Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2017/02433

 

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2017/02433

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, шүүгч Б.Азбаяр, Г.Ариунаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... дүгээр баг, ... дугаар гудамж, ... тоотод оршин суух ... овогт А.Э /РД:.../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дугаар хороо, ... талд Г.У.Б.Б-д холбогдох, 

Гэм хорын хохиролд 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, хариуцагч төлөөлөгч Д.Ц, нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Эын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч А.Э нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Улсын Их дэлгүүр-ийн баруун талын замд 2017 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 21 цаг 10 минутын үед Н.Энхтөрийн эзэмшлийн тоёота королла загварын 13-63 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Г.У.Б.Б.Г-ын хариуцдаг замын 2 дугаар эгнээнд байрласан шүүрт худагны эвдэрлээс болж онхолдож зам тээврийн осолд орж, хүндэвтэр гэмтэл авсан, тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан З.Оюунцэцэгийн биед хөнгөн гэмтэл учирсан, машиныг дахиж ашиглах боломжгүй болсон. Тээврийн хэрэгсэлд 1,997,000 төгрөгийн эвдрэл учирсан боловч эзэмшигч Н.Энхтөр нь ийм болсон машин авахгүй гэсэн учир би түүнд 2,500,000 төгрөгөөр өөр машин авч өгч хохиролгүй болгосон. Мөн З.Оюунцэцэгийн болон өөрийнхөө эмчилгээнд 12,500,000 төгрөг зарцуулсан нийт 15,000,000 төгрөгийг буруутай байгууллага болох Геодези, усын байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмонгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай байгууллага нь хуучин Улаанбаатар нэгдэл нэртэй байж байгаад Нийслэлийн засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн А638 дугаар захирамжаар 3 хуваагдаж салсан. Нийслэлийн хэмжээнд 4,000 гаруй ус зайлуулах шугам байдаг. Үүнд үзлэг, ашиглалтын засвар хийх хөрөнгө тусгагдаагүй, мөрдөн байцаалтын шатанд А.Этой эвлэрэх гэсэн боловч манай байгууллага мөнгөгүй тул эвлэрч чадаагүй гэв.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Э нь хариуцагч Г.У.Б.Б.Г-т холбогдуулж гэм хорын хохиролд 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Хариуцагч Г.У.Б.Б.Г нь эс зөвшөөрч ... манай байгууллагад улсаас замын шүүрт худгийн арчилгаа, засвар, ашиглалтад мөнгө төсөвлөж өгдөггүй, мөн мөнгө байхгүй учир нэхэмжлэгчтэй эвлэрч чадаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Харуцагч А.Э нь 2017 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 21 цаг 10 минутын үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Улсын Их дэлгүүр-ийн баруун талын замд Н.Энхтөрийн эзэмшлийн тоёота королла загварын 13-63 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд байрласан шүүрт худагны эвдэрлээс болж онхолдож зам тээврийн осолд орж, хүндэвтэр зэргийн гэмтэл, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан З.Оюунцэцэгийн биед хөнгөн гэмтэл тус тус учирсан, Н.Энхтөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 1,997,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 419, Замын цагдаагийн албаны 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 157 дугаар шинжээчийн дүгнэлтүүд, Ашид билгүүн ХХК-ийн 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 1474 дүгээр Үнэлгээний тайлан зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд хариуцагч Г.У.Б.Б.Г нь энэхүү осол гарах нөхцлийг бүрдүүлсэн өөрийн гэм буруугийн талаар маргаагүй. Нэхэмжлэгч нь хохирлоо шаардах эрхтэй байна.

Ослын улмаас А.Э хүнд гэмтсэн, тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан, хөнгөн гэмтсэн З.Оюунцэцэг нарын эмчилгээний зардалд нэхэмжлэгч 12,000,000 төгрөгийг нэхэмжилсэн, нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор эм тариа худалдаж авсан, компьютер томографикт харуулсан, сувилал болон буудалд үйлчлүүлсэн зардалд 2,596,450 төгрөгийг зарцуулсан гэх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч Алт болд ХХК-ийн ахмадын сувилалд 310,000 төгрөгөөр сувилуулсан, үзлэгт 10,000 төгрөг тушаасан, Арсирфамр эмийн сангаас 149,750 төгрөгийн, Түмний булаг эмийн сангаас 197,500, 135,950 төгрөгийн эм, тариа худалдаж авсан, Их буурал төв-д байрласан, өглөө, оройны цайнд 1,220,000, 244,000 төгрөг тушаасан гэх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй, мөнгөн дүн болон байгууллагын нэр тодорхойгүй, хэрэгт хамааралгүй зарлагын баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Харин нэхэмжлэгч А.Э нь Түмний булаг ХХК-иас 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 98,000 төгрөгийн, мөн сарын 29-ний өдөр 209,000 төгрөгийн эм, тариа худалдаж авсан, Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр үзлэгт орсон төлбөрт 10,000 төгрөг тушаасан гэх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, нотлох баримын шаардлага хангасан, мөн Н.Энхтөрийн эзэмшлийн Тоёота королла загварын 13-63 УНЕулсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1,997,000 төгрөгийн эвдрэл учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн 2017 оны 1474 дугаартай Үнэлгээний тайлангаар тогтоогджээ.

Иймд хариуцагч Геодези, усны барилга байгууламжийн газраас 2,314,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Эод олгож, нэхэмжлэлээс 12,686,000 төгрөгийн шаарлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь ... тээврийн хэрэгслийн эзэмшигч Н.Энхтөр нь ийм болсон машин авахгүй гэсэн учир би түүнд 2,500,000 төгрөгөөр өөр машин авч өгч хохиролгүй болгосон гэх боловч 2,500,000 төгрөгөөр ямар загварын тээврийн хэрэгслийг хэзээ, хэнээс худалдаж авч өгснөө баримтаар нотолж чадаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Геодези, усны барилга байгууламжийн газраас гэм хорын хохиролд 2,314,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Эод олгож, нэхэмжлэлээс 12,686,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 6.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 51,974 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.МӨНХТӨР

 

                                       ШҮҮГЧ                                              Б.АЗБАЯР

 

Г.АРИУНАА