Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 0160

 

 

 

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч   М.Оюунгэрэл, шүүгч Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй

нарийн бичгийн дарга: А.Болор

улсын яллагч: О.Багшбаяр

шүүгдэгчийн   өмгөөлөгч: Ц.Мандал

хохирогч   Д.Гансүх

иргэдийн төлөөлөгч А.Оюунчимэг

шүүгдэгч  З.Айетхан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй  хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  181 дүгээр зүйлийн 181.3  дах хэсэгт заасан гэмт хэрэгт Чуреш овогт Зурхайн Айетханд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн 201625010613 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Чуреш овогт Зурхайн Айетхан, 1969 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод  төрсөн, 47 настай, эрэгтэй,  казах, тусгай дунд боловсролтой, кип автоматик нарийн хэмжүүрийн механик мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, оршин суух тодорхой хаяггүй,

1.1991 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар ишийтгүүлж, уг хорих ялаа эдлэж байхдаа оргож

2.1991 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 131 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугцаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялаа эдлэж байгаад 1993 оны 10 дугаар сарын 29-нд хорих ялыг хугцаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан.

3.1999 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 539 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар  2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж

4.2001 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Баянзүрх дүүргийн 720 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,

5.2005 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 11 сар 04 хоногийн хугацаагаар хорих ял нэмүүлж 2007 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хорих ялын хугцаа дуусч суллагдсан

6.2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 526 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг  биеэр эдлэж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан.,РД: УЖ69020437,

 

Холбогдсон хэргийн талаар:

         З.Айетхан нь  ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа 2016 оны 02 дугаар сарын 02-ны орой 20 цагийн үед  нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж бусдыг  үл хүндэтгэн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах 41 дүгээр байрны байрны жижүүрийн постон дотор тус байрны жижүүр Д.Гансүхийг шалтгаангүйгээр хутгалж   хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн гарыг нь хатгаж биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

         Шүүгдэгч Я.Айетхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр эхнэр Үүрийнцолмонтой хамт явж байгаад найз нартайгаа таарсан. Тэгээд найз нар маань миний төрсөн өдөр гээд надад архи авч өгсөн. Би эхнэртэйгээ тэр архийг уучихсан чинь бие нь муудаад байна гэж надад хэлсэн. Тэгээд орцонд орж сууж байгаад гарахад орой болчихсон байсан. Гараад явж байхдаа Мөнхтөртэй тааралдсан ба надад нэг шил архи авч өгсөн. Гадаа хүйтэн байсан болохоор Гансүхийнд орж архиа уухаар болоод түүний гэрт ороход Гансүх ганцаараа сууж байсан. Би авчирсан архиа задлах гээд түлхүүрийн оосорт байсан хумсны хутгаа гаргаж ирж, түүнээс доор подволд байсан хөнжил гудсаа яасан юм бэ гэж асуухад Жагаа аваад явсан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “чи Жагаад яагаад дандаа дээрэлхүүлж байдаг юм бэ” гээд хумсны хутгаараа чичээд яриад сууж байхад Гансүх урдаас гараараа нэг саваад, гэрээс гараад гүйсэн. Араас нь гарахад цус шалан дээр туссан байсан гэв.

  Хохирогч Д.Гансүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг жижүүрийнхээ өрөөнд ганцаараа сууж байхад 20 цагийн үед Айетхан нь эхнэр Үүрийнцолмонтой хамт орж ирсэн. Би тэд нарыг орж ирэхэд урдаа гараа аваад сууж байсан. Намайг хутгаар хатгахаар нь би гараад гүйсэн.  Араас намайг дуудахаар нь би зугтаад явсан. Би бичиг үсэг мэдэхгүй болохоор байцаагч надад өргөдөл бичиж өгсөн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэв.

         Шүүгдэгч Я.Айетхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би архи задлах гээд тэгээд ярьж байхдаа хутгаараа чичээд ярьсан. Тэгэхэд л Гансүх өөрөө цочоод л гараараа саваад тэгээд л гараад гүйсэн. Гансүхтэй ямар нэгэн хувийн таарамжгүй харьцаа байхгүй. Тэр өдөр  Гансүхэд би, чи энэ подволд байсан хөнжил гудсыг хаясан юм уу? гэж асуухад Жагаа эд нар гаргасан байна гэсэн. Тэгээд би, чи ер нь Жагаад байнга дээрэлхүүлж явах юмаа гээд чичээд ярьсан…. Гансүхтэй би ер нь маргалдаж байгаагүй, угаасаа маргалдаад яах юм бэ? Тэр чинь надтай маргалдах ч хүн биш” гэжээ. /хх-ий 42-43 дугаар хуудас/,  

         Хохирогч Д.Гансүх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:”… 2016 оны 02 дугаар сарын 02-ны орой өөрийн ажлын байр болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 41 дүгээр байрны гадаа байх постон дотор сууж байтал гаднаас Айетхан гэх зүс таних эрэгтэй жаахан халамцуу орж ирсэн. Тэгээд хажууд сууж байхдаа нэг удаа миний гар луу чичих шиг болсон, тэгэхээр нь би гараа хартал цус гарч байсан. Тэгэхээр нь айгаад тэр чигтээ постноосоо гараад зугатаасан. Тэгээд гүйж байгаад урд 65 дугаар байрны жижүүр Бат-Эрдэнэ дээр очоод Бат-Эрдэний эхнэр болох Эрдэнэчиэг миний гарыг бинтээр боож өгсөн. Тэгээд би харихаас айгаад тэр чигтээ Бат-Эрдэнийд байж байгаад 4 дүгээр байрны подволд амьдардаг Уртнасан гэх эмэгтэйгийн гэрт нь очиж хоносон. …Надтай өмнө нь хэрэлдэж, маргалдаж байсан зүйл байхгүй. Бид 2-н хооронд ямар нэгэн өш хонзонгийн гэх зүйл байхгүй. Би хутга байх гэж бодсон, их хурдан болсон ба гар луу хатгах шиг болохоор нь харахад цус гарч байхаар нь айгаад зугатаасан, ер нь Айетхан байнга шахуу хутгатай явдаг. Маргалдаагүй зүгээр сууж байтал гэнэт хутгалсан” гэж хэлжээ. /хх-н 6-9/

          Гэрч Б.Жаргалсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн СӨХ-ийн хурал дээр Гансүх ажил дээрээ орж ирээд Айетхан намайг өчигдөр зүсэж исгэлээ гэж хэлээд баруун гараа боож орж ирсэн. Тэгэхэд манай СӨХ-ийн дарга Даваа яасан талаар асуухад Гансүх “ Айетхан манай жижүүрийн байранд орж ирээд гарыг минь зүсээд яваад өгсөн”  гэжээ /хх-н 10-11/

          Гэрч З.Дөрвөдхан   мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Айетханы төрсөн дүү нь байгаа юм. Бид 2 эцэг эхээсээ 4- үүлээ ба доор маань 2 дүү байсан нь 2-уулаа нас барсан юм. Айетхан айлын том байгаа юм. Манай аав СОТ-3 гэж баазад насаараа жолооч хийсэн хүн байсан харин ээж замын цагдаад ажиллаж байгаад сүүлдээ ТЭЦ-д ажиллаж байгаад тэгээд тэтгэвэртээ гарч байгаад 1999 онд өөд болсон. Сурлага сайтай хүүхэд байсан эвлэлийн үүрийн дарга хийж байсан. Найрамдал зусланд олон улсын хүүхэдтэй амарч байсан, ямар сайндаа 9-р ангид байхад нь 10-р ангид оруулаад хүүхийн тоог нь бодуулаад гаргадаг байсан гэсэн. Яармагийн 34-р дгээр сургуулийг 1987 онд 10-р ангийг нь төгссөн. Тэгээд цэрэгт яваад Холбооны 191-р ангид 1 жи алба хаагаад, тэгээд ирээд Жип автомат мэргэжилтэй болж ирээд ажил хийж байгаад тэр Должин гэх хүнтэй суугаад хамт амьдран нэг хүүхэдтэй болж байгаад салсан юм шиг байна лээ.Тэрийг мэдэхгүй байна Би цуг байдаггүй болохоор мэдэхгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй байна гэжээ. /хх-н 12-13/

          Гэрч Ш.Үүрийнцолмон  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ ….нэг мэдэхэд тасраад сэрэхэд 41 дүгээр байрны жижүүрийн пүүтгэн дотор Айетхан, Гансүх, бид 3 сууж байсан. Тэгээд Гансүх гарч яваад буцаж орж ирээд тэгснээ гэнэт гараад гүйгээд явсан. Тэгэхээр нь би гайхаад Айетханаас яасан бэ? Гэж асуухад Айетхан гартаа жижигхэн хутга юм шиг барьчихсан цаадах чинь энэнд гараа зүсчих шиг боллоо гэсэн. Тэгээд бид 2 араас нь гарахад пүүтгэний урд цус дусалсан байсан. Бид 2 Гансүхийг хайгаад олоогүй… Маргалдаагүй…. Айетхан баруун гартаа жижиг хутга барьж харуулсан. .. Айетхан эрүүлдээ бол зүгээр хүн дуугүй, согтохоороо жаахан эвгүй агсан зантай хүн” гэжээ.  /хх-н 14-16/

          Гэрч А.Даваа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “ Маргааш өглөө би ажилдаа ирээд хүмүүсээ цуглуулаад өглөөний яриа хийх үед Гансүх баруун гараа сарвуу хэсэгтээ битүү марлиар боосон байдалтай, маараль нь нил цус болчихсон байсан. Тэгэхээр нь би яасан, юу болчихов гэж асуухад Гансүх “Айетхан хажууд сууж байснаа гэнэт хутга гаргаж ирээд намайг гарт маань хутгалчихлаа, тэгэхээр нь би гараад зугатаахад араас хөөсөн. Тэгээд би зугатаж байгаад эргэж очихоос айгаад эхлээд Бат-эрдэнэ, Эрдэнэчимэг нарт очиж боолгоод тэгээд тэндээсээ Уртнасан дээр очиж хоносон” гэсэн. Хэрэг гарсаны маргааш очиж үзсэн, шалан дээгүүр цус гоожсон гадна талаар нь цементэн зам дээгүүр бага зэргийн цус дусалсан байсан. Тэгээд тэр дариуд нь цэвэрлэсэн.Гансүхээс ямар нэгэн байдлаар архи согтууруулах ундаа үнэртээгүй” гэжээ. /хх-н 17-18/

         Гэрч Ч.Уртнасан  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: …би Гансүхээс асуухад “ манай пүүтгэний хаалгыг нүдэхээр нь би Бат-Эрдэнэ, Жагаа 20 байна гэж бодоод тайлсан. Тэгтэл Айетхан орж ирээд надтай мэндлээд хажууд суусан, тэгснээ гэнэт хутгалсан гэсэн”. Тэгээд гараас нь цус  гараад байхаар нь Гансүх айгаад тэр чигтээ гараад зугатаасан гэсэн.Ер нь Айетхан хутгатай явдаг гэж энэ траншейны хүмүүс хэлдэг байсан. .. Гансүх эрүүл байсан гэжээ.  /хх-н 19-20/

         Гэрч Ц.Эрдэнэчимэг  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “.. Намайг асуухад “Гансүх Айетхан гарлуу минь хутгалчихлаа гэсэн тэгэхээр нь би цаадах чинь эрүүл байсан юм уу согтуу байсан юм уу гэж асуухад Гансүх “мэдэхгүй миний хажууд сууж байснаа миний гарлуу хатгачихсан гэсэн … Уртнасан Гансүхийн гарыг нь боож өгсөн… Гансүхэд хүнтэй муухай харьцах, дээрэлхэх зан байхгүй. Өөрөө л хүнд дээрлэхүүлнэ үү гэхээс хүнтэй маргах хүн биш” гэжээ./хх-н 21

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоол / хх-н 23/

 2016.2.04-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 1988 тоот акт: Онош:

        Дүгнэлт:

        1.Гансүхийн биед сарвуу зүсэгдсэн гэх шарх гэмтэл тогтоогдлоо.

        2.Дээрх гэмтэл нь  хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

        3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

        5.Дээрхи гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. / хх-н 24/

         Оролцогч нарт шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан баримтууд / хх-н 25-26/,

          З.Айетханыг 2016.3.22-ны өдрийн сэжигтнийг баривчлах тогтоол/ хх-н 27-36/  

         З.Айетханыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэлүүд /хх-н 36-43/

          З.Айетханы талаарх Нийслэлийн иргэний бүртгэлийн газрын лавлагаа /хх-н 44-48/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас:./хх-н 45/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-н 45-66/ зэрэг болно.

          З.Айетхан нь  2016 оны 02 дугаар сарын 02-ны орой 20 цагийн үед  нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж бусдыг  үл хүндэтгэн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах 41 дүгээр байрны байрны жижүүрийн постон дотор тус байрны жижүүр Д.Гансүхийг шалтгаангүйгээр хутгалж   хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн гарыг нь хатгаж биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байна.

           2016 оны 02 дугаар сарын 02-ны орой 20.00 цагийн үед  Д.Гансүхийн амьдардаг орцны жижүүрийн байранд З.Айетхан нь Үүрийнцолмонгийн хамт хонох зорилгоор очоод хөнжил гудас хаа байна гэж асуухад нь дуугаралгүй дургүйцсэн шинжтэй сууж байхад нь өөрийнхээ байнга авч явдаг жижиг хутгаа савчиж байгаад түүний сарвууг хатгасан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тэдний хооронд тухайн орцны жижүүрийн байранд хонох тухай асуудлаас тухайлбал Д.Гансүхэд тэнд хонуулах сонирхолгүй байсанаас  болж таарамжгүй харьцаа үүссэн байна гэж шүүх үзэв.

      Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан танхайрах гэмт хэрэг нь гэмт этгээд олон нийтийг илтэд үл хүндэтгэн  нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчихдөө нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон өөрийн ичгүүр сонжуургүй догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх ямар ч шалтгаангүйгээр эсхүл үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх агсам тавих элдвээр доромжлох  айлган сүрдүүлэх басамжлах дарамтлах хүч хэрэглэх буюу хэрэглэхээр заналхийлэх үйлдлээр илэрнэ гэж Улсын дээд шүүхийн тогтоолд заасан байгаагаас үзэхэд З.Айетханы хийсэн үйлдэлд дээрх шинжүүд байхгүй байна.

        Иймд З.Айетханд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлэдхүүн дүгнэв.

       Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Гансүх нь гараа эмчлүүлэхэд ямар нэгэн зардал гаргаагүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул З.Айетханыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.Б

       Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй байна.

З.Айетхан 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс энэ өдөр хүртэл   нийт  195 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар баривчлах ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцож баривчлах ялыг эдлэсэнд тооцов.

 

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1.Чуреш овогт Зурхайн Айетханд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

   2. Чуреш овогт Зурхайн Айетханыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

   3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар З.Айетханыг 3 / гурван/ сарын   хугацаагаар баривчлах  ял  шийтгэсүгэй.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  59 дүгээр зүйлийн  59.1, 59.2  дах хэсэгт зааснаар З.Айетханы 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс энэ өдөр хүртэл   цагдан хоригдсон 195 хоногийг баривчлах ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцож баривчлах ялыг эдлэсэнд тооцсугай.

          5. З.Айетханд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

           6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, З.Айетхан нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

  7.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

  8.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэйг дурьдсугай.

           9. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол З.Айетханд бусдын батлан даалтад өгөх   таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН

 

             ШҮҮГЧИД                                    С.ОЮУНГЭРЭЛ

 

                                                                   Э.ЧИНГИС