| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/00129/И |
| Дугаар | 102/ШШ2018/00291 |
| Огноо | 2018-01-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2018/00291
| 2018 оны 01 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2018/00291 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дүгээр хороо, ... хотхон, 301 дүгээр байр , ... тоотод оршин байх, Ш.С.Ө.Х.У.Зийн нэхэмжлэлтэй,`
Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дүгээр хороо, ... хотхон, 301 дүгээр байр, ... тоотод оршин суух, ... овогт Ё.О /РД: .../-т холбогдох
Ш сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ, тэмдгийг гаргуулах, тус сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэр, бүх гишүүдийн 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хурлын 2 тоот тогтоол, хяналтын зөвлөлийн 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 1 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага,
Хариуцагчийн 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Ц.Д, С.Ц нарын зохион байгуулж хуралдсан хурлыг хүчингүйд тооцож, 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр хурал болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А, хариуцагч Ё.О, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ш СӨХолбооны удирдах зөвлөлийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Дийн шүүх хуралдаан гаргасан тайлбарт: Ш сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурал 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 61 хувийн ирцтэйгээр хуралдаж, хуулийн дагуу удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг сонгосон. Удирдах зөвлөл 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хурлаа хийж хариуцагч Ё.Оийг Ш СӨХ-ны гүйцэтгэх захирлаар сонгох шийдвэрээ гаргасан бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс эхэлсэн түүнийг тус СӨХ-ны гүйцэтгэх захирлаар томилсон. Удирдах зөвлөлийн гишүүн н.Сайнхүү нарын 3 хүний бүрэлдэхүүнтэй комисс томилж ажлыг нь хүлээлцүүлсэн. Гэтэл Ё.О ажлаа авсан өдрөөс хойш халаа сэлгээ хийсэн, аж ахуйн нэгжээс хууль бусаар мөнгө авсан, хийсэн ажил нь чанаргүй, үзэмжгүй, өндөр өртөгтэй байна гэсэн гомдол оршин суугчдаас удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлд ирсэн. Хяналтын зөвлөл гомдлыг хүлээн авч, хяналтын зөвлөлийн даргаар удирдуулсан 3 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулж гүйцэтгэх захирал Ё.Оийн ажлыг шалгах гэхэд тэрээр би удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийг шинээр томилсон гэж хэлж ажлаа шалгуулахгүй зугтаасан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10.1-д зааснаар тус СӨХолбооны удирдах зөвлөлийн дарга Ц.Д миний бие удирдах зөвлөлийн болон бүх гишүүдийн хурлыг зарлан удирдан зохион байгуулах эрхтэй. Гэтэл хариуцагч Ё.О нь удирдах зөвлөлийн даргын эрхэд халдаж 2016 оны 7 дугаар сарын 20-ны удирдах зөвлөлийг шинээр сонгосон гэсэн хуурамч баримтыг хэргийн материалд өгсөн байна. Тухайн үед бүх гишүүдийн хурал хуралдаагүй, хуралдах боломж байгаагүй. Бид оршин суугчдынхаа гомдлыг барагдуулах гээд хурал зохион байгуулахад Ё.О ирээгүй. Тиймээс 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 40 орчим суугч гомдол гаргасан тул удирдах зөвлөл хуралдаж 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Ё.Оийг Ш сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын албан тушаалаас нь чөлөөлсөн. Дээрх хуульд зааснаар гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлсөн тохиолдолд 3 хоногийн дотор холбооны гэрчилгээ, тэмдгийг хүлээлгэж өгөх ёстой байсан. Хариуцагч Ё.О холбооны мөнгийг ямар ч хяналтгүйгээр зарцуулсан. Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн хурлын танхимд 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр бүх оршин суугчдын хурлыг зохион байгуулсан бөгөөд оршин суугчдаас 10 гаруй хүн ирсэн. Үүнд орцны жижүүрүүд, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга, ажилчид ирсэн байсан. Засаг дарга, ажилчид холбооны хуралд оролцох эрхгүй байдаг. Уг хуралд миний бие болон С.Ц, удирдах зөвлөлийн гишүүн н.Одонхүү бид 3 суугаад энэ хурал чинь хууль бус хурал байна. Бүх гишүүд 700 гаруй, түүний 50 хувь гэхэд 350 хүн ирэх ёстой гэж хэлээд хурлыг орхиж гарсан. Тэр хуралд дээр н.Мишигдорж гэдэг хүн намайг удирдах зөвлөлийн дарга бол гээд Ё.О гуйгаад байсан гэдгийг хэлсэн бөгөөд тэрээр би гүйцэтгэх захирлын дотоод ажилд оролцохгүй гэж хэлсэн. Удирдах зөвлөл болон хяналтын зөвлөл холбооны захирлын үйл ажиллагаанд хяналт тавих ёстой. Иймд хариуцагч Ё.Оээс Ш сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ, тамга тэмдэг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад: Хариуцагч Ё.О нь 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн сонгогдсон Ш.С.Ө.Х.У.З, хяналтын зөвлөл байсаар байтал 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр холбооны удирдах зөвлөл хуралдсан мэтээр Р.Мишигдорж, Л.Оюунчимэг нарыг оролцуулж, тус холбооны удирдах зөвлөлийн даргаар Р.Мишигдоржийг сонгосон шийдвэр гаргасан. Р.Мишигдорж, Л.Оюунчимэг нарыг бүх гишүүдийн хурлаас удирдлах зөвлөлийн гишүүнээр сонгоогүй. Мөн 2017 оны 1 дүгээр сарын 15-ны Ш сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлыг 50-иас дээш хувийн буюу 270 хүний ирцтэйгээр хийх ёстой байтал 8-хан хүний ирцтэйгээр хурал хийсэн. Иймд Ш сууц өмчлөгчдийн холбооны сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэр, бүх гишүүдийн 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хурлын 2 тоот тогтоол, хяналтын зөвлөлийн 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 1 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Ё.Оийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Ш.С.Ө.Х.У.Зийн хуралд өөрийн мөрийн хөтөлбөрийг танилцуулсан, намайг 100 хувийн саналаар сонгож тус сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар томилсон. Хурлаас удирдах зөвлөлийн 49 тоот тушаал гарч, уг тушаал дээр Ц.Д дарга гарын үсгээ зурсан. Ш сууц өмчлөгчдийн холбоо нь 8,000,000 төгрөгийн бусдад төлөх төлбөр, татварт 3,144,000 төгрөгийн өртэй, нийт 11,144,000 төгрөгийн өртэй тус холбоог надад хүлээлгэж өгсөн. Удирдах зөвлөлийн гишүүн Н.Сайнхүү нь би энэ ажил хүлээлцэх комиссыг ахалж байгаа хүний хувьд гарын үсэг зурахгүй, өөрөө удирдах зөвлөлийг хуралдуулна гэж хэлсэн. Тиймээс 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн удирдах зөвлөлийн хурлыг гишүүн н.Сайнхүү зохион байгуулж хуралдуулсан. Ш сууц өмчлөгчдийн холбооны 208 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээн дээр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 8а, 10а, 301, 303 дугаар байрыг хариуцан ажиллана гэж заасан байдаг. Уг гэрчилгээг 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн засаг дарга олгосон. Ё.О удирдах зөвлөлийн гишүүдийг сонгоод өөрөө гарын үсэг зурсан зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн гишүүн биш гээд байгаа Н.Мишигдоржийг 2015 онд удирдах зөвлөлд гишүүнээр сонгосон байдаг. Мөн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр удирдах зөвлөлийн гишүүн н.Сайнхүү, Л.Оюунчимэг нар удирдах зөвлөлийн даргаа хайгаад олоогүй, надад байсан материалд удирдах зөвлөлийн даргаар Ц.Дийг сонгосон гэж бичсэн байсан. Ингээд түүнийг хайгаад үзэхэд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 301 дүгээр байрны 174 тоотод Ц.Д гэж хүн байгаагүй. Тэгэхээр нь хороон дээр очиж асуухад 301 дүгээр байрны 174 тоотод Ц.Д гэж хүн амьдардаггүй гэх хариуг өгсөн. Тиймээс өөрсдөө хурлаа зохион байгуулсан. Би удирдах зөвлөлийн хурлыг зохион байгуулаагүй. Удирдах зөвлөлийн дарга Ц.Д өөрийгөө 301 дүгээр байрны 21 тоотод амьдардаг гэж хэлсэн. Гэтэл удирдах зөвлөлийн даргыг сонгосон тогтоолд 301 дугаар байрны 174 тоотод оршин суух Ц.Дийг сонгосон байдаг. Удирдах зөвлөлийн шийдвэрээр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8.7, 10 дугаар зүйлийн 10.10.1-д зааснаар аливаа сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга нь тус холбооныхоо харьяа орон сууцны байшингийн байнгын оршин суугч байх ёстой, харин Ц.Д нь Баянгол дүүргийн 17 дугаар хорооны оршин суугч байсан тул түүнийг удирдах зөвлөлийн даргын ажлаас чөлөөлсөн. Ц.Д гэдэг хүн бүх гишүүдийн хурлыг удирдан зохион байгуулах үүрэгтэй. Гэтэл нэг ч удаа удирдах зөвлөлийн даргын гарын үсэгтэй хурлын тогтоол, тэмдэглэл би олж үзээгүй. Ц.Д удирдах зөвлөлийн хуралд огт тайлангаа тавьж байгаагүй бөгөөд гишүүд нь энэ хүнийг танихгүй байсан. Тиймээс Ц.Д нь 301 дүгээр байрны өмчлөгч болохоос оршин суугч биш. 2016 оноос хойш өмчлөгч болсон, шэтэл удирдах зөвлөл 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хуралдсан, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч гаргагч Ц.Д удирдах зөвлөлийн дарга ч биш, оршин суугч ч биш байна. Тиймээс Ц.Д нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд: 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бүх гишүүдийн хурлыг зохион байгуулж, тус Ш.С.Ө.Х.У.Зийн гишүүдийг сонгож байгуулсан бөгөөд энэ үед оршин суугчид бүрэн орж амжаагүй байхад хэдэн цөөн хүнийг оролцуулж хуралдаж оршин суугчдын олонхийн эрх ашгийг хөндсөн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй, орон сууцаа эзэмшиж амгаагүй байхад сууц өмчлөгчдийн холбоог байгуулсан, хяналтын зөвлөлөө бүх гишүүдийн хурлаас сонгож баталгаажуулаагүй зэрэг ноцто зөрчил гаргасан. Албан ёсны хурлыг удирдах зөвлөлийн шийдвэрээр 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр зарлан хуралдуулсан болно. Иймд 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Ц.Д, С.Ц нарын зохион байгуулж хуралдсан хурлыг хүчингүйд тооцож, 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр хурал болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын хүсэлтийг хянаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ш.С.Ө.Х.У.З нь хариуцагч Ё.От холбогдуулан Ш сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ, тэмдгийг гаргуулах, тус сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэр, бүх гишүүдийн 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хурлын 2 тоот тогтоол, хяналтын зөвлөлийн 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 1 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага,
Хариуцагч Ё.О нь 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Ц.Д, С.Ц нарын зохион байгуулж хуралдсан хурлыг хүчингүйд тооцож, 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр хурал болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.
Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 301, 303 дугаар байрны сууц өмчлөгчдийн бүх гишүүдийн хурлыг 61 хувийн ирцтэйгээр 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хуралдуулж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эз хөрөнгийн тухай хуулийн дагуу сууц өмчлөгчдийн холбоог байгуулж, Ш нэрээр нэрлэхээр тогтож, удирдах зөвлөлийг 5 гишүүнтэй буюу 301 дүгээр байрны 174 тоотод оршин суух Ц.Д, 303 дугаар байрны 92 тоотод оршин суух Д.Одонхүү, 301 дүгээр байрны 29 тоотод оршин суух Б.Сайнхүү, 301 дүгээр байрны 125 тоотод оршин суух Б.Баттулга, 30 дугаар байрны 89 тоотод оршин суух М.Энхээ нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Ш СӨХ-ны уирдах зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1 тоот тогтоолоор удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар 301 дүгээр байрны 174 тоотод оршин суух Ц.Дийг удирдах зөвлөлийн даргаар сонгосон. Ш сууц өмчлөгчдийн холбоог Баянгол дүүргийн засаг дарга 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж 208 дугаартай гэрчилгээ олгосон байна.
Ш.С.Ө.Х.У.Зийн 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 03/39 дүгээр тушаалаар тус холбооны гүйцэтгэх захирал Д.Гончигийг үүрэг ажлаас нь чөлөөлж, Ё.Оийг 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн Ш сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар томилжээ.
Нэхэмжлэгч нь Ш.С.Ө.Х.У.З, Хяналтын зөвлөлийн гишүүдийн өргөтгөсөн хурлаар гүйцэтгэх захирал Ё.Оийг үүрэгт ажлаас нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс тасалбар болгон чөлөөлсөн гэх боловч Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8-д Удирдах зөвлөлийн эдлэх эрх, хүлээх үүрэг, мөн хуулийн 10.8.2.холбооны гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх; гэж хуульчилсан байхад удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар Ё.Оийг тус холбооны гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь дээрх хуулийн зүйл, заалтыг зөрчсөн буюу Ё.Оийг Ш сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.9-д Гүйцэтгэх захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлөсөн тухай удирдах зөвлөлийн шийдвэр гарвал уг шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан холбооны тэмдэг болон бусад зүйлсийг удирдах зөвлөлд өгөх гэж заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагч Ё.Оээс нь сууц өмчлөгчдийн холбооны тэмдэг, бусад зүйлсийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд: Ш сууц өмчлөгчдийн холбооны сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэр, бүх гишүүдийн 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хурлын 2 тоот тогтоол, хяналтын зөвлөлийн 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 1 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Ш СӨХ-ны удирдах зөвлөл 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.10.4, 10.10.5, 10.10.8-д заасан үүргээ огт биелүүлээгүй гэх үндэслэлээр Ц.Дийг удирдах зөвлөлийн даргын үүрэгт ажлаас 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн чөлөөлж, Р.Мишигдоржийг мөн өдрөөс эхлэн удирдах зөвлөлийн даргаар сонгожээ. Мөн тус сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдааны 1 тоот тогтоолоор Хяналтын зөвлөлийн даргаар Ц.Уранмааг сонгосон, мөн өдрийн 2 тоот тогтоолоор Ш.С.Ө.Х.У.Зийн гишүүдээр 10 дугаар байрны 10 тоотод оршин суух Р.Мишигдорж, 303 дугаар байрны 152 тоотод оршин суух Н.Сэр-Од, 301 дүгээр байрны 86 тоотод оршин суух Л.Оюунчимэг, 29 тоотод оршин суух Д.Одонхүү нарыг, харин хяналтын зөвлөлд 8 дугаар байрны 11 тоотод оршин суух Ц.Уранмаа, 303 дугаар байрны Ж.Эрдэнэчимэг, 301 дүгээр байрны 113 тоотод оршин суух Т.Оюун-Эрдэнийг тус тус сонгожээ.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна., 7.2.4.удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгож, тайланг нь хэлэлцэх, тэдний үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх;, 8 дугаар зүйлийн 8.4-д Хурлаас тогтоол, хурлын тэмдэглэл гаргах бөгөөд түүнд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдгээр баталгаажуулна., гэжээ. Нэхэмжлэгч нь Ш сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн шийдвэр, тогтоол, хяналтын зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгохоор нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг иргэн Ё.От холбогдуулан гаргасан нь бөгөөд энэ шаардлагыг хариуцвал зохих этгээд нь Ё.О биш ба хариуцах үндэслэлгүй байна.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч Ё.О нь 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Ц.Д, С.Ц нарын зохион байгуулж хуралдсан хурлыг хүчингүйд тооцож, 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр хурал болохыг тогтоож өгнө үү гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 301, 303 дугаар байрны сууц өмчлөгчдийн бүх гишүүдийн хурлыг 61 хувийн ирцтэйгээр 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хуралдуулж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу сууц өмчлөгчдийн холбоог байгуулж, Ш гэж нэрлэхээр тогтсон, Баянгол дүүргийн Засаг дарга 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Ш сууц өмчлөгчдийн холбоог бүртгэлд бүртгэж 208 дугаартай гэрчилгээ олгосон байх тул тус холбооны 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн бүх гишүүдийн хуралдааныг хүчингүйд тооцох үндэслэлгүй байна.
Хариуцагч Ё.О нь Ш сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдааныг хүчин төгөлдөр болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ. Гэвч Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна. гэжээ. Хариуцагч Ё.О нь холбооны эрх барих дээд байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд биш бөгөөд төлөөлөх итгэмжлэлгүйгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иймд дээрх үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.9-д зааснаар нэхэмжлэгч Ш.С.Ө.Х.У.Зийн Ш сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ, тэмдгийг гаргуулах, тус сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэр, бүх гишүүдийн 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хурлын 2 тоот тогтоол, хяналтын зөвлөлийн 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 1 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Ё.Оийн 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Ц.Д, С.Ц нарын зохион байгуулж хуралдсан хурлыг хүчингүйд тооцож, 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр хурал болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МӨНХТӨР