Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 280

 

                                                           Б.З-д холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                        

            прокурор Б.Чимгээ,

            шүүгдэгч Д.З, түүний өмгөөлөгч Ц.Амар,  

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч Ц.Амар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.З-д холбогдох 1806 08445 2055 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Э овгийн Б-ны З, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ...... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт .............. дүүргийн ... дугаар хороо, ............ дүгээр гудамжны ... тоотод түр оршин суух бүртгэлтэй,

 ............аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хорих ялаар,

Сум дундын .... дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ялаар шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, /РД: ............/,

Б.З нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний шөнө 01 цагийн орчим, ............ дүүргийн 13 дугаар хороо, ............. 15 дугаар гудамжны ...... тоот хашааны гадна согтуугаар, хэрүүл зодоон үүсгэн, М.Г-н толгойн хэсэгт шилтэй пиво, модоор цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.З-ын  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.З-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.З энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Г цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байгаа болно. Би ........ аймгийн ..... сум, 1 дүгээр баг, ........... тоотод ээж, дүүгийн хамт оршин суудаг. Дүү маань 11 настай, бага ангийн сурагч. Миний бие Нарантуул зах дээр ажиллаж байгаад 2018 оны 10 дугаар сард энэ хэрэгт холбогдсон. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа тул ар гэрийн байдлыг харгалзан үзэж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.З-ын  өмгөөлөгч Ц.Амар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хавтас хэргийн материалаас үзвэл:

Шүүгдэгч Б.З нь холбогдсон хэргийн талаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. Мөн хохирогч М.Г нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй хэдий боловч өөрийн зүгээс 1.800.000 төгрөгийг нөхөн төлжээ. Хохирогч М.Г нь мөрдөн байцаалтын шатанд “...Биеийн байдал одоо хэвийн байгаа. Ямар нэгэн өвдөж байгаа зүйл алга байна, бүрэн эдгэрсэн...” гэж мэдүүлснээс үзэхэд хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилсан гэж үзэхээр байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Г өгсөн мэдүүлэгтээ “...Золоо гэж залуу нь гартаа барьж байсан ууттай пивоороо миний толгой руу цохиод тэр уут нь урагдаад пиво нь газар унасан...” гэж, Б.З нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Замаараа дэлгүүрээс 2 ширхэг 2.5 литрийн пиво аваад гэрт нь очиход...” гэж, гэрч А.Г мэдүүлэгтээ “...Сүрнээ ирээгүй гэж хэлсэн чинь хоёр том савтай пиво барьчихсан орж ирсэн ... тэгээд тэд нар гараад явтал араас нь Балжинням бие засна гээд гараад явсан...” гэсэн мэдүүлгүүдээр тухайн үед шүүгдэгч Б.З нь 2.5 литрийн савалгаатай пиво авч тухайн айлд ороод буцахдаа мөн тухайн пивоо авч гарсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна. Анхан шатны шүүх хуралдаанд нь шүүгдэгч Б.З нь хохирогч М.Г-г шилтэй пивоор цохиогүй, хуванцар савтай пивоор цохисон гэж тайлбарласан нь хохирогчид гэмтэл учруулсан гэм буруугийн хувьд маргаагүй гэж үзэхээр байна. Шүүгдэгч Б.З-д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг төлж, гэм хорыг арилгасан зэрэг хэд хэдэн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс дүгнээгүй. Иймд миний үйлчлүүлэгч Б.З нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хор арилсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал /ам бүл 3, төрсөн, эх, дүү нарын хамт амьдрах бөгөөд ар гэрээ тэжээх зорилгоор Улаанбаатар хотод ирж ажил хөдөлмөр эрхэлдэг/ зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Прокурор Б.Чимгээ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.З-ын  үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулсан нь үндэслэл бүхий болсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Б.З нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний шөнө 01 цагийн орчим, .......... дүүргийн 13 дугаар хороо, .......... 15 дугаар гудамжны ... тоот хашааны гадна согтуугаар, хэрүүл зодоон үүсгэн, М.Г-н толгойн хэсэгт хуванцар савтай пиво болон модоор  цохиж,  эрүүл  мэндэд  нь  хүнд  хохирол  санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн  болох нь:

хохирогч М.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Золоо гэх залуу нь гартаа барьж байсан ууттай пивоор толгой руу цохиод ...цаашаа гүйгээд хашааны банзаар толгой руу дахин цохьсон ...” /хх 5-6/ гэсэн мэдүүлэг,

гэрч Н.С-н: “... Б.З нь гартаа байсан 2 пивоороо Г-г цохиод ...гартаа мод барьж ирээд М.Г-н толгой руу цохиод унагасан ...” /хх 9/ гэсэн мэдүүлэг,

гэрч А.Г-н: “... С-ийн найз гэх З нь манай гэрт ...хоёр том савтай пиво барьчихсан орж ирсэн ...” /хх 36/ гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...М.Г-н биед дагз ясны зүүн хэсгээс хөхлөг сэртэн дайран суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн дагз хэсгийн тархины эдийн няцрал, суурийн хөндийд цус хуралт, зүүн нүдний алим, зүүн зовхинд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх 12588 дугаартай дүгнэлт /хх 12/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.З-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүхээс Б.З-д хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан байх боловч давж заалдах шатны шүүхэд хандан гаргасан хохирогч М.Г-н “...эмчилгээний зардалд 1.800.000 төгрөг хүлээн авсан, цаашид гомдол, саналгүй тул Б.З-д хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн хүсэлт, мөн гэмт хэрэг үйлдсэн нийгмийн хор аюулын шинж зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Б.З-д тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Хэдийгээр шүүгдэгч Б.З нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлаас үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлаж, оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч Ц.Амар нарын гаргасан давж заалдах гомдлуудаас “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн хэсгийг хүлээн авч, бусад үндэслэлүүдийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, хохирогч М.Г нь эмчилгээний зардлаа нотлох баримтаар нэхэмжлээгүй боловч шүүгдэгч Б.З нь давж заалдах шүүх хуралдааны өмнө хохирогч М.Г-д сайн дураар 1.800.000 төгрөг төлснийг дурдах нь зүйтэй.