг баримтлан Н.Ш.Ш.Г.Гт холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 10/16 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай Ш.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигч, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН