Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 149/2016/00064/Э |
Дугаар | 00068 |
Огноо | 2016-09-06 |
Зүйл хэсэг | 098.1., |
Улсын яллагч | Э.Ариунболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 00068
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Баянжаргал
Улсын яллагч Э.Ариунболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Цэдэн
Хохирогч Ш.Лхагвасүрэн
Шүүгдэгч Д.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Батболдод холбогдох 201618020144 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1974 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, халх, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Сэвсүүлийн 31 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хаадборжигон овогт Даваасүрэнгийн Батболд РД:НМ91110573
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Д.Батболд нь 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ш.Лхагвасүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гараараа эрүүн тус газар нь нэг удаа цохиж эрүүг нь хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хэрэгт цугларсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Батболд мэдүүлэхдээ: ...2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Лхагвасүрэнтэй орой гэрийнхээ үүдэнд тааралдаад ганц юм ууя гэж хэлсэн. Тэгээд дэлгүүр явах замдаа Даваатай тааралдаад би Лхагвасүрэн, Даваа хоёрт 20.000 төгрөг өгөөд архинд яваад ир гээд би өөрөө гэртээ орсон. Удаа ч үгүй тэр хоёр ирээд бид хэд барьж байгаа байшингийн гадаа суугаад архи уусан. Лхагваа ч тэр, би ч тэр нэлээд муудсан. Тэгээд Лхагвасүрэнтэй маргалдаад цохьсон. Ийм л зүйл болсон. Сүүлд нь Лхагвасүрэн 4 хоногийн дараа миний эрүү хугарсан юм шиг байна гээд манайд орж ирсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Лхагвасүрэн мэдүүлэхдээ: ....2016 оны 06 дугаар сарын 14-нд 21 цаг өнгөрч байхад Батболд надтай таараад надад жаахан алт байгаа, тушаая гэсэн. Тэгээд явж байгаад бид хоёр Даваатай таараад Батболд надад 20.000 төгрөг өгөөд архинд яваад ир гэсэн. Даваа бид хоёр 0,75 граммын хараа архи, хайрцаг тамхи, үлдсэнд нь 2 шил пиво авсан. Тэгээд Батболдын хашаанд барьж байгаа байшингийнх нь гадаа суугаад 3-лаа архи уусан. Тэгсэн Батболд Лхагваа чи хэзээ ирсэн юм бэ гэхэд нь чи надад мөнгө өгөөд би архи авчирсан ш дээ гэтэл миний эрүү рүү цохисон. Тэгэхээр нь би хашаа даваад гэртээ орсон. Ороод эхнэртээ Болдоо намайг цохичихлоо. Шүд л гэмтсэн юм шиг байна гээд буцаад гарах гэтэл эхнэр унт гээд гаргаагүй. Тэгээд л унтсан. Маргааш нь хартал эрүү хавдсан байсан. Тэгээд би өөрөө нэг шүдээ авчихсан юм. Гэтэл хавдар нь буусан чинь эрүү эвгүй болчихсон байсан. Тэгээд үзүүлтэл эрүү хугарсан байна гэсэн. Хотод гэмтлийн эмнэлэгт үзүүлтэл 1-р эмнэлэгт үзүүл гэсэн. Тэгээд л 06 дугаар сарын 28-ны өдөр эмнэлэгт хэвтээд 07 дугаар сард эмнэлэгээс гарсан. Батболд намайг нэг л удаа цохисон. Би өөрт нь хэлсэн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Чи миний гаргасан эмчилгээний зардлыг л өгчих гэсэн надад 650000 төгрөг өгсөн гэв.
Мөрдөн байцаалтанд хохирогч Ш.Лхагвасүрэн мэдүүлэхдээ: “...2016 оны 06 дугаар сарын 14-ний орой ...Батболд хоёулаа дэлгүүр орж ганц шил архи авч ууя гэж хэлээд бид 2 Батболдынхоос гараад явж байтал Сэвсүүлийн гудамжны арын хөндлөн гудамжинд Даваадалайтай таарсан чинь Батболд “Даваадалай та 2 дэлгүүр яваад ганц шил архи аваад ир, би гэртээ байж байя” гэж хэлээд бид 2-т 20000 төгрөг өгөөд өөрөө гэрлүүгээ явчихсан. ...дэлгүүрээс 0.75 граммын Хараа архи 1 шилийг, 2 хайрцаг тамхи, 2 шил Боргио пиво аваад таксигаар Батболдын хашааны үүдэнд очиход ...Батболд манай хашаа руу орж архиа ууя гэж хэлээд барьж байгаа шинэ байшингийнх нь баруун талд нь газар сууж байгаад гурвуулаа архи, пивоо ууж дуусгасан. ...гэтэл Батболд согтчихоод чи хэзээ манай хашаанд орж ирсэн юм бэ гээд над руу агсараад байхаар нь би “...би орж ирээгүй, чи намайг өөрөө 20000 төгрөг өгч архинд явуулаа биз дээ” гэсэн юм, тэгсэн Батболд худлаа яриад бай, чи яахаараа манай хашаанд архи уудаг юм бэ гэж хэлэхээр нь би болохгүй бол манай хашаанд ороод ууя гэж хэлтэл Батболд миний баруун талын эрүүнд гараараа нэг удаа цохиж гэмтээсэн, тэр үед Даваадалай Батболдыг салгаж авсан, би шууд гэр лүүгээ орчихсон, тэр үед миний амнаас цус гараад байсан, эрүүгээ хугарсан гэдгийг нь мэдээгүй, баруун талын ганц үлдсэн араа суларчихсан, санжигнаад байхаар нь маргааш нь өөрөө авчихсан. ...Мандал сумын нэгдсэн эмнэлэгт очоод үзүүлэхэд намайг Улаанбаатар хот руу Гэмтлийн эмнэлэг явахыг санал болгосон, Гэмтлийн эмнэлэгт очоод эрүүний зураг авахуулахад миний баруун талын эрүү 1 хугарч хугархай нь зөрчихсөн байна, манай эмнэлэг хүлээн авах боломжгүй та Нэгдүгээр эмнэлэгт оч гэж хэлсэн. ...Нэгдүгээр эмнэлэгт хэвтэж эмчлүүлэн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр эрүү хадах мэс засалд орж эрүүндээ хадаас тавиулж 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр эмнэлгээс гарсан. ...миний эмчилгээний зардалд нийт 1200000 төгрөгний зардал гарсан, би зарим нэг эмчилгээний баримт, унаа машины бензин тосны мөнгөний баримтыг цуглууж чадаагүй, цуглуулсан баримт 544400 төгрөгний баримт байна. ...би эмчилгээний зардлаа л нэхэмжилнэ, эмчилгээний зардлыг өгчихвөл гомдол, санал гээд байх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Г.Даваадалай мэдүүлэхдээ: ...2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ...Болдоо ахын байшингийн сүүдэрт Болдоо ах, Лхагва бид 3 архи пивоо ууж эхлэхэд 21 цаг л болж байсан. Тэгээд архиа ууж дуусаад би 00 ороод буцаж ирэхэд Болдоо, Лхагва ах 2 хоорондоо хашаанд орж ирлээ, надаас юм нэхлээ гэх зэргээр хэрэлдээд байсан тэгсэн чинь тэр 2 бие биенийгээ түлхсэн чинь Болдоо ах Лхагва ахын шанаа руу гараа атгаж байгаад цохихоор нь би салгасан гэтэл Лхагваа ах өөрөө шууд хашаанаас гараад явсан. ...юунаас болж маргасныг мэдэхгүй байна, 00 ороод ирэхэд л маргасан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч А.Баярмаа мэдүүлэхдээ: “...2016 оны 06 дугаар сарын 14-ний орой ...манай нөхөр Лхагвасүрэн Батболдын хашаанд үлдсэн. Тэгээд шөнийн 12 цагийн орчим манай нөхөр Лхагвасүрэнгийн амнаас цус гарчихсан гэртээ орж ирсэн, гэртээ орж ирэхдээ Лхагвасүрэн “Болдоо миний эрүү, шүд рүү цохьчихлоо” гэж яриад эргэж Батболдын гэр лүү орох гээд байхаар нь унт унт гэж байж унтуулсан. Тэр үедээ архи уучихсан байсан. Маргааш өглөө Лхагвасүрэнгийн баруун талын хацар битүү хавдар болоод, хавдар нь бүр хүзүүрүүгээ ороод ирсэн, нэг араа нь хөдлөөд уначихсан юм. Тэгээд Улаанбаатар хотод эмчлүүлж байгаад эрүүгээ хадуулж ирсэн. Эмчилгээний зардал 1 сая гаран төгрөг болсон. Батболд манай нөхрийг зодсоноосоо хойш нэг удаа утсаар ярьж манай охин Отгонцэцэгийн Хаан банкны дансруу 200000 төгрөг шилжүүлсэн байсан. Дахиж ерөөсөө холбоо бариагүй” гэх мэдүүлэг/хх-ийн 14-р хуудас/
Шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 167 дугаар дүгнэлт: ...Лхагвасүрэнгийн биед эрүүний баруун талын далд хугарал, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. 2016 оны 06 дугаар сарын 14-нд бусдад зодуулсанаар үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 16-р хуудас/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 33-р хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 34-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 35-р хуудас/, хохирогчийн хохиролын баримтууд / хх-ийн 36-р хуудас/, хохирогчийн охин Л.Отгонцэцэгийн хаан банкны дансны хуулга /хх-ийн 37-38/ зэргийг шинжлэв судлав.
Шүүгдэгч Д.Батболд нь 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Сэвсүүлийн 31 тоот хашаанд орших өөрийн гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ айл хөрш Ш.Лхагвасүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гараараа эрүүн тус газар нь нэг удаа цохиж эрүүг нь хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Д.Батболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.Шүүгдэгч Д.Батболд нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчид учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардалд 650000 төгрөгийн хохирол төлсөн, одоогоор төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэнг зэргийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй зэргийг тогтоолд тусгах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлиййн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон Тогтоох нь:
1.Шүүгдэгч Хаадборжигон овогт Даваасүрэнгийн Батболдыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Д.Батболдод оногдуулсан 01 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Д.Батболдод оногдуулсан 01 жил хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж мөн хугацаанд ялтанд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
4.Шүүгдэгч Д.Батболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
5.Шүүгдэгч Д.Батболдод урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.
7.Эрүүгийн байцан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлийг гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ