Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 26

 

109/ШШ2020/0026

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Түвшинтулга даргалж, шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Т сумын Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Т сумын Хөх сүмийн ам нэртэй газарт орших XV-009698 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Архангай аймгийн Т сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Архангай аймгийн Т сумын Хөх сүмийн ам нэртэй газарт орших XV-009698 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөг батлахыг Архангай аймгийн Т сумын Засаг даргад даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, Т.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Н” ХХК шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Архангай аймгийн Т сумын Хөх сүмийн ам нэртэй газарт орших ХҮ-009698 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Энэхүү тусгай зөвшөөрлийг сунгуулах зорилгоор 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр, 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр тус тус “Төлөвлөгөө хянуулах тухай" албан бичгийг Архангай аймгийн Т сумын Засаг дарга, байгаль орчныг хамгаалах байцаагчид хүргүүлсэн боловч тус сумын Засаг даргаас 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 01/57 дугаартай албан бичгээр төлөвлөгөөг хянан батлах боломжгүй гэсэн татгалзсан хариу өгсөн.

Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. дэх хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэж заасан. Мөн хуулийн 40.3. дахь хэсэгт “Энэ хуулийн 40.1, 40.2-г заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална" гэж заасан.

Харин мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасан байгаа нь төлөвлөгөөг сум дүүргийн Засаг дарга батлах үүргийг хүлээнэ гэж ойлгогдож байна. 

Өөрөөр хэлбэл, манай компани Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу төлөвлөгөөг 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Засаг даргад хүргүүлсэн байх буюу хуулиар тогтоосон шаардлагыг нь биелүүлсэн байна.

Гэтэл хариуцагч нь хуульд заасан үүргээ биелүүлэхээс татгалзсан байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан эс үйлдэхүй гэж үзэж байна.

Иймд Архангай аймгийн Т сумын Хөх сүмийн ам нэртэй газарт орших XV-009698 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Архангай аймгийн Т сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Архангай аймгийн Т сумын Хөх сүмийн ам нэртэй газарт орших XV-009698 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөг батлахыг Архангай аймгийн Т сумын Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд тодорхой заасан байгаа. Хэрвээ тусгай хэрэгцээнд авсан бол 1 жилийн дотор нөхөн олговор өгөх ёстой.  Тусгай хэрэгцээний нөхөн олговрыг 1 жилийн хугацаанд өгч чадаагүй бол үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй гэж ойлгож байна. 

9698Х дугаартай тусгай зөвшөөрлийн тухайд, 2008 оноос хойш “А” ХХК өр авлагын болон олон улсын шүүхийн маргаанууд өрнөсөн. Энэ хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигч үүргээ гүйцэтгэж чадахгүй биелүүлэх боломжгүй байсныг 2012 онд  шүүхээр тогтоосон. Засгийн газартай гэрээ хэлцэл байгуулж 2012 оны Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 533 дугаартай шийдвэрээр 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр байх хугацааг тооцож сунгасан. 9698Х дугаартай тусгай зөвшөөрөл тогтоол шийдвэрүүдийн дагуу хугацааг тоолоод 2015 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөр тооцож тусгай зөвшөөрлийг 4 дахь жилээр тооцсон. Бид тухай үед менежментийн төлөвлөгөөг батлуулж, сунгуулах өргөдөл өгсөн боловч хугацааны хувьд буруу зөрүү тооцож, буруу зөрүү тогтоосон шийдвэрүүдийг ашигт малтмалын газрын кадастрын хэлтэс гаргасан. Үүнтэй холбогдуулан бид шүүхэд  маргасан, гэтэл  шүүх кадастрын хэлтсийн эрх хэмжээний асуудал учраас бид оролцохгүй, гэхдээ тухайн материалыг хүлээн авч хангах эсэх шийдвэрлэнэ гээд шийдвэрлэхдээ эрх бүхий тушаалтан нь кадастрын хэлтэс гэсэн агуулгаар бидний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон гэж ойлгосон. Тэгээд тухайн шүүхийн хэрэг маргааны дараа 2018 онд дахин хугацаа тогтоосон шийдвэр гарсан. Тэгээд 9698Х тусгай зөвшөөрлийн хугацааг 5 дахь жилээр тооцож хугацааг сунгасан. 

“А” ХХК-иас 9698Х дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн авснаас хойш орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан шийдвэр тогтоолууд нөлөөлсөн. Үүнээс хойш 2018 оны шийдвэрүүд мөн нөлөөлсөн. Бид “А” ХХК-иас 2018 оны 11 дүгээр сард тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан. Шилжүүлэн авсны дараа 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Т.Ч Архангай аймгийн Т сумын Засаг даргад 19/1, 19/02  гэсэн албан бичиг хүргүүлж байсан.

 Бид тусгай зөвшөөрлийг 2018 онд аваад 2019 онд 9698Х болон 8953Х дугаартай тусгай зөвшөөрлийг менежментийн төлөвлөгөө батлуулахаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ гүйцэтгэхээр хүлээлгэж өгсөн байдаг. 9698Х тусгай зөвшөөрлийн хувьд сунгуулах асуудал яригдаж байна. Сунгуулахад менежментийн төлөвлөгөө шаарддаг. 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр буюу 30 хоногийн өмнө Архангай аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Хүргүүлсэн талаарх асуудлыг хууль юу гэж зохицуулсан байдаг вэ гэхээр тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулиар менежментийн төлөвлөгөө батлуулахаар Засаг даргад хүргүүлэх  үүрэгтэй. Ингээд бидний оролцоо дуусгавар болсон. Хоёрдугаарт 10 хоногийн дотор Засга дарга батлах эсэх асуудлаар хариу мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл сумын Засаг дарга 2 сарын хугацаа өнгөрсний дараа бичиг хүргүүлсэн. Хуулиар олгосон 10 хоногийн хугацаа өнгөрсөн. 

Хариуцагчийн байр суурь юу вэ гэхээр иргэдийн хүсэлт байгаа. Иргэд нь хайгуул хийлгэхгүй, уул уурхай явуулахгүй  гэсэн хүсэлт гаргахаар хүсэлтийг дэмждэг, мөн тусгай хэрэгцээнд авсан зорилго нь энэ юм. Мөн орон нутгийн зүгээс нөхөн олговрын асуудлаар ам нээдэггүй ярьдаггүй. Гэтэл нөгөө талдаа Засгийн газраас буюу хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын тосны газраас анх н.О гэдэг хүнд уур уурхайн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгож, энэ нь ашигт малтмалын тухай хуулиар баталгаажиж эрх, үүрэг үүсэж төлбөрийг төлөөд байна. Анх 2006 онд “А” ХХК нь хайгуулын өрөмдлөг хийх гээд ирэхэд нутгийн иргэд хийлгээгүй гэдэг. 

Өнгөрсөн хугацаанд тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах газар нутагт биечлэн  очиж үзсэн. Энэ талбайнд тусгай хэрэгцээнд авах үндсэн шинжийг хангасан баримт байгаагүй гэж үзэж байна. Энэ газар малчин айл байсныг үгүйсгэхгүй. Хариуцагчийн хэлснээр 300 өрх айл байгаагүй. Бид тусгай хэрэгцээнд авсан шийдвэртэй маргаагүй, шийдвэр гаргах эрх нь байгаа. Гол нь ямар зорилгоор энэ шийдвэрийг гаргасныг  шүүх харж үзнэ үү. Аймгийн Засаг дарга нь уул уурхай явуулж болно гэж зөвшөөрөл олгохоор нь үүнд мөнгө төгрөгөө зарцуулсан хойно орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан одоо та нар авах боломжгүй гэсэн. Гэтэл боломжгүй гэж үзэж байгаа бол нөхөх олговор өгөх ёстой. 2006 оноос авч үзэхэд 14 жил өнгөрсөн байна, дахин 2014 оноос тооцоход 6 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд хариуцагч талаас нөхөх олговортой холбоотой шийдвэр гаргаагүй, энэ талаар ярьдаггүй. Бид Ашигт малтмалын тухай хуулийн 14 зүйлд заасны дагуу нөхөх төлбөр аваагүй. Нөхөх олговор аваагүй тохиолдолд хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах эрхтэй. 

Хэрэгт өмнө нь яагаад хариуцагч талаас баталж байгаагүй вэ гэсэн баримт ирсэн байсан. Яагаад менежментийн төлөвлөгөөг баталж байгаагүй вэ гэдэг нь шүүхийн маргаануудтай холбоотой. Шүүхийн маргаан 2007 онд үүссэн, 2006 онд үйл ажиллагаагаа явуулах гээд очтол ард иргэд нь явуулаагүй. 2006-2007 онд тогтоол шийдвэр гаргасан учраас үүнд маргасан.  2008-2012 оныг хүртэл хугацаанд “А” ХХК нь олон улсын Арбитрын шүүхээр Засгийн газартай маргасан. Энэ маргаан шүүхээр эцэслэгдэж, Т.Г Засгийн газартай хэлэлцээ хийсний үндсэн дээр тусгай зөвшөөрлийг сэргээж хууль ёсны дагуу үйл ажиллагаагаа явуулж, орж ирсэн орлогоор нь өр төлбөрийг төлнө гэсэн тохиролцоо хийж шүүх дээр эвлэрсэн байдаг. 2008-2012 оны хооронд сул зогсолтын үед үүссэн маргаанууд байсан. Ялангуяа Голомтбанкны зээлийн маргаан их байсан. Үүнтэй холбоотой 9698Х тусгай зөвшөөрөлд шүүхийн шийдвэрийн хориг тавьсан, энэ үед ямар ч хөдөлгөөн хийдэггүй. Шууд царцааж шилжих хөдөлгөөн хийх эрхийг хаадаг. 2015-2016 он хүртэл ийм байдалтай байсан. 2015 оны 7 дугаар сард Голомтбанктай холбоотой маргааны асуудал шийдэгдэж шүүхээр эвлэрээд үүний дагуу хайгуулын төлөвлөгөөгөө өгөх гэтэл энэхүү нөхцөл байдал үүсэж 2018 онд шүүхэд хандаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан үйл явдалтай бодит баримт бичиг хэрэгт авагдсан гэж үзэж байна. Менежментийн төлөвлөгөө батлуулснаар хайгуулын ажлаа хийж эхэлнэ. Хайгуул хийсний үндсэн дээр тухайн газар баялаг нөөц байна уу гэдгийг тогтооно. Хэрвээ баялаг байхгүй байвал яах вэ, газрыг ухах ухахгүй байх асуудлыг шийднэ.  Энэ олон үр дагавар, ач холбогдол бүхий байдал байхад үүнийг үзэхгүйгээр иргэдийн хүсэлтээр орон нутгийн тусгай хэрэгцээнд авч уул уурхай явуулахгүй гэсэн зорилготой байгаа нь нэг талдаа төрийн бодлого шийдвэрийг биелүүлэхгүй зөрсөн үйл ажиллагаа гэж  харагдаж байна. 

Гол санаа нь тусгай зөвшөөрөл эзэмшигч “Н” ХХК хуулийн дагуу төлөвлөгөөгөө хийж Засаг даргад хүргүүлсэн байна. Үүнээс хойш Засаг дарга  10 хоногийн дотор батлах ёстой боловч батлаагүй. Мөн 2016 оноос хойш тусгай хэрэгцээнд авсан газрын нөхөн төлбөрийн төлөх, төлөх талаар харилцан ярилцах ёстой байтал төлөөгүй. Тусгай зөвшөөрлийг тодорхой үнэ цэнээр худалдаж авсан. Байгаль орчны газраас тусгай зөвшөөрлийн талбай орон нутгийн тусгай хэрэгцээнээс гадна усны сан бүхий газар, ойн сан бүхий газартай давхцалтай гэсэн. Гэхдээ тусгай зөвшөөрлийн нийт га талбай нь 6500 га талбай байна. Одоо давхцалтай байгаа хэсэг нь 1500 га юм уу 2000 га байгаа, тэгэхээр 4500 га талбай давхцалгүй байна. Энэ талбайд хайгуул хийж болохоор байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан зохицуулалтаар нөхөх олговрыг авах гэхээр тусгай зөвшөөрөл дуусгавар болсон байдаг. Тэгэхээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх нь хэвээр хадгалагдах эсэх асуудал яригдана. Нэг ёсондоо тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй байж нөхөх олговор авах уу эрхгүй байж нөхөх олговор авах уу гэдэг асуудал яригдана. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н” ХХК нь 9698Х тусгай зөвшөөрлийг анх “А” ХХК-аас авсан. Энэ тусгай зөвшөөрөлтэй талбай нь Архангай аймгийн Т сум Х сумын хоёр нутгийг дамнасан, аль аль суманд нь байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх талаар Засаг дарга болон байгаль орчны байцаагчид төлөвлөгөөг батлуулж хянуулахаар хүргүүлсэн. Үүний дагуу  миний бие өөрөө  “Н” ХХК-ийн хэлтсийн даргын хувиар биечлэн очиж Архангай аймгийн Т сумын Засаг дарга Г.Б-тай уулзсан. Уулзахдаа байгаль орчны менежмент, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг батлуулах талаар хэлж уулзаж байсан. Эхний удаа албан ёсны хүсэлтээ бичгээр гаргаж менежмент төлөвлөгөөгөө хүргүүлсэн. Уулзах үед Архангай аймгийн Т сумын Засаг дарга батална гэсэн хариу өгөөгүй, шалтгаантай тухайн шалтгаанаа судалж үзсэний үндсэн дээр батлах эс батлах асуудлаа хэлэлцэнэ  гэж амаар хариу өгсөн. Нэлээд хэсэг хугацааны дараа хариу өгөхдөө менежментийн төлөвлөгөө батлах боломжгүй гэсэн хариу өгсөн. Үүний дагуу бид дээд шатны байгууллага буюу аймгийн Засаг даргад хандаж гомдол гаргасан. Гомдлын дагуу тухайн Засаг даргын эрх хэмжээний асуудал учраас сумын Засаг даргатай холбоотой асуудлыг шийдвэрлэхгүй гэсэн. Иймээс бид захиргааны хэргийн шүүхэд хандсан. “А” ХХК эзэмшиж байх явцдаа шүүхийн маргаан үүсгэж тодорхой хэмжээнд шийдвэрлэсэн байдаг. Үүний дагуу 2020 оны 5 дугаар сарны  9-ний өдөр хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байсан. Бидний менежментийн төлөвлөгөө батлуулах нь хоёр үйл явцтай. Тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар сунгуулахтай холбоотойгоор өргөдлийн маягт хавсаргаж орсон ач холбогдолтой юм. Хугацаа дуусгавар болсноор “Н” ХХК-ийн эрх ашиг зөрчигдөж байна. Тодорхой хэмжээний зардал мөнгө гарсан, энэ байдлаар хохирч байна. Иймд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна, энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэв.  

Хариуцагч Архангай аймгийн Т сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сумын нутагт орших Хөх сүмийн ам хэмээх газар ХҮ-009896 тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайг “Н” ХХК эзэмших болсон. Тус сумын Хөх сүм баг нь уул ус, ус булаг, шанд, ой мод, ургамал ногооноос бүрдсэн байгалийн баялаг арвинтай онгон дагшин үзэсгэлэнт нутагт байрладаг бөгөөд тус багт 185 өрх, мал аж ахуй эрхлэн амьдарч 52,1 мянган толгой мал бэлчээрлэдэг болно. Бидний өвөг дээдсээс эхлэн үр хойч үе минь өнөөг хүртэл хэдэн арван жил энэ сайхан нутагтаа жилийн 4 улирал ээлжлэн нутаглаж малаа маллан малынхаа ашиг шимээр амьдрал ахуйгаа залгуулж ирсэн билээ. 2019 оны 2 дугаар сард уг компани нь байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлуулахаар албан бичгийн хамтаар хүргүүлсэн. Миний бие тухайн төлөвлөгөөг батлаагүй.

Учир нь, нэгдүгээрт: Ашигт малтмалын тухай хуулийн дагуу байгаль орчныг нөхөн сэргээх төлөвлөгөөг сумын Засаг даргатай зөвшилцөн тухайн компани боловсруулж батлуулах ёстой байдаг, зөвшилцсөн асуудал байхгүй, хоёрдугаарт уг газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 42 дугаар тогтоолоор 10 жил, 2007 оны 3 дугаар тогтоолоор 10 жил, 2008 оны 7 дугаар тогтоолоор 10 жил, 2014 оны 06 дугаар тогтоолоор 30 жилээр тусгай хэрэгцээнд авсан. 

Мөн Улсын дээд шүүхийн 2008 оны 111 дүгээр тогтоолоор 2006, 2007, 2008 онуудын сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг хэвээр үлдээсэн гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

            “Н” ХХК-иас Архангай аймгийн Т сумын Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Т сумын Хөх сүмийн ам нэртэй газарт орших XV-009698 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Архангай аймгийн Т сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Архангай аймгийн Т сумын Хөх сүмийн ам нэртэй газарт орших XV-009698 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөг батлахыг Архангай аймгийн Т сумын Засаг даргад даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүхэд “даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргах урьдчилсан нөхцөлийн нэг нь захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй, эсхүл татгалзал тогтоогдсон байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Н” ХХК-иас Архангай аймгийн Т сумын Засаг даргад хүргүүлсэн төлөвлөгөөг хариуцагч үндэслэлгүйгээр хүлээн аваагүй, эсхүл хүргүүлсэн төлөвлөгөөг нь үндэслэлгүйгээр батлаагүй /огт хариу өгөөгүй, эсхүл хууль бусаар татгалзсан/ байх юм.

Маргаан бүхий энэ хэргийн тухайд, Архангай аймгийн Т сумын Хөх сүмийн ам нэртэй газарт орших XV-009698 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан акт гэж дүгнэлээ.

Мөн нэхэмжлэгчээс “эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс хариуцагчийн гаргасан эс үйлдэхүй нь хууль бус /хууль зөрчсөн/ эсэх, татгалзлын үндэслэл нь хууль бус эсэхийг шалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

Нэг. Уг хэргийн маргааны үйл баримтаас дурдвал:

1. Архангай аймгийн Т сумын Хөх сүмийн ам нэртэй газарт орших XV-009698 дугаартай тусгай зөвшөөрлийн тухайд:

Анх 2005 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Т, Х сумын Хөх сүмийн ам нэртэй 6549 гектар талбайд ашигт малтмалын лиценз олгохыг дэмжих эсэх талаар Архангай аймгийн Засаг даргаас санал авч, уг асуудлыг дэмжиж байжээ.  Түүний дараа Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын 2005 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 7-1449 дүгээр албан бичгээр иргэн Б.О-д уг талбайд ашигт малтмал хайх үйл ажиллагаа явуулах талаар тухайн аймгийн Засаг даргын саналыг 30 хоногийн дотор авч ирэх, уг саналыг хянан үзсэний дараа лиценз олгох асуудлыг шийдвэрлэхээр мэдэгдэж байжээ.  

Улмаар дээрх талбайд анх 2005 онд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож , 2007 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр “А” ХХК-д Архангай аймгийн Т, Х сумын “Хөх сүмийн ам” нэртэй газар 6549 гектар талбайг эзэмшүүлж, 9698Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ. 

Дээрх тусгай зөвшөөрлийг “А” ХХК эзэмшиж байх үед, Засгийн газрын 2011 оны 186 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдааны шийдвэр, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дэд даргын 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2/5122 дугаар мэдэгдлийг үндэслэн Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 533 дугаар шийдвэрээр 2008 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хугацааг тооцсон байна. 

Мөн дээр хугацаанаас хойш Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2018/0269 дүгээр магадлалыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 606 дугаар шийдвэрээр  2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хүчинтөгөлдөр байх хугацааг тооцож, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хүртэл 6 дахь жилийн төлбөрийг төлжээ. 

Дээрх захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн тухайд, “А” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “А” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ..., ХУ-008953, ХV-009698, ХV-007557, ХV-007558 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг тооцохыг даалгах .... ” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0075 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.4, 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт заасныг баримтлан “ ... нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ..., ашигт малтмалын хайгуулын ..., ХV-009698,  ... дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг тооцохыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж, ...” шийдвэрлэжээ. 

Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2018/0269 дүгээр магадлалаар “ ... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0075 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.4, 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ашигт малтмалын хайгуулын ХV-006219, ХV-0010342, XV-017134, ХV-017136, ХV-017138, ХV-017139, ХV-017142 тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын ХV-006219, ХV-0010342, ХV-017134, ХV-017136, ХV-017138, ХV-017139, ХV-017142, ХV-008953, ХV-009698 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл хүлээн авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж, ашигт малтмалын хайгуулын XV-006219, XV-0010342, XV-017136, ХV-017138, ХV-017139, ХV-017142, ХУ-008953, ХV-009698, ХV-007557, ХV-007558 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг тооцохыг, ХV-007557, ХV-007558 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ. Уг магадлалд холбогдуулан хяналтын журмаар гомдол гаргаагүй байна.

Ийнхүү Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 606 дугаар шийдвэрээр ХV-009698 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр байхаар сунгаж , дээрх хугацаанд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 787 дугаар шийдвэрээр ХV-009698 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Н” ХХК-д шилжүүлэн , тус компани 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 6 дахь жилийн төлбөрийг төлжээ.

Улмаар “Н” ХХК-иас Архангай аймгийн Т сумын Хөх сүмийн ам нэртэй газарт орших XV-009698 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөг Архангай аймгийн Т сумын Засаг даргаар батлуулахаар 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 28, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаартай албан бичиг хүргүүлж, Архангай аймгийн Т сумын Засаг дарга 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1/49, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1/77 дугаар албан бичгээр тус төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариу хүргүүлжээ. 

Архангай аймгийн Т сумын Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1/49 дүгээр албан бичигт: Таны 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаартай төлөвлөгөө хянуулах тухай албан бичигтэй танилцлаа. Тус сумын нутагт байрлах Хөх сүмийн ам хэмээх газарт нийт 206 малчин өрх нутаглаж, 52171 толгой мал бэлчээрлэдэг бөгөөд уг газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 42, 2008 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 23 дугаар тогтоол, 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоолоор тус сумын тусгай хэрэгцээнд авсан. Иймд дээрх газар хайгуул хийлгэх асуудлыг дэмжихгүй байгаа тул төлөвлөгөөг хянан батлах боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3. дахь хэсэгт “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж заасан.

Энэ хэргийн тухайд, “Н” ХХК-иас Архангай аймгийн Т сумын Засаг дарга хүргүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах тухай албан бичгийн дагуу Т сумын Засаг дарга 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1/77 дугаар албан бичгээр тус төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариуг хүргүүлсэн байх тул хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч “Н” ХХК-иас “ ... Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2. дахь хэсэгт зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг дарга батлах үүрэгтэй хүлээж байгаа ..., бид 2020 оны 2, 3 дугаар сард байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хандсан, уг төлөвлөгөөг 10 хоногийн дотор батлах ёстой, гэтэл уг хугацааг хэтрүүлж татгалзсан хариу ирүүлсэн ..., бид уг төлөвлөгөөг хүргүүлснээр зөвшилцөх үүргээ биелүүлсэн ... Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасан хугацаанд нөхөн олговрыг олгоогүй /нөхөн олговрын асуудлаар тохиролцож байгаагүй/ тул манай компани үйл ажиллагаа явуулах эрхтэй ...” гэж;

Хариуцагчаас “ ... Ашигт малтмалын тухай хуулийн дагуу байгаль орчныг нөхөн сэргээх төлөвлөгөөг сумын Засаг даргатай зөвшилцөн тухайн компани боловсруулж батлуулах ёстой байдаг, зөвшилцсөн асуудал байхгүй, мөн уг газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 42 дугаар тогтоолоор 10 жил, 2007 оны 3 дугаар тогтоолоор 10 жил, 2008 оны 7 дугаар тогтоолоор 10 жил, 2014 оны 06 дугаар тогтоолоор 30 жилээр тусгай хэрэгцээнд авсан, Улсын дээд шүүхийн 2008 оны 111 дүгээр тогтоолоор дээрх тогтоолуудыг хэвээр үлдээсэн ... тус баг нь уул ус, булаг шанд, ой мод, ургамал, амьтантай, байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд 185 өрх мал аж ахуй эрхлэн амьдардаг, 52100 мал бэлчиж байна. Иймд XV-009698 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан ...” гэж маргаж байна. 

Хоёр. Хариуцагч Архангай аймгийн Т сумын Засаг даргын татгалзлын үндэслэлийн тухайд:

1. Архангай аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 42 дугаар тогтоол, 2007 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 3 дугаар тогтоол, 2008 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 7 дугаар тогтоол, 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 6 дугаар тогтоолуудаар 9698Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь сумын тусгай хэрэгцээнд авсан газарт хамаарч байгаа гэж тайлбарлаж байна. 

Архангай аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 42 дугаар тогтоолоор тус сумын 1, 2, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байгаа хавсралтад дурдсан нэр бүхий 7 газрыг /Төмөртийн толгой, Хүйтний нуур, Богино чулуут, Урт чулуут, Эрдэнэтолгой, Сүмийн буйр, Хүрмийн овгор/ тусгай хэрэгцээнд авахыг зөвшөөрч баталсан; 

          Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолоор тус сумын 1, 2, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байгаа хавсралтад дурдсан нэр бүхий 7 газрыг /Төмөртийн толгой, Хүйтний нуур, Богино чулуут, Урт чулуут, Эрдэнэтолгой, Сүмийн буйр, Хүрмийн овгор/ 10 жилээр тусгай хэрэгцээнд авахыг зөвшөөрч баталсан; 

            Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 07 дугаар тогтоолоор тус сумын 1, 2, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байгаа хавсралтад дурдсан нэр бүхий 7 газрыг /Богино чулуут, Урт чулуут, Эрдэнэтолгой, Сүмийн буйр, Хүрмийн овгор, Төмөртийн толгой, Хүйтний нуур/ 10 жилээр тусгай хэрэгцээнд авахыг зөвшөөрч баталж байжээ. 

Улмаар 2017 оны оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “А” ХХК-иас Архангай аймгийн Т сумын Засаг дарга, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2006 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 42 дугаар тогтоол, 2007 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 03 дугаар тогтоолуудыг илт хууль бус гэж тооцон хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны 2008 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 130 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 111 дүгээр тогтоолоор хэвээр үлээжээ. 

Тодруулбал, Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 111 дүгээр тогтоолоор Архангай аймгийн Т сумын нутаг дэвсгэрт хамаарах байгалийн үзэсгэлэнтэй, малын бэлчээр, хадлангийн талбай зонхилж байгаа газруудыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч хамгаалах талаар сумын иргэд, хөдөлмөрчид санал, санаачлага гаргасныг сумын Засаг дарга дэмжиж “Богино чулуут” гэдэг газрын Хөх сүмийн эх, Халзан давааны аманд 150-170 га газрыг тусгай хэрэгцээнд авах саналыг Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулан хэлэлцүүлсэн, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал эрх хэмжээнийхээ хүрээнд 7 газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэж, 2007 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 03 дугаар тогтоол гаргасан нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 20 дугаар зүйлийн 20.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.0, 14.1-д заасан заалтуудтай нийцжээ. Иймд “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн байна.  

Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 111 дүгээр тогтоолоор Архангай аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 42 дугаар тогтоол, 2007 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 03 дугаар тогтоолыг үндэслэлтэй гэж үзсэн, дээрх тогтоолуудыг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн, бүртгэгдсэн болохыг эцэслэн тогтоож, шийдвэрлэжээ.  

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн  34.4. дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж үзлээ. 

Мөн хэрэгт авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0075 дугаар шийдвэрт “ ... XV-009698 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2016-2017 онд хийх Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг эрх бүхий этгээд болох Архангай аймгийн Х сумын Засаг дарга болон тус сумын байгаль орчны улсын байцаагчаар батлуулсан ...” гэж дурдсан , бөгөөд  Архангай аймгийн Т сумын Засаг дарга дээрх төлөвлөгөөг батлаагүй болох нь Архангай аймгийн Т сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1/195 дугаар албан бичиг, Шүүхийн төрөлжсөн архивын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 23443 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүсэн баримтуудаар тогтоогдож байна.  

Мөн 9698Х дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайг эзэмшиж байсан хуулийн этгээдүүд 2012-2018 онуудад тусгай зөвшөөрлийн хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар тусгай сунгуулж байгаагүй, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахтай холбогдуулан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг төрийн захиргааны байгууллагад хүргүүлж байгаагүй, тус газарт хадгалагдаагүй, дээрх онуудад гарсан шүүхийн болон арбитрын маргаануудаас шалтгаалан тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах, тусгай зөвшөөрлийг бусад байдлаар захиран зарцуулах /хөдөлгөөн хийх/ боломжгүй байсан талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч нар тайлбар гаргасан, “Н” ХХК-иас 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр /бүрдүүлбэр дутуу/ хугацаа сунгуулах өргөдөл гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газраас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан талаар Ашигт малтмал, газрын тосны газраас 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 8/4550, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 8/4785 дугаар албан ирүүлжээ.  

           Дээр дурдсан үйл баримтаас хойш Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоолоор сумын нутаг дэвсгэрт оршин Урт чулуут, Богино чулуут, Эрдэнэтолгой зэрэг газруудыг дахин сумын тусгай хэрэгцээнд 30 жилийн хугацаатайгаар авсан байна. 

Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 526 дугаар албан бичигт “ ... Т сумын Хөх сүмийн ам 9698Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн солбицол, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 6 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад тусгагдсан солбицлуудыг давхцуулан үзэхэд 2633,9 га талбай давхцаж байна ...”  гэж;

Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 8/4237 дугаар албан бичигт “ ... Архангай аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоол бүртгэлтэй байна ... “Н” ХХК-ийн эзэмшиж байсан ХВ-009698 ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн талбай нь 06 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан Урт чулуут, Богино чулуут, Эрдэнэтолгой нэртэй газартай хэсэгчлэн, ... давхцалтай байна ... ”  гэж тус тус хариу ирүүлсэн байна. 

Мөн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр шүүхээс тус аймгийн Т сумын Хөх сүмийн ам гэх нэртэй газар орших XV-009698 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд газрын үзлэг хийхэд уг талбай нь хоёр талаараа мод бүхий уулаар хүрээлэгдсэн газар болох нь тогтоогдсон болно. 

Дээрх баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “Н” ХХК-ийн эзэмшиж байгаа Т сумын нутагт орших Хөх сүмийн ам гэх нэртэй 9698Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь тус сумын тусгай хэрэгцээнд авсан газартай хэсэгчлэн давхцалтай, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоолыг Ашигт малтмалын тухай хуулийн 14.1., 14.3. дахь хэсэгт зааснаар төрийн захиргааны байгууллагад хүргүүлж, тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгүүлсэн болох нь тогтоогдож байна. 

Иймд дээрх үндэслэлээр Архангай аймгийн Т сумын Халзан давааны ам нэртэй газарт орших 9698Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариу хүргүүлсэн Архангай аймгийн Т сумын Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дээрх тогтоолууд гарсантай холбогдуулан 9698Х дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшигчид нөхөн олговор олгоогүй болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0075 дугаар шийдвэрээр тогтоосон, уг асуудлаар шийдвэр гаргасан байгууллагатай харилцан тохиролцож байгаагүй талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тайлбар гаргасан, “Н” ХХК /”А” ХХК/-тай нөхөн олговрын асуудлаар тохиролцоогүй, эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлт гараагүй, төрийн захиргааны байгууллагад хандаагүй талаар Т сумын Засаг дарга бичгээр тайлбар гаргасан , нөхөн олговрын асуудлаар хэргийн оролцогч хэн аль нь шүүхэд маргаагүй байна. 

Хэдийгээр нэхэмжлэгч “Н” ХХК-ийн 9698Х дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмших хугацаа 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болсон боловч, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4. дэх хэсэгт “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө.”, 14.5. дахь хэсэгт “Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно.” гэж зааснаар  нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг Архангай аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчийн Хуралтай тохиролцох, улмаар тохиролцсон хугацаанаас хойш нэг жилийн дотор нөхөн олговор олгоогүй тохиолдолд мөн хуулийн 14.6. дахь хэсэгт “Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй.” гэж зааснаар нөхөн олговор авах, уг асуудлаар харилцан тохиролцох, тохиролцсон хугацаанд нөхөн олговрыг төлөөгүй тохиолдолд үйл ажиллагаа явуулах эрх нь нээлттэй, уг асуудлыг хуулиар хориглоогүй  байна.   

Түүнчлэн 9698Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь 2007-2008 онд дээр дурдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолуудад холбогдох маргаантай байсан, 2008-2012 онуудад Арбитрын шүүхээр маргаантай байсан, 2012 оноос хойш татварын маргаантай, тусгай зөвшөөрөл түдгэлзсэн байсан, улмаар уг маргаанууд дууссаны дараа 2018 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2018/0269 дүгээр магадлалаар XV-009698 дугаартай тусгай зөвшөөрлий хугацаа сунгуулах өргөдөл хүлээн авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн, дээрх хугацаанд тусгай зөвшөөрөл бүхий газарт ашигт малтмал хайх үйл ажиллагаа явагдаагүй, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө /байгаль орчны менежментийн төлөвлөгөө/-г батлуулж байгаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, мөн тусгай зөвшөөрлийн хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар сунгуулж байгаагүй болох нь хэргийн оролцогч нарын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан 9698Х дугаартай хайгуулийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралт, Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 8/4550 дугаар албан бичиг, тусгай зөвшөөрлийн дэлгэрэнгүй мэдээлэл, дээр дурдсан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон болно. 

2. “Н” ХХК нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлэхдээ сумын Засаг даргатай зөвшилцөөгүй гэх тайлбарын тухайд: 

Нэхэмжлэгч “Н” ХХК-иас Архангай аймгийн Т сумын Хөх  сүмийн ам нэртэй газарт орших ХV-009698 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 28, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаартай албан бичиг хүргүүлсэн байна. 

Дээрх албан бичгийн дагуу Архангай аймгийн Т сумын Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1/49 дүгээр албан бичгээр “ ... Таны 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаартай төлөвлөгөө хянуулах тухай албан бичигтэй танилцлаа. Тус сумын нутагт байрлах Хөх сүмийн ам хэмээх газарт нийт 206 малчин өрх нутаглаж, 52171 толгой мал бэлчээрлэдэг бөгөөд уг газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 42, 1008 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 23 дугаар тогтоол, 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоолоор тус сумын тусгай хэрэгцээнд авсан. Иймд дээрх газар хайгуул хийлгэх асуудлыг дэмжихгүй байгаа тул төлөвлөгөөг хянан батлах боломжгүй гэж үзэж байна” гэх хариу хүргүүлжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1. дэх хэсэгт Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ: 38.1.1.-д “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах”, 40 дүгээр зүйлийн 40.1. дэх хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ.” гэж заасан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл, нэхэмжлэгч “Н” ХХК нь 9698Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шилжүүлэн авсан байна. Улмаар тусгай зөвшөөрөл авснаас хойш 3 сарын дараа 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаартай албан бичгээр “ ... Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулан Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.1., 40.1. дэх хэсэгт зааснаар хянуулж батлуулахаар хүргүүлж байна ...” гэж, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаартай албан бичгээр “ ... XV-009698 дугаартай тусгай зөвшөөрлийн 2020 оны Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг хүргүүлсэн боловч ямар нэгэн албан ёсны хариу ирүүлээгүй байна. Бид хариу ирүүлээгүй байгаа шалтгааныг 2020 оны Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг хүлээн зөвшөөрч баталсан гэж үзэж байна. Иймд Архангай аймгийн Т сумын Хөх сүмийн ам нэртэй газарт орших ХҮ-009698 дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайн 2020 оны Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг баталгаажуулан бидэнд ирүүнэ үү” гэж Архангай аймгийн Т сумын Засаг даргад мэдэгджээ. 

Нэхэмжлэгч “Н” ХХК-иас: Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2., 40 дүгээр зүйлийн 40.1. дэх хэсэгт зааснаас үзвэл байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг дарга батлах үүрэгтэй хүлээж байгаа, “Н” ХХК-ийн зүгээс 2020 оны 2 дугаар сард байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар сумын Засаг даргад хандсан, бид энэ төлөвлөгөөг сумын Засаг даргатай зөвшилцөхөөр хүргүүлсэн, бид зөвшилцөх үүргээ биелүүлсэн гэж тайлбарлаж байна. 

Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь сумын Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах зохицуулалттай байна. 

Мөн дээрх хуулийн 38.2. дахь хэсэгт заасан “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэх агуулга нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн боловсруулсан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг тухайн сумын Засаг дарга шууд батлахыг үүрэг болгосон хэм хэмжээ биш бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн сумын Засаг даргатай зөвшилцөн боловсруулсан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг сумын Засаг дарга батлах зохицуулалтыг агуулсан заалт юм. 

Өөрөөр хэлбэл, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө /байгаль орчны менежментийн төлөвлөгөө/-г хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн боловсруулах үүрэгтэй, дээрх үүргээ биелүүлэн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө /байгаль орчны менежментийн төлөвлөгөө/-г сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн боловсруулсны дараа сум, дүүргийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, батлах эсэхийг шийдвэрлэх эрх олгосон процессын заалт буюу татгалзах эрхийг хязгаарлаагүй тул захиргааны байгууллага сонгох боломжийн хүрээнд шийдвэрлэсэн байна гэж үзлээ.

Энэ хэргийн тухайд, нэхэмжлэгч “Н” ХХК-иас байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулахдаа Архангай аймгийн Т сумын Засаг даргатай хэрхэн зөвшилцсөн, зөвшилцөх талаар ямар үйл ажиллагаа явуулсан болох нь тодорхойгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад шаардлагатай баримтын хувьд байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахаар албан бичиг хүргүүлснийг зөвшилцсөн буюу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй юм. 

Иймд ХV-9698Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг дарга батлах үүрэгтэй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй, батлах эсэх нь Засаг даргын эрх байх тул үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хуульд зааснаар зөвшилцсөн болох нь хангалттай нотлогдохгүй байх тул 9698Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан Архангай аймгийн Т сумын Засаг даргын татгалзал нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2. дахь хэсэгт заасныг зөрчсөн, хууль бусаар татгалзсан гэж үзэх үндэслэлгүй байна. 

3.  9698Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь тус сумын уул ус, булаг шанд, ой мод, ургамал, амьтантай, байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд 185 өрх мал аж ахуй эрхлэн амьдардаг, 52100 мал бэлчдэг гэх тайлбарын тухайд: 

Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 8/4237 дугаар албан бичигт “ ... “Н” ХХК-ийн эзэмшиж байсан ХВ-008953, ХВ-009698 ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн талбай ... Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор баталсан Ойн сан бүхий газрын хилийн заагтай, 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор баталсан Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй тус тус давхцалтай байна ... ” гэх;

Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 263 дугаар албан бичигт “ ... “Н” ХХК-ийн Т сумын Хөх сүмийн ам гэх нэртэй XV-009698 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь ойн сантай 1368,89 га, усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 603,38 га давхцалтай байна” гэх тайлбар ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ ... бид ойн болон усан сан бүхий газартай давхцалтай хэсэгт үйл ажиллагаа явуулахгүй, давхцалгүй үлдсэн хэсэгт үйл ажиллагаа явуулж болно, тусгай зөвшөөрлийн талбайд хасалт хийгдээгүй байгаа, давхцал байгааг мэдэж байгаа ... “ гэж тайлбарлажээ.

Дээрх тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл 9698Х дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсэг нь ойн сан, усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцаж байгаа нь тогтоогдсон, нэхэмжлэгчээс уг асуудлаар маргаагүй байна. 

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно.” гэж заасан. 

Иймд 9698Х дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Архангай аймгийн Т сумын усан сан болон ойн сан бүхий газарт хамаарч байгаа гэх үндэслэл нь баримтаар тогтоогдож байх тул энэ үндэслэлээр татгалзсан хариуцагчийн татгалзлыг буруутгах үндэслэлгүй байна. 

Мөн хариуцагчаас Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 33 дугаар тогтоолоор баталсан Т сумын хамгаалалтад байх түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг ирүүлсэн байна.  

Гэвч дээрх дурсгалт газрууд нь 9698Х дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайд хамаарч байгаа эсэх нь тодорхойгүй, шүүхээс 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр үзлэг хийх явцад 9698Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн ойролцоо байсан Монголын эртний нийслэлийн туурь гэх газар нь тусгай зөвшөөрөл бүхий талбайн гадна тогтоогдсон болно. 

Хариуцагчаас Хөх сүмийн амын нутаг дэвсгэрт түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлс болон онгон дагшин газрууд болох эртний нийслэлийн туурь, туурийн гэрэлт хөшөө, буган хөшөө, булш, хэрэгсүүр бий гэх тайлбар гаргасан боловч, дээрх үл хөдлөх дурсгалт газрууд нь 9698Х дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайд хамаарч байгаа эсэх нь баримтаар тогтоогдохгүй байна. 

Мөн Архангай аймгийн Т сумын Хөх сүм багийн Хөх сүмийн ам гэх газар оршин суух өрх, хүн ам, малын 2020 оны дэлгэрэнгүй судалгаанаас үзвэл, тус газарт 137 иргэн 52166 тооны мал малладаг  бөгөөд сумын Засаг дарга байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын менежментийн төлөвлөгөөг баталснаар дээрх иргэдэд ямар хохирол учрах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөх, эсхүл зөрчигдсөн болох нь тодорхойгүй байна. 

Иймд дээрх үндэслэлүүд нь баримтаар тогтоогдоогүй, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын менежментийн төлөвлөгөөг баталсны улмаас тухайн нутагт амьдарч буй иргэдийн эрхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсэд ямар хохирол учруулсан, эсхүл учруулж болзошгүй нь тодорхойгүй байх тул хариуцагчийн гаргасан энэ үндэслэлийг хүлээн авахгүй боломжгүй гэж үзэв.

Эцэст нь дүгнэхэд, нэхэмжлэгч “Н” ХХК-ийн эзэмшиж буй 9698Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахаас татгалзсан Архангай аймгийн Т сумын Засаг даргын татгалзлын үндэслэл үйлдэл /эс үйлдэхүй/ нь баримтаар тогтоогдсон, хууль зөрчсөн буюу хууль бус гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны өмнө хариуцагч Архангай аймгийн Т сумын Засаг дарга 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 117 дугаар албан бичгээр “Аймаг, нийслэл, сум, дүүгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу орон нутгийн сонгуулийн үр дүнгээр хариуцагч миний бие уг албан тушаалаас чөлөөлөгдөх болсон тул “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасан. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 1.-д “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга хэрэгжүүлнэ.”, 2.-т “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно.”, 3.-т “Ерөнхий сайд буюу дээд шатны нэгжийн Засаг дарга доод шатныхаа нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална.”, гэж;

 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3. дахь хэсэгт “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй.” гэж тус тус заасан байна.

Шүүхээс 2020 оны Аймаг, нийслэл, сум, дүүгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль болж өнгөрсөнтэй холбогдуулан Архангай аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас анхдугаар хуралдаан хийж, шинээр томилогдох сумын Засаг даргыг томилуулахаар аймгийн Засаг даргад уламжилсан эсэхийг тодруулахад “Өнөөдрийн байдлаар манай сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд шинээр сонгогдсон сумын иргэдийн Төлөөлөгчдийг батламжилсан сонгуулийн хорооны тогтоол ирээгүй байна, мөн шинээр томилогдох сумын Засаг даргыг сонгох анхдугаар хуралдаанаа хийгээгүй байгаа, сонгууль болсноос хойш 20 хоногийн дотор хийх ёстой, тэр хурлын дараа л сумын Засаг даргыг томилуулахаар аймгийн Засаг даргад уламжлах зохицуулалттай. Одоогоор ийм ажиллагаа яваагүй байна” гэж тайлбарлажээ.

Иймд сонгуулийн үр дүнд Архангай аймгийн Т сумын Засаг дарга шинээр томилогдох хүртэл тус сумын Засаг дарга Г.Болормаа бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой, ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4. дэх хэсэгт “Хариуцагч, ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно.”, 91.5. дахь хэсэгт “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.” гэж зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.5, 106.7, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.5 дахь хэсэг,  Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэг заасныг үндэслэн нэхэмжлэгч “Н” ХХК-иас Архангай аймгийн Т сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Т сумын Хөх сүмийн ам нэртэй газарт орших XV-009698 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Архангай аймгийн Т сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Архангай аймгийн Т сумын Хөх сүмийн ам нэртэй газарт орших XV-009698 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөг батлахыг Архангай аймгийн Т сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ТҮВШИНТУЛГА