| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 188/2019/0109/Э |
| Дугаар | 281 |
| Огноо | 2019-03-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 281
Т.Г-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Х.Анхцэцэг,
шүүгдэгч Т.Г-н өмгөөлөгч Б.Баярбат,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Г-н өмгөөлөгч Б.Баярбатын гаргасан давж заалдах гомдлоор Т.Г-т холбогдох 1808 00136 0059 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Т-н Г, 19.. оны ... дугаар сарын ...-ны өдөр ........ төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ..........дүүргийн .. дүгээр хороо, .............дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ............/,
......... дүүргийн шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн ... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.
Т.Г нь 2017 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 20 дугаар байрны гадна байрлуулсан иргэн С.Г-н эзэмшлийн “Honda fit” загварын, 59-85 ОРХ улсын дугаартай автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 4.041.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар байрны авто зогсоол дээрээс “Д с т” ХХК-ийн эзэмшлийн, 04-63 УНМ улсын дугаартай, “Toyota land cruiser-80” загварын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 21.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 96 дугаар сургуулийн баруун талын зам дагуу байрлуулсан иргэн А.О-н 82-23 УБМ улсын дугаартай, “Toyota land cruiser-80” загварын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 10.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Т.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Г-г С.Г-н 4.041.000 төгрөгийн эд хөрөнгийг, хохирогч Ц.Д-н 21.000.000 төгрөгийн эд хөрөнгийг, хохирогч А.О-н 10.500.000 төгрөгийн эд хөрөнгийг, нийт 35.541.000 төгрөгийн үнэ бүхий бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Г-н цагдан хоригдсон 96 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Т.Г нь бусад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СD-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Г-н өмгөөлөгч Т.Баярбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс Т.Г-г 3 жилийн хорих ялаар шийтгэснийг эс зөвшөөрч, дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:
1. Т.Г нь үйлдсэн гэмт хэргээ шударгаар хүлээж, гэм буруугийн талаар маргахгүй байгаа бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан байдлаараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулсан ял шийтгэлийг тэнсэж, хянан харгалзах хуулийн боломжтой гэж үзэж байна.
2. Ар гэрийн амьдралын хувьд 76 настай, ээж Тайнаагийн хамт амьдардаг. Тайнаа нь архаг даралт ихсэх өвчин, үе мөчний архаг үрэвслийн улмаас байнга хэвтэрт байдаг. Өөрөөр хэлбэл, гадуур гарч наад захын хэрэгцээт зүйлээ ч худалдан авах бололцоогүй, хүү Т.Г-н байнгын асрамжид байдаг хүн юм. Энэ байдал нь хэрэгт авагдсан эмнэлгийн тодорхойлолтууд болон хорооны тодорхойлолтуудаар бүрэн нотлогддог.
Эдгээр байдлууд нь Т.Г-г ял шийтгэлийг биеэр эдлүүлэхгүйгээр хуулийн боломж олгож, оногдуулсан ял шийтгэлийг тэнсэж хянан харгалзах боломжтой гэдгийг нотолж байгаа болно. Гэтэл анхан шатны шүүх энэ боломжийг эдлүүлэлгүйгээр хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь оновчтой бус гэж үзэж байгаа тул шүүгдэгч Т.Г-т оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү...” гэв.
Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс Т.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэх талаар анхан шатны шүүх хуралдааны шатанд яригдаж байсан. Шүүхээс заавал анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм хорыг арилгасан байдлаас үл хамааран гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирсон байх ёстой гэж тайлбарласан болно. Мөрдөн байцаалтын явцад Т.Г-г Нямдэлгэрийн 1.800.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогдуулан шалгасан боловч гэмт хэргийн шинжгүй байсан тул хэрэгсэхгүй болгосон. Тээврийн хэрэгслийн арлын дугаарыг арилгаад, өнгийг нь өөрчлөөд, улсын дугаарыг нь солиод байгаа үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт тооцогдохгүй тул уг үйлдлийг зүйлчлэх боломжгүй гэж үзсэн.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Т.Г нь 2017 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 20 дугаар байрны гадна байрлуулсан иргэн С.Г-н эзэмшлийн “Honda fit” загварын, 59-85 ОРХ улсын дугаартай автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 4.041.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар байрны авто зогсоол дээрээс “Д с т” ХХК-ийн эзэмшлийн, 04-63 УНМ улсын дугаартай, “Toyota land cruiser-80” загварын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 21.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 96 дугаар сургуулийн баруун талын зам дагуу байрлуулсан иргэн А.О-н 82-23 УБМ улсын дугаартай, “Toyota land cruiser-80” загварын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 10.500.000 төгрөгийн буюу нийт 35.541.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
хохирогч Ц.Д /1 хх 49-51/, С.Г /1 хх 136-142/, А.О /2 хх 172/, гэрч Б.Ч /1 хх 82-84/, Ж.С /1 хх 144-145/, Д.Х /1 хх 146-147/, Х.Э /1 хх 164/ нарын мэдүүлгүүд,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 23-35/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 125-126/, автомашинуудын үнэлгээний тайлан /1 хх 98, 170, 2 хх 61-62, 249/, эд зүйлд үзлэг хийж, хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 хх 47-48/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Шинжилгээнд ирүүлсэн 04-63 УНМ улсын дугаартай ногоон “Тоёота Ланд круйзер-80” загварын тээврийн хэрэгслийн арлын дугаар байх хэсгийн гадаргуу дээр Арал: HDJ810029153 гэсэн үсэг болон тоо байна. Дээрх 04-63 УНМ улсын дугаартай ногоон “Тоёота Ланд круйзер-80” загварын тээврийн хэрэгслийн арлын дугаарын тоо болон үсэг бүхий дугаарын хэсгийг гар аргаар засварласан байна...” гэсэн 2503 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 хх 56-57/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Шинжилгээнд ирүүлсэн “Honda fit” загварын автомашины арлын дугаар байх хэсэг буюу цохимол тэмдэглэгээ бүхий металл пайзыг гар аргаар авсан, байхгүй тул урьд байсан арлын дугаарыг тогтоох боломжгүй...” гэсэн 3600 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 хх 74/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.
Прокуророос Т.Г-н хохирогч С.Г, А.О нар болон “Д-н с т” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг анхан шатны шүүхээс хэлэлцээд тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
Шүүгдэгч Т.Г-н өмгөөлөгч Б.Баярбатаас “...Т.Г-т оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь, анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Г-т оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирчээ.
Хэдийгээр Т.Г нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ар гэрийн хүнд байдлын талаар давж заалдах шатны шүүхэд нотлох баримт гарган өгсөн боловч шүүгдэгч нь өөрийн эх О.Т-г асран хамгаалах эсэх нь эргэлзээтэй байхын зэрэгцээ шүүгдэгч нь энэ төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдсэн мөн түүний гэмт хэрэг үйлдсэн арга зэргээс үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Т.Г-н өмгөөлөгч Б.Баярбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.Г-н бусдын тээврийн хэрэгслийг хулгайлан, арлын дугаар, өнгө зэргийг сольсон үйлдэлд П.Б, Т.А нар хамтран оролцсон байж болзошгүй байх ба прокуророос тэдний үйлдэлд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгахад Т.Г-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хязгаарлалт болохгүйг тэмдэглэвэл зохино.