Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 020/2014/0109/З |
Дугаар | 221/МА2015/0493 |
Огноо | 2015-10-29 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2015/0493
С.Э*******ы нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяадаргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгч С.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэхЗахиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 452 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, С.Э*******ы нэхэмжлэлтэй,Г*******д холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний албан тушаал нь төрийн тусгай албан тушаалын ангилалд хамаардаг тул хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй. Иймд тушаалын хууль зүйн үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэсэн нь буруу юм. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Төрийн жинхэнэ албан хаагч дараах нэмэгдэл баталгаагаар хангагдана, 27.2.1-д Энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх гэж заасан байхад уг хуулийн заалтыг хэрэглээгүй буюу нэмэгдэл баталгааг зөрчсөн.
Намайг Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/324 дүгээр тушаалаар Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилсон ба би 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс албан үүргээ гүйцэтгэж эхэлсэн.
Харин 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд өвчтэй байсан тул энэ тухай баримтыг байгууллагын захиргаандаа өгсөн. Гэтэл 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ажлаас халахдаа 19 хоногийн хугацаагаар ажил тасалж, согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үздэг. Сэлэнгэ аймагт би 10 дугаар сарын 11-ний өдөр очсон.
Ажлын хуваарийн дагуу 2 өдөр ажиллаад 2 өдөр амардаг. Тиймээс би өглөө нь Б ээлж дээр гарсан. Байцаагч нар байхгүй учир намайг оройн ээлж дээр ажилла гэсэн. 10 дугаар сарын 11, 12-ны өдөр миний амралтын өдөр байсан. Би амралтынхаа өдөр нэг, нэг цаг ажилласан. 13-ны өдрийн өглөө 8 цагаас орой 18 цаг хүртэл би ачаа тээшин дээр гарсан. Маргааш нь орой 20 цагаас өглөө 8 цаг хүртэл ажиллаад 15, 16-ны өдөр миний амралтын өдөр байсан. 17-ны өдөр ажиллах ёстой байсан боловч бие өвдсөн учир эмчийн магадлагаа авсан.
Би ажлаас халсан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн энэ хугацаанд 19 хоног ажил таслах боломжгүй юм. Учир нь миний тухайн газар ажилласан хугацаа хүрэлцэхгүй байгаа. Иймд Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн Б/380 дугаар тушаалыг хүчингүй болгож, намайг албан тушаалд маань эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г*******ас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Г******* С.Э*******ыг Гаалийн тухай хуулийн 270.1.11, 284.1.5-д заасныг тус тус үндэслэн ажлаас нь халсан. Энэ хугацаанд С.Э******* нийт 4 удаа сахилгын шийтгэл авсан байдаг. Анх 2011 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар улсын байцаагчийн эрхийг нь хасч, 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр улсын байцаагчийн эрхийг нь сэргээж, Сэлэнгэ аймгийн гаалийн улсын байцаагчаар томилсон.
Ийнхүү эрхийг нь сэргээсний дараа 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дахин архи ууж ажил тасалсан учраас сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Сахилгын шийтгэлтэй байх хугацаа өнгөрөөгүй байхад нэхэмжлэгч 2013 оны 3 сард дахин архи ууж ажил тасалсан гэх шалтгаанаар улсын байцаагчийн эрхээ хасуулсан.
Энэ үед нэхэмжлэгч өөрийгөө архи ууж, ажил тасалсан гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм зөрчил гаргахгүй гэсэн бичиг бичиж өгсөн бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Ингээд 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дахин улсын байцаагчийн эрхийг нь сэргээж, Сэлэнгэ аймгийн гаалийн улсын байцаагчаар томилсон.
2013 оны 10 дугаар сарын ажлын бүртгэл, илтгэх хуудаснуудаас үзэхэд нэхэмжлэгч 10 дугаар сарын 11-ний өдөр 1 цаг, 10 дугаар сарын 12, 13-ны өдөр нийлээд 4 цаг, ингээд 2013 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр ажилдаа ирсэн байдаг. Ажил тасалсан үйлдэл нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон Засгийн газраас 2009 онд баталсан Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийн 4.1.4, 4.1.6-д зааснаар гаалийн улсын байцаагч шалтгаангүй ажил тасалсан, сахилгын шийтгэлтэйд тооцох хугацаанд дахин сахилгын шийтгэл гаргасан бол гаалийн улсын байцаагчид ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна гэж, мөн Гаалийн ерөнхий газрын даргын баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 10.2.4-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан цагийн нийлбэр улиралд 24 цаг, 10.2.1-д зааснаар сахилгын шийтгэлтэйд тооцох хугацаанд дахин сахилгын шийтгэл гаргасан бол гаалийн албанаас халагдах үндэслэл болно гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч өөрийгөө ажил таслаагүй, өвчтэй байсан гэж эмчийн магадлагааг өгсөн байдаг. Гэвч эмчийн магадлагаан дээр 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажлаас чөлөөлөв гэсэн байдаг. Тиймээс ажил тасалсан хугацаанд эмчийн магадлагаа олгогдоогүй байна.
С.Э******* нь Гаалийн еренхий газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар Сэлэнгэ аймагт томилогдон ажиллаж байсан. Дээрх эмнэлгийн хуудас олгох зааврын 2.1.в-д зааснаар ...амбулаториор 5 хүртэл хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн бол тухайн эмнэлгийн байгууллага эмнэлгийн хуудас олгоно гэж заасан.
Тэгэхээр томилолтоор ажиллаж байх хугацаанд хамгийн дээд тал нь 5 хоногийн хугацааны эмнэлгийн магадлагаа олгодог байна. 19 хоногийн хугацаанд нэхэмжлэгч эмчийн магадлагаагаар өвчтэй байгаагүй болох нь нотлогдож байна. Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын Хөдөлмөрийн дотоод журмын 3.10.4-т зааснаар гаалийн улсын байцаагч урт хугацаагаар чөлөө авах тохиолдолд хүний нөөцийн асуудал эрхэлсэн ажилтанд тамга тэмдгээр хүлээлгэн өгөх ёстой. 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс нэхэмжлэгчийн алга болсон хугацаанд байгууллагын цэвэрлэгч байранд нь ороход хаалга нь онгорхой, хар цүнхэнд хувийн тамга нь байсан. Ийм байдлаар ажил үүрэгтээ хайхрамжгүй ханддаг.
Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 13.1.5-д заасан төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй учраас Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн тушаалаар ажлаас халсан гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 452 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, Гаалийн тухай хуулийн 271.1.11, 274 дүгээр зүйлийн 274.2.5, 284 дүгээр зүйлийн 284.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан С.Э*******ы гаргасан Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн Б/380 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг хөлсийг олгуулан, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдоаж давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 24-ний 452 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Хэрэгт холбогдох нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд:
А. "Эмнэлгийн хуудас нь ... гэж заасан заалтуудыг тус тус зөрчин олгогджээ" хэмээн дүгнэсэн.
Гэвч уг магадлагааг олгохдоо холбогдох журам зөрчсөн үйлдэл нь С.Э*******ы үйлдэлтэй холбоогүй буюу тэрээр бусдыг ямар нэг байдлаар эрхшээлдээ оруулж, журмын заалт зөрчүүлэн магадлагаа гаргуулаагүй болно.
Б. "... 6 хоногийн хугацаанд 4 өдөр ажил тасалсан болох нь нотлогдож байна" гэжээ.
Гэвч улсын байцаагч нарын 2013 оны 10 дугаар сарын 01-нээс 15-ны өдрийг дуусталх ажлын хуваариас харахад С.Э******* ажлаа хийж байсныг нь 2013 оны 10 дугаар сарын 13 болон 2013 оны 10 дугаар сарын 14-15-ны өдрийн В ээлжийн илтгэх хуудас нотолно. Мөн цалингийн хүснэгтээс харахад цалин бүрэн олгогдсон нь ажил таслаагүйг нотлохоос гадна эмнэлгийн листээр мөнгө олгогдсон байна.
В.".. архидан согтуурсан гэж үзэх үндэслэлтэй" гэжээ.
Гэвч С.Э*******ы согтуурлын зэргийг тогтоогоогүйгээс гадна согтуу байсныг нь харсан гэрч болон өөр бусад байдлаар нотлоогүй болно. Харин архины шил байсан нь архи уусан гэсэн үг хэмээн дүгнэх нь хэлмэгдүүлж байгаа зүйл юм.
Иймд шийдвэрт нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, гэрч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Нэхэмжлэгч С.Э******* Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/380 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
Хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/380 дугаарСахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.11, 284 дүгээрзүйлийн 284.1.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, Гаалийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам-ын 10.2.4 дэх заалт, Гаалийн ерөнхий газрын Сахилгын хорооны 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч С.Э*******ыг Үүрэгт ажлаа 19 хоногийн хугацаагаар тасалж, албан ажлын байраа согтууруулах ундаа хэрэглэн орхиж явсан гэх үндэслэлээр 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон гаалийн албанаас халсан байна.
2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Гаалийн ерөнхий газрын Сахилгын хороо хуралдаж, нэхэмжлэгч С.Э*******ы 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн ажил тасалж, согтууруулах ундаа хэрэглэн ажлын байраа орхиж явсан зөрчил нь Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм -ийн Хоёрдугаар зүйлийн 2.1.3-д хууль тогтоомжоор хориглосон үйлдэл /эс үйлдэхүй/ гаргахгүй байх, 4.1.4-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр томилогдсон ажилдаа очихгүй байх, ажил таслах, ажлын байраа зөвшөөрөлгүй орхих, 4.1.6-д ажлын байранд, албан үүргээ гүйцэтгэх үедээ согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно гэж заасныг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэн гаалийн албанаас халах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргажээ.
Нэхэмжлэгч С.Э******* Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Гаалийн улсын байцаагчийн эрх сэргээх тухай Б/324 дүгээр тушаалаар Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилогдож албан үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш 10 дугаар сарын 11-ний өдөр 1 цаг, 10 дугаар сарын 12,13-ны өдрүүдэд нийт 4 цаг, 10 дугаар сарын 17-ны өдөр 7.50-19.30 цагийн хооронд ажиллаад, 10 дугаар сарын 18-ны өдрөөс 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажилдаа огт ирээгүй ажил тасалсан болох нь хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын 10,11 дүгээр сарын ажилчдын цагийн бүртгэл, гаалийн улсын байцаагч н.Өнөрбаярын илтгэл зэргээр нотлогдсон байна.
Харин нэхэмжлэгч С.Э******* ажил тасалсан шалтгаанаа 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгийн магадлагаагаар 12 хоногийн хугацаанд ажлаас чөлөөлөгдөж, амбулаториор эмчлүүлсэн гэх боловч дээрх баримт нь Эмнэлэгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, Ёс зүйн хорооны дүрэм, журам батлах тухай Эрүүл мэндийн сайдын 2006 оны 135 дугаар тушаалын хавсралт, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2009 оны 124 дүгээр тушаалаар батлагдсан Эмнэлэгийн хуудас олгох журам-ын заалтуудыг зөрчсөн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.
Учир нь тус эмнэлэгийн хуудсыг бичиж олгосон эмч Р.Цолмонгийн С.Э******* 2013 оны 10 дугаар сард акт бичүүлж авсан боловч 11 дүгээр сард миний бичиж өгсөн актыг усанд норгочихсон гээд бичилт нь мэдэгдэхгүй болсон байхаар нь дахиж бичихдээ 10 дугаар сарыг 11 дүгээр сар гэж андуурч бичсэн байна гэсэн мэдүүлэг, мөн хэрэгт авагдсан С.Э*******ы амбулаториор эмчлүүлэгсдийн картны үзлэгт хамрагдсан сар,өдөр засвартай байх тул түүнийг эмнэлэгийн магадлагаагаар өвчний учир ажлаас чөлөөлөгдсөн байсан гэж үзэх боломжгүй.
Ийнхүү С.Э******* нь Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Хөдөлмөрийн дотоод журмын Дөрөвдүгээр зүйлийн 4.10-д заасан Ажилтнууд өвчилсөн болон гачигдал гарсан тохиолдолд харъяалсан хэлтэс, салбар, албаны дарга болон хүний нөөцийн асуудал хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид мэдэгдэж албан ажлаа зохицуулаагүй бол ажил тасалсанд тооцох заалтыг зөрчиж, 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн зарим өдрүүдэд алдаг оног цөөн цагаар ажиллаж байснаа 10 дугаар сарын 18-ны өдрөөс 28-ны өдөр хүртэл хугацаанд холбогдох албан тушаалтнуудад мэдэгдэлгүйгээр үүрэгт ажлаа орхиж, ажил тасалж явсан болох нь тогтоогдсон байна.
Урьд нэхэмжлэгч С.Э******* нь Гаалийн ерөнхий газрын даргын 2011 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 122 дугаар тушаалаар ажил тасалсан, санхүүгийн бичиг баримтыг удаа дараа хугацаанд нь тушааж, тооцоо хийгээгүй үндэслэлээр гаалийн улсын байцаагчийн эрхийг 3 сарын хугацаагаар хасах, Гаалийн ерөнхий газрын харъяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын даргын 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/50 дугаар тушаалаар хөдөлмөрийн дотоод журам зөрчиж, ажил тасалсан үндэслэлээр сануулах, Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/114 дүгээр тушаалаар сахилгын шийтгэлтэй байх хугацаанд дахин зөрчил гаргаж ажил тасалсан үндэслэлээр гаалийн улсын байцаагчийн эрхийг 3 сар хасах сахилгын шийтгэлүүдийг тус тус хүлээж байжээ.
Гэтэл түүнээс хойш Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан сахилгын шийтгэлгүйд тооцох 1 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад 2013 оны 10 дугаар сард дээрх байдлаар ёс зүйн зөрчил давтан гаргасан нь тогтоогдсон байх тул нэхэмжлэгчид Гаалийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.
Дээрх үндэслэлүүдээр, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэххэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 452 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтланнэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН