| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/02934/И |
| Дугаар | 102/ШШ2017/02752 |
| Огноо | 2017-10-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2017/02752
| 2017 оны 10 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2017/02752 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ...ы ... дүгээр байрны ... дугаар давхарын 0 тоотод оршин байх, Б.СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... хотхоны 34 дүгээр байрны ... тоотод оршин суух, ... овогт Ц.Б /РД: .../-д холбогдох,
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал 428,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Э, хариуцагч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.СӨХ-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Эийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.СӨХ нь оршин суугчдынхаа үүсгэл санаачилгаар байгуулагдсан, Баянгол дүүргийн Засаг даргын 6 дугаар сарын 7-ны өдрийн 169 тоот гэрчилгээтэй, 168 айл өрхийг хариуцаж ажилладаг. Сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгө, цэвэр бохир ус, халаалтын болон цахилгааны шугамыг хамгаалах, эвдэрсэн дариуд нь засвар үйлчилгээ хийж оршин суугчдийн амгалан тайван байдлыг хариуцаж, орц хонгил, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээг тогтмол хийж хууль тогтоомжид заасны дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Сайхан булган хотхоны 34 дүгээр байрны 71 тоотод оршин суугч Ц.Баас дундын өмчлөлийн засвар үйлчилгээтэй холбоотой гарч байгаа засвар үйлчилгээний зардал болон бусад гэрээт байгууллагуудын төлбөрийг төлөөгүй байгаа учраас 428,060 төгрөгийг нэхэмжилж байна. 2015 оны 12 дугаар сарын төлбөр 20,610 төгрөг, 2016 оны 1-ээс 12 дугаар сар хүртэл 247,320 төгрөг, 2017 оны 1 дүгээр сараас 7 дугаар сар хүртэл 160,130 төгрөг, нийт 428,060 төгрөг болж байгаа. Үүнийг дотор нь задалбал: Холбооны засвар үйлчилгээний хөлс 8,460 төгрөг, хог 2,000 төгрөг, үйлчлэгчийн цалин 2,000 төгрөг, Летком ХХК-ийн 5,000 төгрөг, орцны гэрэлтүүлэг 1,000 төгрөг, орцны жижүүр 2,000 төгрөг, гэрээт харуулын ажлын хөлс 6,700 төгрөг, төрийн банканд баримтын мөнгө 150 төгрөг, нийт 20,610 төгрөг болно. 2017 оны 3 сараас эхлэн зарим нэг шаардлагаас болж Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцээд холбооны үйлчилгээний төлбөрт өөрчлөлт орсон гэв.
Хариуцагч Ц.Бы шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие эхнэр, 4 хүүхдийн хамт Баянгол дүүргийн, 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын, Сайхан булган хотхоны 34 дүгээр байрны 71 тоотод Ч.Амгаланбаатар гэдэг ахынхаа байранд амьдардаг. Би Сайхан булган ХХК-ийн инженер бөгөөд манай байгууллагаас намайг 10 жил сайн ажиллаа гэж уг орон сууцаар шагнасан. Одоо энэ байрны ордер нь банкны барьцаанд байдаг. Би 2016 оны 1 дүгээр сараас 2017 оны 3 дугаар сар хүртэл Булган сууц өмчлөгчдийн холбоонд байцаагчаар ажилладаг байсан. Тухайн үед холбооны гүйцэтгэх захирал Саранчимэгтэй сар бүр 200,000 төгрөгийн цалинтай, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөхгүй байхаар амаар хоорондоо тохиролцсон байдаг. Манай байранд орцны жижүүр гэж байдаггүй. Манай гэрийн үүдэнд архичин, согтуу хүмүүс байнга хэвтэж байдаг. Жижүүр байхгүй учраас би байнга цагдаад дуудлага өгдөг. Жижүүрийн мөнгө өгөхгүй. 2017 оны 7, 8 сард харуул хамгаалалт ажиллуулсан гэж байна. Тухайн үед 7, 8 дугаар саруудад харуул хамгаалалт ажиллуулна гэж бидэнд хэлээгүй. Тэгээд ч тэр үед хүүхдүүдээ аваад лагерьт гарсан байсан учраас үйлчилгээг нь аваагүй. Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Жаргалсайхан намайг олон нийтийн хэрэгслээр миний нэр хүндийг доромжилсонд би гомдолтой байна. Байрнаасаа зайл гэж надтай зүй бусаар харьцдаг. Одоогийн цэвэрлэгч цэвэрлэгээ гэж хийдэггүй, 3 сараас хойшхи лифт, хог, гэрэлтүүлгийн мөнгийг би төлнө. Үлдсэнийг нь төлөхгүй, үйлчилгээ үзүүлж байж дараа нь мөнгөө нэхэх хэрэгтэй. Эхнэр маань халамжинд байдаг, хүүхдээ хардаг. Илүү төлбөр төлөх боломжгүй. Сүүлийн 6 сарын лифтний төлбөр 1 сарын 5,000 төгрөг, нийт 30,000 төгрөг, усны 1 сарын төлбөр 1,000 төгрөг нийт 6,000 төгрөг, хог 2,000 төгрөг 6 сарын 12,000 төгрөгийг нь өгч болж байна гэв.
Шүүх хуралдаанаар талуудын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Булган сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ нь хариуцагч Ц.Бд холбогдуулан 2015 оны 12 дугаар сараас 2017 оны 7 дугаар сарыг хүртэлх буюу нийт 20 сарын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 428,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ ... СӨХ нь цэвэрлэгээ үйлчилгээ муу, жижүүр байхгүй, зарим үйлчилгээг нь авдаггүй тул сууц өмчлөгчдийн холбооны зарим төлбөрийг төлөхгүй гэж тайлбарлав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4.-т зааснаар орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна. гэж, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг хэлнэ гэж тус тус заасан байх ба дээрх заалтуудаас үзэхэд орон сууцны зориулалттай байшингийн сууц өмчлөгч нь заавал сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхаар зохицуулжээ.
Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ...дугаар хорооллын ... хотхоны 34 дүгээр байрны .. тоотын оршин суугч нь хариуцагч Ц.Б мөн эсэх, тухайн орон сууц нь Булган сууц өмчлөгчдийн холбоонд харьяалагддаг эсэхэд талууд маргаагүй байх тул хариуцагч нь тус холбооны гишүүн байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй гэж хуульчилжээ.
Тус сууц өмчлөгчдийн холбоо нь гишүүдээсээ сар бүр засвар үйлчилгээний хөлс 8,460 төгрөг, хог 2,000 төгрөг, үйлчлэгчийн цалин 2,000 төгрөг, Летком ХХК-ийн 5,000 төгрөг, орцны гэрэлтүүлэг 1,000 төгрөг, орцны жижүүр 2,000 төгрөг, гэрээт харуулын ажлын хөлс 6,700 төгрөг, төрийн банканд баримтын мөнгө 150 төгрөг, нийт 20,610 төгрөгийн санхүүжилтийг хуримтлуулдаг болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар, мөн хариуцагч Ц.Б нь сууц өмчлөгчдийн холбоонд төлбөл зохих төлбөрөө 2015 оны 12 дугаар сард 20,610 төгрөг, 2016 онд 247,320 төгрөг, 2017 оны 1-ээс 7 дугаар сар хүртэл 160,130 төгрөг, нийт 20 сарын турш 428,060 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн тайлбар, Төрийн банкны нэхэмжлэх зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар тус тус тогтоогдож байх тул хариуцагчаас 428,060 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Булган сууц өмчлөгчдийн холбоонд олгохоор шийдвэрлэлээ.
Иймд хариуцагчийг Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Нөгөөтэйгүүр, сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа доголдолтой, шаардлага хангахгүй байгаа нь хариуцагчийг дээрх төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүйгээс гадна үйл ажиллагаа нь доголдолтой байгааг нотлох баримт хэрэгт авагдаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ц.Баас 428,060 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Булган сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нийт 13,491 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 13,491 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР