| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/02457/И |
| Дугаар | 102/ШШ2017/02847 |
| Огноо | 2017-10-26 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2017/02847
| 2017 оны 10 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2017/02847 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... дүүргийн ... дүгээр хороо, ..., ... дүгээр байрны ... тоотод оршин суух, ... овогт Б.О /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... тоотод оршин байх, Г.Б.Х.Н ХХК /РД: .../-д холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт, ашиглалтын зардалд 12,284,821 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч**** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Чингэлтэй дүүрэг, ***дүгээр хороо, Барилгачдын талбай*** дугаар байрны А блокны *давхрын **** хэмжээ бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдаа, үйлчилгээ, супер маркетийн зориулалтаар иргэн Б.О өмчилдөг бөгөөд 2013 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн ажлын байрны зориулалтаар түрээслүүлэхээр Г.Б.Х.Н ХХК-тай /захирал Б.М/ гэрээ байгуулсан. Гэрээгээр 1 сарын түрээсийн төлбөр нь 1,350,000 төгрөг байна гэж тохиролцсон. Гэтэл түрээслэгч тал гэрээний үүргийг хугацаандаа төлж барагдуулаагүй. 2016 оны 3 дугаар сараас 12 сар хүртэл нийт 16,500,000 төгрөг төлөхөөс 2016 оны 3 дугаар сарын 15-нд 650,000 төгрөг, 4 дүгээр сарын 11-нд 1,000,000 төгрөг, 5 дугаар сарын 11-нд 800,000 төгрөг, 6, 7 дугаар саруудад төөлөөгүй, 8 дугаар сарын 10-нд 1,670,000 төгрөг, 8 дугаар сарын 15-нд 180,000 төгрөг, 9 дүгээр сарын 10-нд 2,000,000 төгрөг, 10 дугаар сарын 11-нд 945,000 төгрөг, 10 дугаар сарын 24-д 440,000 төгрөг, 11 дүгээр сарын 10-нд 2,000,000 төгрөг, 12 дугаар сарын 12-нд 1,200,000 төгрөг, нийт 13,500,000 төгрөгөөс 10,885,000 төгрөгийг нь дансаар, үлдсэн 920,000 төгрөгийг бэлнээр төлсөн. Үлдэгдэл 1,695,000 төгрөгөөс 2017 оны 1 дүгээр сараас 6 дугаар сар хүртэл 8,100,000 төгрөгийг төлсөн байдаг ба 1 дүгээр сарын 10-нд 300,000 төгрөг, 2, 3 дугаар сард төлөөгүй, 4 дүгээр сарын 15-нд 600,000 төгрөг, 5 сард төлөөгүй, 6 дугаар сарын 16-нд 100,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Нийт 6 сарын үлдэгдэлд 7,100,000 төгрөг, үүнээс төлсөн нь 980,000 төгрөг, 8 дугаар сарын 16-нд 7, 8 дугаар сарын төлбөрөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нийт 11,495,000 төгрөг, мөн 8 дугаар сарын 16-нд төлсөн ашиглалтын зардал 789,821 төгрөг буюу нэхэмжлэлийн шаардлагаа 3,489,821 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 12,224,821 төгрөгийг Г.Б.Х.Н ХХК-аас нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Миний бие нь Б.О****Чингэлтэй дүүргийн -***дүгээр хороо, Х**** хотхоны ****талбайг сарын 1,250,000 төгрөгөөр түрээсэлдэг. Тодорхой шалгааны улмаас 5, 6, 7 дугаар сарын түрээсийн төлбөр 3,750,000 төгрөгийг төлж чадаагүй, үүнээс 750,000 төгрөгийг Б.Оийн аав Б**** бэлнээр өгсөн гэжээ.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Г.Б.Х.Н ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт, ашиглалтын зардалд нийт 12,284,821 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бд шүүх хуралдааны товыг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч баримтад гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасантай харшлахгүй гэж үзлээ.
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Чингэлтэй дүүргийн * дүгээр хороо, Барилгачдын талбай * дугаар байрны А блокын * давхарын ***** талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн ****талбай бүхий хэсгийг хэсэгчлэн худалдаа-үйлчилгээ /супер маркет/-ын зориулалтаар ашиглуулахаар Б.О, Г.Б.Х.Н ХХК-иудын хооронд 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Ажлын байр түрээслүүлэх гэрээг 2 жилийн хугацаатай байгуулж, түрээслүүлэгчийн зүгээс байр ашиглах эрх олгох, түрээслэгчийн зүгээс байр ашигласны төлбөр 1 сарын 1,350,000 төгрөгийг сар бүрийн 10-ны дотор түрээслүүлэгчид төлөх үүргийг тус тус хүлээж, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-д зааснаар эрх бүхий этгээд гарын үсэг зурж, бичгийн хэлцэл байгуулжээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан түрээсийн гэрээ байгуулагджээ. Түрээсийн гэрээ нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу байгуулагдсан, хуулийн хүчин төгөлдөр бөгөөд нэхэмжлэгч түрээсийн төлбөрөө шаардах эрхтэй байна.
Зохигчдын хооронд байгуулсан ажлын байр түрээслэх гэрээний 2.1, 2.3-т зааснаар түрээслэгч нь түрээсийн 1 сарын төлбөр 1,350,000 төгрөгийг сар бүрийн 10-ны дотор төлөх үүргийг хүлээсэн боловч 2016 оны 3 дугаар сарын 15-нд 650,000 төгрөг, 4 дүгээр сарын 11-нд 1,000,000 төгрөг, 5 дугаар сарын 11-нд 800,000 төгрөг, 8 дугаар сарын 10-нд 1,670,000 төгрөг, 8 дугаар сарын 15-нд 180,000 төгрөг, 9 дүгээр сарын 10-нд 2,000,000 төгрөг, 10 дугаар сарын 11-нд 945,000 төгрөг, 10 дугаар сарын 24-д 440,000 төгрөг, 11 дүгээр сарын 10-нд 2,000,000 төгрөг, 12 дугаар сарын 12-нд 1,200,000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 10-нд 300,000 төгрөг, мөн оны 4 дүгээр сарын 15-нд 600,000 төгрөг, 6 дугаар сарын 16-нд 100,000 төгрөгийг, нийт 11,455,000 төгрөгийг төлсөн болох нь Төрийн банкны дипозит дансны хуулга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл, тайлбараар тогтоогдож байна. Иймд хариуцагч Г.Б.Х.Н ХХК-иас 2016 оны түрээсийн төлбөрийн үлдэгдэлд 1,695,000 төгрөг, 2017 оны 1-ээс 8 дугаар сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэлд 9,800,000 төгрөг, нийт 11,495,000 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэдийгээр гэрээний 2.2-т Түрээслэгч нь гэрээний хугацаанд ашиглалтын зардал болох цахилгаан, дулаан, хог, СӨХ, цэвэр, бохир усны төлбөрийг тоолуурын заалтын дагуу хариуцан төлнө. гэж тохиролцсон боловч нэхэмжлэгч Б.О нь дээрх ашиглалтын зардлыг шаардах эрхгүй, мөн өөрт учирсан гэх энэ хохирлоо баримтаар нотлож чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 789,821 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Б.Х.Н ХХК-иас 11,495,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.От олгож, нэхэмжлэлээс 789,821 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 198,870 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР